Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 2017/ШЦТ/077

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч П.Д даргалж, 

Нарийн бичгийн дарга Ц.С

Улсын яллагч М.О

Хохирогч Р.Э

Шүүгдэгч Г.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Ц-д холбогдох 1713000240022 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч: Г.Ц, яс үндэс Тува, 1990 оны 03 сарын 17-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, радио телеграфчин мэргэжилтэй, Баян-Өлгий аймгийн У сумын *** дугаар багт байрлах Зэвсэгт хүчний *** дугаар ротын архивын эрхлэгч, нууцын дарга ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн У сумын ** дугаар багт түр оршин суух хаягтай, Улсаас авсан гавъяа шагнал үгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, 

 

Шүүгдэгч Г.Ц-н холбогдсон хэргийн талаар: 

Шүүгдэгч Г.Ц нь эхнэр Р.Э-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.Ц нь 2017 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 20 цагийн үед Баян-Өлгий аймгийн У сумын 7 дугаар багт байрлах Зэвсэгт хүчний *** дугаар ротын байранд эхнэр Г.Э-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь: 

- Шүүгдэгч Г.Ц-н мөрдөн байцалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Миний бие 2017 оны 07 дугаар сарын 29-ний өдөр буюу амралтын өдөр гэртээ ганцаараа нэг шил архи авчирж уусан байсан. ... Гэрт байсан тал шил архийг ууж эхнэрийн ажлын газарт очсон байсан. Тэрнээс хойш юу хийсэн талаарх үйлдэлээ мэдэхгүй согтсон байна. Нэг мэдэхэд гэрт ирсэн байсан. Манайд М.О гэдэг эмэгтэй орж ирж “Эхнэрээ яаж зодсоноо мэдэж байна уу?, цус нь тогтохгүй эмнэлэг рүү явсан” гэж хэлсэн. Эрүүл болсны дараа эхнэр болох Э-г зодсон талаараа мэдсэн. Өмнө нь 2015 оны 03 дугаар сарын 08-ны өдөр бас архи ууж согтуудаа хардаж зодсон байсан. Хийсэн хэрэгтээ харамсаж байна. Дахиж ийм алдаа гаргахгүй гэдгээ амлаж байна...” гэх мэдүүлэг, 

- Хохирогч Р.Э-ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд  өгсөн: “ ...2017 оны 07 дугаар сарын 29-ний өдөр У суманд байдаг Зэвсэгт хүчний *** дугаар тусгай ангид жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан. Гэтэл орой 20 цагийн үед миний нөхөр болох Г.Ц-н согтуу орж ирээд учир зүггүй хэрүүл маргаан гаргаж, надруу дайрсан. Тухайн үед жижүүр О гэдэг хүн байсан. Тэр хүний хажууд байхад миний нүүрэн тус газар хэд хэдэн удаа цохисон. Тэр үед миний хамарнаас их хэмжээний цус гарсан болохоор ангийн эмч М анханы тусламж үзүүлээд дараа нь сумын эмнэлэгт хүргүүлсэн. Миний нүүрэнд гэмтэл учирсан бөгөөд 7 хоног эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн...” гэх мэдүүлэг,

Гэрч М.О-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Р.Э ажлаа хийж мэдээ авч байхад нь Г.Ц Р.Э-гийн нүүрний хэсгээс гараараа цохих үед Р.Э тонгойсон байх үед би гүйж очоод Ц-г хоолны өрөөнөөс чирч гаргаад эргэж ирэхэд Р.Э-ийн хамарнаас цус гарч байсан. Г.Ц архи уусан байсан, үнэр гарч байсан хэр зэргийн согтуу байсныг би мэдэхгүй...” гэх мэдүүлэг,

           Гэрч Б.Н-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2017 оны 07 дугаар сарын 29-ний өдөр ажил дээр байхад намайг жижүүрээс дуудахаар нь би явж очих үед Р.Э гэгч хамт ажилладаг эмэгтэйн хамраас цус гарч байсан. Би ус хүргэж өгч, гэрээсээ хөвөн авчирж өгсөн юм. Тэгээд юу болсон эсэхийг асуухад нөхөр Ц зодсон гэж хэлсэн юм...” гэх мэдүүлэг,

 

          Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч

Е.Бауыржаны 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 274 дугаартай: “...1. Иргэн Р.Э-ийн биед 2 талын нүдний дээд доод зовхинд хөх ягаан өнгийн цус хуралт, хамрын ясны шинэ хугарал гэмтэл учирсан байна...  2. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байна. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч Г.Ц-н үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Мөн уг гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх зарим гэмт хэрэгт хамаарч байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан байна. 

 

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Г.Ц-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэх нь зүйтэй байна. 

Иймд шүүгдэгч Г.Ц-н үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын хөнгөн ял болох торгох ялыг сонгон, хуульд заасан ялын  бага хэмжээгээр буюу 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 /нэг мянга/ төгрөгтэй тэнцэх ба 450 нэгж нь 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгтэй тэнцэх юм.

Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэлт, хөрөнгө орлого зэрэг хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан 450000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов. 

Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Г.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болно. 

Шүүгдэгч Г.Ц-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, мөн хэргийн хамт шүүхэд ирүүлсэн шүүгдэгчийн хувийн бичиг баримтыг өөрт нь буцаан олгох нь зүйтэй байна.  

Уг гэмт хэргийн улмаас хохирогч Р.Э-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба мөрдөн байцаалтын шатанд хохирогч нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул уг тогтоолоор шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч Г.Ц-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ц-г 450 “дөрвөн зуун тавь” нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ц-д оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ц нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ц-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч  Г.Ц-н В-*****дугаар бүхий эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, иргэний цахим үнэмлэх зэргийг өөрт нь буцаан олгосугай. 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.Д