Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 2022/ДШМ/15

 

 

 

 

 

Э.Бт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Т.Энхмаа, шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

            Прокурор Б.Сувд-Эрдэнэ

            Шүүгдэгч Э.Б

            Нарийн бичгийн дарга З.Анхбаяр нарыг оролцуулан,

 

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 482 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Бийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, Э.Бт холбогдох эрүүгийн 2134001440432 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн,

 

Э.Б нь 2021 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Баянголын ам” гэх газарт зохих зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлож байгаль орчинд 2.971.990 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Төв аймгийн Прокурорын газраас Э.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Э.Бийг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт, боловсруулан ашиглалт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т зааснаар шүүгдэгч Э.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авч,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д заасныг баримтлан шүүгдэгч Э.Бт шүүхээс тэнссэн 1 жилийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх хэд хэдэн үүрэг хүлээлгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Бт тэнссэн 1 жилийн хугацаанд хүлээлгэсэн хэд хэдэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг, мөн тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулахыг тус тус мэдэгдэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Э.Бээс 4.915.970 төгрөг гаргуулан Төв аймаг, Заамар сумын Байгаль хамгаалах сангийн 100141355404 тоот дансанд оруулж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Бээс гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ... УН улсын дугаартай, Hyundai Robex300 LC9S маркийн шар өнгийн экскаваторын үнэ болох 22.750.000 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулж,

 

Иргэний нэхэмжлэгч нь түрээсийн хөлс болон түр зогсолтын төлбөртэй холбоотой баримтуудаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүгдэгч Э.Бээс жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж,

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Э.Б энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг, шийтгэх хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Э.Бийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ... УН улсын дугаартай, Hyundai Robex300 LC9S маркийн шар өнгийн экскаваторыг хууль ёсны эзэмшигч иргэний нэхэмжлэгч З.Энхтүвшинд олгохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн Э.Б гаргасан давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэртэй Э.Б миний бие санал нийлэхгүй байгаа тул хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгч Э.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би байнга хувиараа ашигт малтмал олборлох ажил хийдэг тул энэ шүүхийн шийдвэрээр тэнсэн харгалзах ял авсан учир болгоомжлоод давж заалдах гомдол гаргасан гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Сувд-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Мөрдөн байцаалтын шатанд Э.Бийн гаргасан хүсэлтийг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээлгэх дүгнэлтийг гаргаж байна гэв.

                                     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгчийн гаргасан давж заалдсан гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршдог.

 

Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоодог ба шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудад үндэслэн тухайн гэмт хэрэг болсон цаг хугацаа, үйл баримтыг сэргээн дүрслэх замаар хэргийн бодит байдал, болж өнгөрсөн жинхэнэ нөхцөлийг тогтоодог.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл мөрдөгчийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн тогтоолоор Төв аймгийн Заамар сумын Засаг даргын тамгын газрыг хохирогчоор тогтоож, тус аймаг дахь Цагдаагийн газраас Төв аймгийн Заамар сумын Засаг даргын тамгын газарт хандан хохирогч, иргэний нэхэмжлэгчийг томилж ирүүлнэ үү гэх албан бичгийг хүргүүлсэн байдаг.[1]

 

Гэтэл уг албан бичгийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байхад мөн өдрөө Г.Ган-Очир гэх хүнийг иргэний нэхэмжлэгч[2]-ээр тогтоон шийдвэрлэсэн нь ойлгомжгүй болсон байх бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийг зөрчсөн байна.

