Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 2022/ДШМ/20

 

 

 

 

 

Г.Ат холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Энхмаа даргалж, шүүгч М.Мөнхдаваа, Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанд:

 

Прокурор Х.Оюунцэцэг,

Шүүгдэгч Г.А,

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Цэрэнпунцаг,

Нарийн бичгийн дарга З.А нарыг оролцуулан,

 

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн хянан шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 436 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Аын өмгөөлөгч О.Цэрэнпунцагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Г.Ат холбогдох эрүүгийн 2134000000363 дугаартай хэргийг давж заалдах шатны шүүх 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн,

 

Шүүгдэгч Г.А нь Төв аймгийн Эрдэнэ сум Хушинга  дүгээр багийн нутаг “Урт булаг” гэх газраас 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 21 ширхэг буюу 2.56 метр куб хэрэглээний болон галын түлээний модыг мод бэлтгэх зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар бэлтгэж, бусдын эзэмшлийн .... УНД улсын дугаартай Toyota Land cruiser-80 маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж экологи эдийн засагт 558 585 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Төв аймгийн Прокурорын газраас Г.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх: шүүгдэгч Г.Аыг зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Аыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ат оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ сарын хугацаанд төлөхийг сануулж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.А нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж,

 

Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Шүүгдэгч Г.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4-д зааснаар шүүгдэгч Г.Ат холбогдох хэрэгт гэмт хэргийн улмаас битүүмжлэн ирүүлсэн Төв аймгийн Эрдэнэ сумын Чулуут 2-р багийн нутаг Дунд цуурай гэх газарт битүүмжлэгдсэн 2.56 мЗ буюу 21 ширхэг хуурай шинэс мод, .... УНД улсын дугаартай Toyota Land cruiser-80 маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 21 739 400 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан улсын төсөвт тус тус шилжүүлж,

 

Мөрдөгчийн 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр битүүмжилсэн ..... УНД улсын дугаартай Toyota Land cruiser-80 маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигч А.Содномд, улсын дугааргүй гар хийцийн 2 дугуйтай чиргүүлийн эзэмшигч Г.Ат тус тус буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Цэрэнпунцаг гаргасан давж заалдах гомдолдоо:

...Миний үйлчлүүлэгч Г.А нь мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн шатанд хуульд заасан өмгөөлөх эрхээр хангагдаагүй байхаас гадна дан ганц яллах талын нотлох баримтыг цуглуулж, яллах дүгнэлтийн хүрээнд шүүх хэргийг шийдвэрлэжээ.

 

Дээрх хэрэгт яллагдагчийн эрхийг эдлэх, прокурорын тогтоол, шинжээчийн тогтоол, дүгнэлттэй танилцах санал хүсэлтээ илэрхийлэх, шат шатны прокурорт хүсэлт, гомдол гаргах, нэмэлт болон бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулах хүсэлтийг гаргах зэрэг эрхийг хязгаарласан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.

 

Иймд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэх .... УНД улсын дугаартай Тоёото Ланд крузер-80 маркийн тээврийн хэрэгслийг шинжээчийн дүгнэлтээр 21 739 400 төгрөгөөр үнэлсэн нь тухайн тээврийн хэрэгслийн чанар хийц, ашигласан хэрэглэсэн цаг хугацаа зэргийг харгалзан үзэж орон нутгийн ханшаас хэт дээгүүр үнэлсэн нь бодит байдалтай нийцэхгүй байх тул дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилж дүгнэлт гаргуулахаар хэргийг прокурорт буцааж өгнө үү гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Х.Оюунцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 436 дугаартай шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй гарсан тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгон, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч О.Цэрэнпунцаг тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Миний үйлчлүүлэгчийн эрх зүйн ухамсар төлөвшөөгүй. Мөрдөн байцаагч хэлбэрийн төдий эрх, үүргийг танилцуулсан байдаг. Хохирол нь бодит байдалтай нийцээгүй байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгон нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааж өгнө үү гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Г.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хөдөөний малчин хүн. Сум, аймгийн аварга малчин болж байсан. Мод унагаасан гэж яриад байна. Би галын түлээ л бэлтгэсэн, түүвэр түүсэн. Хууль мэдэхгүйгээс болж ийм юм боллоо гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Г.Ат холбогдох эрүүгийн 2134000000363 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Аын өмгөөлөгч О.Цэрэнпунцагийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй гарсан байна.

 

Шүүгдэгч Г.Ат холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-т зааснаар хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд буюу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсон байна.

 

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж цуглуулж, бэхжүүлэн уг нотлох баримтуудыг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр үнэлж хэргийг шийдвэрлэсэн байна.

 

Шүүгдэгч Г.А нь Төв аймгийн Эрдэнэ сум Хушинга 4-р багийн нутаг “Урт булаг” гэх газраас 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр 21 ширхэг буюу 2.56 метр куб хэрэглээний болон галын түлээний модыг мод бэлтгэх зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар бэлтгэж, бусдын эзэмшлийн .... УНД улсын дугаартай Toyota Land cruiser-80 маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж экологи эдийн засагт 558 585 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Иргэний нэхэмжлэгч Ц.Ганбаярын өгсөн: Миний хувьд нэхэмжлэх зүйл байхгүй. Г.А нь хохирлын мөнгөө төлж барагдуулсан байна гэх /хх-н 33-34/,

 

