Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 2022/ДШМ/17

 

 

 

 

П.Бд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Мөнхдаваа даргалж, Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ шүүгч Т.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

           Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар,

           Нарийн бичгийн дарга З.Анхбаяр нарыг оролцуулан,

 

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 09 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч П.Бгийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатарын давж заалдах гомдлоор шүүгдэгч П.Бд холбогдох 2134000000199 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн,

 

П.Б нь Төв аймгийн Зуунмод сумын Номт ... дүгээр баг ... дүгээр байрны ... тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн төрсөн охин 14 настай,  Ө.Ныг байнга буюу 2021 оны 02 дугаар сарын 10-ны орой чи миний хамрыг хугалчихлаа гэх шалтгаанаар орноос чирч газарт буулган толгой хэсэгт 3-4 удаа өшиглөн, нуруу хэсэгт нь цохисон,

2021 оны 2 дугаар сарын 14-ний өдөр архи уулгасангүй гэх шалтгаанаар нуруу хэсэгт нь цохисон,

  2021 оны 03 дугаар сарын 28-ны шөнө энэ хэрүүл маргаан чамаас боллоо гэх шалтгаанаар нуруу хэсэгт нь гараараа 3 удаа цохиж зодон гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Төв аймгийн Прокурорын газраас П.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх: Шүүгдэгч П.Бг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэргийг хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч П.Бгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан үндсэн ялыг өршөөн хэлтрүүлж,

Эрүүгийн 2134000000199 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч П.Б энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж,

Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч П.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар гаргасан давж заалдах гомдолдоо: П.Бг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэргийг хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Тухайн үйл явдлууд гэмт хэргийн шинжтэй биш ээж, охин хоёрын дунд болж байгаа зөрчлийн гурван удаагийн зөрчлийг гэмт хэрэгт тооцсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж хүүхдийн байгууллагын мэрэгжилтэнг байлцуулан охин Ө.Ныг хөтлөн байцааж яллагдагчийн эрх зүйн байдлыг дордуулан эрүүдэн шүүж байгаа хэлбэр гэж үзэж байна. Хажуу айлуудын хүмүүстэй харилцаа мууг далимдуулан авч байгаа мэдүүлгүүд нотлох баримтын шаардлага хангахгүй хуурамч баримт гэж үзнэ. Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар эцэг, эхийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг охинд эдлүүлсэнгүй. Энэ нь хохирогч охины хүсэлтүүдээр нотлогдож байгаа. Иймд шүүхийн 09 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар хүсэлт гаргаж байна гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Охин ээж 2-ын л хоорондоо маргасан асуудал байдаг. Ө.Н шүүх хуралдаан дээрээ манай ээж намайг зодсон зүйл байхгүй гэдэг. Хананы завсар харж байсан гэрчүүд шүүгдэгчтэй таарамж муутай байдаг. Хохирогч, шүүгдэгч нарыг шүүх хуралдаанд оролцуулах гэж үзлээ. Мэдүүлэг анх авч байгаа бичлэг, хажуу айлаас авч байгаа мэдүүлгүүд дандаа хөтөлж авсан мэдүүлэг байсан. 14 настай охин гэртээ ирэхгүй байгаа, утсаа авдаггүй. Эцэг, эх нь үг хэлхээр та нар шорондоо яв гэдэг. П.Б 4 сартай хүүхэдтэй. Анхны саналаа дэмжиж байна. Энэ бол гэр бүлийн зөрчлийн асуудал, байнгын хүчирхийлэл үйлдсэн зүйл байдаггүй гэв.

 

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүхээс П.Бд холбогдох эрүүгийн хэргийг  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийн  бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

 

Шүүгдэгч П.Б нь Төв аймгийн Зуунмод сумын Номт ... дүгээр баг ... дүгээр байрны ... тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох 2007 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн , эмэгтэй 14 настай,  өөрийн төрсөн охин Ө.Ныг байнга буюу

- 2021 оны 02 дугаар сарын 10-ны орой чи миний хамрыг хугалчихлаа гэх шалтгаанаар орноос чирч газарт буулган толгой хэсэгт 3-4 удаа өшиглөн, нуруу  дээр нь хөлөөрөө 5-6 удаа дэвсэж, нүүр хэсэгт 1 удаа алгадсан,

