Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 2022/ДШМ/18

 

 

 

 

 

 

 

 

 

2022           03             15                                        2022/ДШМ/18

 

 

Т.У, Б.Ө нарт

 холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Т.Энхмаа, Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанд:

 

Прокурор П.Даваасүрэн,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Б /цахимаар/,

түүний өмгөөлөгч Ц.Батзаяа, Р.Булгамаа /цахимаар/,

Цагаатгагдсан этгээд Б.Ө,

түүний өмгөөлөгч өмгөөлөгч Б.Баярмагнай, С.Соронзонболд,

Нарийн бичгийн дарга З.Анхбаяр нарыг оролцуулан,

 

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн хянан шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 455 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Б, шүүгдэгч Т.У, Б.Ө нарын өмгөөлөгч Б.Баярмагнай, С.Соронзонболд нарын давж заалдах гомдлыг үндэслэн Т.У, Б.Ө нарт холбогдох эрүүгийн 1934008400158 дугаартай хэргийг давж заалдах шатны шүүх 2022 оны 01 сарын 31-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн,

 

Монгол Улсын иргэн,

 

Шүүгдэгч Т.У, Б.Ө нар нь бүлэглэн 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Төв аймгийн Угтаалцайдам сумын нутаг дэвсгэр “Гоймондоо” хоолны газрын орчим албан үүрэг гүйцэтгэж яваад иргэн Пүрэвжалын Гыг “Тоёота Ланд круйзер-200” маркийн ... УНГ улсын дугаартай автомашиныг жолоодож явахад таарч, түүнийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэж сэжиглэж, улмаар түүний согтуурлыг шалгах гэсэн боловч Угтаалцайдам сум дахь Цагдаагийн хэсгийн албан хаагч нар эзгүй, тусгай зориулалтын хэрэгсэл байхгүй байсан тул тухайн газраас 50 орчим километрийн зайд орших Баянхангай сум дахь Цагдаагийн хэсэг рүү түүнийг авч явах тухай мэдэгдэхэд “Би Атар /Баянхангай сум/ руу явахгүй” гэж хэлж, машинаас буух оролдлого хийхэд нь “Атар руу гээд буруу хэлчихсэн байна, танай цагдаагийн хэсэг рүү авч явна” гэж хуурч мэхлэн, цагдаагийн албаны “Ниссан АD” маркийн ... ТӨВ улсын дугаартай автомашины баруун хойд талын суудалд буцаан суулгаж, автомашины хаалгыг нь дотор талаас нь онгойлгох боломжгүй болгон цоожилж, хүсэл зоригийнх нь эсрэг биеийн хүчийг үндэслэлгүйгээр хэрэглэж, хөдөлгөөнийг нь хязгаарласны улмаас түүний зүрхний архаг цус хомсрох өвчнийг сэдрээж, амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Төв аймгийн Прокурорын газраас Т.У, Б.Ө нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Боржигон овгийн Төмөрхүүгийн У, Боржигон овгийн Бат-Эрдэнийн Ө нарт холбогдох эрүүгийн 1934008400158 дугаартай хэргээс “хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсний дагуу шүүгдэгч Боржигон овгийн Бат-Эрдэнийн Өд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж,

 

Шүүгдэгч Боржигон овгийн Төмөрхүүгийн Уыг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Боржигон овгийн Төмөрхүүгийн Уын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндсэн ялыг өршөөн хэлтрүүлж,

 

Эрүүгийн 1934008400158 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Т.У, цагаатгагдсан этгээд Б.Ө нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, шүүгдэгч болон цагаатгагдсан этгээд нараас тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг,

 

шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар “Самсунг” маркийн гар утас 1 ширхэг, “Jeep” гэх бичигтэй саарал өнгийн саравчтай малгай 1 ширхэг, хар өнгийн нүдний шил 1 ширхэг, хар болон улаан судалтай богино ханцуйтай цамц 1 ширхэг, саарал өнгийн дотуур өмд 1 ширхэг, хүрэн өнгийн гадуур өмд 1 ширхэг, “САТ” гэх бичигтэй бор өнгийн гутал 1 хос, улаан хүрэн өнгийн дотуур өмд 1 ширхэг, цэнхэр алаг оймс, хар хөх оймс тус бүр 1 хос, хар өнгийн тэлээ 1 ширхэг, “Bon aqua” нэртэй цэвэр усны хоосон сав 1 ширхэг зэргийг устгахыг тус шүүхийн Тамгын газарт даалгаж,

“banana digital” гэсэн бичигтэй DVD 1 ширхэг, “HP invent” гэх үйлдвэрийн бичиглэлтэй DVD 1 ширхэг, хохирогч П.Г эксгумация гэсэн бичиглэлтэй DVD 1 ширхгийг тус тус эрүүгийн 1934008400158 дугаартай хавтас хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хавсаргаж үлдээхийг тус тус дурдаж,

 

            Цагаатгагдсан этгээд Боржигон овгийн Бат-Эрдэнийн Өд урьд авсан Монгол улсын хилээр гадагш гарахыг хориглох хязгаарлалт тогтоох, тодорхой хүнтэй уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож,

 

            Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт заасныг баримтлан иргэний хариуцагч Төв аймгийн Цагдаагийн газраас /төр/ нийт 20 280 924 /хорих сая хоёр зуун наян мянга есөн зуун хорин дөрөв/ төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч .... дугаартай регистртэй, Тайж нар овгийн Гын Бт олгож,

 

            Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт зааснаар гэм хорыг арилгасан Төв аймгийн Цагдаагийн газар /төр/ өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэйг дурдаж,

 

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Бийн нэхэмжлэлийн шаардлагаас 74 898 417 төгрөгийг, шүүгдэгч Т.Уаас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гаргуулахыг тус тус хэрэгсэхгүй болгож,

 

Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ут урьд авсан Монгол улсын хилээр гадагш гарахыг хориглох хязгаарлалт тогтоох, тодорхой хүнтэй уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Б давж заалдах гомдолдоо: Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021.12.07-ны өдрийн 2021/ШЦТ/455 дугаартай шийтгэх тогтоолыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Б би эс зөвшөөрч дараах үндэслэлээр энэхүү гомдлыг гаргаж байна.

 

1. Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1-т "Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ" гэж, 3-т "Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно" гэж заасан байна.

Б.Ө нь миний аавын амь насыг хохироосон уг хэрэгт "үйлдлээрээ санаатай нэгдсэн" учир гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзэж байна.

Шүүх Б.Ө нь дээд шатны албан тушаалтны тавьсан шийдвэрийг биелүүлэх албан үүргээ гүйцэтгэсэн байна. Т.Уын Б.Өд үүрэг өгсөн шийдвэрүүд нь хууль бус шийдвэр гэж үзэх үндэслэлгүй учир доод шатны алба хаагч уг шийдвэрийг биелүүлэхээс татгалзах шаардлагагүй байсан байна гэж дүгнэж Б.Өд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

Т.Уын Б.Өд үүрэг өгсөн шийдвэрүүд нь хууль ёсны байгаагүй. Т.Уын гаргасан үйлдлүүд нь ч хууль ёсны байгаагүй. Энэ байдлыг нь Б.Ө мэдсээр байж хууль бус шийдвэрийг биелүүлэхээс татгалзаагүйд гомдолтой байна.

 

2. Шүүх хохирол, хор уршгийн асуудлыг шийдвэрлэхдээ Хаан банкны тариалалтын зээл 45 410 192 төгрөг, Хаан банкны малчны зээл 6 450 937 төгрөг, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн өр 12 842 405 төгрөг, Аж ахуйн нэгжийн татварын өр 194 883 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 10 000 000 төгрөг, нийт 74 898 417 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.

