Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 128/ШШ2020/0046

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: З******* ХХК /РД:27*******/,

Хариуцагч: Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар,

Нэхэмжлэлийн шаардлага: Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгохоос татгалзсан Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 09/2859 дугаартай шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгохыг даалгах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цолмонгэрэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: ...Нийслэлийн Засаг даргын 1999 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн Хэсэгчилсэн төлөвлөгөөний зураг төслийг зөвшөөрөх тухай А-62 дугаар захирамжаар Энх тайвны өргөн чөлөө-2020 хэсэгчилсэн төлөвлөгөөний зураг төслүүдийг зөвшөөрч, батлагдсан зураг төслийн дагуу газар эзэмших эрх олгохоор шийдвэрлэснийг үндэслэн, С******* дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 44, 45 дугаар байрнуудыг холбон 0.05 га газрыг орон сууцны зориулалтаар 480 м.кв газрыг эзэмших эрхийг Нийслэлийн Засаг даргын 2004 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 164 дүгээр захирамжаар баталгаажуулж, Нийслэлийн Газрын албатай гэрээ байгуулж, газар эзэмших эрхийн 000******* дугаар гэрчилгээ олгосон, хүчин төгөлдөр байгаа.

Нийслэлийн Засаг даргын 2004 оны 164 дугаар захирамжтай холбогдуулан С*******-******* СӨХ болон иргэн Т.У, Т.Г нараас захиргааны байгууллагад болон Захиргааны хэргийн шүүхэд гомдол, нэхэмжлэл гаргаж, 2006-2017 оныг хүртэлх хугацаанд эцэслэн шийдвэрлэгдсэн.

Тодруулбал, Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2007 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 292 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2008 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 22 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2008 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 34 дүгээр тогтоол, 2011 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 154 дүгээр тогтоол, Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 87 дугаар шийдвэр, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 608 дугаар шийдвэрүүд нь хуулийн хүчин төгөлдөр болсон.

Ийнхүү манай компанид газар эзэмшүүлсэн шийдвэрт холбогдуулан гаргасан нэхэмжлэлүүдийг хэрэгсэхгүй болгож, Нийслэлийн Засаг даргын 2004 оны 164 дүгээр захирамжийг үндэслэлтэй байна гэж шийдвэрлэсэн. Мөн манай компанийн эзэмшил газар дээр Т.У, Т.Г нар нь 2004 оноос зөвшөөрөлгүй өргөтгөлийн барилга барьж хууль зөрчсөн асуудлыг захиргааны байгууллага Газрын тухай хуулийн 56, 57 дугаар зүйлд заасан эрх, үүргийн дагуу газрыг чөлөөлөх арга хэмжээг С******* дүүргийн Засаг дарга, Газрын албанаас зохих журмын дагуу явуулаагүйн улмаас 2006-2018 оны хугацаанд маргаан шийдвэрлэгдэж, эцэст нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 608 дугаар шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж, 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр зөвшөөрөлгүй барилгыг буулгаж, газрыг чөлөөлсөн. Энэхүү барилгыг буулгах ажлын холбогдох зардлыг газар эзэмшигчээс гаргаж, шүүхийн шийдвэр биелэгдэж, газар чөлөөлөгдсөнөөр газрыг зориулалтын дагуу ашиглах нөхцөл бүрдсэн. Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Мэргэжлийн зөвлөлийн 17 дугаар хурлаар шинээр архитектур төлөвлөлтийн даалгавар, эх загвар зураг зэргийг дахин баталгаажуулах шаардлагагүй тухай шийдвэрлэж байсан.

Шүүхэд нэхэмжлэл гаргах болсон үндэслэлийн тухайд: С******* дүүргийн Засаг дарга болон Газрын албанд холбогдуулан зөвшөөрөлгүй баригдсан барилгыг буулгаж, газрыг чөлөөлөх арга хэмжээг авахгүй байсантай холбогдуулан З******* ХХК-ийн эрхийг хөндсөн хууль бус эс үйлдэл болохыг тогтоож, хуульд заасан арга хэмжээ авахыг даалгаж тус тус захиргааны хэрэг шийдвэрлэгдсэн бөгөөд барилгын ажлыг гүйцэтгэх хугацаанд гүйцэтгэгдээгүй хүндэтгэн үзэх шалтгааны улмаас өдийг хүрсэн. 2017, 2018 оноос барилгын ажил эхлүүлэх эрхээ сэргээлгэхээр холбогдох баримт материалаа бүрдүүлэн өмнөх техникийн нөхцлүүдэд мэргэжлийн байгууллагууд дахин тодруулга хийн ажиллаж, шийдвэр гаргасан.

Ингээд Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газар нь 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 09/2859 дугаар албан бичгээр барилга барих эрх олгох боломжгүй тухай татгалзсан хариу өглөө. С******* ******* СӨХ-өөс болон оршин суугчдаас гаргасан гомдол нэхэмжлэлийг дээр дурьдсан шүүхийн шийдвэрүүдээр эцэслэн шийдвэрлэсэн, харин захиргааны байгууллагад гаргасан өргөдөл гомдолд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 02/29, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 03/1989 тоот, 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 03/1990 тоот, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын 2014 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 07/2133 тоот 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 04/3034 тоот хариугаар хүлээн авах боломжгүй гэж шийдвэрлэсэн байдаг.

