Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 2022/ДШМ/16

 

 

 

 

Ч.Нт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч М.Мөнхдаваа, шүүгч Т.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

Прокурор С.Сүрэнхорол,

Шүүгдэгч Ч.Н, түүний өмгөөлөгч П.Ганбилэг,

Нарийн бичгийн дарга З.Анхбаяр нарыг оролцуулан,

 

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 13 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ч.Н, түүний өмгөөлөгч П.Ганбилэг нарын давж заалдах гомдлоор шүүгдэгч Ч.Нт холбогдох 2134001740409 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн,

 

Ч.Н нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг Жирмийн цагаан нуур гэх газарт нутагладаг иргэн Д.Бын хоттой хониноос бусдын эзэмшлийн тээврийн хэрэгсэл ашиглан 6 тооны хонь хулгайлж, 1 509 000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Төв аймгийн Прокурорын газраас Ч.Нт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Ч.Ныг бусдын малыг машин механизм ашиглан хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Ч.Нт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 2 /хоёр/ жил хорих ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Нт оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Наас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Т.Приус 20 маркийн тээврийн хэрэгслийн үнэ 11 704 000 /арван нэгэн сая долоон зуун дөрвөн мянга/ төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулж,

Эрүүгийн 2134001740409 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.Н нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ч.Н, түүний өмгөөлөгч П.Ганбилэг нар гаргасан давж заалдах гомдолдоо: 1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-т зааснаар Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.

 

2. Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно гэж заасан боловч дээрх хуулийн заалт энэхүү эрүүгийн хэрэгт хэрэгжээгүй нотлох баримт болох яллагдагч, гэрч, хохирогч нарын мэдүүлгүүд өөр хоорондоо зөрүүтэй болох нь хэрэгт авагдсан дараах баримтуудаар нотлогдож байна.

 

Хохирогч Д.Базарбат өгсөн мэдүүлэгтээ "...би 2021.07.02-ны өдрөөс 2021.07.08-ны өдрийн хооронд малаа бүртгэж үзээгүй байж байгаад 2021.07.08-ны өдөр хонио бүртгэсэн. ...Би гэртээ ганцаараа байсан Нтай цуг хүн орж ирээгүй, над дээр ганцаараа 1 шил архи барьж ирээд хамт уугаад би архи дуусах үед тасраад гэртээ унтаад өгсөн" гэх /шүүхийн шийдвэрийн 2 дахь нүүр, хх-12-14/,

 

Гэрч Н.Отгонбаярын мэдүүлэг “...би 2021.07.04-нд найз Мөнх-Оч, Н дүү нарын хамт Приус маркийн машинтай Төв аймгийн Аргалант сумын Жирмийн нуур орчим нэг танихгүй айлд ирсэн айлын гадаа зогстол Н гэр рүү нь ороод уулзаж юм ярьж байгаад гарч ирээд хонин дотроос 6 хонь эхэлж Приус маркийн машинд ачаад нөгөө айлын гэрт ортол хоёр танихгүй хүн байж байгаад бид хэдийг ортол зөрөөд гараад явцгаасан. Нөгөө айлын хүнтэй танилцаад юм ярьж сууж байгаад бид хэд явцгаасан. ...Би зарсан хонины мөнгөнөөс 100 000 төгрөг авсан. Тухайн үед Б эрүүл байсан наадмаар ирж хонь ямаа аваарай гээд гар бариад салсан" гэх /шүүхийн шийдвэрийн 3 дахь тал, хх-22, 25-26, 44/,

 

Гэрч Б.Мөнх-Очийн мэдүүлэг “...2021.07.04-ний өдөр Одгэрэлийн эзэмшлийн 92-40 УБО улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй найз Отгонбаяр, Одгэрэл. Н нарын хамт Төв аймгийн Аргалант сумын нутаг Жирмийн цагаан нуур гэх газар 19 цагийн орчим хоёр гэртэй айлд ирээд Н, Отгонбаяр хоёр эзэнтэй нь уулзаад 6 хонь авахаар болсон. Дараа нь 8 хонь болгоод өгөхөөр тохирсон гээд Н гарч ирсэн. Тэгээд хонийг нь хурааж ирээд талыг нь хашиж байгаад Н бид хоёр хонио машинд аваачаад Отгонбаярыг гэрээс нь дуудаж гаргаж ирээд хамт явсан. ...5 хонийг 500 000 төгрөгөөр өгөөд, ...үлдсэн 1 шар халзан хонийг жолооч Одгэрэлд өгөөд, бид хэд хот ороод мөнгөө хуваагаад Н 200 000 төгрөг аваад" гэх /шүүхийн шийдвэрийн 3 дахь тал, хх-28-29, 31-33, 48/,