 

Г.У, Б.Ө нар нь гэм буруутай үйлдэл гаргаж миний аавын амь нас хохирсон бөгөөд хэрэв аав минь амьд байсан бол өөрийн нэр дээрх дээр дурдсан зээл, өрүүдээ төлж дуусгах байсан бөгөөд шүүгдэгч нарын гэм буруугаас аав минь амь хохирсон тул уг хохирол, хор уршгийг гэм буруутай хүмүүс хариуцах ёстой гэж үзэж байна.

Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-т "Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно" гэж, 2-т "Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно" гэж, 5-т "Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно" гэж тус тус заасан байна.

 

Шүүгдэгч нарын гэм буруутай үйлдлийн улмаас миний аавын амь нас хохирсон, үүний үр дагаварт дээрх хор уршиг учирсан атал шүүх хор уршгийн хэмжээг тогтоох хуульд заасан үүргээ хэрэгжүүлэлгүйгээр уг хор уршгийг нэхэмжилсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1-т өмгөөлөгчид төлөх зардал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарахаар заасан байна. Шүүгдэгч нарын гэм буруутай үйлдлийн улмаас миний аавын амь нас хохирсон бөгөөд хүний амь нас хохирсон хэргийн тухайд ямар ч ар гэр өмгөөлөгч авч ажиллуулах зайлшгүй шаардлага үүсч энэ шаардлагын хүрээнд өмгөөлөгч авч, өмгөөлөгчид зардал төлсөн.

Энэ тохиолдолд хэрэв гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг гэж үзэхгүй юм аа гэхэд ажиллагааны зардалд өмгөөллийн хөлсийг тооцож гэм буруутай этгээдээс гаргуулан шийдвэрлэх ёстой байсан гэж үзэж байна.

 

3. Шүүх хүний амь нас хохирсон, гэм буруугийн асуудлаар маргаж байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг төлөхгүй байхад Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэж шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг өршөөн хэлтрүүлсэнд гомдолтой байна.

Өөрөөр хэлбэл Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэх ёсгүй байсан гэж миний хувьд үзэж байна.

 

Иймд Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021.12.07-ны өдрийн 2021/ШЦТ/455 дугаартай шийтгэх тогтоолд гомдолд дурдсан асуудлаар дүгнэлт өгч зохих шийдвэрийг гаргаж өгөхийг хүсье гэжээ.

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Баярмагнай давж заалдах гомдолдоо: ...Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн буюу шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн:

 

1. Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Т.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу "Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох" гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. Ингэхдээ гэм буруугийн "хайхрамжгүй хандах, хөнгөмсгөөр найдах" зэрэг тус зүйл ангид байх субъектив шинжийн алийг нь яллагдагч этгээд гэмт үйлдэлдээ хандуулсан болохыг тодорхойлоогүй тодорхойлж чадаагүй байна. Мөн яллах дүгнэлтэд "Хүсэл зоригийнх эсрэг биеийн хүчийг үндэслэлгүйгээр хэрэглэж хөдөлгөөнийг нь хязгаарлаж зүрхний архаг өвчинг сэдрээж амь насыг нь хохироосон" гэх Монгол Улсын Эрүүгийн эрх зүйд байтугай эх газрын эрх зүйн тогтолцоотой орнуудад хэрэглэгддэггүй объектив шинжийг хэлбэржүүлэн тусгасан байдаг. Дээрх асуудлаар Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн  47 дугаартай магадлалаар "...аль шинжээр яллагдагч нарыг яллаж байгаа нь тодорхойгүй байх тул яллах дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй гэж үзнэ” гэж тодорхой магадалжээ. Мөн яллах дүгнэлт болон хэрэгт цугларсан материалд шүүгдэгч этгээд дээрх гэмт үйлдлээ хийхдээ үйлдэлдээ хайхрамжгүй хандсан эсхүл хөнгөмсгөөр найдсан эсэхийг тодорхойлж чадаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн нотолбол зохих байдал нотлогдоогүй гэж үзнэ. Дээрх асуудлаар Монгол Улсын Дээд шүүх 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 105 дугаартай тогтоолоороо "Эрүүгийн хуулиар хамгаалагдсан харилцааг зөрчиж хор хохирол учруулсан этгээдийн гэм буруутай эсэхийг тогтоохдоо үйлдэлдээ хандаж байгаа хандлага буюу гэм буруугийн хэлбэрийг зөв тодорхойлсны эцэст эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг болно” гэж албан ёсоор тайлбарласан байна. Дээрх бүх үйл баримтаар өмгөөлөгч нар мэтгэлцэж оролцдог боловч анхан шатны шүүх няцаасан үгүйсгэсэн үндэслэлээ шийтгэх тогтоолынхоо тодорхойлох хэсэгт огт дурдаагүй нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.

 

2. ... Анхан шатны шүүх гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлтдээ "Т.У нь талийгаачид биеийн хүчийг хэрэглэж, хөдөлгөөнийг нь хязгаарласны улмаас хохирогчийн архаг зүрхний өвчинг нь сэдрээсэн учраас гэмт хэрэгт тооцно” гэх дүгнэлтийг хийжээ. Өөрөөр хэлбэл автомашины цонхыг гараар цохиж хагалах үйлдэл хийж буй, хөдөлгөөн эхэлсэн автомашины хаалгыг онгойлгох үйлдэл хийж буй амь хохирогчийг хууль бус үйлдлийг хориглож гарын бугуй дээрээс атгасан шүүгдэгч Т.У нь амь хохирогчийг "архаг хууч өвчтэй тэр нь сэдэрвэл үхэлд хүрнэ" гэдгийг мэдэх ёстой байсан, мэдэх боломжтой байсан, эсхүл мэдсэн боловч амь нас нь хохирохгүй гэж үйлдсэн гэх мэтээр үндэслэж байгаа нь хэргийн зүйлчлэлд тохирохгүй материаллаг хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ. Мөн анхан шатны шүүх шүүгдэгч    Б.Өыг    цагаатгасан    бөгөөд    цагаатгасан шийдвэрийнхээ үндэслэлд "...мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт заасан дээд шатны албан тушаалтны /шүүгдэгч Т.Уын/ хууль бус шийдвэр гэж үзэх үндэслэлгүй учраас доод шатны алба хаагч шийдвэрийг биелүүлэхээс татгалзах шаардлагагүй байсан байна" гэжээ. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Т.Уыг гэм буруутай үйлдэл хийсэн гэж шүүх дүгнэсэн атлаа шүүгдэгч Б.Өыг цагаатгасан дүгнэлтийнхээ үндэслэлд шүүгдэгч Т.Уын шийдвэрийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй гэж байгаа нь Шүүхийн шийдвэр ойлгомжгүй өөр хоорондоо авцалдахгүй байна.

 

Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй асуудлаар:

 

1. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад уг хэрэгт дүгнэлт гаргасан шинжээч эмч Ц.Ганболд мэдүүлэг өгдөг ба мэдүүлэгтээ "Зүрхний цус хомсрох өвчин бол 35 наснаас эхэлж үүсдэг талийгаач архаг цус хомсрох өвчтэй байсан, энэ өвчин нь буруу хооллолт хуваарьгүй хөдөлмөр, архи тамхины хэрэглээ зэргээс шалтгаалж үүсдэг, сэдрэх үхэлд хүргэх шалтгаан нь баярлах, гомдох, уурлах зэрэг сэтгэл хөдлөл нөгөөтээгүүр архинаас болдог" гэж мэдүүлдэг.

