Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 2017/ШЦТ/086

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч П.Д даргалж, 

Нарийн бичгийн дарга Ц.С

Улсын яллагч М.О

Хохирогч Х.Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.К

Шүүгдэгч Х.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Т холбогдох 1713000330031 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч: Х.Т, Монгол Улсын харьяат, 1976 оны 04 сарын 25-ны Баян-Өлгий аймгийн Буянт суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, яс үндэс Казах, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, Баян-Өлгий аймгийн Ө сумын *** дугаар багт оршин суух хаягтай, Улсаас авсан гавъяа шагнал үгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, 

Шүүгдэгч Х.Т-ийн холбогдсон хэргийн талаар: 

Шүүгдэгч Х.Т, нь 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Баян-Өлгий аймгийн Буянт сумын 1 дүгээр багийн нутаг “Ө” гэх газарт багийн Иргэдийн нийтийн хурал болж байх үеэр газрын маргааны улмаас иргэн Х.Б-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Х.Т нь 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Буянт сумын 1 дүгээр багийн нутаг “Ө” гэх газарт багийн Иргэдийн нийтийн хурал болж байх үеэр газрын маргааны улмаас иргэн Х.-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн болох нь:

- Шүүгдэгч Х.Т-ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “...  Тухайн өдөр багийн хуралтай байсан. Хурал тараад зарим хүмүүс гэр лүүгээ, зарим нь үхэр лүүгээ явж байсан. Бид нар хурал тараад үхэр лүүгээ  дурандаад зогсож байхад миний дүү Т амнаас нь цус гарсан байдалтай гүйж ирсэн. Би дүүгээсээ яасан бэ гэж асуухад “тэд зодчихлоо” гэж хэлсэн. Би харахад хохирогч Б гартаа чулуу барьчихсан, хашхираад бид нар луу гүйгээд ирж байсан. Би газраас чулуу аваад Х.Б рүү гүйж очоод толгой тус газар нь 2 удаа цохисон. Миний дүү болон Х.Б нарын хооронд газрын маргаантай байсан. Хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг /хх-ийн 58-59 дүгээр худас болон шүүх хуралдааны тэмдэглэл/, 

Хохирогч Х.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд  өгсөн: “ ... Хурал болсны дараа намайг Т дуудаж байшингаа ав гэж хэлсэн. Би түүнд миний газар гэж хэлсэн. Т “хөгшин нохой битгий солиор” гэж хэлсэн. Би ч гэсэн “битгий солиор” гэж хэлсэн. Тэр үед С, Т нар гартаа чулуу бариад гүйж ирээд намайг цохисон. Т нь гартаа байсан чулуугаар миний толгойн зүүн талын чинхий дээд хэсэг рүү 2-3 удаа цохиод авсан. ...Тухайн үед миний толгойн зүүн чамархай тус газарт язарсан шархтай цус гарсан байсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-12-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/,

Гэрч Д.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэр өдөр 1 дүгээр багийн иргэд бэлчээртэй холбоотой багийн хурал хийсэн юм. Тэгээд хурал дууссаны дараа М.Хумырзах бид хоёр зогсож байхад Хумырзах Х.Тилейхан гэдэг залууг дуудаж “Чи яагаад миний хашаанд байшин барьсан бэ?” гээд томорч хоёулаа хоорондоо хэрэлдэж байсан. Тэгж байхад Х.Б ирсэн ба хоорондоо хэрэлдэж эхлэхэд Х.Т-ны ах нь Х.Т гартаа чулуу барьж Х.Бйн толгойд нэг удаа цохисон. Тэр үед бид нар очиж салгаж авсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14-р хуудас/,

 Гэрч О.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “...Би хуралд очсон. Тэгээд хурал тарсны дараа Х.Б, Х.Тилейхан нар газрын маргаанаас болж маргалдаж байсан ба тэр үед Х.Т чулуу авч Х.Б рүү гүйж очиж Х.Б-ийг чулуугаар хоёр удаа цохисон. Тэр үед би машины хажууд байсан ба Д.А гэдэг залуугийн хамт салгаж авсан. Б-ийн толгойноос цус гарсан болохоор би багийн эмчид хүргэж өгөөд явчихсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/,