 

Гэрч Одгэрэлийн мэдүүлэг "...Отгонбаяр, Мөнх-Оч, Н гурав хүлээгээд байж байсан очиж хонь авч ирнэ та бензинээ өөрөө хий айлд хоосон очоод яах вэ архи тамхи ундаа ав танд 1 хонь өгнө гэж хэлсэн, ингээд миний машинд суугаад Жирмийн цагаан нуурын тэнд очоод замын хажуу талын 2 гэртэй айлд ороод Н удалгүй айлын эзэн бололтой нэг хүн дагуулж гарч ирээд юм ярьж байгаад нөгөө хэдийг буугаад ир гэж хэлээд хонины талыг нь хашаад нөгөө ах хаалган дээрээ зогсоод нөгөө гурав 7 хонь барьсан. Нөгөө гэрийн ах цэнхэр будагтай хонь барихгүй шүү ээжийн хонь гэж хэлж байсан. Ингээд машиндаа ачаад 6 хонь зараад надад нэг хонь өгсөн" гэх /шүүхийн шийдвэрийн 3 дахь тал, хх-35, 50/,

 

Гэрч Дагвабазарын мэдүүлэг "...Би 2021.07.07-ны өдөр Төв аймгийн Аргалант сумын Жирмийн цагаан нуур гэх газарт төрсөн дүү Б гэх айлд ирсэн. 07-ны орой ирэхэд согтуу байсан. 8-ны өглөө архи нь гараад малаа бүртгэж хонь дутсан байна гээд байсан. Би асуусан гэтэл тавиул малын эзэн шарав ахын малаас хүүхэд нь шөлний хонь ирж авсан, улаан хүрэн Приус-20-той эхнэр нөхөр хоёр намайг байж байх хугацаанд ирж хуц, ухна хариулсан өртөг гээд 2 ямаа нэг төлөг авсан. Өөр хүн ирж мал аваагүй, би сайн мэдэхгүй байна, надад мал худалдан борлуулсан энэ тэр гэж хэлж яриагүй асуухаар бэлчээрээс хулгайд алдсан байна гээд байгаа юм" гэх /шүүхийн шийдвэрийн 3-4 дэх тал, хх-37/ шүүхийн шийдвэрт тусгагдсан болон тусгагдаагүй хэрэгт авагдсан мэдүүлгүүд нь өөр хоорондоо зөрүүтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2021.09.28-ны өдрийн   23 дугаартай Прокурорын тогтоолоор гэрч Н, Ууганбаатар, Отгонбаяр, Мөнх-Оч, Одгэрэл нарын мэдүүлгүүд нь он, сар, болсон үйл явдлын хувьд хоорондоо зөрүүтэй, эргэлзээтэй байх тул мэдүүлгийн зөрүүтэй байдлыг арилгах шаардлагатай гэж үзэж нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийхээр буцаасан байна. Гэвч прокурорын дээрх тогтоолын дагуу даалгавар бүрэн биелэгдээгүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна.

 

213400174 дугаартай эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг зөвхөн өөр хоорондоо зөрүүтэй, эргэлзээтэй, хэргийн бодит үнэнийг тогтоогоогүй гэрч, хохирогч, яллагдагчийн мэдүүлгээр шийдвэрлэсэн нь өрөөсгөл бөгөөд хуульд нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл хэрэгт чухал ач холбогдол бүхий дараах байдлуудыг шалгаж, нотлох ажиллагаа дутуу явагдсан гэж үзэхээр байна. Жишээлбэл:

Хохирогч Базарбат болон яллагдагч Н нарын хооронд өгөө авааны асуудал байсан эсэх,

Гомдолд дурдсан хулгайд алдсан гэх хонинуудыг өгч, авах тохиролцоо явагдсан эсэх,

Яг алга болсон гэх 6 хонины тохиролцоо яригдсан эсэх,

Сүүлд авсан, алга болсон гэх 6 хонийг авах үед гэрч Отгонбаяр, Мөнх-Оч, Одгэрэл нарын мэдүүлж байгаагаар хохирогч Базарбат өөрөө байлцаж авч болох хонийг зааж өгсөн эсэх /цэнхэр будагтай хонь ээжийн хонь авч болохгүй гэсэн/,

Хохирогч Б алдсан гэх 6 хонио авах зөвшөөрөл өгсөн боловч согтуу байсан учир санахгүй байсан байх боломжтой атал энэхүү үйл явцыг нотолж тогтоогоогүй, гэрч хохирогчийн мэдүүлгүүд зөрүүтэй байхад өөр байдлаар дахин нотлоогүй, үнэхээр хохирогчийн ээжийн хонь тухайн үед байсан эсэх, тэдгээр нь цэнхэр будагтай байсан эсэх,