Мөн Авлигатай тэмцэх газар гаргасан өргөдөл гомдлыг Нийслэлийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 138 дугаар тогтоолоор хэрэг нээхээс татгалзаж, Онцгой байдлын ерөнхий газарт гаргасан гомдлыг Онцгой байдлын ерөнхий газрын 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 02/1890 дугаар шийдвэрээр эцэслэн хянаж тус тус шийдвэрлэсэн байдаг.

Ийнхүү холбогдох мэргэжлийн байгууллагууд тус тусын шийдвэр, дүгнэлтийг гаргасан, холбогдох өргөдөл гомдлын асуудлууд шийдвэрлэгдсэн байхад дээрх үндэслэлээр татгалзаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг сэргээхээс татгалзсаныг хууль бус болохыг тогтоолгож, эрхийг сэргээх шийдвэр гаргахыг даалгуулах шаардлага гаргаж байна.

Шаардлагын үндэслэлээс Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т төрөөс газар эзэмших, ашиглахад шудрага ёс, тэгш байдлыг хангах зарчмыг баримтална гэж заасан, нэхэмжлэгч нь газраа зориулалтын дагуу эзэмших боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаантай байсан, Газрын тухай хуулийн 56, 57 дугаар зүйлд зааснаар хууль бус өргөтгөлийг буулгах, газрыг чөлөөлөх үүргийг захиргааны байгууллагад олгосон, захиргааны байгууллагын эс үйлдлүүд нь хууль бус болохыг шүүхээр тогтоосон, З******* ХХК-д орон сууцны зориулалтаар газар эзэмшүүлэх эрх олгосон шийдвэрт холбогдуулан гаргасан гомдлыг эцэслэн шийдвэрлэгдсэн, 2002 оны Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, 2016 оны Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу маргасан нөхцөл байдал байхгүй зэргийг дурьдаж байна.

Иймд нэхэмжлэгчээс газар эзэмших эрхээ орон сууцны барилга барихгүйгээр зориулалтын дагуу ашиглах боломжгүй, захиргааны байгууллагын гүйцэтгэх үүргийг шүүхээр 2 удаа албадуулан гүйцэтгүүлж, холбогдох зардлыг гаргасан, өнгөрсөн хугацаанд 500 гаруй сая төгрөгийн хохирол амссаар өдий хүрсэн зэрэг зөрчигдөж буй эрхээ сэргээлгэхээр нэхэмжлэл гаргаж байна. гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбартаа: Захиргааны байгууллага энэ олон жилийн турш хуульд заасан үүргээ биелүүлэхгүй, эрхээ хэрэгжүүлэхгүй байсан нөхцөл байдал сая судлагдлаа. Үүнээс үүдэн нэхэмжлэгч компанид 500 гаруй сая төгрөгийн хохирлын үүсээд байгаа. Хотын захиргаа, Нийслэлийн Газрын алба, дүүргийн Засаг дарга, дүүргийн Газрын алба энэ асуудалд оролцож байснаа энэ асуудлаа шийдүүлчих гэсэн байдлаар үлдсэн. Иргэдийн гомдлыг шүүх шийдвэрлээд дуусахаар өөрсдөө үүргээ гүйцэтгэхгүй. Бидний хувьд Нийслэлийн Газрын алба, газар чөлөөлөх хэлтэс, Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, С******* дүүргийн газрын алба, С******* дүүргийн Засаг даргаар олон жил орж хөөцөлдөж явсан. Сүүлдээ захиргааны байгууллага хуульд заасны дагуу зөвшөөрөлгүй барилгаа буулгахгүй бие биерүүгээ шидээд байдаг. Эцэстээ шүүхээр явж тус бүр дээр нь С******* дүүргийн Засаг даргад албадан гүйцэтгэх ажиллагаа хийгдэж, С******* дүүргийн газрын алба нь Газрын тухай хуулийн 56, 57 дугаар зүйлд заасан үүргээ биелүүлж зөвшөөрөлгүй барилга буулгах ажлаа хийхгүй байсан учир 2 удаа буулгах захирамж гараад, шүүхээр хянагдаад сүүлд нь албадан биелүүлж, биелүүлэхгүй байгаа газрын албаны даргад холбогдуулан нэхэмжлэл гаргаж дахин 3 шат яваад албадан биелүүлэх ажиллагаа хийгдээд зөвшөөрөлгүй барилгыг буулгасан.