Гэрч О.К-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  " …Миний хажууд Х.Т гартаа чулуу барьж гүйж очоод Бйн толгойн хэсэгт хоёр удаа цохисон шиг санагдсан тэр үед миний ах О.Б очиж Х.Т-г барьж авсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/, 

Гэрч О.К-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “ …Тус өдөр манай багийн иргэдийн  нийтийн хурал болсон. Тэгээд хурал тарсны дараа зодоон эхэлсэн гэж хүмүүс явж байсан. Би уг хурлын тэмдэглэлийг бичиж сууж байсан. Ямар ч байсан Х.Т, Х.Т, Х.Б, М.Х нар  хоорондоо зодолдсон гэж сонссон. Хэн хэнийг зодсоныг хараагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/,

Гэрч Б.З-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ …Тус өдөр манай багийн иргэдийн нийтийн хурал болоод тарах гэж  байтал М Х.Т, Х.Т, Х.Б, М.Х нар  хоорондоо нэг нэгийгээ барьж  аваад зодолдоод эхэлсэн. Энэ үед Х.Б-ийн араас Х.Т цохиод авах шиг болсон. Д.А   тэднийг болиулаад яваад байх шиг болсон. Миний мэдэх зүйл энэ.” гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/,

          Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч

К.Хын 276 дугаартай: “...Иргэн Х.Б-ийн биед тархины доргилттой, зулайн баруун урд хэсэгт няцарч урагдсан шархтай, хавантай, зулайд хойд урд хэсэгт няцарч урагдсан шархтай, хавантай, хоёр хөмсөг дунд шархтай, зүүн чихэнд шархтай, баруун тохойд шархтай зэрэг зөөлөн эдийн бэртэл гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 2-оос дээш удаагийн давтамжтайгаар үүссэн, шинэ гэмтэл байна. Иргэн Х.Б-ийн биед үүссэн гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 заалтыг агуулах хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно” гэх шинжээчийн дүгнэлт / хх-ийн 52-р хуудас/ зэргээр нотлогдон тогтоогдож байна. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч Х.Т-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Мөн уг гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх зарим гэмт хэрэгт хамаарч байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан байна. 

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Х.Т-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэх нь зүйтэй байна. 

Иймд шүүгдэгч Х.Т-ийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын хөнгөн ял болох торгох ялыг сонгон, хуульд заасан ялын  бага хэмжээгээр буюу 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгтэй тэнцэх ба 450 нэгж нь 450000 төгрөгтэй тэнцэх юм.

Шүүх шүүгдэгчийн эрхэлсэн тодорхой ажилгүй, хөрөнгө орлого зэрэг хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан 450000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов. 

Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Х.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно. 

Шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй тул шүүгдэгчийн өмчлөлийн Мустанг-5 маркийн БӨЗ **** дугаартай мотоциклийг битүүмжилсэн  прокурорын  2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 5/16 дугаартай тогтоолыг хүчингүй болгох  нь зүйтэй байна.

Шүүгдэгч Х.Т-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгчийн хувийн бичиг баримтыг өөрт нь буцаан олгох нь зүйтэй байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон                                                                                                                                                                                                                                                                                                                                                              ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч Х.Т-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Т-г 450 “дөрвөн зуун тавь” нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Т-д оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчийн өмчлөлийн Мустанг-5 маркийн БӨЗ **** улсын дугаартай мотоциклыг битүүмжилсэн  прокурорын  тогтоолыг хүчингүй болгосугай. 

7. Шүүгдэгч Х.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 

8. Хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Х.Т-ийн 00185033 дугаартай эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, иргэний цахим үнэмлэх зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц өөрт нь буцаан олгосугай. 

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     П.Д