Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 1895

 

 

 

 

 

 

 

 

             

Б.Өийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч М.Наранцэцэг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 101/ШШ2019/02543 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Б.Өийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х.Ц, Х.Б, У.Ж, Э.У, Б.Э, Б.Энарт холбогдох,

 

Бусдын хууль бус эзэмшлээс газрыг чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг

 

 Хариуцагч Х.Ц болон хариуцагч нарын өмгөөлөгч Ц.Туяа нарын давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Б.Ө,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д.Б,

Хариуцагч: Х.Ц,

Хариуцагч нарын өмгөөлөгч: Ц.Туяа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ц.Цэрэндоржид Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2005 оны 74 дүгээр захирамжаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлсэн Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, Чулуут амины орон сууц 8 тоот хаягт байрлах газрыг түүний хууль ёсны өв залгамжлагч болох хүү Цэрэндоржийн Батбаяраас 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдөр “Газар худалдах, худалдан авах гэрээ” байгуулан 10 000 000 төгрөг төлж авсан.

Гэтэл Ц.Цэрэндоржид хууль ёсоор 2005 онд өмчлүүлсэн газар дээр иргэн Х.Цд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 276 дугаар захирамжаар газар эзэмшүүлэх шийдвэр гарч давхардуулан гэрчилгээ олгосны улмаас иргэн Б.Ө миний өмчлөлийн 315 м.кв газраа эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх хязгаарлагдаж байна. Х.Цд эзэмшүүлсэн газар нь кадастрын мэдээллийн санд бүртгэлгүй байдаг. Өөрийн өмчлөлийн газраас Х.Цд холбогдох газрыг чөлөөлүүлэхээр Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхэд хандсан боловч 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 21263 дугаар захирамж болон 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 65 дугаар тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Учир нь уг маргаан бүхий газарт Б.Өийн газар өмчлөх эрхийн гэрчилгээ, Х.Цгийн газар эзэмших гэрчилгээ нь тус тус хүчин төгөлдөр байна гэж үзсэн юм. 2017 онд Захиргааны хэргийн шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан бөгөөд Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 256 тогтоол гарч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2018/0124 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг өөрчлөн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 276 дугаар захирамжийн Х.Цд холбогдох хэсэг болон Х.Цгийн нэр дээр олгогдсон 2008 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн. Иймд Б.Өийн өмчлөлийн газрыг Х.Ц болон нэхэмжлэлд дурдсан хариуцагч нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Х.Б, У.Ж, Э.У, Б.Э, Б.Энар  шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  

Миний бие Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, 7-8 тоотод 2001 оноос өнөөдрийг хүртэл 17 жил амьдарч байгаа Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 276 дугаар захирамжаар надад уг хаягт байрлах 497 м.кв газрыг амины хашааны зориулалтаар эзэмшүүлэх гэрчилгээ олгосон.

Уг захирамжийн дагуу мэдээллийн санд бүртгүүлэх гэсэн боловч газрын албанаас иргэн Ц.Цэрэндорж хуульд заасны дагуу дүүргийн Газрын албанд хандаж кадастрын зургийн бүртгэлийг залруулсны дараа та дүүргийн Газрын албанд хандаж зургаа төлөвлөсөн байршлын дагуу бүртгэлд оруулах боломжтой гэх хариуг 2009 оны 7 дугаар сарын 10-нд Нийслэлийн Газрын албанаас бидэнд бичгээр өгсөн боловч манай хамар хашаа буюу Чулуутын АОС-ын 9 тоот хаягт бүртгэлтэй байсан Ц.Цэрэндорж нь 2008 оны 11 дүгээр сард нас барсан байсан тул кадастрын зургийн бүртгэлийн залруулаагүй байсан.

