Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 2022/ДШМ/19

 

 

 

 

Ж.Д, Д.Г нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Т.Энхмаа, Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанд:

 

Прокурор М.Гансувд,

Шүүгдэгч Д.Г,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Отгонбаяр,

Нарийн бичгийн дарга З.Анхбаяр нарыг оролцуулан,

 

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал хянан шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 14 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ж.Д, Д.Г нарын өмгөөлөгч Б.Отгонбаярын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Ж.Д, Д.Г нарт холбогдох эрүүгийн 2134000000148 дугаартай хэргийг давж заалдах шатны шүүх 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн,

 

Монгол улсын иргэн,

 

Шүүгдэгч Ж.Д, Д.Г нар нь бүлэглэж гар хөрөө ашиглан 2021 оны 02 дугаар сард Төв аймгийн Эрдэнэ сумын Баянтуул 3 дугаар багийн нутаг улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд буюу "Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолбор газар"-ын ойн сан бүхий газарт зөвшөөрөлгүйгээр 4 метрийн урттай 172 ширхэг буюу 10.6 м3 хэрэглээний хуурай шинэс мод бэлтгэн, уг модоо гарал үүслийн гэрчилгээгүйгээр бусдын эзэмшлийн ... ӨМА улсын дугаартай ГАЗ-66 маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж, байгаль орчинд 3 217 937 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Төв аймгийн Прокурорын газраас Ж.Д, Д.Г нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2, 2.3 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Ж.Д, Д.Г нарыг бүлэглэж, улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Ж.Д, Д.Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2, 2.3-т зааснаар тус бүрийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж,

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар байгаль орчинд учруулсан гэм хорын хохирол 6 435 874 /зургаан сая дөрвөн зуун гучин таван мянга найман зуун далан дөрөв/ төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж Байгаль орчин уур амьсгалын санд оруулж,

 

Шүүгдэгч Ж.Д, Д.Г нарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч нарын зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээр явахыг тогтоож, хязгаарлалтын бүсээс гарахыг хориглож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Д, Д.Г нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Д, Д.Г нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 1 600 000 /нэг сая зургаан зуун мянга/ төгрөгийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.4-т зааснаар,

гэмт хэргийн улмаас байгаль орчинд учруулсан 6 435 874 /зургаан сая дөрвөн зуун гучин таван мянга найман зуун далан дөрөв/ төгрөгийг, мөн гэмт хэрэг үйлдэж олсон 10.6 м3 172 ширхэг модыг зарж борлуулсан үнийг тус тус Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.5-д зааснаар тус тус Байгаль, орчин, уур амьсгалын санд оруулж,

 

Эрүүгийн 2134000000148 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Ж.Дгийн эзэмшлийн гар хөрөө 1 ширхэгийг хурааж улсын төсөвт оруулж,

 

Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Отгонбаяр гаргасан давж заалдах гомдолдоо: Төв аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 2022/ШЦТ/14 дүгээр шийтгэх тогтоол хэргийн бодит байдалтай нийцээгүй, хэт нэг талыг буюу яллах талыг барьж хэргийг шийдвэрлэсэн тул дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

 

1. Д.Г гэм буруугүй дээрээ маргаж намайг хийгээгүй хэрэгт яллаж байна гэсэн нь шүүгдэгч Ж.Дгийн мэдүүлэг болон хэрэгт цугларсан дээрх бичгийн нотлох баримтуудаар үгүйсгэгдсэн гэсэн нь ойлгомжгүй ямар бичгийн нотлох баримтаар Г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдож байгаагаа дурдаагүй, тодорхойгүй, ойлгомжгүй, үндэслэлээ тайлбарлаагүй байна.

 

2. Шүүх Д.Гийг гэм буруутай гэж үзсэн дүгнэлтдээ 4 метрийн урттай 172 ширхэг (хуурай 10-15 см диаметртэй) модыг Ж.Д ганцаараа бэлдэх боломжгүй юм гэж нотлох баримтад үндэслэхгүйгээр шийдвэрлэсэн. Хэргийн бодит байдлыг эргэлзээгүй тогтоогоогүй буюу Ж.Д нь мод бэлтгэх чадваргүй болох талаар мөрдөн шалгах туршилт хийгээгүй, нотлоогүй байхад хөдөлмөрийн чадваргүй мэтээр дүгнэж хүү нь тусалсан байж таараа гэдэг хардлагаар хүүхдийг нь гэм буруутай гэж шийтгэж байгаа нь шүүхийн шийдвэр нотлох баримтад үндэслээгүйг харуулж байна.

 

3. Иймд шүүгдэгч Г гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай нотлох баримтаар нотлогдоогүй, гэм буруутай эсэх нь эргэлзээтэй байх тул цагаатгаж, шүүгдэгч Ж.Д нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа ухамсарлан ойлгосон, үндсэн хохирлоо төлсөн, үлдэгдэл төлбөрөө төлөхөө илэрхийлэн хохирогчтой гэрээ байгуулсан зэргийг харгалзан үзэж ногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор М.Гансувд тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч нарын өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй байна. Иймд шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой гарсан тул шүүгдэгч нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Отгонбаяр тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Д.Г хамт явсан талаар гэрчлэх ямар ч гэрч байхгүй. Зөвхөн аавынх нь өгсөн мэдүүлгээр хүүхдийг нь хамтран үйлдсэн гээд байгаа. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар Д.Г нь гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдохгүй байх тул хэргийг нь хэрэгсэхгүй болгон түүнийг цагаатгаж өгнө үү гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Д.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэнд гомдолтой байна. Би хөдөө явж ажил хийх гэсэн боловч боломжгүй болсон тул ялыг маань тэнсэн ч хамаагүй болгож өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ж.Д, Д.Г нарт холбогдох эрүүгийн 2134000000148 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Отгонбаярын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй гараагүй байна.

