Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 1916

 

МАГАДЛАЛ

 

 2019.11.13                                               Дугаар 1916

 

МТ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

           

            Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 181/ШШ2019/01865 дугаар шийдвэртэй,

 

            Нэхэмжлэгч МТ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч Ү ХХК-д холбогдох

 

            Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 188 122 330 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

           

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д, Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

          Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ү ХХК нь 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл МТ ХХК-тай газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах 25/18 тоот гэрээ, барьцааны 26/18 тоот гэрээг тус тус байгуулсан. Манай компани гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, нийт 116 446 900 төгрөгийн шатахууныг нийлүүлсэн боловч зээлдэгч талаас зээлийн үлдэгдэл төлбөр 111 446 900 төгрөгийг төлж барагдуулаагүй байна. Бид гэрээгээр 50 000 000 төгрөгийн шатахуун зээлээр худалдах, худалдан авахаар тохирсон бөгөөд итгэлцлийн үндсэн дээр 66 446 900 төгрөгийн шатахуун нэмж өгсөн. Талууд гэрээний 3.2-т “Худалдан авагч нь зээлээр худалдан авсан барааны төлбөрийг барааг худалдан авснаас хойш 30 хоногийн дотор дансанд шилжүүлэх буюу бэлнээр тушаана” гэж заасан байхад хариуцагч одоог хүртэл төлбөрт хийгээгүй болно.

          Иймд гэрээний 3.3-т зааснаар хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх хэмжээний төлбөрийн алданги 282 хоногоор тооцоход 157 140 129 төгрөг болсон ба Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасантай нийцүүлэн 55 723 450 төгрөг, мөн хугацааны хүү 20 951 980 төгрөг, нийт 188 122 330 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мөнх-Ачит шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 25/18 тоот газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ, 26/18 тоот барьцааны гэрээг тус тус байгуулсан.Талуудын хооронд байгуулсан газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу нэхэмжлэгч нь өөрийн өмч болох газрын тосны бүтээгдэхүүнийг Дорнод аймгийн Чойбалсан хот дах ГТБ-ний агуулахаас зээлээр гэрээнд заасан хугацаа, нөхцөлөөр худалдах, манай компани зээлээр худалдан авч түүний төлбөр тооцоог төлөх үүрэг хүлээсэн. Зээлээр худалдан авах барааны үнэ ямар ч тохиолдолд барьцааны гэрээний зээлийн үнэ 50 000 000 төгрөгөөс хэтрэхгүй байхаар гэрээнд заасан. Нэхэмжлэгч гэрээнд заасан тохиролцооноос илүү дүнгээр буюу амаар байгуулсан хэлцлийн үндсэн дээр шилжүүлсэн 66 466 900 төгрөгийг нэмж тооцож алданги, хүү нэхэмжилж байгааг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. 50 000 000 төгрөгийн тохиролцоог бичгээр байгуулсан. Үлдэх хэсэгт бичгийн тохиролцоо байхгүй тул илүү гарсан хэмжээнд зээл, хүү төлөх үндэслэлгүй.

Нэхэмжлэгчийн тооцооллоор үндсэн төлбөр 50 000 000 төгрөг, алдангид 25 000 000 төгрөг, хүү 5 000 000 төгрөг, үүний дээр 61 446 900 төгрөгийг нэмж шаардах байсан. Гэхдээ талууд алданги, хүүгийн төлбөрийг дахин тохирсон. Талууд тооцоо нийлсэн акт үйлдэж, хариуцагч 116 446 900 төгрөгийн үлдэгдэлтэй болохыг харилцан баталгаажуулж сүүлийн байдлаар тооцоог хаасан байдаг. Нэхэмжлэгчийн гаргасан дэлгэрэнгүй авлагын лавлагаагаар үндсэн төлбөр 116 446 900 төгрөг гэж тусгагдсан нь ч гэсэн тооцоог эцсийн байдлаар тооцсон юм.