Гэтэл Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 276 дугаар захирамжаар миний нэр дээр олгогдсон гэрчилгээг Монгол Улсын Дээд шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 256 дугаар тогтоолоор хүчингүй болгосон байдаг. АОС-ын 7-8 тоот хаягт газар олгогдсон гэрчилгээг хүчингүй болгосон нь АОС-ын 7-9 тоот газрыг эзэмшигч нь нас барсан Ц.Цэрэндоржоос 2014 онд уг газрыг худалдан авсан гэх Б.Ө нь бидний газрыг чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргах эрхгүй гэж үзэж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан  Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны Чулуут амины орон сууц 7-8 тоот хаягт байршилтай 497 м.кв талбай бүхий газрыг хариуцагч Х.Ц, Х.Б, У.Ж, Э.У, Б.Э, Б.Энарын хууль бус эзэмшлээс чөлөөлж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх  хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 175 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас хувь тэнцүүлэн 175 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч нарын өмгөөлөгч Ц.Туяа давж заалдах гомдолдоо: “...Шүүх хариуцагч талаас маргаж буй хавтаст хэргийн 91 дүгээр талд авагдсан 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Ц.Батбаярт олгогдсон “Өвлөх эрхийн гэрчилгээг” хэрхэн яаж үнэлсэн талаараа шүүхийн шийдвэрт тодорхойлоогүй байна.

Шүүхийн шийдвэрт дурдсан 89, 125-126 дугаар талд авагдсан Нийслэлийн Засаг даргын 2005 оны 74 дүгээр захирамжийн нэгдүгээр хавсралтын 411 дугаарт Ц.Цэрэндоржид Чулуутын АОС-ын 2-5 тоотын 590.38 м.кв газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлэх эрх олгосон байдаг. Харин Өвлөх эрхийн гэрчилгээн дээр бичигдсэн Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуут АОС 8 тоот гэсэн буюу 2-5 тоот эсхүл 8 тоот гэх хаягийн зөрүүг хэрхэн яаж үнэлж, дүгнэсэн нь тодорхойгүй байна.

Өөрөөр хэлбэл юуг үндэслэж 2-5 тоот хаягийг 8 тоот болгосон нь хэрэгт байгаа бусад баримтаар нотолж, тогтоосноо шүүхийн шийдвэрт үнэлээгүй байна.

Түүнчлэн хэргийн 64 дүгээр талд байгаа Нийслэлийн Газрын албаны 2009 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 2\1915 тоот албан бичигт “Ц.Цэрэндорж нь мэдээллийн санд Чулуутын АОС-ын 9 тоот хаягаар бүртгэлтэй, нэгж талбарын 1864 7310 792 327 дугаартай газрыг Нийслэлийн Засаг даргын захирамжаар өмчилж авсан болно” гэжээ. Мөн 2005 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар Ц.Цэрэндоржийн эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зурагт “Нэгж талбарын дугаар 1864 7310 792 327, Баянзүрх дүүрэг, 12-р хороо, Чулуутын АОС-р гудамж 2-5 тоот хаалга” гэжээ.

Ц.Батбаярт олгогдсон өвлөх эрхийн гэрчилгээн дээр өвлүүлэгчийн өмчлөлд байсан “Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуут АОС 8 тоот /1864 7310 794 352/ Нийслэлийн Засаг даргын 2005 он 74 дүгээр захирамж 590 м.кв 7 788 000 төгрөгийн үнэ бүхий газар” гэсэн байх тул шүүх дээрх өмчлүүлсэн гэх газрын хаяг, газрын нэгж талбарын дугаарын зөрүүг хэрхэн үнэлж дүгнэснээ шийдвэртээ тодорхойлж өгөөгүй байна.

Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 276 дугаар захирамжийн хавсралтын 144 дугаарт 12 дугаар хороо, Чулуун-Овоо АОС 7-8 тоот 497 м.кв газрыг 15 жилийн хугацаатай, ОЖ76120605 регистрийн дугаартай Хэрмээгийн Цэвээнхүүд олгохыг зөвшөөрч, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 0220869 дугаарын гэрчилгээ олгогдсоны дагуу тэрээр уг газраа өмчилж авахаар кадастрын зураглал хийлгэж, уг газарт нь тухайн үед Газрын албанаас нэгж талбарын 1864 7310 794 352 дугаар олгогдсон байдаг. Хавтаст хэргийн 90 дүгээр талд байгаа МУ-н иргэнд газар өмчлүүлэх тухай 0042979 дүгээр шийдвэрээр Ц.Цэрэндоржид Нийслэлийн Засаг даргын 74 дүгээр захирамжаар гэр бүлийн хэрэгцээний газар өмчлүүлэх тухай шийдвэр гарсан бөгөөд тэрээр МУ-ын Иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар газар өмчлүүлэх эрхээ баталгаажуулаагүй талаар анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчийн гаргасан тайлбар дүгнэлтэд няцаалт өгөөгүй. Өөрөөр хэлбэл, Ц.Цэрэндорж нь маргаан бүхий газраа хууль ёсоор өмчлөж аваагүй. Ц.Батбаярт олгосон өвлөх эрхийн гэрчилгээ хууль зөрчсөн талаар хууль зүйн дүгнэлт өгөөгүй байна.

Ийнхүү шүүхийн шийдвэр анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гараагүй учраас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй. Иймд хариуцагч нар нь бусдын зөвшөөрөлтэй газар дээр бус “задгай” газар дээр олон жил амьдарч, уг газартаа Захиргааны зөвшөөрөл зохих журмын дагуу авч байсан тул тэдгээр нь оршин буй газраа чөлөөлөх хууль зүйн үндэслэлгүй тул бодит нөхцөл байдлыг харгалзан үзэж, маргаж буй асуудлыг шударгаар шийдвэрлэж, нэхэмжпэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Х.Ц давж заалдах гомдолдоо: “...Х.Ц миний бие гэр бүлийн хамт 2001 оноос Баянзүрх дүүргийн 12 дугаар хороонд, задгай газарт хашаа бариад амьдарч эхэлсэн ба улмаар уг газраа эзэмших хүсэлт гаргаснаар Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 276 дугаар захирамжаар тус 12 дугаар хороо, Чулуун-Овоо АОС 7-8 тоот хашааны 497 м.кв газрыг 15 жилийн хугацаатай олгож, газар эзэмших эрхийн 0220869 дугаарын гэрчилгээ олгогдсоны дараа миний бие кадастрын зураглал хийлгэж, уг газарт тухайн үед Газрын албанаас нэгж талбарын 1864 7310 794 352 дугаар олгогдсон байсан.

2008 оны сүүлчээр миний бие кадастрын зургаа аваад уг газраа өмчилж авах зорилгоор Баянзүрх дүүргийн Газрын албанд хандсан боловч Нийслэлийн Газрын албаны 2009 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 2\1915 тоот албан бичигт “Ц.Цэрэндорж нь мэдээллийн санд Чулуутын АОС-ын 9 тоот хаягаар бүртгэлтэй, нэгж талбарын 1864 7310 792 327 дугаартай газрыг Нийслэлийн Засаг даргын захирамжаар өмчилж авсан байх ба энэ тухай өмчлөгч талд мэдэгдсэн болно. Иргэн Ц.Цэрэндорж хуулинд заасны дагуу дүүргийн Газрын албанд хандаж кадастрын зургийн бүртгэлийг залруулсны дараа та дүүргийн Газрын албанд хандаж, зургаа төлөвлөсөн байршлын дагуу бүртгэлд оруулах боломжтой” гэх хариу надад өгч байсан.

Ц.Цэрэндорж гэх айл тэнд амьдарч байгаагүй, би танихгүй тул дээрх бичигт заасны дагуу түүнийг кадастрын зургийн бүртгэлээ залруулахыг нь хүлээж байсан \тэднийх хашаандаа ирдэггүй байсан тул уулзах боломжгүй байсан\ боловч түүнийг тухайн үед буюу 2008 оны 11 дүгээр сард нас барсныг бид огт мэдээгүй байсан.

2005 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар Ц.Цэрэндоржийн эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зурагт нэгж талбарын дугаар 1864 7310 792 327, Баянзүрх дүүрэг, 12-р хороо, Чулуутын АОС-р гудамж 2-5 тоот хаалга хэмээн бичсэн байхад Ц.Батбаярт олгогдсон өвлөх эрхийн гэрчилгээн дээр манай хаяг, нэгж талбарын дугаарыг өвлүүлэгчийн өмчлөлд байсан мэтээр “БЗД 12-р хороо, Чулуут АОС 8 тоот 1864 7310 794 352 гэж бичигдсэнийг ойлгохгүй байна. Ц.Цэрэндоржийн гэх 7-9 тоот буюу манай хажуугийн хашаанд өнөөдрийг хүртэл хэн ч бүртгэлгүй байдаг талаар хорооны Засаг дарга тодорхойлолт гаргаж өгсөн байдаг. Бид бусдын газар дээр хууль бусаар амьдраагуй, олон жил зохих зөвшөөрлийн дагуу амьдарч ирсэн тул өөрсдийн хашаанаас нүүх боломжгүй гэж үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Б.Ө нь Х.Ц, Х.Б, У.Ж, Э.У, Б.Э, Б.Энарт холбогдуулан хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2001 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 361 дүгээр захирамжаар тус дүүргийн 12 дугаар хороо, Чулуутын амины орон сууц 2-5 тоот 500 м.кв газрыг эзэмшүүлэх, Нийслэлийн Засаг даргын 2005 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 74 дүгээр захирамжаар маргаан бүхий дээрх газрыг гэр бүлийн зориулалтаар иргэн Ц.Цэрэндорж өмчлөх эрхтэй болсон, улмаар өмчлөгч Ц.Цэрэндорж нь 2008 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр нас барснаар төрсөн хүү Ц.Батбаяр нь уг газрыг хууль ёсоор өвлөж, өмчлөлийн газраа захиран зарцуулах эрхийн хүрээнд Б.Өд 10 000 000 төгрөгөөр худалдан борлуулсан, нэхэмжлэгч Б.Ө дээрх газрын өмчлөгчөөр 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдөр бүртгэгдсэн, түүнд Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар өмчлөх эрх шилжсэн байна.  /хх 7, 8, 91-92/

 

Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 256 дугаар тогтоолоор нэхэмжлэгч Б.Өийн нэхэмжлэлтэй Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 276 дугаар захирамжийн Х.Цд холбогдох хэсэг газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгуулах тухай хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 0124 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад өөрчлөлт оруулж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 0230 дугаар магадлалыг хүчингүй болгон шийдвэрлэжээ./хх 11-16/

 

Дээрх тогтоолд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 276 дугаар захирамжийн Х.Цд холбогдох хэсэг болон Х.Цэвээхүүгийн нэр дээр олгогдсон гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн үйл баримтыг анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон баримт тул дахин нотлох шаардлагагүй гэж дүгнэсэн нь зөв байна.

 

Нэхэмжлэгч Б.Ө нь нэхэмжлэгчийн маргааны зүйл болсон газрын хууль ёсны өмчлөгч /хх-8/ тул түүнийг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо Чулуут амины орон сууц 8 тоот хаягт байрлах газрыг хариуцагч Х.Ц, Х.Б, У.Ж, Э.У, Б.Э, Б.Энарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийг шаардах эрхтэй гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлтэй, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

            Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

            1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 101/ШШ2019/02543 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Цгээс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.ИЧИНХОРЛОО

           

                             ШҮҮГЧИД                                      М.НАРАНЦЭЦЭГ

 

                                                                                                Д.ЦОГТСАЙХАН