 

Прокуророос Ж.Д, Д.Г нарыг бүлэглэж, гар хөрөө ашиглан 2021 оны 02 дугаар сард Төв аймгийн Эрдэнэ сумын Баянтуул 3 дугаар багийн нутаг улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд буюу “Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолбор газар”-ын ойн сан бүхий газарт зөвшөөрөлгүйгээр 4 метрийн урттай 172 ширхэг буюу 10,6 м3 хэрэглээний хуурай шинэс мод бэлтгэн, уг модоо гарал үүслийн гэрчилгээгүйгээр бусдын эзэмшлийн ..... ӨМА улсын дугаартай ГАЗ-66 маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж, байгаль орчинд 3 217 937 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2, 2.3-т зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-т  зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдах ба мөн хуулийн 36.7 дугаар зүйлийн 2-т заасны дагуу шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг тусгахаар заасан.

 

Прокурорын 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 177А дугаартай яллах дүгнэлтэд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг “4 метрийн урттай 172 ширхэг буюу 10.6 м3 хэрэглээний хуурай шинэс мод” гэж тусгасан байхад анхан шатны шүүх шүүгдэгч Ж.Д, Д.Г нарыг зөвшөөрөлгүйгээр 11,1 м3 хэрэглээний хуурай шинэс мод бэлтгэн, тээвэрлэсэн нь нотлогдон тогтоогдсон гэж хэргийн үйл баримтын талаар зөрүүтэй дүгнэлт хийсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

 

Анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 923 дугаартай шүүгчийн захирамжаар нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан байна. Шүүгчийн захирамжид 20-47 ӨМА улсын дугаартай Газ-66 маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигч болон уг тээврийн хэрэгслийн үнэлгээг тогтоогоогүй нь Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ хэрэглэх хуулийн зохицуулалтыг хангаагүй гэж үзжээ. Улмаар эрүүгийн хэрэг прокурорт буцсаны дараа шүүгчийн захирамжид заасан дээрх нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийж гүйцэтгээгүй буюу уг тээврийн хэрэгслийн эзэмшигч болон тээврийн хэрэгслийн үнэлгээг тогтоолгүй прокурор яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байхад анхан шатны шүүх шүүгдэгч Ж.Д, Д.Г нараас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 1 600 000 төгрөгийг Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахаар шийдвэрлэсэн нь шүүх ямар нотлох баримтыг үндэслэн тээврийн хэрэгслийн үнийг гаргуулж байгаа нь тодорхойгүй байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэсэн шаардлагыг хангаагүй байна.

 

Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “Хяналтын прокурорын 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 10 дугаартай тогтоолоор /хх 17-18/ битүүмжилсэн 194 ширхэг модноос 2 м 6 см урттай 22 ширхэг модыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ж.Дд буцаан олгож, хяналтын прокурорын 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 10 дугаартай тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг дурдах нь зүйтэй байна” гэж дүгнэсэн атлаа шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт энэ талаар дурдаагүй, прокурорын 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 10 дугаартай тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгах болсон үндэслэл нь ойлгомжгүй дүгнэлт хийжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.7, 32.1 дүгээр зүйлд заасны дагуу 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 29 дугаартай “Дахин шинжилгээ хийлгэх тухай” прокурорын тогтоол, 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 17 дугаартай шинжээчийн дүгнэлт, хавтаст хэргийн материалтай иргэний нэхэмжлэгч Н.Эрдэнэбилэгт танилцуулаагүй түүний хуульд заасан гомдол, хүсэлт гаргах эрхээр хангаагүй байна.

 

Мөн шүүгдэгч Ж.Д, Д.Г нар нь хэргийн үйл баримтын талаар зөрүүтэй мэдүүлж, хэргийн талаар харилцан эсрэг сонирхолтой гэж үзэхээр байхад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг нэг өмгөөлөгчтэй явуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1.5-д заасан “хэргийн талаар харилцан эсрэг сонирхолтой сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн нэг нь өмгөөлөгчтэй байгаа бол бусад сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч оролцох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй” гэснийг зөрчсөн байна.

 

Өмгөөлөгч Б.Отгонбаяраас прокурор М.Гансувдад 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр “...Д.Гид холбогдох хууль бусаар мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэх үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн хүсэлт гаргажээ. 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 99 дугаартай прокурорын тогтоолын тогтоох хэсгийн 1 дүгээр заалтад “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч яллагдагчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатараас гаргасан “...Б.Баярмагнай нь өөрийн хариуцан ажиллаж байгаа комбайны будаанаас бусдад тухайлбал Баяржавхлангаас нэг сая төгрөг авч будаа ачуулсан нь нотлох баримтаар тогтоогдож байна. Иймд Б.Баярмагнайд холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 болгон өөрчилж Б.Баяржавхланд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн хүсэлтийг хангахаас татгалзсугай.” гэсэн нь ямар хүсэлтийг хангахаас татгалзаж байгаа нь ойлгомжгүй, өмгөөлөгч Б.Отгонбаярын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2.11-т заасан “мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүхийн ажиллагаа, шийдвэрт гомдол гаргах эрхийг зөрчсөн байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгон, хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгон хэргийг прокурорт буцаасан тул шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Отгонбаярын гаргасан давж заалдах гомдлын үндэслэлийн талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

 

Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Ж.Д, Д.Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 14 дүгээр шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Төв аймгийн Прокурорын газарт буцаасугай.

 

2. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Ж.Д, Д.Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             М.МӨНХДАВАА

 

                   ШҮҮГЧИД                                             Т.ЭНХМАА        

 

                                                                                 Р.МӨНХ-ЭРДЭНЭ