Өмгөөлөгчөөс эрүүгийн 1934008400158 дугаартай хэрэгт амь хохирогч нь уурлах, баярлах, гомдох, болон архины хэрэглээний яг алинаас нь болж зүрхний архаг цус хомсрох өвчин нь сэдэрсэн бэ. Дээрх хүчин зүйлүүдийг яг тэрнээс нь болж сэдэрлээ гэж нарийн тогтоох боломжтой юу гэх асуулт асуудаг ба шинжээч анагаах ухааны хувьд яг баярлах, яг гомдох, яг уурлах зэрэг сэтгэл хөдлөл нөгөөтээгүүр яг архинаас болж сэдэрсэн гэж нарийн тогтоох боломжгүй гэж хариулсан байдаг. Үүнийг анхан шатны шүүх харгалзан үзээгүй орхигдуулсан нь дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг шүүх анхаарч үзээгүй орхигдуулсан буюу ЭХХШТХуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал байна.

 

2. ЭХХШТХуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана" гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн прокуророос үйлдсэн яллах дүгнэлтийн л хүрээнд анхан шатны шүүх тухайн эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх эрх хэмжээтэй байдаг. Дээрх хэрэгт улсын яллагчийн 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр үйлдсэн 343 дугаартай яллах дүгнэлтэд яллагдагч Т.У, Б.Ө нарыг Цагдаагийн албаны тухай хуулийн 49.1 дэх хэсгийг зөрчсөн гэх хэмжээ хязгаараар хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг. Гэтэл анхан шатны шүүх шийтгэх тогтоолынхоо үндэслэл хэсэгт Цагдаагийн албаны тухай хуулийн 22.5 дахь хэсэг, мөн хуулийн 22.6 дахь хэсгүүдийг тус тус үндэслээд /яллах дүгнэлтэд байхгүй/ Цагдаагийн албаны тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан ЦЕГ-ын даргын 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/262 дугаар тушаалаар батлагдсан "Цагдаагийн албаны үйл ажиллагааны журам" хавсралт код 220 дугаар зүйл, мөн код журмын 220.4.2, 220.4.3, 220.411-д заасныг шүүгдэгч нар нь зөрчсөн болох нь тогтоогдлоо гэх дүгнэлт хийгээд гэм буруутайд тооцох гол үндэслэлээ болгосон байдаг. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх нь яллах дүгнэлтэд огт дурдагдаагүй, энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа хийгдээгүй үйл баримтыг шинээр гаргаж ирж яллах дүгнэлтийн хүрээнээс хальж шүүгдэгч этгээдийг гэм буруутайд тооцож байгаа нь МУ-ын Үндсэн хууль болоод Эрүүгийн хууль, хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилт зарчмыг ноцтой зөрчиж байгаа хэрэг мөн.

 

3. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэх 95 179 341 төгрөгийг гаргуулах талаар нэхэмжилдэг бөгөөд анхан шатны шүүх 20 280 924 төгрөгийн хохирлыг бодит хохирол байна гэж үзээд гаргуулахаар шийдвэрлэсэн. Шүүгдэгчийн өмгөөлөгч нь "Төв аймгийн Угтаалцайдам суманд үйл ажиллагаа явуулдаг Олон Ятуут гэх хоршооноос худалдан авалт хийсэн 5 500 000 төгрөгийн баримт, мөн суманд үйл ажиллагаа явуулдаг Нүдэн гэх супермаркет нь 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 2 500 000 төгрөгийг, 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 298 000 төгрөгийн худалдан авалтыг тус тус хийж төлбөрийн баримт өгсөн асуудал нь эргэлзээтэй байна, хохирол тодорхой бус байгаа нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байна" гэх үндэслэлээр анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэж оролцсон болно. Тэгвэл эрх бүхий байгууллагаас Олон Ятуут гэх хоршоо нь 2019 онд үйл ажиллагаа явуулаагүй, Угтаал нүдэн гэх супермаркет нь тухайн цаг хугацаанд дээрх барааг худалдан борлуулаагүй талаар эрх бүхий байгууллагаас албан хүсэлтийн хариуг ирүүлсэн байна. Өөрөөр хэлбэл хэргийн оролцогчид хуурамч нотлох баримт буюу хохирлын баримт бүрдүүлсэн, түүнийгээ шүүхэд гаргаж өгсөн асуудал байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хохирлын асуудал шийдвэрлэсэн үндэслэл нь эргэлзээтэй шүүгдэгч этгээдийн эрх зүйн байдлыг дордуулж байна. Энэ нь анхан шатны шүүх дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг шүүх анхаарч үзээгүй орхигдуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал байна.

 

4. Эрүүгийн 1934008400158 дугаартай хэрэг нь урьд анхан шатны шүүхийн гэм буруугийн хуралдаанаас нотолбол зохих байдал нотлогдоогүй болон нэмэлт ажиллагаа хийлгэх талаар Прокурорт буцсан. Мөн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээж нэмэлтээр хохирогчийн хууль бус ямар үйлдэл үйл ажиллагаа байсан эсэхийг тодруулах шаардлагатай гэж магадалсан. Гэтэл мөрдөн шалгаж ажиллагаа нэмэлтээр хийгдээд шүүгчийн захирамж, давж заалдах шатны шүүхийн магадлалд заагдсан ажиллагааг огт хийгээгүй хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг.

 

Иймд Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 455 дугаартай шийтгэх тогтоолын Т.Ут холбогдох хэсгийг хүчингүй болгож түүнийг цагаатгаж өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Соронзонболд давж заалдах гомдолдоо: ...Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 2021/ШЦТ/455 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, өмгөөлөгчийн зүгээс давж заалдах гомдол гаргаж байна.

 

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021/ШЦТ/455 дугаар шийтгэх тогтоолын "Тогтоох" хэсгийн 1 дүгээр заалтаар миний үйлчлүүлэгч Боржигон овогт Бат-Эрдэнийн Өд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй юм.

Мөн шийтгэх тогтоолын "Тогтоох" хэсгийн 2 дугаар заалтаар миний үйлчлүүлэгч Боржигон овогт Төмөрхүүгийн Уыг гэм буруутайд тооцсоныг эс зөвшөөрч, дараах үндэслэлүүдээр гомдлоо гаргаж байна. Үүнд:

 

1. Т.Уын өмгөөлөгч нарын зүгээс анхан шатны шүүх хуралд цагаатгах байр суурьтай орж, гэм буруугийн асуудал дээр маргаж оролцсон.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйл /Нотолбол зохих байдал/-ийн 1.1-д заасан гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг хэзээ, хаана үйлдэгдсэн цаг хугацааг тогтоогоогүй, 1.3-д заасан гэмт хэргийн сэдэлт, санаа зорилго, гэм буруугийн хэлбэрийг тогтоогоогүй, гэмт хэргийн бүрэлдэхүүний үндсэн шинж /субъектив тал/-ийг анхаарч үзээгүй, гэмт хэрэг үйлдсэн хүн өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүний улмаас хүний амь хохирох боломжтойг урьдчилан мэдэж, түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хүний амь нас хохирсон, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хүний амь нас хохирсон байх шинж тогтоогдоогүй, өөрөөр хэлбэл миний үйлчлүүлэгч Т.У амь хохирогчийг хүнд өвчтэй гэдгийг мэдэж байсан, мэдэх боломжтой гэж үзэн улсын яллагчаас яллан, шүүхээс гэм буруутайд тооцсон нь илт үндэслэлгүйгээр хэт нэг талыг барьж, миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж, хууль шүүхийн өмнө хүн бүр тэгш эрхтэй байх эрхийг ноцтой зөрчин, хууль бусаар буруутгасан гэж өмгөөлөгчийн зүгээс дүгнэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийг тодорхой тайлбарласан Улсын Дээд Шүүхийн 2 удаагийн тайлбар байна.