Буулгах ажиллагаанд Газрын алба, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, манай талаас оролцсон. Энэ үйл ажиллагааны хөрөнгө мөнгийг захиргааны байгууллага гаргаж чадахгүй гээд нэхэмжлэгч компани хөрөнгө мөнгө гаргаж буулгалтын ажлын компанийг хөлсөлж энэ ажиллагааг явуулж байгаа. Буулгалтын ажлыг явуулж байх хугацаанд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж газрын эрхээ хэрэгжүүлэх боломжгүй байсан нөхцөл байдлын зөрчлийг арилгах арга хэмжээ явагдсан. Энэ хугацаанд уг маргаан нь телевиз, сайт зэргээр олон нийтэд дэлгэгдэж нийтэд илэрхий үйл баримт болсон. Үүнтэй холбогдуулан Мэргэжлийн хяналтын ерөнхий газар ирж буулгалтын ажлыг зогсоогоод, шалгалт явуулсан. Шалгалтаар буулгах эрх нь байна, буулгалтын явцад утас татах, малгай өмсөх зэрэг ажиллагааны стандартын зөрчил байна гэж дүгнэснээр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсон. Дуусгавар болсны дараа үлдэгдэл болсон суурийг буулгах зааварчилгаа өгөөд одоо энэ ажиллагаа шийдэгдэж байгаа юм. Үндсэндээ 2018 оны 06 сард сүүлийн өргөтгөлийг буулгаж цэвэрлэж байгаа юм.

Дараа нь иргэдээс дахин гомдол гаргаж Авлигатай тэмцэх газар энэ асуудлыг хянаж үзээд үндэслэлгүй байна гэж шийдсэн. Нэхэмжлэгч тал болон захиргааны байгууллагын хооронд эрүүгийн шинжтэй үйлдэл байхгүй байна гэж үзсэн.

Дараа нь Онцгой байдлын ерөнхий газарт орц гарцын асуудлаар хандсан. Онцгой байдлын ерөнхий газар энэ асуудлыг 8 дугаар сард шийдвэрлэсэн. Энэ асуудал эцэслэн шийдэгдэж дуусаад Нийслэлийн газрын алба, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, Захиргааны хэргийн шүүх болон бусад шүүхүүд дээр хэн нэгний гомдолтой манайд холбогдох асуудал байхгүй болон энэ нөхцөл байдал эцэслэн шийдвэрлэгдсэн гэж үзээд бид эрхээ сэргээлгэхээр гэж шүүхэд хандсан.

2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас 2018 оны 68 дугаар тогтоол, Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2., 28.3, 28.4 дэх хэсэгт заасны дагуу бүх баримт бичгээ бүрдүүлээд манайд барилгын ажлыг эхлүүлэх хүсэлтээ гарга гэж хариу өгсөн. Үүний дагуу өмнө нь зөвшөөрөл авахад үнэлэгдсэн баримтуудыг цаг хугацааны хувьд шинэчлэгдсэн бүрдэл хангасан баримтуудын хамтаар гаргаж өгөхөд иргэдийн гомдлын асуудлаар шийдэх боломжгүй байна гэдэг. Хянаж байгаа хүмүүстэй нь очиж уулзахаар хэн нь ч нотлох баримт, бүрдэл дутуу, шаардлага хангахгүй байна гэдэг зүйлийг ярьдаггүй. Бид бүх баримтыг тухай бүрийн шатанд нь хуулбарлаж аваачиж өгсөн.

Нэгж талбарын 18642 дугаартай кадастрын зурагт өөрчлөгдсөн зүйлгүй. Газар эзэмших эрхийн гэрчилгээнд заасан 480 м.кв газар 240 м.кв, 240 м.кв хэмжээтэйгээр 2 талд тусдаа байгаа. 240 м.кв газарт барилга баригдсан. Нөгөө газарт нь буюу 44, 45 дугаар байрны дунд барилга баригдаагүй. 44 дүгээр байр нь урагшаа харсан цонхтой. Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн хурлын шийдвэрт архитектур төлөвлөлтийн даалгавар, эх зургийг баталгаажуулах шаардлагагүй. гэсэн. Зөвшөөрөлгүй баригдсан барилгыг шүүхийн шийдвэрийн дагуу буулгалтын ажил тал хийгдсэн. Буулгалтын ажлын явцад иргэдээс гомдол гаргаж Мэргэжлийн хяналтын ерөнхий газар ирж ажиллаж үлдэгдлийг нь ийм журмаар буулга гэж зөвлөмж өгсөн. Хариуцагчаас нотлох баримтаар гаргаж өгсөн Д.Тын дүгнэлт буюу огноо, дугаар, гарын үсэг байхгүй баримт нь Улсын дээд шүүхийн 154 дүгээр тогтоол гарах үед байсан гэдгийг архивын тамга, тэмдэгтэй Захиргааны хэргийн шүүхийн 68 дугаар шийдвэртэй хэргээс хуулбарлан хавсаргасан. Үндсэндээ энэ нь шүүхээс дүгнэгдчихсэн баримт юм. гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ... З******* ХХК-ийн нэхэмжлэлтэй тус газарт холбогдох Барилга угсралтын ажлыг эхлүүлэх зөвшөөрлийн эрхийг сэргээхээс татгалзсаныг хууль бус болохыг тогтоолгож, эрхийг сэргээх шийдвэр гаргахыг даалгуулах шаардлага бүхий захиргааны хэрэгт дараах тайлбарыг гаргаж байна.

