Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 2017/ШЦТ/088

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч П.Д даргалж, 

Нарийн бичгийн дарга Ц.С

Орчуулагч Т.М

  Улсын яллагч M.О,

Хохирогч Д.Н,

Хохирогчийн өмгөөлөгч Д.А, 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.К,

Шүүгдэгч И.П нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И.П-д холбогдох 1713000600037 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: И.П, Монгол Улсын иргэн, 1980 оны 05 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, 37 настай, эмэгтэй, яс үндэс казах, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, дөрвөн хүүхдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Ө сумын **дүгээр багт оршин суух  хаягтай,

Шүүгдэгч И.П-ийн холбогдсон хэргийн талаар: 

Шүүгдэгч И.П нь 2017 оны 08 сарын 27-ны өдрийн 17 цагийн  үед Ө сумын 10 дугаар багт байдаг И.Аийн гэрт хэрүүл маргааны улмаас  Д.Н-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч И.П нь 2017 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 17 цагийн  үед Баян-Өлгий аймгийн Ө сумын 10 дугаар багт байдаг И.Аийн гэрт хэрүүл маргааны улмаас  Д.Н-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: 

- Шүүгдэгч И.П-ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед өгсөн: “...Би 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Толбо суманд Шыбарайгыр ургийн овгийн найр болсон ба тийшээ явсан. Би эгчийнхээ хүүхдүүдийг өөрийн 4 хүүхдийн хамт гэртээ үлдээгээд явсан. 2017 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Н ирээд хаалгаа тайл, хаалгаа тайлахгүй бол цонхыг чинь хагална гэж айлгасан байна. Бид нар 08 дугаар сарын 26-ны өдөр шөнийн 03 цагт ирсэн. Бид нар  маргааш нь Хятад улс руу явах ёстой байсан. Бид нар 08 дугаар сарын 27-ны өдөр эгчийнхээ хувцсыг нь авах гээд гэр лүү нь явсан байсан. Н дахиж ирсэн гэж надруу хүүхдүүд утсаар залгаж хэлсэн. Бид нар таксигаар гэрийнхээ хажууд бууж байхад Н-ын эхнэр болон хажууд нь байсан нэг эмэгтэй хүн ирээд миний эгчийн үсийг зулгаасан. Би юу болж байгааг асуухад Н “Би чиний 50 нас хүрсэн эгчтэй чинь унтсан” гэж хэлсэн. Би уурлаад гараараа нэг цохисон. Би Н-д “Чи дахиж хэлдээ, юу гээд байгаа юм бэ?” гэж асуухад дуртайяа дахиж хэлсэн. Би дахиж нэг цохисон. Н надад “Чиний эгч чинь надад пиво авч өгсөн” гэж хэлсэн. Би уурлаад нударгаараа цохисон. Тэр үед зочны өрөөнд байсан миний 2 болон 4 настай хүүхдүүд маань уйлж шуугиан болсон. Тухайн үед миний ээж болон дүү хоёр ирээд надад “Чи яагаад асуудлыг хүчээр шийдэж байгаа юм бэ?, цагдаа дуудна” гээд цагдаа дуудсан. Н-ын хамарнаас цус гарсан байхад би хүүхдийнхээ өмдийг нь авч өгөөд хамраа арч гэж өгсөн. Цагдаа нар ирээд биднийг Цагдаагийн газар хүргэж мэдүүлэг авах хүртэл Н намайг зодсон гэж хэлж байсан. Харин Н гэртээ хариад маргааш нь “Намайг Б зодсон” гэж худал ярьсан. Тэр үед нэг цагдаа босч ирээд “Чи эрэгтэй хүн биз дээ, яагаад худлаа яриад байгаа юм бэ?, өчигдөр л И.П зодсон гэж хэлсэн, өнөөдөр яагаад Б зодсон гэж хэлж байгаа юм бэ?” гэж хэлсэн.  Миний бие өөрийн төрсөн эгч Аийн гэрт Д.Н-ын хэлсэн үгэнд уурлаж түүнийг 2 алгадаж, нударгаар нүүр, хамарт чанга цохиж зодож биед нь гэмтэл учруулсан болохоо хүлээн зөвшөөрч байна. Миний бие Н-ыг зодсон болохоо эхнээсээ хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгч ирсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 69-70 хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/

