Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 221/MA2017/0580

 

 

 

 

 

 

 

2017 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2017/0580

     Улаанбаатар хот

 

 

Г.Баярбатын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгч Г.Баярбат, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэсувд нарыг оролцуулан, Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 109/ШШ2017/0036 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор Г.Баярбатын нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

            Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 109/ШШ2017/0036 дугаар шийдвэрээр: Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.4.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Баярбатаас Архангай аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Архангай аймгийн Засаг даргын 2017 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн “Г.Баярбатад сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/31 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэсувд давж заалдах гомдолдоо: “Нэхэмжлэгч Г.Баярбатын өмгөөлөгч Б.Эрдэнэсувд миний бие нь 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 109/ШШ2017/0036 дугаартай, Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч танилцаад бүхэлд нь эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд: “Г.Баярбатад сахилгын шийтгэл ногдуулах тухай” 2016 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн б/31 тоот Архангай аймгийн Засаг даргын захирамж болох маргаан бүхий актад:

Төсвийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 40 дүгээр зүйлийн 40.4.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2 дахь хэсгийг тус тус үндэслэсэн байдаг.

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д “Ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд дор дурдсан хэлбэрийн сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулна” гэж заасан байдаг ба Г.Баярбатын хувьд хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчөөгүй, хөдөлмөрийн гэрээ, дотоод журамд “үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлбэл арга хэмжээ тооцно” гэсэн нэг ч заалт байхгүй болох нь тухайн захиргааны хэргийн 34-37 дугаар хуудсанд авагдсан бичгийн нотлох баримт болох Хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод журмаар нотлогдоно.

Иймд Г.Баярбатад Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2-т зааснаар сахилгын арга хэмжээ авсан нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Тухайн маргаан бүхий захиргааны актын Захирамжлах хэсэгт “...Аймгийн Засаг дарга, сумын Засаг дарга, Боловсрол, соёлын газрын дарга нартай 2016 онд хамтран ажиллах талаар байгуулсан үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн, төсвийн хөрөнгийг үр ашиггүй, зориулалтын бус зарцуулсан нь Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны хяналт шалгалтаар тогтоогдсон... гэж үзэн Хайрхан сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал Г.Баярбатын сарын үндсэн цалинг 3 сарын хугацаатай 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан.

Г.Баярбатын хувьд үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлээгүй байхад хангалтгүй биелүүлсэн гэж сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй. Учир нь Г.Баярбат нь 68.7 буюу D үнэлүүлж, Yp дүнгийн гэрээний 7.1 дэх хэсэгт тусгагдсан үнэлгээний хүснэгтээр D буюу дутагдалтай үнэлүүлсэн байдаг.

Мөн анхан шатны шүүх нь маргаан бүхий Архангай аймгийн Засаг даргын 2016 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн Б/31 тоот захирамжийн огноог 2017 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн Б/31 дүгээр захирамж болгон залруулж үндэслэх хэсэгтээ дурдсан байдаг.

Тухайн маргаан бүхий Захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.1 дэх хэсэг заасан ...он, cap, өдөр, дугаарыг тодорхой заасан байх шаардлагыг хангаагүй захиргааны актыг анхан шатны шүүх хуулийн ямар зүйл, заалтаар залруулж байгаа нь тодорхойгүй байна.

Төсвийн хөрөнгийг үр ашиггүй, зориулалтын бус зарцуулсан нь Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны хяналт шалгалтаар тогтоогдсон гэх санхүүгийн зөрчилтэй холбоотой асуудалд анхан шатны шүүх нь Үндэслэх хэсэгтээ “хариуцагч нь санхүүгийн зөрчилтэй холбоотой асуудлыг 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдөр мэдсэн хирнээ дээрх зөрчилд нь холбогдуулан 2017 оны 2 дугаар сарын 06-ны өдөр сахилгын шийтгэл ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйл “Хөдөлмөрийн сахилгын шийтгэл”, 131.2-т “Сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан cap, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна” гэж заасантай нийцээгүй байна гэж үзэх үндэслэлтэй. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй  байна  гэж үзэв” гэж    үндэслэлтэй дүгнэлт хийсэн  атлаа нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.

2. Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Төсвийн шууд захирагч болон төсвийн төвлөрүүлэн захирагч нь харъяалагдах дээд шатныхаа төсвийн захирагчтай төсвийн жил эхлэхээс өмнө үр дүнгийн гэрээ байгуулна”, 40.3-д “Yp дүнгийн гэрээний биелэлтийг харъяалагдах дээд шатны төсвийн захирагч нь хагас бүтэн жилээр дүгнэнэ” гэжээ. Төсвийн шууд захирагч болон төсвийн төвлөрүүлэн захирагч нь харъяалагдах дээд шатныхаа төсвийн захирагчтай төсвийн жил эхлэхээс өмнө үр дүнгийн гэрээг хоёр тал харилцан тохиролцож байгуулахаар байхад 4 талт гэрээ байгуулсан нь хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэхээр байна.

Mөн тухайн үр дүнгийн гэрээний 2-т “Төсвийн ерөнхийлөн захирагч буюу аймгийн Засаг даргын хүлээх үүрэг” 2.9-д “Төсвийн шууд захирагч буюу сургуулийн захирлын гэрээг дүгнэнэ”, 4-д “Боловсрол соёлын газрын даргын үүрэг”, 4.11-д “Төсвийн шууд захирагч буюу сургуулийн захирлын гэрээний биелэлтийг гаргаж, мэргэжлийн байгууллагын саналыг тусган аймгийн Засаг даргад танилцуулна.