Нийслэлийн Засаг даргын 2004 оны 04 дугаар сарын 15-ны өдрийн 164 дугаартай захирамжаар З******* ХХК-д 000******* дугаар гэрчилгээ бүхий 480 м.кв арктай, үйлчилгээтэй 5 давхар орон сууцны барилга барих зориулалтаар газар олгосон байдаг. Хот байгуулалтын асуудал эрхэлсэн байгууллагаас З******* ХХК-д 2005 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 21/05 дугаартай үйлчилгээний орон сууц зориулалт бүхий Архитектур төлөвлөлтийн даалгаврыг олгосон байна. Улмаар нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дэргэдэх Мэргэжлийн зөвлөлийн 2017 оны 17 дугаар хурлаар Архитектур төлөвлөлтийн даалгавар, эх загвар зураг баталгаажсан байдаг.

З******* ХХК нь барилга угсралтын ажлын зөвшөөрлийг 2006 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 2016/032, 2009 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 26/2009, 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 26/2009 сунгалтыг 2013 оны 01 сарын 11-ний өдрийн хүртэл авч, улмаар тус зөвшөөрлүүдийн хугацаа дууссан байдаг. Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 15 дүгээр тогтоолын хавсралтаар Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах дүрэм, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 5/14 дүгээр тогтоолоор Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам батлагдсан бөгөөд манай байгууллага 2013 оноос барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, зөвшөөрлийг хууль дүрэм журмын дагуу олгон ажиллаж байгаа болно. Улмаар Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 68 дугаар тогтоолоор Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрэм шинэчлэн батлагдсан тус журамд Засгийн газрын 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 171 дугаар Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолоор нэмэлт оруулж баталсан байна.

Иймд З******* ХХК нь Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авах хүсэлтээ Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан баримт бичиг, Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам-ын 6 дугаар бүлгийн 6.3-т заасан баримт бичгийн бүрдлийг бүрдүүлэн ирүүлсэн тохиолдолд судлан үзэж зөвшөөрөл олгох боломжтой юм. 2019 оны 07 дугаар сарын 31 -ны өдрийн 09/2859 дугаартай албан бичгээр манай байгууллагаас З******* ХХК-д С******* дүүргийн 4 дүгээр хорооны 44, 45 дугаар байрны дунд байрлах танай эзэмшлийн газар дээр тус байрны оршин суугчдаас удаа дараа гомдол ирж байгаа тул зөвшөөрлийн гэрчилгээг олгох боломжгүй болохыг мэдэгдсэн албан бичиг хүргүүлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Барилгын тухай хууль болон журамд заасан дутуу гэх баримт байхгүй. Барилгын зөвшөөрлийн гэрчилгээ авах баримт нь бүрдсэн. Гэхдээ иргэдээс гомдол ер нь гардаг болохоор зөвшөөрөл олгох боломжгүй. Татгалзаж байгаа үндэслэл нь иргэд санал гомдол гаргадаг гэсэн асуудал байгаа. Иргэд нь удаа дараа байгууллага дээр ирж газрын дарга дээр орж уулзаж барилга бариулахгүй гэдэг. Одоогийн байдлаар иргэдийн гомдолд хариу өгсөн, хугацаандаа хариу өгөөгүй гомдол байхгүй.

Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөө нам давхрын бүс, орон сууцны бүс гэдэг байдлаар ерөнхий төлөвлөгддөг. Жижиг бүсчлэлийг цэгцэлсэн ерөнхий төлөвлөгөө буюу Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас төлөвлөгөө баталдаг. Тухайн байршил, нэгж талбар дээр ямар барилга барих вэ гэдгийг мэргэжлийн зөвлөлийн хурлаар манай байгууллага шийддэг. 2015 оны энэ зураг техник эдийн засгийн үндэслэл гэдэг нэртэйгээр батлагдсан ч баримт бичиг дотор хойд талын зургаараа хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө гэж ойлгож болно. Улсын Их Хурлын 2013 оны 23 дугаар тогтоолын дагуу батлагдсан Улаанбаатар хоты 2020 он хүртэл хөгжүүлэх хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө. Тухайн маргаан бүхий 4 дүгээр хороонд холбогдох одоо хүчин төгөлдөр байгаа хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөгөөр 40 ын байруудыг буулгаад шинээр барихдаа хуучин фасад, өнгө төрхийг нь хадгалж төлөвлөх гэсэн байдлаар төлөвлөгдсөн байгаа. Гэхдээ дахин барилгажуулах төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн зүйл байхгүй. Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний батлагдсан байдал нь энэ. Дахин барилгажуулах асуудал яригдаагүй.

Нэхэмжлэгч компанид олгогдсон архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын эскиз зураг хүчингүй болсон, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөлтөөс хасагдсан гэж манай байгууллага маргаагүй. Тэдгээр нь буюу тус компанид олгогдсон архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын эскиз зураг хүчинтэй байгаа. Тухайн 44, 45 дугаар байрны иргэдийн зүгээс гомдол санал ирдэг учраас хариу бичгүүд хүргүүлсэн. Нэхэмжлэгчийн хэлж байгаачлан 10 жил маргаад явж байна. Барилгын ажлын зөвшөөрөл газар эзэмших эрхтэй холбоотой ч тусдаа өөр зөвшөөрөл. Нөгөөтэйгүүр барилгын ажлын зөвшөөрлийг олголоо гэхэд тухайн иргэд нь уг зөвшөөрөлтэй маргах эрх нь байдаг. Тиймээс бид иргэдтэй тохиролц, зөвшилц гэдэг. гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж,шүүх хуралдаанаар судлагдсан баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна.