 

Тухайлбал: -Улсын Дээд Шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн №105 тогтоолд "Эрүүгийн хуулиар хамгаалагдсан харилцааг зөрчиж, хор хохирол учруулсан этгээдийн гэм буруутай эсэхийг тогтоохдоо үйлдэлдээ хандаж байгаа хандлага буюу гэм буруугийн хэлбэрийг зөв тодорхойлсны эцэст эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг болно", мөн Улсын Дээд Шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн №242 тогтоолд "Аливаа гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй болон амь хохирогчийн үхлийн хооронд шалтгаант холбоо байгаа нь дангаар хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдэгдсэн болохыг нотлохгүй ба хүний амь насыг болгоомжгүй хохироох гэмт хэрэгт ч энэ шинж хадгалагддаг болно. Эдгээр гэмт хэргүүд нь гэм буруугийн субъектив тал буюу гэмт хэргийн сэдэлт, санаа зорилгоороо ялгагдаж хүнийг санаатай алах гэмт хэргийг шууд санаагаар үйлдэхдээ гэмт этгээд хохирогчийн үхлийг хүссэн байдаг бол шууд бус санаагаар үйлдсэн тохиолдолд хохирогчийн үхлийг чухалчлаагүй боловч үйлдлийн үр дүнд хохирогч үхэхийг мэдэж зориуд хүргэсэн байдаг. Харин хохирогчийн амь насыг хохироохыг шүүгдэгч хүсээгүйгээс гадна хэдийгээр амь насанд аюултай үйлдэл хийж байгаагаа мэдэх ёстой боловч мэдээгүй бол хайхрамжгүй хандлагаар, мэдсэн боловч тийм үр дагаварт хүргэхгүй гэж найдсан бол хөнгөмсөг хандлагаар уг гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж болгоомжгүйгээр бусдын амь насыг хохироох гэмт хэрэгт гэм буруутайд тооцно" гэж тус тус тайлбарласан байтал хууль зүйн дүгнэлт хийлгүй шийдвэрлэсэн байна.

Мөн энд шалтгаант холбооны талаар зайлшгүй дурдах ёстой, шүүх эмнэлгийн шинжээч эмч нарын 2 удаагийн дүгнэлтээр архаг цус хомсрох өвчний улмаас зүрх зогсож нас барсан үхлийн шалтгаан тодорхой байтал миний үйлчлүүлэгч Т.Уыг албан үүргээ гүйцэтгэсний төлөө буруутгасан нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд дээр дурдсан Улсын Дээд Шүүхийн 2 удаагийн тайлбараар үгүйсгэгдэж байна.

 

3. Яллах дүгнэлтэд дурдсан хуулийн заалтыг үндэслэл болголгүй ялласан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Энд Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам "Согтууруулах ундаа, мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх, хордуулах бодис хэрэглэсэн эсэхийг шалгах-220"-ын 220.4.2, 220.4.3, 220.4.11-ийг үндэслэл болгож гэм буруутайд тооцсон боловч шийтгэх тогтоолдоо Цагдаагийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1.1 дэх хэсгээр буруутгасан байна.

Өөрөөр хэлбэл Т.У нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг хохироосон гэж ялласан боловч хэргийн үйл баримт, анхан шатны шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудыг дүгнэж үзэхэд, харин эсрэгээрээ цагдаагийн алба хаагч Т.У нь хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлсэн нөхцөл байдал тогтоогддог юм. Тухайлбал:

 

Монгол Улсын "Цагдаагийн албаны тухай" хуульд нийцүүлэн гаргасан Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам, үйл ажиллагааны стандартын хууль тогтоогчид баталж өгсөн. Энэ ажлын чиг үүрэг, үйл ажиллагааны онцлог бүрийг тусгайлан кодолж өгсөн байдаг. Үүнд:

-код 213 /Гэмт хэрэг, зөрчлийг шалгах хойшлуулшгүй ажиллагаа/,

-код 223 /гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүнийг баривчлах, төрийн байгууллагад хүргэх/,

-код 202 /Гэмт хэрэг, зөрчлийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авах/,

-код 220 /Согтууруулах ундаа, мансууруулах сэтгэцэд нөлөөлөх, хордуулах бодис хэрэглэсэн эсэхийг шалгах/,

-код 234 /Биеийн хүч, тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэх/, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Улсын ерөнхий прокурорын хамтарсан 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн А-224/А-102 тоот тушаалаар баталсан "Цагдаагийн алба хаагч биеийн хүч, тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэх заавар" журмыг хэрэгжүүлж, гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх нийтлэг үүргээ гүйцэтгэсэн нь шүүх хуралд шинжлэн судалсан нотлох баримтаар бүрэн дүүрэн тогтоогддог юм.

 

4. Мөн шийтгэх тогтоолын "Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт" хэсэг буюу 23 дугаар талд. -Нөгөөтээгүүр талийгаачийн архаг цус хомсрох өвчнийг тухайн цаг хугацаанд цагдаагийн алба хаагч Т.У нь хүч хэрэглэн, уурлуулах, бухимдуулах зэргээр сэдрээх шалтаг болсон байна, энэ талаар шинжээч Ц.Ганболд эмчийн мэдүүлгээр нотолж байна гэж дүгнэжээ.

Төв аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн шүүх хуралдаан дээр шинжээч эмч Ц.Ганболд нь өөрийн дүгнэлтийг хамгаалж чадаагүй бөгөөд тухайн шүүх хуралдааны тэмдэглэлийн 44 дүгээр талд: ...уг өвчин нь архины хэрэглээний улмаас сэдэрдэг өвчин гэв..., мөн 46 дугаар талд Э.Ганбат өмгөөлөгчийн асуултад хариулахдаа: ...талийгаач зүрхний архаг цус хомсрох өвчин буюу зүрхний титэм судасны 70-80 хувь нарийссан байсан, титэм судасны дутагдлаас болж нас барсан гэв..., ...архи нь эрсдэлт хүчин зүйлийн нэг гэж үздэг..., мөн 47 дугаар талд ...ийм өвчтэй хүн биеийн хүчний ажил хийж байгаад гэнэт үхсэн, эсхүл зүгээр унтаж байх үедээ нас барсан тохиолдол байдаг... гэж тус тус мэдүүлэг өгч байсан бөгөөд хэргийг прокурорт буцаах шүүгчийн захирамжид шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй гэх үндэслэлийг тодорхой дүгнэсэн байдаг.

 

5. Амь хохирогчийн тухайн үед гаргасан авир, шаардлага эсэргүүцсэн нөхцөл байдлын талаар 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлийн 39 дүгээр талд С.Соронзонболд өмгөөлөгчийн асуултад насанд хүрээгүй гэрч хариулахдаа: ...машины хаалга руу хөлөөрөө 4-5 удаа жийсэн..., цонх руу 6-7 удаа цохисон.., гэх үйл баримтыг шинжлэн судлуулсан.