Тэгэхээр гэрээний 8.4-т “тооцоо нийлснээр гэрээний үүрэг дуусгавар болгоно” гэж заасан тул үндсэн төлбөрийн үлдэгдэл 111 446 900 төгрөгийг хариуцагч төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа тул үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

          Шүүх: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 243 дугаар зүйлийн 243.1, 262 дугаар зүйлийн 262.1-д тус тус заасныг баримтлан Ү ХХК-аас 140 113 566 төгрөгийг гаргуулж МТ ХХК-д олгож, МТ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 48 008 764 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,  

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 098 565 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 858 518 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнх-Ачит давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх Ү ХХК-иас 140 113 566 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч МТ ХХК-д олгохоор шийдвэрлэснээс хариуцагч Ү ХХК нь 111 446 900 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Харин анхан шатны шүүх хүү, алдангид 28 666 666 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Учир нь талуудын хооронд 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 25/18 тоот “Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах” гэрээ, 26/18 тоот барьцааны гэрээг тус тус байгуулсан. Хавтаст хэргийн 14 дүгээр талд авагдсан нэхэмжлэгчийн төлбөр барагдуулах тухай 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 83/18 тоот албан тоотоор хариуцагч компаниас үндсэн төлбөр 111 446 900 төгрөгийг алданги 63 386 411 төгрөг болон хүүгийн хамт нэхэмжлэлийг мэдэгдсэн байдаг. Манай компани 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2018/24 тоот албан тоотоор 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор зээлээр авсан дизель түлшний тооцоог барагдуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн.

Улмаар талууд 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр шатахууны тооцоо нийлсэн акт үйлдэж хариуцагч компани 116 446 900 төгрөгийн үлдэгдэлтэй болохыг 2 тал харилцан тохиролцож баталгаажуулсан бөгөөд тооцоог сүүлийн байдлаар хаасан. Үүнээс хариуцагч компани 5 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн. Энэ талаар нэхэмжлэгч маргадаггүй бөгөөд нэхэмжлэгчээс гаргаж өгсөн өглөг авлагын дэлгэрэнгүй тайлангаас 116 446 900 төгрөгөөс 5 000 000 төгрөгийг төлж, үлдэгдэл 111 446 900 төгрөг болохыг нотолсон. Хэрэв нэхэмжлэгч алданги, хүү авахаар тохиролцсон бол тооцоо нийлэх гэрээнд Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.5 дах хэсэгт заасны дагуу төлөх төлбөрт хүү тооцож болохоор байсан.

Түүнчлэн нэхэмжлэгч компанийн гаргаж өгсөн 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хүртэлх хугадааны өглөг авлагын дэлгэрэнгүй тайлангаас хариуцагч Ү ХХК нь 111 446 900 төгрөгийн өр төлбөртэй болохыг харуулсан байдаг. Өөрөөр хэлбэл, талууд гэрээний дагуу тооцох алданги болон хүүг 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан шатахууны тооцоо нийлсэн актаар баталгаажуулж хаасан болно. Иймд шүүхийн шийдвэрийн зарим хэсэгт өөрчлөлт оруулж хүү, алдангид 28 666 666 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү эжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч МТ ХХК нь хариуцагч Ү ХХК-д холбогдуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 188 122 330 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч хүү, алданги төлөхгүй гэж маргажээ.

 

Талуудын хооронд 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 25/18 тоот “Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ” байгуулагдаж, худалдагч буюу МТ ХХК нь газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх, худалдан авагч нь зээлээр худалдан авсан барааны төлбөрийг барааг худалдан авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор МТ ХХК-ийн дансанд шилжүүлэх буюу бэлнээр төлөхөөр тохирч, хугацаандаа төлбөрөө төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцож алданги төлөх үүргийг тус тус хүлээсэн болох нь хэрэгт авагдсан газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ, барьцааны  гэрээ, талуудын хоорондын тооцоо нийлсэн акт, талуудын тайлбараар тогтоогдож байна. /хэргийн 10-15, 18 дугаар тал/

 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ гэж дүгнэсэн нь зөв.

