Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 178

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

     Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэдэнпэлжээ даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунсүрэнг суулган, улсын яллагч Б.Догмиддорж, шүүгдэгч Х.Лутжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Зээрднүүд овогт Хүрэлбаатарын Лутжаргалд холбогдох эрүүгийн 1721000000101 дугаартай хэргийг 2017 оны 11 сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Дарьганга суманд 1995 оны 01 сарын 11-ний өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, фермер аж ахуйн мэргэжилтэй, ам бүл 5, эцэг, эх, ах, эгч нарын хамт амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн сумын 10-р баг Ялалтын 4-18 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Зээрднүүд овогт Хүрэлбаатарын Лутжаргал.   /РД:ЛГ95011117/,  

Шүүгдэгч Х.Лутжаргал нь 2017 оны 09 сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө 02 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Люкс рестораны гадна талд иргэн Ц.Мөнхбатыг зодож, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/   

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг  шинжлэн судлав.

Шүүгдэгч Хүрэлбаатарын Лутжаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би тэр өдөр найзуудтайгаа “LUX” паб-д сууж байгаад гарахад нэг  үл таних залуу над руу далалсныг нь би салаавч гаргалаа гэж бодоод тэр залуутай уулзсан юм. Эхлээд инээж байснаа намайг түлхэж, мөрөн дээр цохиод би чамд салаавч өгөөгүй чи одоо яв гэсэн. Тэгээд л маргаад зодолдсон. Тухайн үед тэр залууг би 2,3 удаа цохиход  хамраас нь цус гарлаа л гэж бодсон. Тэр явдлаас хойш 4 хоногийн дараа ажил дээр ирэхэд нь уучлалт гуйхад хөдөө өвсөнд яваад ирлээ. Дээр найзынхаа  шүдийг ийм болгосон гэхэд нь тухайн үед би итгээгүй. Бид тохиролцохоор болж манай ажил дээр ууж идээд найзууд болоод салцгаасан. Тэгээд хохирлын мөнгө гээд цагдаад намайг өгсөн байсан. Би хохирлын мөнгийг төлсөн. Өөрөө хохиролгүй гэсэн хүсэлт гаргасан байгаа гэжээ.

Хохирогч  Цэрэндуламын Мөнхбат мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...би Люкс ресторанаас шөнийн 02 цагийн орчимд гарсан. Гарахдаа дээрх зүс таних залуугийн хажуугаар гарахдаа баяртай гээд гараа даллаад гарсан. Гэтэл тэр залуу миний араас гарч ирээд чи яагаад над руу салаавч гаргаад байгаа юм бэ гэж хэлсэн. Би түүнд хандаж би чам руу салаавч гаргаагүй, чи зүгээр яв, чи согтуу байна гэхэд тэрээр надруу дайраад байсан. Би явах гээд эргэхэд миний араас хөөе гэж дуудсан. Би эргээд харахад миний ам руу цохьсон. Амнаас нил цус гарсан. Мөн нүүр рүү 2-3 удаа гараараа цохьсон” гэжээ. /хх-ийн 15/     

Гэрч Хүрэлбаатарын Лутжаргалын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...би түүний нүүр рүү гараараа 2-3 удаа цохьсон. Тэр залуу над руу салаавч гаргах шиг болсон. Тэрэнд нь би уурлаад араас нь дагаж гараад асуухад тэр надад хариулахгүй байсан. Тэгснээ сүүлд нь үгүй ээ салаавч гаргаагүй гэж хэлсэн. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тэр залуу эрүүл байх шиг байсан. Түүний хамраас цус гарч байх шиг байсан” гэжээ. /хх-ийн 18-19/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 10 сарын 02-ны өдрийн 573 тоот дүгнэлтэд

1. Ц.Мөнхбатын биед зүүн дээд үүдэн шүдний хугарал болон сулрал, баруун дээд үүдэн шүдний сулрал, дээд уруулын няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Дээрхи гэмтэл нь бүрдэл байдлаараа “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын  2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ /хх-ийн 27/

Урьд нь ял шийтгээгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.  