Эцэст нь дүгнэж хэлэхэд цагдаагийн алба хаагчид гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх хуулиар хүлээсэн үндсэн үүргээ гүйцэтгэх явцад гэмт хэрэг, зөрчилд холбогдон шалгагдаж болно. Гэхдээ энэ тохиолдолд тухайн цагдаагийн алба хаагч хуулийн дагуу ажилласан уу, иргэн цагдаагийн алба хаагчийн шаардлагыг биелүүлсэн үү, эсэргүүцэл үзүүлсэн үү гэдэгт хууль зүйн үнэлэлт, дүгнэлт гаргалгүй орхигдуулж, миний үйлчлүүлэгч нарын эрх зүйн байдлыг дордуулж, мөн 2 дугаар шүүх эмнэлгийн дүгнэлтээр талийгаач нь архаг цус хомсрох өвчний улмаас нас барсан гэж үхлийн шалтгаан тодорхой байхад албан үүргээ гүйцэтгэсэн цагдааг буруутгаж байгаа нь өмгөөлөгчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байх тул миний гаргасан гомдлыг хянан үзэж, шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд миний үйлчлүүлэгчийн холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор П.Даваасүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүх нь нотлох баримтад тулгуурлан үндэслэлтэй шийдвэрлэсэн. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд /цахимаар/ оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Өын хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгасан, Т.Ут Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар хэргийг нь өршөөсөнд гомдолтой байна. Хохирлыг төлөх ёстой гэж бодож байна. Хэргийг үнэн зөвөөр шийдэж өгөөсэй гэж хүсч байна гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд /цахимаар/ оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Батзаяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэргийг прокурорт буцаах үндэслэл байхгүй. Т.Уыг гэм буруутайд тооцсон нь үндэслэлтэй. Б.Өыг үйлдлээрээ нэгдсэн гэж үзэж байна. Анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд /цахимаар/ оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Р.Булгамаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгчийн өмгөөлөгч нар цагдаагийн алба хаагчийн хууль бус шаардлагыг зөв мэтээр тайлбарлаж байгаад харамсаж байна. Энэ хэрэг насанд хүрээгүй Даваадорж гэдэг гэрчтэй байсан. Энэ гэрч тогтвортой мэдүүлэг өгсөн байгаа. Болгоомжгүй хүний амь насыг хохироосон гэдэгт одоо болтол санал нийлэхгүй байгаа. Б.Өыг цагаатгасан үйл баримттай санал нийлэхгүй байна гэв.           

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнай тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шүүхийн шийдвэр нь үндэслэлгүй гарсан. Т.Уыг цагаатгаж өгнө үү. Цагаатгах боломжгүй гэвэл хэргийг прокурорт буцааж өгнө үү гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч С.Соронзонболд тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Б.Өыг цагаатгасан нь үндэслэлтэй. Амь хохирогч зүрхний өвчнөөр нас барсан байхад миний үйлчлүүлэгчийг буруутгаад байгаад гомдолтой байна. Иймд Т.Ут холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж өгнө үү гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон цагаатгагдсан этгээд Б.Ө тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмгөөлөгч нартайгаа санал нэг байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Т.У, Б.Ө нарт холбогдох эрүүгийн 1934008400158 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Б, шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Баярмагнай, С.Соронзонболд нарын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Шүүгдэгч Т.Ут холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-т зааснаар хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд буюу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсон байна.

 

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж цуглуулж, бэхжүүлэн уг нотлох баримтуудыг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр үнэлж хэргийг шийдвэрлэсэн байна.

 

Шүүгдэгч Т.У нь 2019 оны 09 дүгээр сарын 23-ны орой 19 цаг 20 минутын орчимд Төв аймгийн Угтаалцайдам сумын нутагт Асгат 2 дугаар багийн дэвсгэрт албан үүрэг гүйцэтгэж яваад иргэн Пүрэвжалын Гыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон зөрчил гаргасан гэх үндэслэлээр согтуурлыг шалгах нэрийдлээр авч явахдаа Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 “Биеийн хүчийг хэрэглэх”-д заасныг зөрчиж хүч хэрэглэсний улмаас хүний амь насыг  болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Гэрч Х.Тулгабаатарын: ...Г ахын машины хажууд хар өнгийн гупертэй цагаан өнгийн машинаас нүдний шилтэй дунд зэргийн нуруутай энгийн хувцастай бор залуу бууж ирээд Г ахыг та буугаад ирээч гэж хэлсэн. Тэгэхэд Г ах машинаасаа за гэж хэлээд буусан. ...Тэгтэл нөгөө цагдаа нь Г ахыг машинаасаа буугаад ир гээд буулгаад өөрсдийнхөө унаж явсан цагаан өнгийн автомашины хойд хаалгаар оруулаад суулгачихаар нь би нөгөө машин дээр очиход Г ах тэр хоёр цагдаатай жоохон ам мурийгаад хэрэлдэж байх шиг байсан. Г ах нөгөө цагдаа нарт хандаад намайг Атар авч явах гэж байгаа бол би энэ машинаас бууя гэхэд нөгөө энгийн цагдаа нь би Угтаал гэж хэлэх гэж байгаад Атар гээд андуураад хэлчихлээ. Таныг Угтаалын цагдаагийн хэсэг дээр аваачиж үлээлгээд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг чинь хасна гэж хэлтэл Г ах за тэгвэл би та нартай хамт явъя. Миний эрхийг хасаарай та нар гэж хэлээд машиных нь хаалгыг хаахад тэр цагаан автомашинтай цагдаа нар урд зүг рүү хөдлөөд явсан... /1-р хх-ийн 57-59/,

 

гэрч Ж.Бямбадуламын: ...Тэгээд би эмнэлэг дээр 19 цаг 15 минутад орж ирэхэд цагдаагийн хэсгийн байрны ард 2 энгийн хувцастай 1 цагдаа хувцастай 3-н залуу маргалдах маягтай нөгөө цагдаа залууг 2 залуу нийлээд чи хүн алчихлаа шүү дээ гээд түлхээд сэгсэрч байгаа харагдсан. Ингээд би тэр гурвыг хараад эмнэлэг рүү ороход Н.Нарантунгалаг Г ахад яаралтай тусламж үзүүлж байсан. Тухайн үед хажууд нь Оюунтунгалаг, Одгарав нар байсан. Тэгээд бид нар нийлж Г ахад сэхээн амьдруулах анхны тусламж үзүүлэхэд талийгаач Г нь зүрх нь зогссон, амьсгалгүй, гар нь хүйт даасан, царай нь хөх туяа татсан байдалтай нас барсан байсан... /1-р хх-ийн 62-63/,

 

гэрч Г.Одгаравын: ...2019 оны 09 дүгээр сарын 23-ны 19 цаг 07-нд минутад иргэн Г хүү Г.Шинэбаяр, 14-н настай Даваадорж нар Гыг өргөж орж ирсэн. Тэгээд би Гын биеийн байдлыг шалгахад хүүхэн хараа өргөсөн, ухаангүй, амьсгалгүй, царай нь хөхөрсөн, өмссөн хувцас нь норсон, фудволк нь урд захаас доошоо 10 гаран см урагдсан, өмдөндөө шээсэн байсан. Ингээд би их эмч Н.Нарантунгалагийн хамтаар Гад амилуулах суурь тусламжийг стандартын дагуу үзүүлсэн боловч Г амьсгал орохгүй нас барсан байсан... /1-р хх-ийн 65-66/,

 

гэрч Н.Нарантунгалагийн: ...2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр намайг гэртээ байж байхад 19 цаг 07 минутад миний утсанд яаралтай ирээрэй гэсэн дуудлага эмнэлгээс ирсэн. Би 19 цаг 09 минутад эмнэлэг дээр очиход эмнэлгийн тарианы өрөөнд сувилагч Одгарав, Шинэбаяр, Оюунтунгалаг, талийгаач Г байсан ба Г хэвтэж байсан. Тэгээд би анхан шатны үнэлгээгээ хийхэд амьсгалгүй, ухаангүй, бие хөрсөн, царай хөхөрсөн, хүүхэн хараа гэрлийн урвалгүй өргөссөн, зүрхний авиа сонсогдохгүй даралтгүй, булчин суларсан, хариу үйлдэл үгүй байсан. Тэгээд биед үзлэг хийхэд толгойтой үс цээж фудволк норсон, өмдөндөө шээсэн, сэхээн амьдруулах арга хэмжээг авахад амьсгал зүрх орж ирээгүй учир сэхээн амьдруулах эмчилгээг 19 цаг 18 минутад зогсоосон. Үзлэгээр сэхээн амьдруулах эмчилгээ хийж байхад талийгаач Гын фудволк урд хэсгээрээ гэдэс доош хэсэг рүү 10-15 см урагдсан байсан... /1-р хх-ийн 69-70/,

 

амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Бийн: ...Хэрэг гардаг өдөр болоход би Төв аймгийн Жаргалант суманд байсан. Тэр үед ах маань залгаад миний дүү зөөлөн гараарай, аав өнгөрчихлөө гэж хэлсэн. Эмнэлэг дээр очоод энэ талаар сонссон. Надад цагдаа нар аавыг чинь алчхаад зугтаачихсан гэж л хэлсэн. ...Эмнэлэг дээр байхдаа намайг аавыгаа харах уу гэж асуухаар нь би орж харсан. Тэгэхэд миний аавын хүзүү нь нэлээд улайсан, фудволк нь урагдсан, баруун талын чих нь цус хурсан юм шиг улайсан байсан. Бас баруун гарын суганы харалдаа цээж хэсэгт хөхөрсөн байсан. Би бүсэлхийнээс доош бол харж чадаагүй. Би хараад шууд миний аавыг цохиж, зодож хөнөөсөн байна гэж харсан. ...Гомдолтой байна... /1-р хх-ийн 235-237/

 

гэрч Ц.Батбаярын: ...Талийгаач утсаа авсан боловч надтай ярихгүй, цаашаагаа яриад байсан. Тухайн үед нь утас нь шуугиад яриа нь хааяа сонсогдоод хааяа сонсогдохгүй, шажигнаад байсан юм. ...Утсаа сонсоход "би бригад дээрээ бууя, манайх энүүгээр тойроод байгаа" гэсэн яриа гарснаа хэсэг байж байгаад "яаая гар, гар хугаллаа" гээд талийгаач яриад байгаа нь сонсогдоод хэсэг хугацаанд гарны тухай яриа гараад байсан. Би тухайн үед ноцолдоод байгаа юм байхдаа гэж бодож байсан юм. Тэгээд хэсэг утас нь шуугьж, яриа нь сонсогдохгүй байснаа чамайг шоронд чинь хийнэ шүү гэл үү шоронд оруулна шүү гэсэн үү ямар ч байсан шоронгийн тухай яриа гарсан. Тэгээд утас нь тасарсан... /2-р хх-ийн 84-87/,

 

гэрч Ө.Бадралын: ...Тэгсэн чинь жижиг машин дотроос нүдний шилтэй энгийн хувцастай цагдаа нь Галаа ах руу хандаад "Ах хүү та буугаад ир" гэж хэлэхэд Галаа ах яасан бэ миний дүү гээд машинаасаа буугаад цагдаагийн сууж явсан машины хойгуур тойроод энгийн хувцастай цагдаагийн сууж байсан хаалганы дэргэд очсон. Тэр үед цагдаа хувцастай залуу нь машинаасаа буугаад Галаа ахын жолоодож явсан машины түлхүүрийг машинаас нь сугалаад авч байгаа харагдсан. ...Биднийг яваад очиход энгийн хувцастай цагдаа нь машины урд талын суудалд суучихсан, нөгөө цагдаа нь Галаа ахыг машинд суулгах гээд түлхээд байсан. Харин Галаа ах "би Атар руу явахгүй" гээд машины хаалганд хөлөө тээглүүлчихсэн байсан. ...Галаа ахад тэр цагдаа нь таныг Атар руу авч явахгүй ээ, энэ цагдаагийн хэсэг руу явна" гэхэд "хэрвээ энэ цагдаагийн хэсэг рүү явах гэж байгаа бол тэг тэг миний эрхийг хас" гээд хөлөө татаад машинд суучихсан... /2-р хх-ийн 34-37/,

 

Насанд хүрээгүй гэрч Н.Даваадоржийн: ...Одоо санаж байгаагаар ярихад талийгаач тухайн үед “би буумаар байна. би Атар руу явах юм хийгээгүй..." гэсэн утгатай зүйлүүдийг ярьж машины жолоочийн талын арын хаалганы цонхыг гараараа цохиод байсан. Тэгэхэд нөгөө дүрэмт хувцасгүй цагдаа урдаас давж орж ирээд талийгаачийн фудволкны захаас бариад намайг урд суудал руу суу гэж хэлсэн, тэр үед машин зогсоогүй, машиныг давах дунд нь энгийн хувцастай цагдаа бид хоёр байрлалаа сольж би урд талын суудал буюу жолоочийн хажуу талын суудал дээр суусан Би машины хойд тал руу харахад энгийн хувцастай цагдаа Г ахын фудволкны захаас мушгисан чигээрээ түүнийг жолоочийн арын хаалга руу түлхсэн. Тэр үед талийгаачийн фудволкны захаас заамдаж бариад хаалга руу түлхэхэд талийгаач өөдөөс нь мөн түлхэлцээд байсан, тэр хоёр тиймэрхүү байдалтай миний багцаагаар 3-4 минут болсон байх. Гэтэл талийгаач бүгчимдээд байна гэсэн, тэгэхэд цагдаагийн алба хаагч яг ямар үйлдэл үзүүлсэн зэргийг би санахгүй байна. Тэгээд жоохон явж байгаад талийгаачийн талын хаалганы цонхыг энгийн хувцастай цагдаа онгойлгосон, би тэр үед урд талын суудал дээр нэг урагшаа, нэг хойшоо эргэж харсан байдалтай явж байсан. Талийгаач бүгчимдээд байна гэж хэлснээс хойш ямар нэг зүйл яриагүй, идэвхтэй хөдөлгөөн хийгээгүй, талийгаачийг тийшээ чимээгүй болчихоор нь машинаа зогсоож цагдаагийн алба хаагчид буулгаад газарт бөгсөөр нь, хөлийг нь урагш жийлгээд буулгахад хажуу тийш газарт байсан, тэгсэн нурууных нь ард талд дүрэмт хувцастай цагдааг зогсоож түшүүлээд намайг машинаас ус авчир гэхээр нь би авчирч өгөхөд нүүр рүү нь ус цацсан. Тэгсэн чинь энгийн хувцастай цагдаа "ямар бааштай пизда вэ" гэж хэлж байсан. Тэгээд намайг амьсгалахгүй байгааг хэлэхэд тэр хоёр өөрсдөө үзээд машиндаа буцааж суулгаад сумын төв рүү эмнэлэг рүү авч явсан. Г ахыг машинд суулгаад дөнгөж хөдлөөд ертөнцийн зүгээр баруун тал руу эргэх гэж байхад тэрээр бууя гээд машины хаалгыг онгойлгосон. Тухайн үед Г ах жолоочийн арын суудалд сууж байсан. Хаалга онгойлгоход энгийн хувцастай цагдаа нь эргэж хараад Г ахын фудволкноос зуурч авахад дүрэмт хувцастай цагдаа машинаа зогсоож буугаад машины хаалгыг гадна талаас нь хаасан. Энэ үйл явдлын дараа талийгаачийн бие эвгүйрэх зэрэг зүйл ажиглагдаагүй зүгээр л байсан. Цагдаагийн алба хаагчид тухайн үед Г ахад яг ямар шаардлага тавиад байсныг нарийн санахгүй байна. Машинд явж байхдаа Г ах цагдаагийн алба хаагчдыг хэл амаар доромжлоогүй, харин "...би ажилтай хүн бууя.." гэх зэрэг үгийг л хэлээд байсан. У гэж цагдаагийн ажилтны ярьж байгаа шиг би Г ахад "Та боль, тайвшир, цагдаа нарыг хэл амаар битгий доромжлоод бай... гэх зэрэг үгийг хэлээгүй... /4-р хх-ийн 240-242

 

насанд хүрээгүй гэрч Н.Даваадоржийн дахин өгсөн ...Талийгаач анх машинд суухад түүний хувцас нь урагдаагүй байсан. Дүрэмт хувцасгүй цагдаа нь талийгаачтай ноцолдож байгаад фудволкных нь урд талын цээжний хэсгийг доош нь ураад хаячихсан шүү дээ... /2-р хх-ийн 50-51/,