Нийслэлийн Засаг даргын 2004 оны 04 дугаар сарын 15-ны өдрийн 164 дугаар захирамжаар З******* ХХК-д арктай, үйлчилгээтэй 5 давхар орон сууцны барилга барих зориулалтаар 480 м.кв газар 60 жилийн хугацаагаар эзэмшүүлж, Нийслэлийн Газрын алба газар эзэмших эрхийн 000******* дугаар гэрчилгээ олгож, 2005 оны 7 дугаар сарын 21-ний өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан, энэ газар нь тус бүр 240 м.кв хэмжээгээр С******* дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт олгогдсон бөгөөд энэ маргаан бүхий 240 м.кв газар нь нэгж талбарын 18642 дугаарт бүртгэгджээ[1].

Үүнээс өмнө 1999 оны 4 дүгээр сарын 19-нд Нийслэлийн Засаг дарга А/62 дугаар захирамжаар Хот байгуулалт, газар зохион байгуулалтын мэргэжлийн комиссын хурлын шийдвэрийг үндэслэн Энхтайваны өргөн чөлөө-2020 хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний зураг төслийг зөвшөөрсөн[2], Нийслэлийн хот байгуулалтын хүрээлэнгээс 2000 онд хийсэн Энхтайваны гудамжны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөгөөр орон сууцны 44, 45 дугаар байрны хооронд 42 дугаартай, 60, 68 дугаар байрны хооронд 41 дугаартай 9 давхар 24 айлын орон сууцны барилга баригдахаар тус тус төлөвлөгдсөн[3], улмаар Засгийн газрын 2002 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 28 дугаар тогтоолоор Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг баталж, энэ дагуу нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2002 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 88 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын орон сууцны 1, 3, 4, 5, 6, 10, 12, 15 дугаар хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний зураг төслийг баталсан[4], энэ хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний тодотголоор орон сууцны 5 дугаар хорооллын зураг мөн дээрх байдлаар тусгагдан батлагдсан байна.

Нийслэлийн Засаг даргын 2004 оны 164 дүгээр захирамжаар газар эзэмшүүлсний дагуу Нийслэлийн Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын газрын дарга бөгөөд Улаанбаатар хотын ерөнхий архитектор 2004 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 261 дугаартай орон сууцны 60, 68 дугаар байр, 44, 45 дугаар байрны хооронд байршуулан орон сууцны барилгад газар олгосон тул архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын эскиз зураг батлуулахыг, барилгын зураг төсөлд дүгнэлт гаргуулахыг, барилгын тэг тэнхлэгийн акт үйлдүүлж, хот байгуулалтын мэдээллийн санд оруулахыг, барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авахыг мэдэгдсэн мэдэгдэл[5] тус компанид хүргүүлжээ.

Улаанбаатар хотын ерөнхий архитектор 2005 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 21/05 дугаартай орон сууцны 60, 68 дугаар байр, 44, 45 дугаар байрны хооронд байршуулан 480 м.кв газарт орон сууц үйлчилгээний 6 давхар, зоорьтой, 1 дүгээр давхарт галын машин зөрөх, явган хүн зорчих орц гарц бүхий барилга барих Архитектур төлөвлөлтийн даалгаврыг[6] олгож, газрын баталгаат хэмжээ тогтоосон акт[7] үйлдэж, барилгын ажлын зураг, техникийн төслийг баталсан[8] байна.

Улаанбаатар дулааны сүлжээний 2005 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 185 тоот, Ус сувгийн удирдах газрын 2005 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 272/05 тоот, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ХК-ийн 2005 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 1125/2005 тоот, Монголын цахилгаан холбоо ХК-ийн 2006 оны 1 дүгээр сарын 16-ны 67 тоот техникийн нөхцлүүд олгогдож, Зураг төслийн улсын экспертизийн 2006 оны 3 дугаар сарын 30-ны 09/2006 дугаартай дүгнэлт[9] гарсан.

Барилгын тэг тэнхлэг газар дээр байгуулсан акт 2006 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр үйлдэж[10], З******* ХХК нь барилга угсралтын ажлын зөвшөөрлийг 2006 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 2016/032 дугаартай 2007 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл хугацаатай авч, зөвшөөрлийг 2009 оны 5 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл сунгасан, дахин 2009 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 26/2009 дугаартай 2010 оны 8 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл авсныг 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл сунгасан, улмаар 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 26/2009 дугаартай 2013 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл хугацаатай авсныг 2014 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл тус тус сунгасан[11], дээрх зөвшөөрлийн хугацаа дууссан байдаг.

Энэ хугацаанд буюу 2006-2008 онд дээрх газар эзэмшүүлсэн шийдвэр, архитектур төлөвлөлтийн даалгавар, техникийн нөхцлүүд, барилгын ажлын зөвшөөрлийн хүрээнд тус компани орон сууцны 60, 68 дугаар байрны хооронд барилгыг барьж улсын комисс 2008 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 141/2008 дугаартай актаар байнгын ашиглалтад хүлээж авсан[12] байдаг.