Г.Аын яллагдагчаар өгсөн: Би Төв аймгийн Эрдэнэ сумын Чулуут 2-р багт мал маллан амьдардаг. 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр гэртээ галын түлээ бэлтгэх зорилгоор өөрийн эзэмшлийн ... УНД дугаартай Toyota Land cruiser-80 маркийн тээврийн хэрэгсэлдээ чиргүүл чирэн Төв аймгийн Эрдэнэ сумын Хушинга 4-р багийн нутаг Урт булаг гэх газар очиж хүмүүсийн тайраад үлдээчихсэн хамгийн уртдаа 1.5 метр хавьцаа 21 ширхэг модыг ачиж гэртээ авчирч буулгасан байгаа. Би ямар нэгэн зөвшөөрөл аваагүй. Миний унаж явсан машин миний өөрийн эзэмшлийн бөгөөд бичиг баримт нь манай хүүгийн нэр дээр байдаг гэх /хх-н 74-75/ мэдүүлгүүд,

 

Экологи эдийн засгийн үнэлгээний 2021 оны 9 дүгээр дугаар сарын 20-ны өдрийн “Төв аймгийн Эрдэнэ сум Хушинга 4-р багийн нутаг “Урт булаг” гэх газраас тус сумын иргэн Г.А нь  хууль бусаар мод бэлтгэсэн гэх гомдол мэдээллийг холбогдох байгууллагуудтай хамтран шалгаад дараах дүгнэлтийг хийлээ. 1.Иргэн Г.А нь зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн. 2.Иргэн нь Г.А шилмүүст төрлийн шинэс мод бэлтгэсэн байна. 3.Тус бэлтгэсэн мод нь шилмүүст төрлийн хуурай мод болно” /хх-н 44/ гэх,

 

“Эй Жэй Жэй Эм” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, шинжээчийн /хх-н 50-66/ дүгнэлтүүд,

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан /хх-н 7/, хэргийн газрын үзлэг хийсэн /хх-н 8-9/, модонд үзлэг хийсэн /хх-н 12-14/ тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 10-11, 15-17/, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /хх-н 18, 21/, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-н 19-20, 22-26/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 76 тал/ зэрэг бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Прокуророос шүүгдэгч Г.Аын гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн үйл баримтын талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь үндэслэлтэй бөгөөд хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Ат оногдуулсан эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ба Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

 

Шүүгдэгч Г.Аын өмгөөлөгч О.Цэрэнпунцаг “Миний үйлчлүүлэгч Г.Аыг хуульд заасан өмгөөлөх эрхээр нь хангаагүй, дан ганц яллах талын нотлох баримт, яллах дүгнэлтийн хүрээнд шүүх хэргийг шийдвэрлэсэн. Дээрх хэрэгт яллагдагчийн эрхийг хязгаарлаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. Иймд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэх 36-87 УНД улсын дугаартай Тоёото Ланд крузер-80 маркийн тээврийн хэрэгслийг орон нутгийн ханшаас хэт дээгүүр үнэлсэн нь бодит байдалтай нийцэхгүй байх тул дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилж дүгнэлт гаргуулахаар хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэсэн давж заалдах гомдол гаргажээ.

 

2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 2134000000363 дугаартай прокурорын тогтоолоор Г.Аыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан /хх-н 01-04/, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг танилцуулсны дараа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу яллагдагчийн эрх, үүргийг тайлбарлан өгч, тэр тухай тэмдэглэлд тусгаж, гарын үсэг зуруулсан байна /хх-н 72-73/. Шүүгдэгч Г.А нь мөрдөн шалгах ажиллагаа, прокурорын шийдвэртэй холбогдуулан ямар нэгэн гомдол, хүсэлт гаргаж байгаагүй, хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар мөрдөн шалгах ажиллагаа, прокурор, шүүхийн шатанд шүүгдэгч Г.Аын хуульд заасан гомдол, хүсэлт гаргах эрхийг хязгаарласан, өмгөөлүүлэх эрхийг ноцтой зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.  

 

2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн “Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай” мөрдөгчийн тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.4 дүгээр зүйлд заасны дагуу шүүгдэгч Г.Аын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан .... УНД улсын дугаартай Toyota Land cruiser-80 маркийн тээврийн хэрэгсэл, чиргүүлийн үнэлгээг гаргахыг “Эй Жэй Жэй Эм” ХХК-д даалгажээ. /хх-н 47-48/

 

Уг тээврийн хэрэгслийн эзэмшигч Г.А нь шинжээчид өгсөн “Тээврийн хэрэгслийн шинж байдлын асуулга” гэх маягтад тээврийн хэрэгслийн үнийг нь 40 000 000 төгрөгөөр үнэлсэн байна /хх-н 59/. Шүүгдэгч Г.Аын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан ..... УНД улсын дугаартай Toyota Land cruiser-80 маркийн тээврийн хэрэгсэл, чиргүүлийн үнийг 21 739 400 төгрөг гэж тогтоосон “Эй Жэй Жэй Эм” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /хх-н 50-58/ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.4, 27.6 дахь хэсэг, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9, 17 дугаар зүйлүүдэд заасны дагуу гарсан, тээврийн хэрэгслийг орон нутгийн ханшнаас хэт дээгүүр үнэлсэн гэдэг нь нотлогдохгүй байх тул дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилж, үнэлгээ тогтоолгох тухай шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 436 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Аын өмгөөлөгч О.Цэрэнпунцагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Т.ЭНХМАА        

 

                   ШҮҮГЧИД                                             М.МӨНХДАВАА

 

                                                                                 Р.МӨНХ-ЭРДЭНЭ