 

Шинжээч И.Ганболорын: ...Талийгаач зүрхний цус хомсрох буюу архаг өвчтэй байжээ. Мөн бөөрний архаг тэвширцэрийн өрөвсөлтэй байжээ. Талийгаачийн үхлийн шалтгааныг тодорхойлохдоо түүний биеийн эрхтэн тус бүрээс авсан эдийн эсийн түвшинд судалж буй нарийн шинжилгээ буюу Гистологийн шинжилгээ болон задлан шинжилгээний явцыг үндэслэн гаргасан. Зүрхний цус хомсрох өвчин гэдэг нь зүрхний булчинд цусан хангамж дутагдсанаас зүрхний булчингийн үйл ажиллагааны алдагдалд орох өвчин юм. Талийгаачийн зүрхэнд цусан хангамж дутагдсанаас болоод зүрхний булчингийн алдагдалд орж нас барсан байна гэж үзэж болно. Үүнийг шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан магадлал шинжилгээний онош, гистологийн шинжилгээний хариу зэргээс харж болно. Өөрөөр хэлбэл талийгаачийн зүрхний булчингийн үйл ажиллагаанд цус дутагдсанаас зүрхний үйл ажиллагаа зогсож талийгаач нас барсан байна. Зүрхний архаг цус хомсрох өвчин нь хүний сэтгэл санаа, бие махбодид ачаалал өгсний улмаас хууч өвчин сэдэрч, зүрх хэт ачаалал авч нарийссан судсаар цус хангалттай нэвтрэх боломжгүй болж, зүрхний үйл ажиллагаа зогсдог юм. /2-р хх-ийн 145-148/,

 

Шинжээч Ц.Ганболдын ...Тухайн зүрхний архаг цус хомсрох өвчин нь насжилттай холбоотойгоор улам даамжирч явагддаг өвчин ба эмчилгээ хийлгээд бүрэн эдгэрэхгүй, архаг явцтай өвчин байгаа юм. Талийгаачийн зүрхний титэм судасны нарийсал нь 80-58 хувьтай хатуурч, нарийссан байсан. Ийм өвчний үед хүний зүрхээр хатгуулах, өвдөх, амьсгаадах, дэлсэх зэрэг шинж тэмдэг илэрнэ. Хэрвээ тухайн хүн нь эмнэлгийн байгууллагад хандаж байгаагүй бол өөрийгөө зүрхний архаг цус хомсрох өвчтэй гэдгээ мэдээгүй байсан байж болно... ...Уг зүрхний архаг цус хомсрох өвчин нь сэтгэл санааны эерэг, сөрөг хөдлөл уурлах бухимдах, баярлах хөөрөх, гуниглах үед сэтэрдэг. Талийгаачийн уурлах бухимдах үед түүний зүрхний архаг цус хомсрох өвчин сэтэрч үхэлд нөлөөлнө. Ер нь бол ихэнх тохиолдолд уурлаж бухимдсаны улмаас зүрхний архаг цус хомсрох өвчнөөр нас барах тохиолдол элбэг байдаг... ..Зүрхний архаг цус хомсрох өвчин бол богино хугацаанд үхэлд хүргэдэг өвчин байгаа юм. Сумын эмнэлгийн нөхцөлд амьд очсон ч аврах боломж багатай ба яагаад гэвэл сумын эмнэлэгт зүрхний яаралтай тусламж үзүүлэх төхөөрөмж байхгүй. Зүрхний яаралтай тусламж үзүүлэх төхөөрөмж нь Улсын 3 дугаар төв эмнэлэгт байдаг ба аймаг, сумдын эмнэлгүүдэд тус төхөөрөмж одоогийн байдлаар байхгүй байгаа юм........ Талийгаачийн зүрхний архаг цус хомсрох өвчин бол эмчилгээ хийсэн ч эдгэрэхгүй өвчин. Талийгаач уг өвчний улмаас хэзээ нэгэн өдөр нас барна гэдэг ойлгомжтой. Дээр хэлсэнчлэн талийгаачийн архаг цус хомсрох өвчний эрсдэлийг олон зүйл нэмэгдүүлнэ. Жишээ нь зүрхний архаг цус хомсрох өвчин нь сэтгэл санааны эерэг, сөрөг хөдлөл уурлах бухимдах, баярлах хөөрөх, гуниглах үед сэдэрдэг. Үүнийг анагаах ухааны шинжлэх ухаанд шалтгаан биш шалтаг гэж хэлдэг. Талийгаачийн зүрхний архаг цус хомсрох өвчнийг тухайн цаг хугацаанд цагдаагийн албан хаагч нар нь хүч хэрэглэх, уурлуулах, бухимдуулах гэх зэргээр сэдрээх шалтаг болжээ гэж хэлнэ... /2-р хх-ийн 197-199/ гэх мэдүүлгүүд,

 

Гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай /1-р хх-ийн 10/, Тээврийн хэрэгслүүдэд үзлэг хийсэн /1-р хх-н 19-20, 30-31/, хувцсанд үзлэг хийсэн тухай /1-р хх-н 37-38/, Цогцост үзлэг хийсэн тухай /1-р хх-ийн 40 дүгээр хуудас/ тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 21-30, 32-36 дугаар хуудас /,

Угтаалцайдам сумын эрүүл мэндийн төвийн 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 19 цаг 07 минутад амь хохирогч П.Гыг хүлээн авсан яаралтай тусламжийн хуудас /1-р хх-ийн 51/,

 

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 4671 дугаартай /2-р хх-ийн 103-108/, Төв аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 154 дугаартай /2-р хх-ийн 112-139/, Төв аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 25 дугаартай /2-р хх-ийн 141-142/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 194 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн /2-р хх-ийн 183-196/ дүгнэлтүүд болон шүүгдэгч Т.Уын хувийн байдлыг тогтоосон баримтууд зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.

 

Т.У нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийг үйлдсэн болох нь гэмт хэргийн субъектив талын шинж буюу П.Гын үхлийг хүсээгүй ч түүний хийж буй үйлдэл нь П.Гын амь насанд аюултай байж болохыг мэдэх ёстой боловч мэдээгүй хайхрамжгүй хандсан болгоомжгүй гэм буруугаар тодорхойлогдож байна.

 

Прокуророос шүүгдэгч Т.Уын гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн үйл баримтын талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь үндэслэлтэй бөгөөд хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

 

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Боржигон овгийн Төмөрхүүгийн Уын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндсэн ялыг өршөөн хэлтрүүлсэн нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийг зөв хэрэглэсэн байна.

 

Цагаатгагдсан этгээд Б.Өын хувьд хэрэгт авагдсан насанд хүрээгүй гэрч Н.Даваадорж болон бусад гэрч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтүүдээр шүүгдэгч Т.Утай бүлэглэн П.Гын амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэх үйл баримт тогтоогдохгүй байх бөгөөд энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

Цагаатгагдсан этгээд Б.Ө нь Угтаалцайдам суманд ажил үүргээ гүйцэтгэж, албаны тээврийн хэрэгсэл жолоодож явсан ба Цагдаагийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.1-т заасны “дээд шатны цагдаагийн байгууллага, албан тушаалтны шийдвэрийг доод шатны цагдаагийн байгууллага, алба хаагч биелүүлэх” гэж заасны дагуу дээд шатны албан тушаалтан болох ахлах мөрдөгч Т.Уын шийдвэрийг биелүүлж, архи, согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгах, машинд суулгах, улмаар машин хөдлөх явцад машины хаалга онгойлгоод буух үйлдэл хийхэд машиныг зогсоож хаалгыг онгойдоггүй горимд шилжүүлэн хаах зэрэг үйлдлүүдийг хийсэн нь дээд шатны албан тушаалтны тавьсан шийдвэрийг биелүүлсэн байна. Мөн насанд хүрээгүй гэрч Н.Даваадорж, гэрч Х.Тулгабаатар, Ө.Бадрал нарын мэдүүлгүүдээр шүүгдэгч Т.Уыг талийгаач П.Гын биед хүч хэрэглэхэд бүлэглэж оролцсон гэх үйл баримт тогтоогдоогүй байна.

