Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 131/ШШ2024/00426

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат би

Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн *******, *******, *******, ******* оршин суух, ******* овгийн ******* нэхэмжлэлтэй

Хариуцагч: Баянхонгор аймгийн *******, *******, *******, ******* оршин суух, ******* овгийн ******* холбогдох

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн агуулга: Ч. миний бие нь 2013 онд нөхөр Г.тай танилцаж, 2014 оны 11 дүгээр сард албан ёсоор хурим найраа хийж, 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн.

Охин Т.******* 2014 оны 07 дугаар сарын 17-ны өдөр, хүү Т.******* 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр, хүү Т. 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдөр тус тус төрсөн. Том хүүхэд 10 настай, дунд хүүхэд 8 настай, бага хүүхэд 8 сартай. Хүүхдүүд сургуульд суралцдаг.

Бид хамт амьдарснаас хойш хадам талынхан санхүүгийн асуудалтай байснаас болж, гэр бүлийн маргаан үүсэх шалтгаан болсон. Тэгээд энэ санхүүгийн асуудал нь бидний амьдралд хүндээр тусаж, мөн нөхөр маань надтай танилцахаас өмнө үерхэж байсан эмэгтэйтэйгээ ахин харилцаж эхэлсэн зэргээс болоод сална гээд охин бид хоёрыг хаяад Улаанбаатар хот явсан.

Хадам эх маань энэ үед манай нөхөрт сал гэдэг зөвлөгөөг өгсөн байсан энэ утгаараа хадам эх бидний амьдралд их ордог. Энэ үед би их гайхаж байсан үр хүүхдүүдээ аль болох учир зүгийг нь олохын оронд сал гэсэн байсан.

Нөхөр хотод очоод хувийн эмнэлэгт хэвтээд тус эмнэлгийнхээ н. гэдэг эмчтэй харьцаа үүсгэж, охин бид хоёрыг тоохгүй хаяж, тэр эмчдээ эхнэрээсээ салсан гэж хэлсэн байсан.

Үүнээс үүдэлтэй тухайн эмэгтэйдээ 2 жил гаран явж, тэр эмэгтэй нь жирэмсэн болоод төрсөн хүүхэд нь манай нөхрийн хүүхэд гэж энэ эмэгтэй нь хүртэл намайг дарамталдаг байсан.

Мөн 2020 оноос хойш манайх баруун бүс худалдааны төв дээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн, нөхөр маань 2022 оноос эхлэн бараан дээрээ байнга суудаг болж, тэндээ хүнтэй танилцаж эхэлсэн.

Тэгээд найзуудтай нь 2023 оны 09 дүгээр сард гол дээр салхинд гарсан. Энэ үед миний хувьд төрөөд 2 сартай нялх хүүхэдтэй байсан. Тэр үед хамт байсан эрэгтэй найзаас нь танай нөхөр Г. нь хаягаа хадарч хамт ажилладаг н.Цэцэгээ гэдэг эмэгтэйдээ учиртай болсон бөгөөд н.Цэцэгээ энд ирсэн учраас танай нөхөр энд ирсэн гэж надад хэлсэн.

Энэ мэтчилэн манай нөхрийн гэр бүлээс гадуурх харилцаа надад мэдэгдэж сэтгэл зүйн хувьд хүнд дарамт болон үүнээс болоод гэр бүлийн маргаан манайд тасардаггүй бөгөөд миний хувьд сэтгэл зүйн их гутралд орж, үхэхийг хүссэн өдрүүд надад цөөнгүй байсан.Үргэлж миний сэтгэл зүйгээр тоглож байдаг бөгөөд гэр бүлээс гадуурх харилцаа бол хэрээс хэтэрсэн.

Энэ байдлыг гэр орон эцэг, эхэд нь хэлэхээр манай хүүхдэд ийм асуудал байхгүй чи өөрөө өвчтэй солиотой хүүхэн, сэтгэцийн өвчтэй хүүхэн гэх мэтээр харьцдаг. Миний жирэмсэн болон төрсний дараах үед байдаг болохоор миний хувьд сэтгэл гутралд их орж байсан.

Нөхөртөө энэ байдлыг нь хэлэхэд надад буруу байхгүй гээд өөрийгөө өмөөрч хир халдаахгүй бөгөөд оронд нь би өөрөө гэр бүлийн хүчирхийлэгч нэртэй болж хувирдаг.

Сая хамгийн сүүлд гэхэд 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр бид 2 маргалдаж асуудал үүсэж би цагдаад дуудлага өгсөн үүнээс болоод нөхөр гэртээ 2 хоног ирээгүй бөгөөд 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр н.Цэцэгээ гэдэг хүүхний гэрийн гадаа архи ууж уулзаж байгааг нь би өөрийн нүдээрээ харсан бөгөөд нөхөртөө хэлээгүй. Яагаад хэлээгүй гэхээр нөхөр намайг эргүүлээд харддаг, тэнэг мангараар нь дууддаг, сэтгэцийн өвчтэй хүүхэн гэдэг учраас би энэ талаар нь юу ч хэлээгүй.

Гэтэл маргааш нь өдөр орж ирээд ямар ч юм яриагүй харин ч намайг үзэн ядсан харцаар харж, өөрийнхөө хамаг хувцсаа аваад хаашаа явсан нь мэдэгдэхгүй алга болсон бөгөөд миний дугаарыг хааж, 2 хүүхдийнхээ сургуулийн зурвасаас өөрийгөө гаргасан байна лээ.

Эдгээр асуудлаас болоод гэрт байнгын хэрүүл маргаантай, үр хүүхдүүд тайван бус айдастай байгаа бөгөөд хүүхдүүдийн хүмүүжилд маш их сөргөөр нөлөөлж байгаа учраас Г.тай цаашид хамтран амьдрах боломжгүй байна.

Шүүхэд нэхэмжлэл гаргасныг мэдээд хадмууд намайг дарамтлах байх гэж айж байна. Бид хамтран амьдрах хугацаанд миний хувьд өөр хүнтэй холбогдож байсан асуудал байхгүй. Ер нь бол бид хоёр хэн хэн нь ууртай манай, танай гэж их маргалддаг, хадам ээж бидний амьдралд их орж энэ нь ихэнхдээ муугаар нөлөөлдөг.

2. Нэхэмжлэгчийн хүсэлтийн агуулга: Ч. миний бие Г.т холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй гэжээ.

Хуулийн дээрх хэсгийн дагуу нэхэмжлэгч Ч. нь хариуцагч Г.т холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзаж буйгаа шүүхэд бичгээр илэрхийлжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан үндэслэл тогтоогдсон тул Ч. нэхэмжлэлтэй Г.т холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэжээ.

Хуулийн дээрх хэсгийн дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 35,100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.д олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ч. нь хариуцагч Г.т холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 35,100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                          Б.МӨНХБАТ