Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 183/ШШ2024/02095

 

2024 оны 05 сарын 13 өдөр Дугаар 183/ШШ2024/02095 Улаанбаатар хот

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, ....... давхарт байрлах, Н ХХК /РД:........./-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ........ тоотод оршин суух, Г-ийн Г  /РД:................/-д холбогдох,

 

1.638.664,39 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н  ХХК нь иргэн Г.Г-тэй 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр .... тоот Хөдөлмөрийн гэрээ болон .... тоот Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээг байгуулж, Борлуулагч албан тушаалын ажилд дагалднаар авч ажиллуулсан бөгөөд компанийн дотоод үйл ажиллагаанд мөрдөгдөх дүрэм, журам, ажлын байрны тодорхойлолтыг танилцуулж, гарын үсгээр баталгаажуулсан.Г.Г  нь Улсын Их дэлгүүрийн 2 давхарт байрлах тасгийг хариуцан ажилладаг байсан ба 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хийсэн ээлжит тооллогыг Г.Г-ийг биечлэн байлцуулсны үндсэн дээр хийхэд нийт 1.638.664,39 төгрөгийн өр төлбөр гаргасан болно.Ийнхүү Г.Г  нь гаргасан бараа бүтээгдэхүүний дутагдлаа нөхөн төлж барагдуулаагүй 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажилдаа ирэхгүйгээр ажлын байрыг орхин явж, улмаар дагалдан ажиллах хугацаандаа ажиллах ур чадвар хангалтгүй, ажлын байранд танхайрсан зэрэг сахилгын ноцтой зөрчил гаргасан тул Хөдөлмөрийн гэрээг 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөр тасалбар болгон цуцласан байдаг.Ингээд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын байрыг орхин явж, дээрх зөрчлийг гаргасны улмаас ажлаас чөлөөлөгдсөн бөгөөд өнөөдрийг хүртэл хугацаанд Г.Г  нь дээрх өр төлбөрөөс нэг ч төгрөгийг барагдуулаагүй манай компанийг хохироосоор байх тул Н  ХХК болон иргэн Г.Г-эй байгуулсан 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр .... тоот Хөдөлмөрийн гэрээ болон .... тоот Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний дагуу ажиллаж байх хугацаандаа ажил олгогчид учруулсан эд хөрөнгийн хохирол болох 1.638.664,39 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

 

Зохигчид 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Нэг талаас нэхэмжлэгч Н  ХХК, нөгөө талаас хариуцагч Г.Г  нь дараах байдлаар эвлэрэв. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага болох 1.638.664,39 төгрөгөөс 491.599.347 төгрөгөөс татгалзаж, үлдэгдэл төлбөр болох 1.147.065,143 төгрөгийг хариуцагч хүлээн зөвшөөрч, 2024.03.25-ны өдрийн дотор 290.000 төгрөг, 2024.04.25-ны өдрийн дотор 290.000 төгрөг, 2024.05.25-ны өдрийн дотор 290.000 төгрөг, 2024.06.25-ны өдрийн дотор 290.000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцож эвлэрэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н ХХК нь хариуцагч Г.Г-д холбогдуулан 1.638.664,39 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд эвлэрч, нэхэмжлэгч нь 1.638.664,39 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 491.599.347 төгрөгөөс татгалзаж, үлдэгдэл 1.147.065,143 төгрөгийг хариуцагч хүлээн зөвшөөрч, 2024.03.25-ны өдрийн дотор 290.000 төгрөг, 2024.04.25-ны өдрийн дотор 290.000 төгрөг, 2024.05.25-ны өдрийн дотор 290.000 төгрөг, 2024.06.25-ны өдрийн дотор 290.000 төгрөгийг хариуцагч нь төлөхөөр талууд харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

 

Зохигчид нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож эвлэрсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 41.170 төгрөгийн 20.585 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, 20.585 төгрөгийг хариуцагч Г.Г-нээс тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Н ХХК-ийн нэхэмжлэлтэй Г.Г-д холбогдох 1.638.664,39 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас 491.599.347 төгрөгөөс татгалзаж, үлдэгдэл 1.147.065,143 төгрөгийг хариуцагч хүлээн зөвшөөрч, 2024.03.25-ны өдрийн дотор 290.000 төгрөг, 2024.04.25-ны өдрийн дотор 290.000 төгрөг, 2024.05.25-ны өдрийн дотор 290.000 төгрөг, 2024.06.25-ны өдрийн дотор 290.000 төгрөгийг харилцан тохиролцож, эвлэрсэн эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 41.170 төгрөгийн 20.585 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, 20.585 төгрөгийг хариуцагч Г.Г-ээс тус тус гаргуулж, нэхэмжлэгч Н  ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан хариуцагч нь захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Г.СОЛОНГО