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Баярмагнай “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн буюу шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй. Иймд Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар 07-ны өдрийн 455 дугаартай шийтгэх тогтоолын Т.Ут холбогдох хэсгийг хүчингүй болгож түүнийг цагаатгаж өгнө үү”, шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Соронзонболд “ Миний үйлчлүүлэгч нарын эрх зүйн байдлыг дордуулж, мөн шүүх эмнэлгийн дүгнэлтээр талийгаач нь архаг цус хомсрох өвчний улмаас нас барсан гэж үхлийн шалтгаан тодорхой байхад албан үүргээ гүйцэтгэсэн цагдааг буруутгаж байгаа нь өмгөөлөгчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байх тул миний гаргасан гомдлыг хянан үзэж, шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд миний үйлчлүүлэгчийн холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү”, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Б “Б.Өд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосонд, хохирол, хор уршгийн асуудлыг шийдвэрлэхдээ нийт 74.898.417 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд, Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэж шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг өршөөн хэлтрүүлсэнд гомдолтой тул шийтгэх тогтоолд гомдолд дурдсан асуудлаар дүгнэлт өгч зохих шийдвэрийг гаргаж өгөхийг хүсье” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус гаргажээ.

 

2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр “Өршөөл үзүүлэх тухай” хуулийг Монгол Улсын Их Хурал баталсан. Хуулийн зорилт нь Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солихтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино. Шүүгдэгч Т.Уын үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т заасан “хууль үйлчлэх цаг хугацаа, хүрээ”-нд хамаарч байна. Мөн хуулийн Гуравдугаар бүлгийн 9 дүгээр зүйлд заасан “Өршөөлд хамааруулахгүй гэмт хэрэг, эрүүгийн хариуцлагын төрөл”-д заасан өршөөлд хамааруулахгүй нөхцөлд шүүгдэгч Т.Уын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг багтаагүй байна. Иймд анхан шатны шүүх шүүгдэгч Т.Ут холбогдох эрүүгийн хэргийг 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т зааснаар өршөөн хэлтрүүлсэн Өршөөл үзүүлэх тухай хуулийг зөв хэрэглэсэн байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан.

 

Анхан шатны шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Бийн нэхэмжлэлийн шаардлагаас Хаан банкны тариалалтын зээл 45 410 192 төгрөг, Хаан банкны малчны зээл 6 450 937 төгрөг, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн өр 12 842 405 төгрөг, аж ахуй нэгжийн татварын өр 194 883 төгрөг, өмгөөлөгчийн хөлс болох 10 000 000 төгрөг нийт 74 898 417 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Бийн нэхэмжилсэн Хаан банкны тариалалтын зээл 45 410 192 төгрөг, Хаан банкны малчны зээл 6 450 937 төгрөг, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн өр 12 842 405 төгрөг, аж ахуй нэгжийн татварын өр 194 883 төгрөг нийт 64 898 417 төгрөгийг гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд шууд учирсан үр дагавар гэж үзэх боломжгүй байна. Учир нь дээрх банк, сангийн зээлийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзэх боломжгүй, гэмт хэрэг үйлдэгдэхээс өмнө уг зээлүүдийг талийгаач П.Г авсан байсан, талийгаач П.Гын авсан банк, сангийн зээл нь шүүгдэгч Т.Уын гэмт үйлдэлтэй шалтгаант холбоогүй байна.

 

Монгол Улсын Үндсэн Хуулийн 16 дугаар зүйлийн 14, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 4-т зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалуулах, хууль зүйн туслалцаа авах эрхтэй тул эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчтэй оролцох эсэх нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хүсэл зоригийн асуудал юм. Мөн өмгөөлөгчийн хөлс нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1-д заасан өмгөөлөгчид төлөх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал биш учраас шүүгдэгчээс гаргуулах зайлшгүй хохиролд хамаарахгүй байх бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн хөлсийг шүүгдэгчээс гаргуулах боломжгүй байна.   

 

Шүүгдэгч Т.У нь талийгаач П.Гын амь насыг хохироохыг хүсээгүй ч амь насанд нь аюултай үйлдэл хийж байгаагаа мэдэх ёстой боловч мэдээгүй хайхрамжгүй хандлагаар Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 “Биеийн хүчийг хэрэглэх”-д заасныг зөрчиж биед нь хүч хэрэглэсний улмаас П.Гын зүрхний архаг цус хомсрох өвчнийг сэдрээн улмаар түүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдсон байна. Талийгаач П.Гыг шалгахад согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. Угтаалцайдам сумын төвд согтуурал хэмжигч багажгүйн улмаас тус сумын эмнэлгийн байгууллагад очиж согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон этгээдийн цуснаас дээж авч Шүүхийн шинжилгээний байгууллагад шинжилгээ хийлгэхээр хүргүүлэх боломжтой байхад уг ажиллагааг хийлгүйгээр согтууруулах ундаан зүйл хэрэглэсэн эсэхийг шалгахаар Баянхангай /Атар/ сум руу авч явах гэхэд талийгаач П.Г явахгүй гэж бухимдахад нь шүүгдэгч Т.У түүнд тайвшрах боломж олголгүй, аль болох сөргөлдөөнөөс зайлсхийж, биеийн хүч хэрэглэхээс татгалзах ёстой байтал насны болон эрүүл мэндийн хувьд эрсдэлтэй хүнд амь насанд нь аюултай үйлдэл хийж байгаагаа мэдэх ёстой боловч мэдээгүй биеийн хүч хэрэглэснээс болж П.Гын зүрхний архаг цус хомсрох өвчнийг сэдрээн түүний амь насыг болгоомжгүйгээр хохироожээ.

 

Иймд шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Баярмагнай, С.Соронзонболд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Б нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

Анхан шатны шүүх Б.Өд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгахдаа шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дүгээр заалтад процессын хууль болох Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-ийг баримтлалгүй шийтгэх тогтоол гаргахдаа удирдлага болгох Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг баримталсан, шүүгдэгч Т.Уаас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байхад хэрэгсэхгүй болгосон нь тус тус буруу байх тул дээрх заалтуудыг зөвтгөн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 455 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн удирдлага болгох заалтад “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан“ гэж нэмж оруулан,

 

- тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-т заасныг баримтлан Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Т.У, Б.Ө нарт холбогдох эрүүгийн 1934008400158 дугаартай хэргээс шүүгдэгч Боржигон овгийн Бат-Эрдэнийн Өд холбогдох үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож, цагаатгасугай.” гэж,

 

- тогтох хэсгийн 2 дугаар заалтын “2. Шүүгдэгч Боржигон овгийн Төмөрхүүгийн Уыг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэснийг “2. Шүүгдэгч Боржигон овгийн Төмөрхүүгийн Уыг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж,  

 

- тогтоох хэсгийн 8 дугаар заалтын “8. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Бийн нэхэмжлэлийн шаардлагаас 74.898.417 төгрөгийг, шүүгдэгч Т.Уаас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гаргуулахыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.” гэснийг “8. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Бийн нэхэмжлэлийн шаардлагаас 74 898 417 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж тус тус өөрчлөн, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Б, шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Баярмагнай, С.Соронзонболд нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              М.МӨНХДАВАА

 

                   ШҮҮГЧИД                                             Т.ЭНХМАА        

 

                                                                                 Р.МӨНХ-ЭРДЭНЭ