Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 183/ШШ2024/02096

 


2024 оны 05 сарын 13 өдөр

 

 

 

Дугаар 183/ШШ2024/02096

 

 

 

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нээмжлэгч: Сүхбаатар дүүрэг, ........тоотод оршин суух, Бэрсүд овогтой М-ын Н  /РД:......../-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ................ тоотод оршин суух, Б-ын Б  /РД:........../-д

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 4.650.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Н, хариуцагч Б.Б , нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч М.Н  нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2021 оны 03 сарын 10-ны өдөр Б-ын Б-тай Налайх дүүргийн Тэрэлжид байрлах Хаадын тамга амралтын газрын 3 давхарт барилгын хөөсөн фасад, хар замаска, эмульс хийхээр тохиролцож, нотариатаар 13.000.000 төгрөгийн гэрээ байгуулж, 6 хүний бүрэлдэхүүнтэй ажлаа эхэлсэн. 2021 оны 03 сарын 10-ны өдөр 5.200.000 төгрөг, 4 сарын 08-ны өдөр 3.800.000, 4 сарын 24-ний өдөр 3.800.000 төгрөг тус тус авсан. Ажлаа гүйцэтгэх хугацаанд нэмэлт ажил гарч Б.Б-тай тохиролцсоны үндсэн дээр 6.650.000 төгрөгийн ажлын хөлсийг нотариатын гэрээ нь дээр өөрийн гараар сар өдөртөө мөнгөө шилжүүлнэ гэж бичсэн. Үүнээс 2021 оны 5 сарын 30-ны өдөр 1.000.000 төгрөг, 2021 оны 07 сарын 2-ны өдөр 1.000.000 төгрөг шилжүүлсэн. Үүнээс хойш миний бие үлдэгдэл мөнгөө авъя гэтэл адуу мал өгнө гэж 2 жил гаруй болж сүүлдээ утсаа авахаа больсон. Тухайн үед ажиллаж байсан хүмүүсийн цалин дутуу өгсөн учир үлдэгдэл мөнгө 4.650.000 төгрөгийг Б.Б-наас гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч Б.Б  шүүх хуралдаанд хариу тайлбартаа: М.Н  нь ажлаа дутуу хийсэн учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

3. Нэхэмжлэгчээс талаас: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний хуулбар, 2021.03.10-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээ, баримтуудыг хуулийн шаардлага хангуулан гаргаж өгсөн байна.

Хариуцагч талаас: Хариу тайлбар, фото зураг баримтуудыг гаргаж өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.Н нь хариуцагч Б.Б-нд холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 4.650.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Б.Б ажлаа дутуу хийсэн тул мөнгийг нь төлөхгүй гэж маргаж байна.

 

Талуудын хооронд 2021 оны 3 сарын 10-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээгээр барилгын гадна хөөсөн фасат, чулуун замаска хийх ажлыг 13.000.000 төгрөгөөр тохирч, 2021.03.11-нээс 2021.04.02-ны өдөр хүртэл хугацаатай байгуулжээ.

 

Хариуцагч нь гэрээний дагуу 14.000.000 төгрөг төлсөн, 13 сая төгрөгийн ажлаас гадна 6.650.000 төгрөгийн ажлыг хийлгэхээр тохирсон талаараа маргаагүй байна.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

 

Нэхэмжлэгч нь гэрээний дагуу, нэмэлтээр тохирсон бүх ажлыг хийсэн тул үлдэгдэл мөнгөө шаардаж байх бөгөөд хариуцагч нь тохирсон ажлыг гүйцэтгээгүй гэж маргаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.

 

Нэхэмжлэгч М.Н  ажил гүйцэтгэх гэрээний үүргээ дутуу хэрэгжүүлсэн гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул хариуцагч Б.Б-наас 4.650.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М.Н-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар М.Намсрайгаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 89.350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Б.Б-наас 89.350 төгрөг гаргуулж, М.Н-д олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Б-унаас 4.650.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.Н-д олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 89.350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-наас 89.350 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М.На-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Г.СОЛОНГО