 Шүүгдэгч Х.Лутжаргалыг хүний  эрүүл мэндэд  хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нотлох баримтын талаар:       

Шүүгдэгч Хүрэлбаатарын Лутжаргал нь 2017 оны 09 сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө 02 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Лүкс рестораны гадна талд иргэн Ц.Мөнхбатыг зодож, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Х.Лутжаргалын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлж өгсөн “...тэр залуу гарахдаа надруу салаавч гаргах шиг болсон. Би түүний нүүрэн тус газар нь гараараа 2-3 удаа цохьсон. Тэр залуу хэрэг болсноос хойш 4 хоногийн дараа манай ажил дээр ирэхэд нь би түүнээс уучлалт гуйсан” гэх  мэдүүлэг /хх-ийн 35/, түүний мэдүүлгийг давхар нотолсон хохирогч Ц.Мөнхбатын мөрдөн байцаалтад өгсөн “...би Люкс ресторанаас шөнийн 02 цагийн орчимд гарсан. Гарахдаа дээрх зүс таних залуугийн хажуугаар гарахдаа баяртай гээд гараа даллаад гарсан. Гэтэл тэр залуу миний араас гарч ирээд чи яагаад над руу салаавч гаргаад байгаа юм бэ гэж хэлсэн. Би түүнд хандаж би чам руу салаавч гаргаагүй, чи зүгээр яв, чи согтуу байна гэхэд тэрээр надруу дайраад байсан. Би явах гээд эргэхэд миний араас хөөе гэж дуудсан. Би эргээд харахад миний ам руу цохьсон. Амнаас нил цус гарсан. Мөн нүүр рүү 2-3 удаа гараараа цохьсон” гэжээ. /хх-ийн 15/, гэрч Х.Лутжаргалын мөрдөн байцаалтад өгсөн “...би түүний нүүр рүү гараараа 2-3 удаа цохьсон. Тэр залуу над руу салаавч гаргах шиг болсон. Тэрэнд нь би уурлаад араас нь дагаж гараад асуухад тэр надад хариулахгүй байсан. Тэгснээ сүүлд нь үгүй ээ салаавч гаргаагүй гэж хэлсэн. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тэр залуу эрүүл байх шиг байсан. Түүний хамраас цус гарч байх шиг байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 10 сарын 02-ны өдрийн 573 тоот дүгнэлтэд: "…. Ц.Мөнхбатын биед зүүн дээд үүдэн шүдний хугарал болон сулрал, баруун дээд үүдэн шүдний сулрал, дээд уруулын няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрхи гэмтэл нь бүрдэл байдлаараа “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын  2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” /хх-ийн 27/ гэх дүгнэлт болон бусад хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.        

Шүүгдэгч Х.Лутжаргалд холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж шүүх үзлээ.

 Шүүх шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач  холбогдолтой, хуульд заасан журмын дагуу авагдсан гэж үзсэн тул шүүгдэгч Х.Лутжаргалыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.   

Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нотлох баримтын талаар:     

Шүүгдэгч Х.Лутжаргалын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 10 сарын 02-ны өдрийн 573 тоот дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Х.Лутжаргал нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Х.Лутжаргал нь мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн хэргийнхээ  гэм бурууг  хүлээн зөвшөөрч, Дорнод аймгийн Прокурорын газраас санал болгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай хүсэлт гаргасныг  Прокурорын газраас шүүгдэгч Х.Лутжаргалд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь хууль зөрчөөгүй байна.

Мөн шүүгдэгч Х.Лутжаргал нь  “шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө  өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүгдэгч нь өөрөө, өөрийгөө өмгөөлөх талаар зохицуулсан тул өмгөөлөгчгүй оролцуулах нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Х.Лутжаргал нь торгуулийн ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хүсэлт гаргасаныг хүлээн авч шүүгдэгчийн  орлогын боломжийг харгалзан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд  хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна гэж үзэв.   

 Хохирогч Ц.Мөнхбат нь шүүгдэгч Х.Лутжаргалаас хохирлын мөнгө авсан, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй,битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй  болохыг тус тус дурдаж, бичгийн баримтаар ирсэн ЛГ 95011117 регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэхний лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгох нь зүйтэй байна.    

 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:       

 

1. Шүүгдэгч Зээрднүүд овогт Хүрэлбаатарын Лутжаргалыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.      

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Хүрэлбаатарын Лутжаргалыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.   

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-т зааснаар шүүгдэгч Х.Лутжаргалын орлогын боломжийг харгалзан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Х.Лутжаргал нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, бичгийн баримтаар ирсэн ЛГ 95011117 регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэхний лавлагааны хуулбарыг буцаан олгосугай.      

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт  зааснаар  энэ тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Х.Лутжаргалд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.   

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл Прокурор, даад шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг  гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.  

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                         Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