Харин 44, 45 дугаар байрны хооронд барилга барихтай холбоотой тодорхой маргаанууд гарч шүүхээр шийдвэрлэгдсэн байна.

Тухайлбал, 44 дүгээр байрны урагш харсан цонх бүхий од оршин суугч Т.У Нийслэлийн Засаг даргын 2004 оны 164 дүгээр захирамжаар З******* ХХК-д газар эзэмшүүлсэн шийдвэрийг хүчингүй болгуулах-аар маргаж, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2007 оны 292 дугаар шийдвэр, Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын давж заалдах шатны шүүх хуралдааны 2008 оны 22 дугаар магадлал, хяналтын шатны шүүх хуралдааны 2008 оны 34 дүгээр тогтоолоор газар эзэмшүүлсэн шийдвэр хуульд нийцсэн, нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй болохыг дүгнэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн[13], мөн С******* 40 СӨХ газар эзэмшүүлсэн дээрх шийдвэрийг болон 44, 45 дугаар байрны хооронд барилга барихаар төлөвлөсөн Нийслэлийн Засаг даргын 1999 оны А/62 дугаар захирамж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2002 оны 88 дугаар тогтоолын холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах-аар маргаж Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 68 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2011 оны 68 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2011 оны 154 дүгээр тогтоолоор дээрх шийдвэрүүд хуульд нийцсэн, тус СӨХ-ны ашиглалтын газарт хамааралгүй, эрхийг нь зөрчөөгүй гэж дүгнэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ[14].

З******* ХХК нь С******* дүүргийн Засаг дарга, Газрын албанд холбогдуулан хуульд заасан үүргээ биелүүлж газар чөлөөлүүлэх хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа тус дүүргийн Засаг дарга, Газрын албаны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, газар чөлөөлөх захирамж гаргахыг даалгуулах-аар нэхэмжлэл гаргаж, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 371 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 441 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 24 дүгээр тогтоолоор нутаг дэвсгэртээ газрын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах үүргээ хэрэгжүүлээгүй, зохих зөвшөөрөлгүйгээр газар дур мэдэн барьсан барилга байгууламжийг ... газар албадан чөлөөлөх арга хэмжээ аваагүй байна гэж дүгнээд хариуцагчийн эс үйлдлийг хууль бус болохыг тогтоож, газар албадан чөлөөлөх захирамж гаргахыг даалгаж шийдвэрлэжээ[15].

Улмаар З******* ХХК нь барилга барихаар олгогдсон газар дээр нь зөвшөөрөлгүй баригдсан өргөтгөлийг буулгаж, газар чөлөөлүүлэх-ээр Т.Год холбогдуулан нэхэмжлэл гаргаж, С******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 498 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1005 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2018 оны 1361 дугаар тогтоолоор 44 дүгээр байрны орон сууцны өргөтгөлийн З******* ХХК-ийн эзэмшлийн 240 м.кв газартай давхцсан хэсгийг буулгаж газар чөлөөлөхийг Т.Год даалгаж шийдвэрлэжээ[16].

Түүнчлэн холбогдох төрийн байгууллагуудад гаргасан иргэдийн гомдлыг тухай бүр хариу өгч байжээ. Тухайлбал, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 02/29оор С******* 40 СӨХ-д хүсэлтэд дурдсан асуудал нь шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн, Хурал дахин шийдвэрлэх боломжгүй талаар[17], Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 03/1989 тоотоор иргэн Т.Год, мөн өдрийн 03/1990 тоотоор С******* 40 СӨХ, иргэн Н.Б, Б.А нарт, 7 дугаар сарын 26-ны өдрийн 04/3034 тоотоор иргэн Т.Год З******* ХХК-д газар эзэмшүүлсэн шийдвэр хуульд нийцсэн болохыг шүүх тогтоосон, зөвшөөрөлгүй баригдсан өргөтгөлийн барилгыг албадан буулгаж газар чөлөөлөхөөр шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой гомдлыг болон шүүхийн эцэслэн шийдвэрлэсэн асуудлыг захиргааны байгууллага дахин шийдвэрлэх боломжгүй талаар[18], Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын 2014 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 07/2133 тоотоор З******* ХХК-д газар эзэмшүүлсэн шийдвэр хуульд нийцсэн болохыг шүүх эцэслэн шийдвэрлэсэн тул гомдлыг хүлээн авах боломжгүй гэж хариу, 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 08/1335 тоотоор С******* 40 СӨХ-д барилгын төлөвлөлтийн талаар тайлбар[19] өгсөн байдаг.

Мөн С******* 40 СӨХ-өөс Авлигатай тэмцэх газарт гаргасан эрх бүхий албан тушаалтнууд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж З******* ХХК-д давуу байдал олгосон байж болзошгүй гэх өргөдөл гомдлыг шалгаад Нийслэлийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 138 дугаар тогтоолоор хэрэг нээхээс татгалзсан байна. Онцгой байдлын ерөнхий газарт гаргасан гомдлыг Онцгой байдлын ерөнхий газрын 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 02/1890 дугаар шийдвэрээр эцэслэн хянаж тус тус шийдвэрлэсэн байдаг.

