Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 183/ШШ2024/01812

 

 

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг,*******,*******,*******,******* хаягт оршин суух ******* овогт А******* (РД:*******)-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Х*******,*******, хаягт оршин суух ***** овогт Э (РД:ХЖ78021872)-нд холбогдох

 

Үндэслэлгүйгээр шилжүүлсэн 22,720,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б,

Хариуцагч Э.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч А.У, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч Э.Бд холбогдуулан үндэслэлгүйгээр шилжүүлсэн 22,720,000 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Хаан банк дахь Э.Бат-Эрдэнийн эзэмшлийн дугаар данс руу бараа ачуулах зорилгоор **** оны ** дүгээр сарын **-ний өдөр 22,720,000 төгрөг шилжүүлсэн. Уг мөнгийг бусдад өгсөн нэрийдлээр барааг нь өгөөгүй, мөнгийг нь одоо хүртэл өгөөгүй. Иймд Э.Бд үндэслэлгүйгээр шилжүүлсэн 22,720,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч Э.Б нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

2.1.Хаан банк дахь миний эзэмшлийн дугаар дансанд **** оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 11:05 цагт 22,720,000 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэн. 12:15 цагт С, Гаояан Лин руу 22,720,000 төгрөгийг тухайн үеийн юанийн ханш 466 төгрөгөөр тооцож 48,755 юань шилжүүлсэн. Үүнийг Г () хүлээж авснаа илэрхийлж хүлээн авлаа гэсэн зурвас бичсэн.

2.2.Миний бие 2020 оны 09 дүгээр сараас 2023 оны 09 дүгээр сар хүртэл Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу экспортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байсан. Тухайн үед ковид гарчихсан, банкнаас юань гаргахгүй байсан учир ажлын түнш болох Хавра болон Сицинтэй хамтарч ажилладаг байсан. гэх хүн нь миний дансанд уг мөнгийг хүлээж авч, дараа нь Сицинээс юань болгон солиулж авсан. Би болон А.У гэх хүмүүсийг сайн мэдэхгүй. Тухайн үед төгрөгийг юаниар солиулах гэж байна гэж ойлгосон. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэв.

 

3.Нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, А.Угийн иргэний үнэмлэхийн хуулбар, Л.Бд олгосон итгэмжлэл (хавтаст хэргийн 2-4 дэх тал),

Хариуцагч талаас хариу тайлбар, Хаан банк дахь Эрдэнэ-Очир Б эзэмшигчтэй дугаар дансны гүйлгээний дэлгэрэнгүй хуулгыг тус тус нотлох баримтаар тус тус гаргаж өгсөн. (Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлага хангаагүй баримтыг үнэлээгүй болно.)

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

2.Нэхэмжлэгч А.У нь хариуцагч Э.Бд холбогдуулан үндэслэлгүйгээр шилжүүлсэн 22,720,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, Хаан банк дахь Э.Бат-Эрдэнийн эзэмшлийн дугаар данс руу бараа ачуулах зорилгоор 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 22,720,000 төгрөг шилжүүлсэн. Уг мөнгийг бусдад өгсөн нэрийдлээр барааг нь өгөөгүй, мөнгийг нь одоо хүртэл өгөөгүй гэж тодорхойлж байна.

 

3.Хариуцагч Э.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, үндэслэлээ Хаан банк дахь миний эзэмшлийн дугаар дансанд 11:05 цагт 22,720,000 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэн. 12:15 цагт 22,720,000 төгрөгийг тухайн үеийн юанийн ханш 466 төгрөгөөр тооцож 48,755 юанийг С, Гаояан Лин руу шилжүүлсэн. Тухайн үед ковид гарчихсан, банкнаас юань гаргахгүй байсан учир ажлын түнш болох Хавра болон Сицинтэй хамтарч ажилладаг байсан. гэх хүн нь миний дансанд уг мөнгийг хүлээж авч, дараа нь Сицинээс юань болгон солиулж авсан. Тухайн үед төгрөгийг юаниар солиулах гэж байна гэж ойлгосон гэж тайлбарлаж байна.