Гэрээний 6-д “Гэрээг дүгнэх”, 6.3-д “Төсвийн ерөнхийлөн захирагч буюу аймгийн Засаг дарга нь гэрээний биелэлтэд дор дурдсан үнэлгээний аль нэгийг өгнө” гэж зааснаас үзвэл сумын Засаг дарга, Боловсрол, урлагийн газрын дарга, Нийгмийн бодлогын хэлтсээс сургуулийн захирлын үр дүнгийн гэрээг дүгнэж үнэлгээ өгөх эрх үүсэхгүй.

Гэтэл төсвийн ерөнхийлөн захирагч буюу аймгийн Засаг дарга нь үр дүнгийн гэрээг дүгнэлгүй дээрх газруудын үнэлгээг үндэслэн төсвийн шууд захирагч буюу Хайрхан сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал Г.Баярбатад сахилгын арга хэмжээ авсан нь холбогдох хууль тогтоомжуудыг ноцтой зөрчсөн ба тухайн үр дүнгийн гэрээний 4.4-д заасан гэрээний биелэлтийг дүгнэх хугацаа дууссан байхад гэрээг дүгнэсэн.

Иймд 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 109/ШШ2017/0036 дугаартай Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянаад шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Анхан шатны шүүх хэргийн үйл баримт болон нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлээгүй байна.

Иргэн Г.Баярбатаас Архангай аймгийн Засаг даргад холбогдуулан “Архангай аймгийн Засаг даргын 2017 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн “Г.Баярбатад сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/31 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага гаргасан бөгөөд уг захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2-т заасныг үндэслэн 2016 онд хамтран ажиллах талаар байгуулсан үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн, төсвийн хөрөнгийг үр ашиггүй, зориулалтын бус зарцуулсан гэх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Г.Баярбатад үндсэн цалинг 3 сарын хугацаатай 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ.

1. Төсвийн хөрөнгийг үр ашиггүй, зориулалтын бус зарцуулсан гэх үндэслэлийн тухайд: Анхан шатны шүүх “...хариуцагч нь санхүүгийн зөрчилтэй холбоотой асуудлыг 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдөр мэдсэн хэрнээ дээрх зөрчилд нь холбогдуулан 2017 оны 2 дугаар сарын 06-ны өдөр сахилгын шийтгэл ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т “Сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна” гэж заасантай нийцээгүй байна гэж үзэх үндэслэлтэй.

Иймд дээрх үндэслэлээр “...нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй байна” гэж зөв дүгнэжээ.

Нөгөө талаар дээрх актууд нь нэхэмжлэгч Г.Баярбатыг бүх зөрчилд буруутай болохыг тогтоосон акт биш байна. Учир нь нэхэмжлэгч Г.Баярбат нь Архангай аймгийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/98 дугаар захирамжаар тус аймгийн Хайрхан сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлаар түр томилогдсон, харин 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Б/57 дугаар захирамжаар жинхлэн томилогдсон байна. Гэтэл улсын байцаагчийн акт нь хамрах хугацааны хувьд Хайрхан сумын Бүрэн дунд сургуулийн 2014-2015 оны санхүүгийн үйл ажиллагааг шалгасан байгааг дурдах нь зүйтэй.

2. Үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх үндэслэлийн тухайд: Анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэлт хийж чадаагүй байна.

Нэхэмжлэгч Г.Баярбатын 2016 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг төсвийн ерөнхийлөн захирагч буюу аймгийн Засаг дарга, сумын Засаг дарга, аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын дарга нар дүгнэж, ерөнхий үнэлгээ “D” буюу 68.7 хувьтай үнэлэгджээ. “D” гэсэн үнэлгээг гэрээнд заасны дагуу “Дутагдалтай” гэж ойлгохоор байна.

Гэтэл маргаж буй захиргааны акт болох Б/31 дүгээр захирамжид “гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэж дүгнэсэн нь буруу болжээ. Учир нь Үр дүнгийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.3-д зааснаар гэрээний биелэлт 0-60% байвал “F” буюу  “хангалтгүй” гэж үзэх ёстой байна.

Нөгөө талаар Төрийн албаны зөвлөлөөс 2012 оны 134 дүгээр тогтоолоор “Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”-ыг баталсан байна. Нэхэмжлэгчийн 2016 оны үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэхдээ энэхүү журмыг баримтлах ёстой. Гэтэл энэхүү журмын “Зургаа. Гэрээний биелэлтийг дүгнэж баталгаажуулах” гэсэн хэсгийг хариуцагч зөрчсөн болох нь тогтоогдож байгаа болохыг тэмдэглэх нь зүйтэй.

3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс маргаж буй аймгийн Засаг даргын захирамж Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.1 дэх хэсэг заасан “...он, cap, өдөр, дугаарыг тодорхой заасан байх” шаардлагыг хангаагүй гэсэн үндэслэлийг хүлээн авах боломжгүй байна.

Учир нь маргаан бүхий Архангай аймгийн Засаг даргын 2017 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн “Г.Баярбатад сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/31 дүгээр захирамжийн огноог 2016 оны 2 дугаар сарын 06-ны өдөр гэж бичсэн техникийн алдаа болохыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хүлээн зөвшөөрч,  2017 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн Б/31 дүгээр захирамж болгон залруулсан төдийгүй нэхэмжлэгчид холбогдох хэргийн үйл баримт түүний 2016 оны үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшинг үнэлэхтэй холбогдох гарсан, энэхүү үйл ажиллагаа 2016 онд биш, 2017 онд болсон гэдэгтэй талуууд маргаагүй байна. Иймд энэхүү үндэслэлээр шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

            1. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 109/ШШ2017/0036 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Баярбатын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Архангай аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн “Г.Баярбатад сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/31 дүгээр захирамжийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Ц.САЙХАНТУЯА

ШҮҮГЧ                                                                       Э.ЗОРИГТБААТАР