 

Дээр гэрээний дагуу 26/18 тоот барьцааны гэрээ байгуулагдсан, гэрээний дагуу нэхэмжлэгч 116 446 900 төгрөгийн газрын тосны бүтээгдэхүүн хариуцагчид нийлүүлж, хариуцагч 5 000 000 төгрөг төлсөн үйл баримт тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар талууд худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулж, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дах хэсэгт заасан анзын гэрээг бичгээр байгуулах шаардлагад нийцсэн байх бөгөөд гэрээний 5.1 дэх хэсэгт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцохоор тохиролцож, Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар бичгээр хэлцэл хийсэн байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээний үндсэн үүрэг 50 000 000 төгрөгийн хэмжээнд хүү, алданги төлөхийг шаардах эрхтэй.

 

Харин хариуцагч байгууллага гэрээний үндсэн төлбөрийн үлдэгдэл 111 446 900 төгрөгийг төлөх талаар маргаагүй бөгөөд газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний 3.1-т зааснаар ...зээлээр худалдах барааны үнэ нь ямар ч тохиолдолд талууд хооронд байгуулагдсан 26/18 тоот барьцааны гэрээний зүйлийн үнэ болох 50 000 000 төгрөгөөс хэтрэхгүй байхаар заасан тул гэрээний дагуу хүү, алданги төлөхгүй гэж маргасан байна.

                                                             

Анхан шатны шүүх нэхэмжлэгч МТ ХХК нь худалдах, худалдан авах гэрээнд зааснаар шатахуун нийлүүлэх үүргээ биелүүлсэн болох нь хэрэгт авагдсан тооцоо нийлсэн актаар тогтоогдсон гэж дүгнэж хариуцагч Ү ХХК-иас  бичгээр байгуулсан гэрээний дагуу үндсэн төлбөр 50 000 000 төгрөг, алданги 25 600 000 төгрөг, хүү 3 666 666 төгрөг, нийт 78 666 666 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасантай нийцсэн, энэ талаар хийсэн шүүхийн тооцооллыг буруутгах үндэслэлгүй.

 

Харин талуудын хооронд амаар байгуулагдсан худалдах худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 61 446 900 төгрөгийг төлөхийг хариуцагч зөвшөөрч, мөн уг төлбөрөөс хүү, алданги шаардах эрх нэхэмжлэгчид үүсээгүй тул энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болсон байна.

 

Иймд анхан шатны шүүх газрын тосын бүтээгдэхүүн худалдах худалдан авах гэрээний 5.1, 5.2-т зааснаар хариуцагч байгууллагаас 50 000 000 төгрөгийн алдангид 25 000 000 төгрөг, хүүнд 3 666 666 төгрөгөөр тодорхойлж мөн амаар байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний төлбөрийн үлдэгдэл 61 446 900 төгрөгийг хариуцагч зөвшөөрсөн тул нийт 140 113 566 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

          Хэргийн 18 дугаар талд авагдсан талуудын хооронд байгуулагдсан тооцоо нийлсэн акт үйлдсэн байх боловч гэрээний 8.4-т зааснаар гэрээний үүргийн биелэлтийг дуусгавар болгосон гэж үзэх үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, талууд гэрээг Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1 дэх хэсэгт зааснаар дуусгавар болгоогүй, хариуцагч нийт 116 446 900 төгрөгийн төлбөрөөс 5 000 000 төгрөг төлж, гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй болох нь хэргийн баримтаар тогтоогдсон тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 50 000 000 төгрөгөөс хүү, алданги тооцсоныг зөвшөөрөхгүй гэх давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 181/ШШ2019/01865 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 301 290 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ц.ИЧИНХОРЛОО

 

                                        ШҮҮГЧИД                                    Г.ДАВААДОРЖ

 

                                                                                             Д.ЦОГТСАЙХАН