- 2021 оны 2 дугаар сарын 14-ний өдөр архи уулгасангүй гэх шалтгаанаар нуруу хэсэгт  нь цохисон,

- 2021 оны 03 дугаар сарын 28-ны шөнө энэ хэрүүл маргаан чамаас боллоо гэх шалтгаанаар нуруу хэсэгт нь гараараа 3 удаа цохиж зодон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүүхдийн эсрэг   үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох  гэрч Д.Уранбаяр, Ж.Оюундарь, Г.Алтанцэцэг,Ө.Саранцацрал, насанд хүрээгүй гэрч Э.Солонго, насанд хүрээгүй хохирогч Ө.Н нарын мэдүүлэг болон 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн сэтгэл зүйн дүгнэлт,Төв аймгийн Зуунмод сум  хамтарсан багийн Нөхцөл байдлын зэргийн үнэлгээ,  тэмдэглэл зэргээр тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэл бүхий болсон байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч П.Бгийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1-т заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн  байна.

 

Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1-д заасан “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн“ гэдэгт Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан хүнийг ойлгох бөгөөд хохирогч Ө.Н нь шүүгдэгч П.Бгийн төрсөн охин, гэр бүлд хамт амьдарч байгаа гэр бүлийн хамаарал бүхий гишүүн мөн байна.

Түүнчлэн шүүгдэгч Б.Бгийн гэр бүлийн хамаарал бүхий охин Ө.Нын эсрэг гэр бүлийн хүчирхийллийн үйлдлийн улмаас  

Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-д “Хүүхэд эрүүл өсөж бойжих, аюулгүй орчинд амьдрах, аливаа хүчирхийллээс ангид байх эрхтэй” гэж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Хүүхэд гэмт хэрэг, зөрчил, хүчирхийлэл, бие махбодын шийтгэл, сэтгэл санааны дарамт, үл хайхрах байдал болон мөлжлөгийн аливаа хэлбэрээс нийгмийн бүх орчинд хамгаалагдах эрхтэй” гэж, 

Хүүхдийн эрхийг хамгаалах конвенцын 19 дүгээр зүйлд “Оролцогч улсууд эцэг эх, хууль ёсны асран хамгаалагч, хүүхдийг асран халамжилж байгаа бусад хүн хүүхдийг бие бялдар, сэтгэл зүйн хувьд бүхий л хэлбэрээр дарамтлах, доромжлох, сөргөөр ашиглах, хайр халамжгүй орхих, зүй бусаар хандах, хэрцгийгээр харьцах, албадан хөдөлмөрлүүлэх буюу бэлгийн хүчирхийллээс хамгаалах зорилгоор хууль тогтоох, захиргааны, нийгмийн болон гэгээрлийн бүхий л шаардлагатай арга хэмжээ авна” гэж заасан  хуулиар хамгаалагдсан  хохирогч Ө.Нын эрх хөндөгдсөн байна.   

 

Анхан шатны шүүхээс гэр бүлийн хүчирхийлэл  үйлдэх гэмт хэргийг хүүхдийн эсрэг үйлдсэн шүүгдэгч П.Бг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т зааснаар  өршөөл үзүүлэх хэлбэр, хүрээ, хэмжээний дотор эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлсэн  нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.  

Дээрх байдлуудаас дүгнэн үзвэл  шүүгдэгч П.Бг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож гэмт хэргийг хүүхдийн эсрэг үйлдсэн нь тогтоогдож байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатарын “...П.Бг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэргийг хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

Мөн түүнчлэн насанд хүрээгүй хохирогч Ө.Наас мэдүүлэг авахдаа 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр Төв аймгийн Гэр бүл залуучуудын хөгжлийн газрын хүүхдийн эрх, хамгаалал хариуцсан мэргэжилтэн Г.Пүрэвжаргалыг тогтоож, түүнийг байлцуулан мэдүүлэг авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 2, мөн хуулийн 8.1, 8.2 дугаар зүйл заасныг зөрчөөгүй байх тул  шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатарын “...хөтлөн байцааж, яллагдагчийн эрх зүйн байдлыг дордуулан эрүүдэн шүүж байгаа хэлбэрээр мэдүүлэг авсан...” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

Зүйлийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 09 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             М.МӨНХДАВАА

 

                   ШҮҮГЧИД                                             Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

                                                                                 Т.ЭНХМАА