 

4.Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1.А.Угаас 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 22,720,000 төгрөгийг Хаан банк дахь Э.Бат-Эрдэнийн эзэмшлийн дугаар данс руу “хадаагаар элс авахуулах 86+13811168582” гэх утгаар шилжүүлсэн. (хавтаст хэргийн 12 дахь тал)

4.2.Э.Б нь 22,720,000 төгрөгт тэнцэх 48,755 юанийг Гаояан Лин гэх иргэнд шилжүүлсэн үйл баримтын талаар нэхэмжлэгч тал маргаагүй.

 

5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “... гэх хүнээс тухайн үед карго ачаа, бараа ачуулдаг хүн байсан. Энэ хүнтэй холбоо барьж хариуцагчийн данс руу 22,720,000 төгрөг шилжүүлэх гээд өгсөн... Үүнээс хойш бараагаа авч чадахгүй алга болсон... Хариуцагч болон нэхэмжлэгч нарын хооронд ямар нэг гэрээ хэлцэл байхгүй бие биеэ танихгүй байсан...” гэх тайлбар, хариуцагчийн “...би А.У нарыг мэдэхгүй... Манай компани 2020 оноос хойш экспортын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа. Цар тахлын үед дансаар мөнгө шилжүүлэх боломжгүй болоод Хятад улсад манай хүмүүс байдаг байсан. Би ажилчдынхаа цалин хөлс, түрээс, байр, бүтээгдэхүүнийхээ зардлуудыг авч чадахгүй. Урд байгаа н.Ц болон н.А гэх хүмүүст юань өгч би банкнаас сая төгрөг юм уу хоёр зуун долларын валют гаргадаг байсан. Тэгээд би ажилчдтайгаа яриад наана чинь бараа бүтээгдэхүүн хэрэгтэй байгаа улсууддаа барааг нь гаргаж өгөөд би төгрөгийг нь авах санал тавьсан. Тэгээд миний ойлгож байгаагаар бол н.а гэх хүн гарч ирээд манай компанийн ажилтнаас миний дансыг авсан юм шиг байгаа юм. Хэрвээ ийм юм хийх гэж байгаа бол надтай холбогдоод миний дансыг авах боломжтой. Надтай ярихгүйгээр н.а гэх хүн дунд нь орж ирээд элс юм уу гууль гээд юань сольж миний мөнгийг авчихсан. Би төгрөгөөр нь ажилчдынхаа цалин хөлсийг тавьчихсан. Тухайн үед юаниа авчхаад одоо болохоор аваагүй гээд намайг залилж байгаа юм шиг үзэгдэл харагдаад байна.... гэх хүний данс руу гуйвуулсан байдаг. Би А.У болон н.а гэх хүмүүстэй ямар нэгэн эрх зүйн харилцаа байхгүй...” гэх тайлбаруудаас үзэхэд зохигч талуудын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй.

 

6.Харин гэх иргэн болон нэхэмжлэгч А.У нарын хооронд ачаа тээвэрлүүлэхтэй холбоотой хэлцэл байгуулагдаж, тээвэрлэлтийн хөлсийг А.У нь гэх иргэний хэлснээр хариуцагч Э.Бат-Эрдэнийн эзэмшлийн дугаар дансанд шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна. Иймд нэхэмжлэгч А.У нь Хаан банк дахь Э.Бат-Эрдэнийн эзэмшлийн дугаар дансанд 22,720,000 төгрөг шилжүүлснийг Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт “Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө” гэж зааснаар гэрээнд заасан эрх бүхий этгээдэд үүргийн гүйцэтгэлийг хүлээлгэж өгсөн үйлдэл гэж үзнэ.

 

7.Иймд хариуцагч Э.Бд холбогдуулан үндэслэлгүйгээр шилжүүлсэн 22,720,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэгч А.Угийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт “Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 271,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Э.Бд холбогдох үндэслэлгүйгээр шилжүүлсэн 22,720,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч А.Угийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч А.Угийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 271,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ТӨРБОЛД