44 дүгээр байрны урагш харсан цонх бүхий 4, 6, 8 тоот орон сууцны оршин суугчидтай нэхэмжлэгч компани тодорхой нөхцлөөр эвлэрлийн гэрээ байгуулсан[20], харин орон сууцны өмчлөгч, оршин суугч Т.Г, Т.У нар болон тус байрны С******* 40 СӨХ 44, 45 дугаар байрны хооронд арктай барилга барихыг эсэргүүцсэн гомдол нэхэмжлэлийг шүүх эцэслэн шийдвэрлэсэн, шүүх шийдвэрлэснээс хойш гаргасан гомдол, хүсэлтийг төрийн эрх бүхий байгууллагууд шийдвэрлэх боломжгүй талаар хариу өгсөн байна.

Нийслэлийн Хот төлөвлөлт, эрдэм шинжилгээ, зураг төслийн хүрээлэн 2007 оны 10 дугаар сарын 05-нд 129 тоотоор Нийслэлийн Засаг даргын 1998 оны А-21, 1999 оны А-62 дугаар захирамжаар батлагдсан Энхтайваны гудамжны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний зураг хэвээр байгаа-г тодорхойлсон.[21]

Дээрх маргаанууд шийдвэрлэгдсэнээр З******* ХХК барилгын тэг тэнхлэгийг газар дээр байгуулсан актыг дахин 2018 оны 3 дугаар сарын 05-нд үйлдүүлж, барилгын ажлын зөвшөөрөл авахад шаардагдах холбогдох техникийн нөхцлүүдийг дахин авсан, тэдгээр нь хугацаандаа, тухайлбал Ус сувгийн удирдах газраас 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 566/17 дугаартай, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-иас 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 134/2019 дугаартай, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 15/01713/19 дугаартай, Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-иас 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ТН-В559/2018 дугаартай цэвэр, бохир ус ариутгах татуурга, дулаан, цахилгаан хангамж, холбооны техникийн нөхцөл болон өндөр хурдны кабель шугамын угсралт, радиа шугамын техникийн нөхцлүүдийг шинэчлэн авсан, гэнэтийн ослын болон хариуцлагын даатгалд даатгуулсан байна.[22]

Улмаар нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дэргэдэх Мэргэжлийн зөвлөлийн 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 17 дугаар хурлаар хэлэлцэн 2005 онд баталсан архитектур төлөвлөлтийн даалгавар, эх загвар зургийг дахин баталгаажуулах шаардлагагүй гэж шийдвэрлэснийг тус газраас 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 03/2990 тоотоор[23] З******* ХХК-д мэдэгджээ. Өөрөөр хэлбэл 2005 онд баталсан архитектур төлөвлөлтийн даалгавар, эх загвар зураг хүчинтэй үйлчлэх болохыг эрх бүхий этгээд ийнхүү тодорхойлжээ.

Дээрх архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын эх загвар зураг, техникийн нөхцлүүд болон зураг төсөл зохиох, барилгын ажил гүйцэтгэх, барилгын ажлын явцад зохиогчийн хяналт хийх гэрээнүүдийг шинэчлэн 2018 онд Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт хүсэлт гаргахад 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 05/3708 тоотоор баримт бичгийн бүрдлийг хянаж зөвшөөрөл олгохыг мэдэгдэж, 2019 онд барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг сэргээн авахаар Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газарт дахин хандахад 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 09/2859 тоот албан бичгээр тус байрны оршин суугчид, СӨХ гомдол удаа дараа ирүүлдэг тул маргааныг эцэслэн шийдвэрлэх хүртэл Барилгын ажлын гэрчилгээг олгох боломжгүй гэж мэдэгджээ.[24]

Нэхэмжлэгч З******* ХХК нь Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдуулан Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгохоос татгалзсан Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 09/2859 дугаартай шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгохыг даалгах тухай шаардлага гаргасан.

Дээрх үйл баримтуудаас үзэхэд маргаан бүхий газарт барилга баригдахаар төлөвлөгдсөн, уг газар нэхэмжлэгчид барилга барих зориулалтаар газар эзэмших эрх олгогдсон, уг эрх хүчинтэй байгаа, барилга барихад шаардагдах архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын эскиз зураг, техникийн нөхцлүүд олгогдсон, тэдгээр нь хүчинтэй байх бөгөөд барилгын ажлыг эхлүүлэхэд авах зөвшөөрөл буюу Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг олгохоос Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар ийнхүү татгалзсан, энэ үндэслэлээ иргэд удаа дараа гомдол маргаан гаргадаг гэж тайлбарлажээ.

Гэтэл иргэд, СӨХ-ны гаргасан гомдол, нэхэмжлэлийг үндэслэлгүй болохыг шүүхийн хүчин төгөлдөр дээрх шийдвэрүүдээр тогтоосон, улмаар тэдгээр иргэд, СӨХ-ны дахин удаа дараа гаргасан хүсэлт, гомдолд дээрх албан бичгүүдээр тухай бүр хариу өгсөн, одоо тус газарт иргэдээс ирүүлсэн шийдвэрлээгүй өөр гомдол байхгүй гэж хариуцагч тайлбарлах атлаа иргэдээс ер нь гомдол ирүүлдэг гэх үндэслэлээр ийнхүү барилгын ажлын зөвшөөрөл олгохоос татгалзсан нь үндэслэлгүй байна.