Хонь авахад хамт байлцсан Отгонбаяр, Мөнх-Оч, Одгэрэл нарын үйлдэл оролцоо хангалттай нотлогдож, хонь зарсан мөнгөнөөс хувааж авсан байхад яллагдагчаар татаж шалгаагүй буюу Эрүүгийн хуулийн 3 дугаар зүйлд заасан хамтран оролцсон үйлдэл байсан эсэхийг шалгаж, тогтоогоогүй байгаа нь энэхүү хэрэг нь гэмт хэрэг мөн эсэх эсвэл иргэний журмаар тохиролцсон байж болох маргаан эсэх зэргээр гэмт хэрэг мөн эсэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан эсэхэд үндэслэл бүхий эргэлзээ төрж байна.

 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасны дагуу шүүх бүрэлдэхүүн анхаарч үзэхийг хүсье.

 

Мөн Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно.”, 1.3. “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах" зэргээр хуульд заасны дагуу шүүгдэгчид оноосон хорих ялыг хөнгөрүүлэх эсвэл зорчих эрх хязгаарлах ялаар сольж өгнө үү.

 

Шүүгдэгч Ч.Н нь 74 настай ээж болон Баярмаа гэх группийн эгчтэйгээ хамт амьдардаг ба тэднийгээ тэжээхийн тулд ажил хийж, цалингаа өгдөг байсан учир шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзаж шүүгдэгчид сүүлийн удаа боломж олгож, хорихоос өөр төрлийн ял оногдуулах, эсвэл оногдуулсан хорих ялыг тэнсэж өгөхийг хичээнгүйлэн хүсэж байна.

 

Иймд шүүгдэгч Нын анхнаасаа эцсээ хүртэл гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, хохирлоо төлж хохирогчийг гомдолгүй болгосон байдал, хувийн болон ар гэрийн нөхцөл байдал, гэмт хэргийн хор уршгийн шинж чанар, хохирогчийн хөнгөн ял оногдуулах тухай гаргасан хүсэл зориг /хонь авах талаар тохиролцсон байж болох/ зэргийг шүүх бүрэлдэхүүн харгалзан үзэж Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 2022/ШЦТ/13 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шүүгдэгч Нт оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж зорчих эрх хязгаарлах ялаар солих эсвэл анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор С.Сүрэнхорол гаргасан дүгнэлтдээ: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээний асуудал байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ганбилэг тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Хэргийн бодит байдал тогтоогдохгүй байгаа учир шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Ч.Н тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тайлбар байхгүй гэв.

 

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ч.Нт холбогдох эрүүгийн хэргийг  хянан хэлэлцэхдээ шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэж  заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, зарчим хангагдаагүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч  Ч.Нт  холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн дараах нөхцөл байдал тогтоогдож байна.

 

1. Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-д заасан “Нотолбол зохих байдал” буюу гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэзээ, хэрхэн, яаж үйлдсэн, гэмт хэргийг хэн үйлдсэн, бусад этгээдүүд хамтран оролцсон эсэх, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл зэргийг бүрэн гүйцэд шалгаж тогтоогоогүй, нотлоогүй, мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн биш хийгдсэн байна.

 

Тухайлбал прокурорын 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 462 дугаартай яллах дүгнэлтийн яллаж байгаа гэмт хэргийн товч агуулгад “Яллагдагч Ч.Н нь Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2-р багийн нутаг “Жирмийн цагаан нуур” гэх газар нутагладаг иргэн Д.Бын хоттой хониноос 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр бусдын эзэмшлийн 92-40 УБО улсын дугаартай Toyota prius -20 маркийн тээврийн хэрэгслийг ашиглан 6 тооны хонь хулгайлж, бусдад 1 509 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн” гэж тусгагдсан байх боловч гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг хэзээ, хэдийд, яаж хэрхэн үйлдсэн   талаар;

 

хохирогч  Д.Баас “...Би 2021 оны 7-р сард хонио бэлчээр дээрээс хулгайд алдаж байсан юм. Тэгсэн Н гэх манай хажуу айлын туслах малчин хийдэг... залуу манай хониноос 7 хонь хулгай хийгээд авсан байна... Н 1 хонь, 1 ямааг 2021 оны 7 дугаар сарын 2-3-ны өдрийн үед надаас цалингаа буухаар мөнгийг нь өгнө гэж гуйж авсан юм” гэж,

 

гэрч Н.Отгонбаяраас “...2021 оны 07 сарын 07-ны өдөр ...Мөнх-Оч, Одгэрэл, Н бид хэд...19 цагийн орчим ...Жирмийн цагаан нуурын хажууд 2 гэртэй айлд очоод ...Н нөгөө ахтай хамт ...хонио хот руугаа шахаж оруулж ирээд ...бүгдээрээ нийлж 7 хонь бариад хөлийг нь боож машиндаа ачиж...” гэж,