 

Тухайн хэрэгт гэрчийн мэдүүлэг өгсөн З.Гүрсоронзонгомбосүрэнболдын “...2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн газар ухах үйл ажиллагаа явуулж эхлээд зөөж байгаад болиод техник хэрэгслээ татаад байж байгаад манай дүү болох З.Энхтүвшин рүү тэр хариуцдаг гээд байгаа хүн нь яриад буцаад ажиллаж эхлэхээр болсон гээд 2021 оны 06 дугаар сарын 19-ний өдөр ажиллаж байхад цагдаагийн алба хаагч нар ирж үйл ажиллагааг зогсоосон..., нэг удаа угааж үзсэн..., 2 өөрөө буулгагч машин, 1 ковш, 1 экскаватор, 1 усан буутай үйл ажиллагаа явуулдаг..., Сайхнаа, Даш гэдэг хүн хариуцаж ажилладаг...”[3] гэх,

 

Г.Бат-Эрдэнийн “...Сайхнаа гэх хүний уурхайд экскаваторын операторын ажил хийсэн..., Нөхөрлөлийн үйл ажиллагааг хариуцдаг Сайхнаа гэх хүн энд ух гэж хэлсэн..., экскаватор 1 ширхэг, ковш 1, дамп 2, усан буу, тог гаргагч, дизель генератор, усны насос зэрэг зүйлүүд байдаг. Сайхнаа, Даш гэх хүмүүс нь тухайн газрыг ух гэж хэлсэн болохоор ухсан. Манай нөхөрлөлийн усан буу нь нэг өдөр шороо угаасан, яг хэдний өдөр гэдгийг нь сайн мэдэхгүй байна. Нөхөрлөлийн ахлагч, дарга нар нь Сайхнаа, Даш гэх хүмүүс байдаг...”[4] гэх,

 

А.Жасрайн “...ирснээс хойш ажил хийгээгүй байж байгаад нэг л өдөр усан буучин хийсэн..., хэдэн машин шороо зөөснийг нь сайн мэдэхгүй, шороогоо бол усан буугаар буудаж угаасан. Таван ажилтантай, 2 өөрөө буулгагч машин, 1 ковш, 1 экскаватор, 1 усан буутай үйл ажиллагаа явуулдаг..., Гүрээ гэдэг хүн надад усан буун дээр ажиллахыг заасан..., Усан буу нэг өдөр ажилласан, нэг өдөр ажиллахдаа 9-10 цаг тасралтгүй шороо буудсан...”[5] гэх,

 

А.Сумъяагийн “...ирсэн өдрөө усан буугаа суурилуулсан. Дараа нэг өдөр усан буу ажилласан. Нэг хоног ажилласан, шөнө Ховонууд нь зөөж авчраад асгахаар нь өглөө нь бууддаг. Экскаватор 1 ширхэг, ковш 1, дамп 2, усан буу, тог гаргагч дизель генератор, усан насос зэрэг зүйлүүд байдаг. Уурхайн нэрийг мэдэхгүй. Гүрээ гэх хүн бид нарыг хариуцаж ажиллуулдаг...”[6] гэх,

 

З.Энхтүвшиний “...би Э.Б гэдэг таньдаг ахтайгаа ярьж тохироод тэр хүний уурхайд техникээ түрээслэхээр болсон..., экскаватор нэг сарын 20.000.000 төгрөгөөр, ковш сарын 12.000.000 төгрөгөөр, усан буу 2.000.000 хавьцаа л байгаа байх тэгж тохиролцсон...”[7] гэх,

 

Э.Бийн “...2 өөрөө буулгагч машин, 1 ковш, 1 экскаватор, 1 усан буутай 14 ажилчидтай..., усан буу 6 цаг гаруй хугацаатай ажилласан...”[8] гэх мэдүүлгүүдээс үзвэл мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/”, “гэмт хэргийг хэн үйлдсэн”, “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр”, “Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал”, “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ”, “гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл” зэрэг нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд нотлолгүйгээр зөвхөн Э.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд ирүүлж, шүүхээс түүнийг гэм буруутайд тооцон хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу болжээ.    

 

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9.1 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүдэд “Энэ хуулийн тусгай ангид хуулийн этгээдэд ял оногдуулахаар заасан гэмт хэргийн шинжийг хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан дангаараа, эсхүл хамтран шийдвэр гаргаж, эсхүл хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө хийсэн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан нь хуулийн этгээдэд ял оногдуулах үндэслэл болно”,

 

“Хуулийн этгээдийг төлөөлөн шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө шийдвэр гаргаж, зөвшөөрөл өгч энэ хуульд заасан гэмт хэргийг бусдаар үйлдүүлсэн, эсхүл хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр энэ хуульд заасан гэмт хэргийг үйлдсэн бол энэ хуульд заасан ял оногдуулна”,

 

“Энэ хуулийн тусгай ангид хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нь энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан журмын дагуу хуулийн этгээдийг төлөөлөн шийдвэр гаргасан, зөвшөөрөл өгсөн эрх бүхий албан тушаалтныг ялаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасан байдаг.

 

Дээр дурдагдсан гэрч нарын мэдүүлгүүдэд тухайн гэмт хэргийг “Нөхөрлөл” буюу хуулийн этгээдийн нэрийн өмнөөс тухайн орон нутгийн засаг, захиргаатай гэрээ байгуулахаар бичиг баримтаа бүрдүүлэн хөөцөлдөж байсан хэмээн тусгагдсан ба, уг хуулийн этгээдийн шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтнуудыг мөрдөн байцаалтаар нарийвчлан шалгалгүйгээр орхигдуулсан нь буруу байна.

 

Нөхөрлөл нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай болон Нөхөрлөлийн тухай хуулиудаар хуулийн этгээдийн эрх эдэлж, үүрэг хүлээдэг субъект болохыг анхаарвал зохино.

 

Түүнчлэн мөрдөн байцаалтын шатанд З.Энхтүвшиний өмчлөлийн ... УН улсын дугаар бүхий Hyundai маркийн R300LC-9S маркийн экскаваторыг үнэлүүлэх[9]-ээс өөрөөр ямар нэгэн хөрөнгө хамгаалах ажиллагаа хийлгүй орхигдуулсан байдаг.

 

Энэ нь шүүхээс тухайн гэмт хэрэгт хэн нэгэн этгээдийг эсхүл хуулийн этгээдийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан төрөл хэмжээний хүрээнд ял оногдуулан шийдвэрлэсэн тохиолдолд Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчихгүйгээр тухайн этгээдийн гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан зэвсэг, техник хэрэгсэл зэргийг хурааж улсын орлого болгох боломжгүй нөхцөл байдалд хүргэсэн байна.  

 

Иймд дээр дурдагдсан ажиллагаануудыг шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Төв аймгийн прокурорын газарт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

 

Магадлалд заасан үндэслэлүүдээр хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийх нь цаашид тухайн гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт зорилго, гэм буруугийн хэлбэр, гэм буруутай этгээдэд шүүхээс оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг нарийвчлан тогтоох, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, хэргийн зүйлчлэлийг зөв тогтоосон эсэхийг хянах зэрэгт чухал ач холбогдолтой болно.

 

Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан тул шүүгдэгч Э.Бийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, түүнд урьд нь хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорт хүргэгдэн очтол хэвээр үргэлжлүүлсэн болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2021/ШЦТ/482 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Э.Бт холбогдох эрүүгийн 2134001440432 дугаартай хэрэгт магадлалд заасан үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Төв аймгийн прокурорын газарт буцааж, шүүгдэгч Э.Бийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.   

 

2. Хэргийг прокурорт очтол Э.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

 

 ШҮҮГЧИД                                              Т.ЭНХМАА

 

 

      М.МӨНХДАВАА

 

[1] хх-ийн 31, 32-р тал

[2] хх-ийн 33-р тал

[3] хх-ийн 40-41-р тал

[4] хх-ийн 43-44-р тал

[5] хх-ийн 46-47-р тал

[6] хх-ийн 49-50-р тал

[7] хх-ийн 52-53-р тал

[8] хх-ийн 55-56-р тал

[9] Хх-ийн 59-71-р тал