Шүүхийн шаардсанаар хариуцагчаас шүүхэд ирүүлсэн З******* ХХК-иас тус газарт барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ авахаар бүрдүүлж хүргүүлсэн 102 хуудас баримтуудаас[25] үзэхэд нэхэмжлэгчийн 2019 онд хүргүүлсэн гэх баримтууд байх бөгөөд тэдгээрээс өөр ямарваа баримт бүрдүүлээгүй, дутуу гэх тайлбар, татгалзал хариуцагчаас гаргаагүй болно.

Барилгын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6-д зааснаар Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газар барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг олгох чиг үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.2, 28.3, 28.4-т заасан баримт бичгийн бүрдлээр барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүсэлтийг хүлээн авснаас ажлын 10 өдрийн дотор олгохоор 27 дугаар зүйлийн 27.2-т, хэрвээ зөвшөөрөл олгохоос татгалзсан бол үндэслэл бүхий тайлбарыг татгалзсан шийдвэртээ тусган хүсэлт гаргасан этгээдэд бичгээр өгөхөөр 27.3-т тус тус хуульчилжээ. Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2, 28.3, 28.4-т зааснаар Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ авахад шаардагдах баримт бичгийн бүрдэлд барилга байгууламжийн байршил, загвар зураг, техникийн нөхцлийг баталгаажуулсан шийдвэр, барилга байгууламжийн магадлал хийгдсэн иж бүрэн зураг, магадлалын дүгнэлт, зураг төсөл зохиогчийн танилцуулга, улсын бүртгэлийн болон тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, байгаль орчны нөлөөллийн үнэлгээний тайлан, гэнэтийн ослын болон хариуцлагын даатгал, барилгын зураг төслийн болон барилгын ажил гүйцэтгэх этгээдийн тусгай зөвшөөрөл, барилгын ажлын үе шатны хяналт тавих төлөвлөгөөг бүрдүүлэх бөгөөд дээрхээс өөр баримт бичиг шаардахыг 28.6 дахь хэсгээр хориглосон байна.

Ийнхүү тодорхой маргаануудын улмаас барилга баригдаагүй байх хугацаанд барилгын ажлын зөвшөөрөл авах, ашиглалтад оруулахтай холбоотой дүрэм, журмууд өөрчлөгдсөн, тодруулбал Засгийн газрын 2012 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 15 дүгээр тогтоолын хавсралтаар Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах дүрэм, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 5/14 дүгээр тогтоолоор Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам, Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 68 дугаар тогтоолоор Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрэм шинэчлэн батлагдаж, уг журамд Засгийн газрын 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 171 дугаар тогтоолоор нэмэлт оруулсан байдаг.

Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан болон эдгээр дүрэм, журамд заасан барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ авахад шаардагдах баримт бичгүүдээс бүрдүүлээгүй дутуу гэх баримт байхгүй гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлах авч барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгохоос татгалзсаныг хууль бус гэж үзэхээс аргагүй байна.

Барилга баригдах байршлын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө 2002 онд батлагдсанаас хойш өөрчлөгдөж батлагдсан эсэх, өөрчлөгдсөн бол хэрхэн өөрчлөгдсөн талаарх баримтыг шүүх хариуцагчаас шаардсанаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 25 дугаар Бага тойруугийн хуучин барилгыг буулгах, оновчтой төлөвлөлтийн техник эдийн засгийн үндэслэл-ийг баталсан тогтоолыг ирүүлсэн, уг тогтоолд зааснаар Улсын Их Хурлын 2013 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн Бага тойруу буюу Чингэлтэй, С******* дүүргийн зарим хороодын нутаг дэвсгэр дэх хуучин барилгыг буулгаж, оновчтой төлөвлөхөөр тусгасан, тухайлбал 44, 45 дугаар байрыг буулгаж, шинээр барихдаа хуучин фасад өнгө төрхийг хадгалж төлөвлөсөн байх ба ийнхүү төлөвлөсөн нь 44, 45 дугаар байрны хооронд барилга барихад саад болохгүйн дээр барилга барих зөвшөөрөл олгохоос татгалзах үндэслэл болгож хариуцагч татгалзаагүй болно.

Иймд Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгохоос татгалзсан Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 09/2859 дугаартай шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгохыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Барилга баригдсанаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөнө гэж гаргасан хэн нэгэн этгээдийн шийдвэрлэгдээгүй гомдол, хүсэлт байхгүй гэж хариуцагч тайлбарласан, өөрөөр хэлбэл гуравдагч этгээдээр татагдаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах этгээд байхгүй гэж шүүх үзсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.1.12 дахь заалтыг үндэслэн ТОГТООХ нь:

1. Барилгын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.2, 27.3, 28 дугаар зүйлийн 28.2, 28.3, 28.4, 28.6, 35 дугаар зүйлийн 35.1.6 дахь хэсгийг баримтлан З******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгохоос татгалзсан Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 09/2859 дугаартай шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгохыг Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газарт даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХАЛИУНА