Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 02157

 

"М Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч С.Энхтөр, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 182/ШШ2019/01926 дугаар шийдвэртэй, ”М Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Х А-5” СӨХ-нд холбогдох, гэм хор учруулсны хохиролд 4 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Энхсайхан, хариуцагчийн төлөөлөгч Г.Таня, түүний өмгөөлөгч Б.Дамба, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар  оролцов.

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Монфа трейд ХХК нь эм ханган нийлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 11 дүгээр байрны 25 тоот байранд нэг эмийн сан байрлан үйл ажиллагаагаа явуулдаг. Бид 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр “Гурван дэлгэр” ХХК-тай гэрээ байгуулж, засварын ажил хийлгэсэн. Засварын явцад манай эмийн сангийн автомат удирдлагатай урсдаг гэрлэн мэдээлэлтэй, электрон нэмэх тэмдэг бүхий хаяг, мэдээллийн төхөөрөмжийг байрлалаас нь түр салган авах шаардлага гарч, засварын ажил дуусах үед буцаан байрлуулахаар байрны дээвэр дээр тавьсан. Электрон хаяг, мэдээллийн төхөөрөмжийн урт, өргөн нь 1x1 м, зузаан нь 40 см, төмөр их биетэй, никель хүрээтэй, 2018 оны 6 сард БНХАУ-аас 2 000 000 төгрөгөөр (тээврийн болон бусад зардал оролцуулан) худалдан авч, угсралт, схемийг зохион бүтээсэн, оюуны хөдөлмөрийн хөлсөнд 3 000 000 төгрөг төлж, нийт 5 000 000 төгрөгийн үнэ бүхий, өнгө үзэмж шинээрээ, хэн ч харсан хог хаягдал гэж үзэхээргүй төхөөрөмж байсан.

Энэ нь Нийслэлийн Иргэдийн Хурлын төлөөлөгчдийн 2016 оны 9/10 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан "Гадна зар сурталчилгаанд тавих шаардлага”-ын 2 дугаар зүйлийн Хаягийн байгууламж гэх хэсгийн 2.6,2.7,2.9-ийн шаардлага хангасан, хөршүүдийн цонх, хаалга үзэгдэх орчинг халхлахгүй байдлаар хийгдсэн юм. Гэтэл манай өмчийг 2019 оны 6 дугаар сар 23-ны өдөр “Х А-5” СӨХ-ны дарга Г.Таня 89-97 УБР улсын дугаартай хог тээвэрлэдэг машинд санаатайгаар ачуулсан байдаг. Иймд төхөөрөмжийн үнийг нэхэмжилсэн албан тоотыг 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр шуудангаар Г.Таняд явуулсан боловч тэрээр шууданг хүлээж авахаас татгалзсан учир шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд ашиглаад жил болоогүй шинээрээ байсан электрон хаяг, мэдээллийн төхөөрөмжийг санаатай устгаж, компанид шууд хохирол учруулсан тул үнийн 4 500 000 төгрөгийг /Үндсэн хөрөнгийн элэгдэл хорогдлыг тооцсон дүнгээр/ хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал тайлбартаа: ”Х А-5” СӨХ иргэдийн ая тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс өөрсдийн хөрөнгөөр байрандаа цэвэрлэгээ, засвар үйлчилгээ хийж, хаалга үүдээ засаж солих, орцны гоёлын заслын ажил, сантехникийн засвар үйлчилгээ, цэвэр, бохир усны шугам, хоолой солих, жил бүр дулааны шугамын урсгал засвар үйлчилгээг тогтмол хийж, холбогдох хуулийн дагуу үйл ажиллагаа хэвийн явуулсаар ирсэн. Нэгдүгээр давхарын өргөтгөл хийж үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгжийн дээвэр маш их хог шороотой, үүнээс үүдэн 2 давхарын айл өрхүүд эвгүй үнэр үнэртэх зэргээр сөрөг байдал үүссэн тул их цэвэрлэгээний ажлыг 2019 оны 6 дугаар сард бүх аж ахуйн нэгж байгууллагад мэдэгдэж хийсэн. Цэвэрлэгээний өмнөх болон дараах байдлыг зургаар баталгаажуулсан болно.

Тухайн үед дээвэр дээр нэхэмжлэлд дурдаад байгаа шиг 1x1 метрийн хэмжээтэй 40 см зузаантай хаяг мэдээллийн төхөөрөмж огт байгаагүй. Нэхэмжлэгч хаяг мэдээллийн төхөөрөмжийг дээвэр дээр түр байршуулсан гэх мэдээлэл бидэнд өгөөгүй, хүлээлгэн өгсөн зүйлгүй, бид хог хаягдал гээд хаясан зүйл байхгүй. Ямар зорилготойгоор худал зүйлээр ийнхүү нэхэмжлэл гаргасныг ойлгохгүй байна.”М Т” ХХК өөрсдийн хариуцлагагүй байдлаас эд зүйл хулгайд алдах, өөр бусад хэлбэрээр үгүй хийж алга болгоод энэхүү хууль бус үйлдлээ нуун дарагдуулж бусдыг төөрөгдөлд оруулах үүднээс гүтгэж нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэлдээ “Х А-5” СӨХ, хариуцагч гэсэн хэсэгт “Х А-5” СӨХ-ны дарга Г.Таня гэж бичсэн нь яг хэнд холбогдуулсан нь тодорхойгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох үүрэгтэй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч “Х А-5” Сууц Өмчлөгчдийн Холбооноос 2 100 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч”М Т” ХХК-д олгож нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 400 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх, хариуцагч “Х А-5” СӨХ-оос 48 550 төгрөг гаргуулан нэхэмжлэгч”М Т” ХХК-д олгох, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дах хэсэгт заасны дагуу шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан арга, журмын дагуу шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрч шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хууль буруу тайлбарлан хэрэглэсэн. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан бусдын ...эд хөрөнгөд "хууль бусаар" санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй" гэж заасан. Хариуцагч "Хот айл-54" СӨХ нь нэхэмжлэгч “М Т” ХХК-ийн эд хөрөнгөд "хууль бусаар" санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулаагүй. 2019 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс 23-ны өдрүүдэд цэвэрлэгээ хийхээр СӨХ-оос зохион байгуулсан үйлдэл, үйл ажиллагаа нь хууль ёсны юм. “М Т” ХХК-ийн байрны дээврийн хэсэгт хог ихээр бөөгнөрсөн, тэдгээрийг цэвэрлэж зайлуулах нь зайлшгүй байсан. Хогон дунд нэхэмжлэгч өөрийн өмчлөлийн зүйл гэх "нэмэх тэмдэг" тавьсан байгааг СӨХ болон цэвэрлэгээ хийж байсан хүмүүс нэхэмжлэгчийн өмч гэж үзэх, мэдэх боломжгүй.

Нэхэмжлэгч өмчлөлийн зүйлээ дээвэр буюу хогон дунд тавьснаа манайд албан ёсоор мэдэгдээгүй, цэвэрлэгээ хийж байсан хүмүүст ч хэлж мэдэгдээгүй. Иймээс түүнийг хаягдал хог гэж үзэж цэвэрлэгээ хийж байсан хүмүүс хаясан нь хууль бус биш юм. Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа тухайн үед эмийн сан засвартай, үйл ажиллагаа явуулахгүй байсан. ...Тэмдгийг дээвэр дээрээс алга болсныг 24-ний өдөр мэдсэн гэдэг. Энэ тайлбарын худал, үндэслэлгүй болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хангалттай баримтаар ноглогдож байхад шүүх үл харгалзан уг тайлбарыг шийдвэрийн үндэслэлээ болгож хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой. Учир нь, дээврийн цэвэрлэгээ хийж эхэлсэн 22-ны өдөр нэхэмжлэгч "нэмэх тэмдэг"-ийг дээвэрт гаргасан, энэ өдөр цэвэрлэгээ хийж байсныг мэдэж байсан талаар талууд маргаагүй.

Мөн дараагийн буюу 23-ны өдөр “М Т” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээгээр эмийн сан дотор ажиллаж байсан гэрч н.Эрдэнэбилэг "...Би 2019.06.23-ны өдөр “М Т” ХХК-ийн эмийн сангийн байранд гэрээгээр монтажны ажил хийж байсан... Хог зөөдөг ногоон тэргэн дээр "нэмэх тэмдэг" ачаад явахыг 23-ны өдрийн 09.30 цагт цонхоор хараад “М Т” ХХК-ийн аж ахуйн дарга н.Амаржаргалд утсаар мэдэгдсэн" гэж мэдүүлдэг. Энэ мэдүүлгээс үзэхэд ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгэгч тал, гэрч Эрдэнэбилэг нь ажил гүйцэтгэх гэрээний хэрэгжилтийн явцад Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1 дэх хэсэгт заасан тохиолдол үүссэнийг мэдмэгц энэ тухай нэн даруй захиалагчид талд мэдэгдсэн. н.Амаржаргал мэдээллийг хүлээн авсан даруйд уг зүйлийг авч үлдэх боломж байсаар байхад ямар ч арга хэмжээ аваагүй, тодорхой шийдвэр гаргаагүй. Өөрөөр хэлбэл "нэмэх тэмдэг"-ийг хаяж болохгүйг гэрч н.Эрдэнэбилэгт хэлээд тэр дор нь зогсоох шийдвэр гаргасан бол нэхэмжлэгчид хохирол учрахгүй байх байсан нь бодитой юм.

Иймд нэхэмжлэгчид гэм хор учирсан нь хариуцагчийн буруугаас биш, нэхэмжлэгчийн өөрийнх нь буруугаас болсон нь гэрчийн мэдүүлгээр нотлогддог тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр  хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч”М Т” ХХК нь хариуцагч “Х А-5” СӨХ-нд холбогдуулан, гэм хорын хохиролд 4 500 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, хариуцагч тал уг төлбөрийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

Талуудын тайлбараас үзвэл,  нэхэмжлэгч байгууллага Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 11 дүгээр байрны 25 тоотод эмийн сангийн үйл ажиллагаа эрхлэн явуулдаг, хариуцагч “Х А-5” СӨХ нь тус орон сууцны өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх эрх бүхий этгээд болох, 2019 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс эмийн санд засврын ажил хийгдэх хугацаанд байрны өргөтгөлийн дээвэр хэсэгт СӨХ-ноос цэвэрлэгээ хийсэн үйл баримт болон шаардлагад дурдсан хөдлөх хөрөнгө нэхэмжлэгчийн өмчлөлийн зүйл мөн эсэх талаар маргаагүй байна.

 

Харин хариуцагч тал дээрх цэвэрлэгээний ажлыг хийх үед нэмэх тэмдэг бүхий мэдээллийн төхөөрөмж хаягдаж, нэхэмжлэгчид хэний буруутай үйл ажиллагааны улмаас хохирол учирсан эсэх талаар маргажээ.

 

Хариуцагч тал нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч татгалзсан тайлбартаа 2019 оны 6 дугаар сарын 23-ны өдөр өргөтгөлийн дээвэр хэсэгт цэвэрлэгээ хийх явцад тухайн төхөөрөмж байгаагүй гэх боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчийн хүсэлтээр асуугдсан гэрч Ц.Эрдэнэбилэг, М.Баатаржав нарын мэдүүлгээр /хх51,52, 101,102/ СӨХ-ны зохион байгуулсан цэвэрлэгээг хийх үед маргаан бүхий нэмэх тэмдгийг дээврээс буулган хог ачдаг автомашинд ачуулсан нь тогтоогдсон байна.

 

Анхан шатны шүүх хариуцагч талыг бусдын өмчлөлийн эд хөрөнгийг хайхрамж болгоомжгүй байдлаар хаяж үрэгдүүлсэн гэж дүгнэн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгөд хууль бусаар болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх хариуцагч талын цэвэрлэгээ хийсэн үйл ажиллагааг хууль бус гэж дүгнээгүй, харин бусдын өмчлөлийн эд хөрөнгийг болгоомжгүй байдлаар хаяж үрэгдүүлснээс шалтгаалж нэхэмжлэгч талд хохирол учирсан, уг хохирлыг хариуцах талаар дүгнэсэн нь хуулийн дээрх заалтад нийцсэн тул холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхгүй.

 

Түүнчлэн, хариуцагч давж заалдах гомдлын нэг үндэслэлээ, нэхэмжлэгч өөрийн буруугаас болж өөрт хохирол учруулсан, хариуцагч болон тухайн үед цэвэрлэгээ хийж байсан хүмүүс уг хөрөнгийг бусдын өмчлөлийн зүйл гэж ялгаж мэдэх боломжгүй байсан гэх агуулгаар тайлбарлах боловч шүүх энэхүү нөхцөл байдалд хууль зүйн дүгнэлт өгснөөр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн байна. Тодруулбал, шүүх нэхэмжлэгчийг маргаан бүхий эд хөрөнгийн өмчлөгчийн хувьд Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар өөрийн өмчлөлийн хөрөнгийг аливаа халдлагаас хамгаалах үүргээ биелүүлээгүй, хэтэрхий болгоомжгүй үйлдэл нь нөлөөлсөн гэж дүгнэн Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт заасныг үндэслэн гэм хорын хохирлын хэмжээг 30 хувиар багасгасан нь талуудын хэн алины үүрэг хариуцлагыг тооцсон гэж үзэх тул нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг буруутгахгүй.

 

Иймд хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн                   167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 182/ШШ2019/01926 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг бүхэлд нь хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Х А-5” СӨХ-ноос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.   

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн                                                          дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход                              саад болохгүй ба магадлалын хувийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ц.ИЧИНХОРЛОО

                                                           

                                        ШҮҮГЧИД                                С.ЭНХТӨР

 

                                                                                         Т.ТУЯА