Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 2017/ШЦТ/075

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч П.Д даргалж, 

Нарийн бичгийн дарга Ц.С

Улсын яллагч Х.Ө

Хохирогч А.С

Шүүгдэгч М.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.А-д холбогдох 1713000280023 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, М.А, яс үндэс казах, 1989 оны 10 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Баян-Өлгий аймгийн С сумын бүрэн дунд сургуульд багш ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн С сумын *** дүгээр багт оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, 

 

Шүүгдэгч М.А-ны холбогдсон хэргийн талаар: 

Шүүгдэгч М.А нь бүлийн маргааны улмаас эхнэр А.С-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч М.А нь 2017 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 21 цагийн үед Баян-Өлгий аймгийн С сумын *** дүгээр багийн нутаг дэвсгэр өөрийнхөө гэрт гэр бүлийн маргааны улмаас эхнэр А.С-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

- Шүүгдэгч М.А-ны мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2017 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн орой гэртээ комьпютерээр интернетэд орж фэйсбүүк хаягнаас зарим найзуудыг хасаж байсан юм. Тэгж байхад миний эхнэр А.С ирж намайг хардаж бичсэн мессежийг устгасан гэх зэргээр хэлсэн. Түүний төрхөм ойрхон болохоор ойр зуурын хэрүүл гарах үед тийшээ явдаг байсан ба тэр асуудлыг боль гэж хэлдэг байсан юм. Тэгээд хэрүүл гарч төрхөм руу явна гэх үед өөрийгөө барьж чадалгүй эхнэр А.С-ын нүүрний зүүн талын хэсэг рүү цохисон чинь зугтсан, би барьж авахад надад хүч өгөхгүй байсан тул довжоонд цохисон. Хэрүүл маргаан гарснаас болж би эхнэр А.С-ыг зодож биед нь халдсан нь үнэн. ...Үүнээс хойш ийм асуудал гаргахгүй...” гэх мэдүүлэг, 

- Хохирогч А.С-ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Миний бие М.А-тай гэр бүл болоод 2 жил болж байгаа, нэг хүүхэдтэй юм. Бид нар гэр бүл болохоос өмнө манай нөхөр А.Бгэгч эмэгтэйтэй үерхэж байгаад охинтой болсон. Тэр талаар би мэддэг байсан. Гэвч тэр охинтой гэр бүл болоогүй надтай үерхэж бид нар гэр бүл болсон. ...2017 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн орой би төрхөмдөө очих талаар нөхөртөө хэлсэн боловч “Би гадаа ажил хийнэ” гэж хэлээд надтай хамт яваагүй. Би төрхөм яваад ирэхэд нөхөр маань гадаа ажил хийгээгүй интернетэд орж байсан юм. Нөхөр маань босч явсны дараа би нөхрийнхөө интернет хаяг руу орж үзэхэд А.Бгийн фэйсбүүк хаягийг нээсэн байсан ба урьд нь би А.Бгийн хаягийг хаасан байсан юм. Тэгээд би нөхөртөө хандан “Чи Бгийн хаягийг яагаад нээсэн юм бэ?” гэж хэлснээс болж бидний дунд хэрүүл үүссэн. ...Улмаар намайг зодож үснээс зулгааж барьж авахаар нь би арай гэж зугтаж гэрээс гараад явж байсан чинь араас гарч ирээд миний толгойг хаалганы довжоонд хэд хэдэн удаа цохиж, гараараа нүүр лүү хэд хэдэн удаа алгадаж дараа нь хүзүүгээр багалзуурдсан. ...Миний нөхөр М.А намайг зодсон асуудлын талаар өөрөө сайн дураар уучлал гуйсан учраас хоорондоо эвлэрсэн байгаа...” гэх мэдүүлэг, 

Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 279 дугаартай “...1. Иргэн А.С-ын биед тархины доргилт, зүүн талын нүдний гадны ирмэгт хөх ягаан туяатай цус хуралттай, зүүн доод зовхинд хөх ягаан туяатай цус хуралттай, зүүн хацарт хөх ягаан туяатай цус хуралттай, хавантай, зүүн даланд хөх ягаан туяатай цус хуралттай, нуруунд шархтай, багалзуур орчим баруун ба зүүн талд хөх ягаан туяатай цус хуралттай зэрэг зөөлөн эдийн бэртэл гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл болно. 2. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 заалтыг агуулах хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно...“ гэх шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байна. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч М.А-ны үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ. 

Мөн уг гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх зарим гэмт хэрэгт хамаарч байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан байна. 

 

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч М.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэх нь зүйтэй байна. 

Иймд шүүгдэгч М.А-ны үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын хөнгөн ял болох торгох ялыг сонгон, хуульд заасан ялын бага хэмжээгээр буюу 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 /нэг мянга/ төгрөгтэй тэнцэх ба 450 нэгж нь 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгтэй тэнцэх юм.

Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэлт, хөрөнгө орлого зэрэг хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан 450000 төгрөгний торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов. 

Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч М.А нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болно. 

Шүүгдэгч М.А-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, мөн хэргийн хамт шүүхэд ирүүлсэн шүүгдэгчийн хувийн бичиг баримтыг өөрт нь буцаан олгох нь зүйтэй байна.  

Уг гэмт хэргийн улмаас хохирогч А.С-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд мөрдөн байцаалтын шатанд хохирогч нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч М.А-ныг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.А-ыг 450 “дөрвөн зуун тавь” нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.А-д оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч М.А-ны В-00907304 дугаар бүхий эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, иргэний цахим үнэмлэх зэргийг өөрт нь буцаан олгосугай. 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.Д