 

гэрч Б.Мөнх-Очоос “...Би 2021.07.03-ны өдөр Отгонбаярын төрсөн өдөр болоод гэртээ найзуудтайгаа дээрх хүмүүстэй хамт байсан. 2021.07.05-ны өдөр мөн гэртээ байсан. 2021.08.07-ны өдөр бол Отгонбаяр, Одгэрэл, Н гуравтай хамт ирж хонь авсан нь үнэн. 2021.07.08-ны өдөр би яваагүй гэртээ байсан. Би нэг удаа л очиж 7 хонь авахад явсан.” гэж,

 

гэрч З.Одгэрэлээс “...Жирмийн нуур гэх газар замын хажууд айлд очсон... Тэгээд 7 хонь бариад машинд хийсэн.” гэж,

 

гэрч Д.Ууганбаатараас “...Би нэг удаа 2021 оны 07 сарын 02-ны өдөр очиж 1 хонь, 1 ямаа авсан.”

 

шүүгдэгч  Ч.Наас “...Би хотоос ирээд Б ахтай уулзах үед  нэлээн согтуу байсан тэгээд би хотоос авч ирсэн архиа хувааж уух зуур хэлсэн намайг ав гэж хэлж байсан.. тэгээд би авсан...Би 2021 оны 07 сарын 07-ны өдөр Мөнх-Оч, Отгонбаатар, Одгэрэл, нартай Б ахын гэрт ирэхэд гэгээтэй 19-20 цаг болж байсан”  гэж   3-4 удаа өгсөн  мэдүүлэг, тайлбарууд  өөр хоорондоо эрс зөрүүтэй  байна.

 

Үүнээс үзвэл мөрдөгч, прокурор нь Эрүүгийн хэргийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-д “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” мөн зүйлийн 2-д “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж заасан  үүргийг бүрэн дүүрэн  хэрэгжүүлээгүй гэж үзнэ.  

 

2. Хавтас хэргийн 88 дугаар талд авагдсан Прокурорын “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах санал гаргаж ирүүлсэн хэрэгт нэмэлт хэрэг бүртгэлт явуулахаар буцаах  тухай“ 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 23 дугаартай тогтоолоор гэрч Ч.Н, Д.Ууганбаатар, Н.Отгонбаяр, Б.Мөнх-Оч, З.Одгэрэл нарын мэдүүлгүүд нь он, сар, болсон үйл явдлын хувьд хоорондоо зөрүүтэй, эргэлзээтэй, мэдүүлгийн зөрүүтэй байдлыг арилгах шаардлагатай гэж үзэж нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийхээр буцаажээ.

 

Гэтэл уг тогтоол гарсанаас хойш 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр гэрч Н.Отгонбаяр, гэрч Д.Ууганбаатар, гэрч Б.Мөнх-Оч нараас, 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр гэрч З.Одгэрэлээс мэдүүлэг тус тус авсан байх болов ч прокурорын тогтоолд дурьдсан даалгавар биелэгдээгүй, мэдүүлгийн зөрүүтэй байдлыг арилгах ажиллагаа огт хийгдээгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.4 дүгээр зүйлд заасныг зөрчсөн байна.

 

3. Хэрэгт авагдсан баримтуудаас гэмт хэрэг  хэзээ хэрхэн яаж үйлдэгдсэн нь    тодорхой биш, хэргийн бодит байдал тогтоогдоогүй байх бөгөөд хохирогч  Д.Баас 6 хонь авахад хамт байлцсан гэх Н.Отгонбаяр, Б.Мөнх-Оч, 92-40 УБО Toyota prius-20  маркийн тээврийн хэрэгслийн жолооч З.Одгэрэл нарын үйлдэл оролцоо байгаа эсэх, Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдэхэд  хамтран оролцсон эсэхийг шалгаж, тогтоогоогүй байна.

 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан үндэслэл илэрсэн тул  мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэхээр хэргийг Төв аймгийн прокурорын газарт буцааж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч шийдвэрлэлээ. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 13 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, шүүгдэгч Ч.Н, түүний өмгөөлөгч П.Ганбилэг нарын гаргасан давж заалдах гомдлыг хангаж, хэргийг Төв аймгийн Прокурорын газарт буцаасугай.  

 

2. Хэрэг прокурорт очтол шүүгдэгч Ч.Нт урьд авсан цагдан хорих  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

                   ШҮҮГЧИД                                               М.МӨНХДАВАА

 

                                                                                   Т.ЭНХМАА