Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 02105

 

                                             С.Т-гийн нэхэмжлэлтэй

                                                иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ш.Оюунханд, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2019/02073 дугаар шийдвэртэй, С.Т-гийн нэхэмжлэлтэй, “Н Г Г” ХХК-д холбогдох,

“Н Г Г” ХХК болон “Д Г” ХХК-ийн хооронд байгуулсан 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ихбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: С.Т- нь “Н Г Г” ХХК-ийн 33.3 хувийн хувьцаа эзэмшигч бөгөөд тус компани нь 2007 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Ж.Баасанханд, С.Т-, С.М- нарын хувьцаа эзэмшигчтэйгээр уул уурхай, аялал жуулчлал, гадаад харилцаа эрхлэх үндсэн үйл ажиллагааны чиглэлтэй үүсгэн байгуулагдаж үйл ажиллагаа явуулж байна. “Н Г Г” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан С.М- нь 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр “Д Г” ХХК-тай 001/14 тоот Y-007700A тусгай зөвшөөрлийн талбайд металлын хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулахад хамтран ажиллах гэрээг Компанийн тухай хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчин байгуулж, компанийн төдийгүй түүний хувьцаа эзэмшигчдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөж хохирол учруулсан. С.М- дээрх гэрээг байгуулснаар “Н Г Г” ХХК-ийн үйл ажиллагааны үргүй зардлыг өсгөж улмаар ашигт ажиллагааг үлэмж хэмжээгээр бууруулах, бусад хувьцаа эзэмшигч нарын ноогдол ашиг авах эрх, компанийн үйл ажиллагаанаас олсон орлогоос хувь хүртэх зэрэг Компанийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт заасан бусад энгийн хувьцаа эзэмшигч нарын эрхийг ноцтой зөрчсөн.

Дээрх гэрээ байгуулагдсанаар компанийн зээлжих зэрэглэлийг эрс бууруулж банк санхүүгийн байгуулагаас зээлийн санхүүжилт авах, урт хугацааны хөрөнгө оруулалт татах зэрэг компанийн зүгээс төлөвлөгдөж байсан олон ажлуудад сөргөөр нөлөөлсөн төдийгүй “Н Г Г” ХХК-ийн металл борлуулалтын орлогын 70 хувийг “Д Г” ХХК-д шилжүүлэхээр тусгасан нь компанийг санхүү, эдийн засгийн хувьд маш эрсдэлтэй байдалд оруулж компанийг хохироож болзошгүй нөхцөл байдлыг бий болгож байгааг тус компанийн хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагч С.Т- миний бие зөвшөөрөхгүй. Захирлаар ажиллаж байсан С.М- 2014 онд гэрээ байгуулахдаа компанийн бусад хувьцаа эзэмшигч нарт мэдэгдээгүй, хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэж батлаагүй буюу зохих зөвшөөрлийг авалгүй дур мэдэн байгуулсан нь Компанийн тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.1, 62 дугаар зүйлийн 62.1.10 , 62.1.11, 76 дугаар зүйлийн 76.1.16 , 76.1.17 , 83 дугаар зүйлийн 83.8 дах заалтуудыг тус тус зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна.

Компанийн тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.2.Компанийн болон түүний энгийн хувьцааны нэг буюу түүнээс дээш хувийг эзэмшигч нь компанид учирсан хохирлыг энэ хуулийн 84.10-т заасан этгээдээр нөхөн төлүүлэхээр энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж заасны дагуу компанид хохирол учруулсан дээрх гэрээ хэлцэлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах зорилгоор уг нэхэмжлэлийг гаргаж байна. Дээрх гэрээ хэлцэл нь хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцогдсоноор компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч С.Т- би компанийн үйл ажиллагаанаас олсон орлого болон ноогдол ашгаа бүрэн авах, хуулийн этгээдийн нэрийн өмнөөс банк санхүүгийн байгуулагаас зээлийн санхүүжилт хүсэх, урт хугацааны хөрөнгө оруулалт татах зэргээр компани ашигтай ажиллах нөхцөл байдал бодитой бий болно. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 57 дугаар зүйлийн 57.1, Компанийн тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 86.2 дах заалтуудыг тус тус үндэслэн “Н Г Г” ХХК болон “Д Г” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн Y-007700A тусгай зөвшөөрлийн талбайд металлын хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулахад хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал тайлбартаа: Нэхэмжлэгч С.Т-гийн манай компанид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, “Н Г Г” ХХК болон “Д Г” ХХК-ийн хооронд байгуулсан 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн Y-007700A тусгай зөвшөөрлийн талбайд металлын хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулах зорилготой хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар “Н Г Г” ХХК-д холбогдох “Н Г Г” ХХК болон “Д Г” ХХК-ийн хооронд 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай нэхэмжлэгч С.Т-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 157 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй. Иргэн С.Т- нь “Н Г Г” ХХК-ийн 33.3 хувийн хувьцааг эзэмшдэг тус компанийн үүсгэн байгуулагч нарын нэг юм. 2014 онд “Н Г Г” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан С.М- нь компанийн бусад хувьцаа эзэмшигч нарт мэдэгдэлгүй хууль бус “Хамтран ажиллах гэрээ”-г “Д Г” ХХК-тай байгуулж компанийг хохироосон төдийгүй бусад компанийн хувьцаа эзэмшигч нарын эрхийг ноцтой зөрчсөн. Компанийн дүрэмд зааснаар гүйцэтгэх захирал нь ашиг сонирхлын болон их хэмжээний хэлцэл хийх тохиолдолд Компанийн тухай хууль, компанийн дүрэмд зааснаар заавал бусад хувьцаа эзэмшигч нарт мэдэгдэж зөвшөөрөл авсан байх ёстой. Уг зөвшөөрлийг авалгүй хууль зөрчиж дээрх гэрээг байгуулсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Шүүх уг хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хууль, Компанийн тухай хуулийн холбогдох зүйл заалтыг хэрэглээгүйд гомдолтой байна.

Хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн тухайд, хариуцагч “Н Г Г” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Баасанханд нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч энэ тухай тайлбараа шүүхэд гарган өгч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхийг хүссэн байхад шүүгч шүүх хуралдааныг үргэлжлүүлэн хийж, хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа талууд хүсэл зоригоо илэрхийлж уг асуудлаар маргаагүй байхад шүүх маргаагүй асуудлаар шийдвэр гаргаж байгаа нь өөрийн эрх мэдлээ хэтрүүлсэн гэж үзнэ. Талуудын маргаантай асуудалд шүүх эрх зүйн талаас үнэлэлт дүгнэлт өгч хуульд нийцүүлж шийдвэрлэх байгууллага. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч С.Т- нь хариуцагч “Н Г Г” ХХК-д холбогдуулан, 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр “Н Г Г” ХХК болон “Д Г” ХХК-ийн хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч тал хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч тал хариуцагчийн уг зөвшөөрөлд үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргажээ. /хх1-3,69,72/

 

Хэрэгт авагдсан 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 001/14 дугаартай, Ү-007700А тусгай зөвшөөрлийн талбайд металлын хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулахад хамтран ажиллах гэрээг А талаас “Н Г Г” ХХК-ийг төлөөлж Ерөнхий захирал С.М-, Б талаас “Д Г” ХХК-ийн захирал Б.Болор-Эрдэнэ нар харилцан тохиролцож байгуулсан байна. /хх7-13/ Шүүх энэхүү гэрээг Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээ бөгөөд хугацааг Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.1.1, гэрээний 11.1-д заасны дагуу 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр дуусгавар болсон талаар дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болсон байна.

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, давж заалдах гомдлын үндэслэлээ, С.М- нь 2014 онд дээрх гэрээг байгуулахдаа компанийн бусад хувьцаа эзэмшигч нарт мэдэгдээгүй, хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэж батлаагүй буюу зохих зөвшөөрлийг авалгүй дур мэдэн байгуулсан нь Компанийн тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.1, 62 дугаар зүйлийн 62.1.10 , 62.1.11, 76 дугаар зүйлийн 76.1.16 , 76.1.17, 83 дугаар зүйлийн 83.8 дах заалтуудыг тус тус зөрчсөн тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 57 дугаар зүйлийн 57.1, Компанийн тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 86.2 дах хэсэгт заасныг үндэслэн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулна гэж тайлбарласан.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч С.Т-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт заасан шаардах эрхгүй, Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар сонирхогч этгээд биш гэж дүгнэснийг буруутгахгүй. Учир нь, хэрэгт авагдсан 2010 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн “Н Г Г” ХХК-ийн дүрэмд С.М- нь 33.34 хувийн хувьцааг эзэмшдэг байсан нь тогтоогдсон, тэрээр компанийг төлөөлж, хамтран ажиллах гэрээг байгуулж, гарын үсэг зурсныг Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8.Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна гэж заасныг зөрчөөгүй байна.

 

Мөн хувьцаа эзэмшигч С.М- нь тухайн компанийг шударгаар төлөөлөөгүй талаарх баримт хэрэгт авагдаагүйн гадна ийнхүү шударгаар төлөөлөөгүй тохиолдолд дээрх гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх нөхцөл болохгүй юм. Нэхэмжлэгч тал нь С.М-ийг ашиг сонирхлын болон их хэмжээний хэлцэл хийхдээ бусад хувьцаа эзэмшигч нараас зөвшөөрөл аваагүйн улмаас компанийг хохироосон, компанийн хувьцаа эзэмшигч нарын эрхийг ноцтой зөрчсөн гэх боловч энэхүү үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүйг дурдах нь зүйтэй. Нэхэмжлэгч хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас компанид хохирол учирсан тохиолдолд Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.6, 84.7 дах хэсэгт зааснаар хувьцаа эзэмшигч буруутай албан тушаалтнаас хохирлоо шаардах эрх нээлттэй. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй харин нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдол хангагдах үндэслэлгүй байна.

 

Хариуцагч “Н Г Г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ба уг тайлбарт үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг нэхэмжлэгч гаргаж, шүүх энэ талаар дүгнэлт хийснээр хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэсэн. Үүнийг нэхэмжлэгч тал эс зөвшөөрч, шүүх талуудын маргаагүй асуудлаар шийдвэр гаргаж байгаа нь эрх мэдлээ хэтрүүлсэн гэж гомдлын агуулгаа тайлбарлажээ./хх72/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт зааснаар хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох учиртай.

 

Гэтэл хариуцагчийн зөвшөөрөл нь нэхэмжлэлд дурдсан гэрээний нэг тал болох “Д Г” ХХК-ийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзэх үндэслэлгүй бөгөөд талууд тухайн гэрээнээс гарах ямар үр дагаврыг шийдвэрлүүлэх гэж буй нь ойлгомжгүй, тодорхой бус тохиолдолд хариуцагчийн зөвшөөрлийг батлахаас татгалзсан шүүхийн ажиллагааг хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэхгүй. Иймд нэхэмжлэгчээс энэ талаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй. /хх80/

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн                   167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2019/02073 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг бүхэлд нь хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч тал давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 157 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн                                                          дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход                              саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалын хувийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ц.ИЧИНХОРЛОО

                                                           

                                        ШҮҮГЧИД                                Ш.ОЮУНХАНД

 

                                                                                         Т.ТУЯА