Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 1894

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Б ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч М.Наранцэцэг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 184/ШШ2019/02237 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Д.Б ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Б , Б.Д нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1 745 728 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Д.Б ,

Хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Б ,

Хариуцагчийн өмгөөлөгч: Б.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч Д.Б  шүүхэд гаргасан нэхэмжлэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Б.Б , Б.Д нар 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр ҮХ-06 тоот зээл болон барьцааны гэрээг надтай байгуулж Сонгинохайрхан дүүргийн 05 дугаар хороо, Баянгол 62-р гудамж, 13 тоотод байрлах 40 мкв талбайтай хувийн сууц, 346 м.кв талбайтай газрыг барьцаалан 1 500 000 төгрөгийн зээлийг 12 сарын хугацаатай, сарын 7 хувийн хүүтэй авсан. Гэтэл зээлийн гэрээний дагуу зээл болон хүүг төлөөгүй хугацаа хэтэрсэн зээлийн төлбөрийг төлөх талаар ярихад элдэв шалтаг тоочдог. Зээлийн төлбөрийн графикаас дутуу төлж, сар бүр шахаж шаардсаны үндсэн дээр дутуу төлж байсан. Зээл, зээлийн хүү, алданги хуримтлагдаж 2018 оны 09 дүгээр сараас хойш төлөөгүй. 2019 оны 02 дугаар сарын 29-ний өдөр зээлийн гэрээний хугацаа дууссан ч зээл хүү алдангиас төлөлт огт хийгдээгүй. Үндсэн зээлийн үлдэгдэл 760 336 төгрөг, төлөгдөөгүй 6 сарын зээлийн хүү 319 341 төгрөг, алданги 539 839 төгрөг, зээл төлүүлэхэд гарсан зардал 126 212 төгрөг, нийт 1 745 728 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2018 онд өөрийн эрхэлдэг хэвлэх, олшруулах /комьпютер, канон/ үйлчилгээндээ гэрэл зураг угаах үйлчилгээ нэмэх зорилгоор зээл авах хэрэгцээ гарсан. Тухайн үед нийгмийн сүлжээгээр “Сонголт” зээлийн нэгдсэн төв нэртэйгээр нэг хуудас ажиллаж сурталчилгаагаа идэвхитэй явуулж байсан.

Улмаар уг байгууллагад хандаж, амьдран суугаа хашаа байшингаа барьцаалан зээл авч болох эсэхийг асуухад эдийн засагч нь зээл өгч болно, хамтран зээлдэх хүнээ олчих гэсэн. Тэгээд эдийн засагч нь таны орлого бага 1 500 000 төгрөгийн зээл өгөх бололцоотой гэж хэлсэн тул зээл авахаар болсон. Зээлийн хүүний тухайд банк зээлийн байгууллагаас хэт өндөр 7 хувь гэж байсан, мөн байгууллага биш хувь хүнтэй гэрээ хийлгэсэн. 1 500 000 төгрөгийг шилжүүлэн авсан, зээлийн гэрээний хугацаанд 1 306 250 төгрөгийг буцаан төлсөн. Миний ажлын байр нэхэмжлэгчийнхээс ойрхон, утсаар надтай удаа дараа холбогдож, уулзаж байсан бөгөөд хэт өндөр хүү, алданги нэхэх, энэ дүнгээр дахин зээлийн гэрээ байгуулах санал тавьсныг хүлээн зөвшөөрөөгүй болно. Зээлийн үлдэгдэл төлбөрийг төлөхөд татгалзах зүйлгүй.

 

Шүүх: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.4, 281 дугаар зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Б , Б.Д нараас 1 140 494 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Б д олгож, нэхэмжлэлээс 605 234 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хариуцагч Б.Б гийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянгол, 62 дугаар гудамж, 13 тоот хаягт байршилтай эрхийн улсын бүртгэлийн Г-2201012524 дугаарт бүртгэлтэй 346 м.кв газар, Ү-2201037211 дугаарт бүртгэлтэй 40 м.кв талбайтай хувийн сууцыг албадан худалдаж, худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гйүцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1 дэхь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42 882 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 31 921 төгрөг нэхэмжлэгчид олгож, илүү төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгч Д.Б д олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Д.Б  давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй. Шүүх хурал дээр зээлдэгч Б.Б , Б.Д нар нь зээлийн үлдэгдэл төлбөрөөс 2018 оны 08 дугаар сарын 28-наас 2019 оны 02 дугаар сарын 28-ныг хүртэл үлдсэн зээл, зээлийн хүүгээ хугацаандаа төлөөгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн байдаг. Зээлдэгчийн зээлийн төлөлт хийсэн саруудад би зээлийн хүүг 6 хувиар тооцож төлүүлсэн.

Ингээд 09 дүгээр сарын 28-ны өдрөөс хойш 6 сарын турш зээл, хүүг хугацаандаа графикийн дагуу төлөөгүй тул гэрээнд заасан сар бүр үлдэгдэл зээл 760 336 төгрөгнөөс 7 хувиар тооцож, сар бүр 53 223 төгрөгийн зээлийн хүү төлөх үүрэгтэй, 6 сар төлөөгүй тул нийт 319 341 төгрөгийн хүү тооцогдож гарсан. Үлдэгдэл зээл 760 336 төгрөг, хүү 319 341 төгрөг, нийт зээл, зээлийн хүүгийн дүн 1 079 667 төгрөг болсон байдаг. Үүнээс гэрээнд заасны дагуу алдангиийг төлөгдөөгүй төлбөрийн 50 хувиас хэтрэхгүй байна гэж заасны дагуу 539 838 төгрөг, нийт 1 619 516 төгрөг болж байгаа.

Мөн зээл төлүүлэхээр эрэн сурвалжилсан автомашины түлшний үнэ 126 212 төгрөгийг нэмж, нийт 1 745 728 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна. ...Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Д.Б  нь хариуцагч Б.Б , Б.Д нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1 745 728 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар зээлийн хүү, алдангийг эс зөвшөөрч маргажээ.

            Зохигчид хоорондоо 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр №ҮХ-06 дугаартай зээлийн гэрээ байгуулж, хариуцагч нар нь 1 500 000 төгрөгийг 12 сарын хугацаатайгаар, сарын 6 хүүтэйгээр, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцохоор тохиролцсон, гэрээний үүргийг биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй нөхцөлд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар мөн өдөр барьцааны гэрээ байгуулж,  Б.Б гийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянгол, 62 дугаар гудамж, 13 тоот хаягт байршилтай эрхийн улсын бүртгэлийн Г-2201012524 дугаарт бүртгэлтэй 346 м.кв газар, Ү-2201037211 дугаарт бүртгэлтэй 40 м.кв талбайтай хувийн сууцыг барьцаалж, барьцаалбарыг улсын бүртгэлд бүртгүүлсэн үйл баримт тогтоогдож байна. /хх 5, 7/

Талууд гэрээ байгуулсан эсэх, гэрээний хүчин төгөлдөр байдалд маргаагүй бөгөөд шүүх зээлийн болон барьцааны гэрээг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ болохыг дүгнэж, эрх зүйн харилцааг зөв тодорхойлжээ.

 

            Талуудын хооронд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээ байгуулагдаж, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт зааснаар талууд зээлийн гэрээний 5 дахь хэсэгт “гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар” алданги тооцохоор тохиролцон, Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар бичгээр хэлцэл хийгдсэн хүчин төгөлдөр тул хүчин төгөлдөр гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.         

 

Зээлийн гэрээний хугацаанд хариуцагч Б.Б  нь 1 306 250 төгрөгийг буцаан төлсөн, гэрээний хугацаа дууссан 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс хойш дахин төлөлт хийгээгүй талаар талууд маргаагүй тул анхан шатны шүүх нэхэмжлэгчийн зээлийн гэрээний хугацаанд төлсөн 1 306 250 төгрөгийг гэрээний үүрэг болох 2 094 000 төгрөгөөс хасч, үлдэх 760 336 төгрөгөөс алданги тооцон, нийт 1 140 494 төлбөрийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 605 234 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэжээ.

 

Мөн шүүх Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэхь хэсэгт зааснаар хариуцагч сайн дураар үүргээ гүйцэтгээгүй бол үл хөдлөх эд хөрөнгийн , Ү-2201037211 дугаарт бүртгэгдсэн Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянгол, 62 дугаар гудамж, 13 тоот байршилтай, 40 м.кв талбайтай, хувийн орон сууц, Г-2201012524 дугаарт бүртгэлтэй 346 м.кв газрыг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр зөв байна.

 

            Нэхэмжлэгч нь хариуцагч нарыг зээлээ төлүүлэхээр эрж хайхад гарсан зардалд 126 212 төгрөг зарцуулсан гэж тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүргээ биелүүлээгүй байх тул анхан шатны шүүх уг шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг буруутгах үндэслэлгүй болно.

 

            Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

            1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 184/ШШ2019/02237 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Б аас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18 807 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ц.ИЧИНХОРЛОО

           

                             ШҮҮГЧИД                                      М.НАРАНЦЭЦЭГ

 

                                                                                                Д.ЦОГТСАЙХАН