- Хохирогч Д.Н-ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “…Би тухайн өдөр Аийн гэрт 10 цагийн үед очсон. Хаалгыг нь тогшоод “А байна уу?” гэж асуухад хүүхдүүд нь байхгүй гэж хэлсэн. Би тэдний цонхыг нь тогшоод “Ээж чинь байхгүй юм уу?, хаана байгаа юм бэ?” гэж асуухад байхгүй гэж хэлэхээр нь яваад өгсөн. Маргааш өглөө би А луу хаана байгаа юм бэ гэж мессеж бичсэн. А болон И.П нар эхнэр бид хоёрын дунд яс хаядаг. Аыг Хятад улс руу барааг нь авчирч, хүргэж өгч зорчигчийн  хувьд харьцдаг байсан. И.А, И.П 2 нь намайг Атай нэр холбож, эхнэр бид хоёрын дунд яс хаядаг болсон. А бол эхнэрийн минь найз. Зорчигчийн хувьд түүний барааг хүргэж өгдөг байсан. Гэтэл И.А, И.П нар бидний дундуур орж, хадмын талын хүмүүст намайг А гэдэг хүнтэй холбогдсон гэж худал мэдээлэл тарааж, худал ярьдаг болсон. Би бачимдаад Агийн гэрт очсон нь үнэн. А, И.П нар яагаад бидний дундуур орж байгааг мэдэхгүй байна. А бол амьдрахын тулд Хятад улс руу бараа тээвэрлэдэг. Би Аын барааг зорчигчийн хувьд тээвэрлэж авчирч, хүргэж өгдөг байсан. Өөр ямар нэгэн харилцаа байхгүй. Бидний дунд ороод 1 жилийн хугацаа болж байна. А гэдэг хүнтэй намайг холбогдохоос болж гэр бүлд байнга хэрүүл маргаан гардаг болсон. Би эцэг, эхийн хамт амьдардаг. Эцэг, эх маань бидний хэрэлдээд маргалдаж байгааг харахыг хүсэхгүй. Би уурандаа бачимдаад Агийн гэрт очсон нь үнэн. Би бүх асуудлыг эхнэртээ ойлгуулж хэлсэн. Эхнэр маань тэдний гэрт очъё гэж хэлэхэд А би бас очно гэж хэлсэн. Би А луу “Та хаана байгаа юм бэ?” гэж мессеж бичихэд “Манай гэрт хүрээд ир, тэгээд ярья” гэсэн хариу ирсэн. Бид гурав Агийн гэрт нь очсон ба хүүхдүүд нь байсан. Биднийг очиход А гэртээ байгаагүй ба хаана байгааг нь хүүхдүүдээс нь асуухад дэлгүүр явсан, 10 минутын дараа ирнэ гэж хэлсэн. Бид машиндаа түүнийг хүлээгээд сууж байсан. А нар удалгүй машинтай ирсэн. Бид гурав Агийн гэрт  ороход тэнд байсан хүмүүс шууд над руу “Чи ямар ичдэггүй юм бэ?” гэж дайрсан. Би эмэгтэй хүмүүс учир гар хүрээгүй. А нар Аыг мөн адил “Чи ямар ичдэггүй юм бэ?” гээд хэд хэдэн удаа цохисон. И.П намайг Агийн гэрийн амбаарт гаргаж  хаалгыг нь хаагаад “Чи яагаад тэр эмэгтэйг өмөөрөөд байгаа юм бэ?” гэж хэлсэн. Би түүнд “Шударга зүйлийг хэлнэ. Бид хоёрын хооронд ямар нэгэн холбоо байхгүй” гэж хэлсэн. И.П амбаарын өрөөний хаалгыг онгойлгоод дүүгээ цагдаа дуудаарай гэж хэлсэн. И.П-ийн дүү нь ирээд миний хоолойг боож хэд хэдэн удаа алгадсан. Дараа нь тэд бүгдээрээ хүрч ирээд над руу дайрсан. Миний гэдэс тус газар дахиж нэг цохисон. Би доошоо тонгойгоод сууж байхад бүгдээрээ над руу дайрсан. Энэ үед миний хамарнаас цус гарсан. Дараа нь юу болсныг мэдээгүй. А надад “Чи энэ гэрээс амьд гарахгүй” гэж хэлсэн. П хүрч ирээд хамар нүүр нүдэнд минь хэд хэдэн удаа цохиж авсан. ...Миний хамрын яс мурийж гэмтсэн. Нүд хөхөрч,  хамар хавдаж гэмтэл авсан, Б эхэлж миний хамарт гараар нэг удаа хүрч цохисон.” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/

Гэрч Ы.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Н-ыг хэн зодсоныг мэдэхгүй. Би ээж З-тай хамт гаднаас Аийн гэрт 16-17 цагийн үед П-ийн дуудсанаар ирэхэд үүдний өрөөнд цус асгарсан байдалтай, Н-ын хамраас цус гарсан түүнийг алчуураар дарсан байдалтай сууж байсныг харсан. Түүнийг хэн яаж зодсоныг би хараагүй. Асуудал хүндэрч магадгүй гэж бодоод Цагдаагийн газарт дуудалга өгсөн. Н-ыг би зодоогүй. ...П би бөгжтэй гараараа Н-ыг зодсон гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг. /хх-ийн 21-22 дугаар хуудас/.

Гэрч Х.З-ны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: " ...2017 оны  8 дугаар сарын 27-ны өдөр манай охин П-ийн хүүхэд болох Аружан залгаж “Эмээ А эгчийн гэрт хүрээд ирээч. Энд бөөн хэрүүл маргаан  гарч байна” гэсэн тэгээд би хүү Бийг дагуулаад Агийн гэрт очоод хаалга онгойлгосон чинь бөөн цус болсон байсан ба тэгээд шууд цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/

Гэрч Ш.Н-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ …2017 оны 08 сарын 27-ны өдөр миний бие  цагдаагийн газарт 24 цагийн жижүүрийн офицерийн үүрэг гүйцэтгэж ажилласан. Тэр өдөр 17 цагийн үед иргэн И.Бийн дуудлагаар Ө сумын 10 дугаар багийн иргэн Аийн гэрт очиход Д.Н зодуулсан байдалтай хамарнаас нь цус гарсан, хамар нь шалбарсан байдалтай байсан. Би түүнээс “Таныг хэн зодсон бэ?” гэж асуухад тэнд байсан П гэгчийг зааж “Энэ хүн намайг цохиж зодсон” гэж  хэлсэн. Би тэр П гэдэг эмэгтэйгээс та цохиж зодсон гэдэг иь үнэн үү гэж асуухад “Тиймээ би уурлаж хүргэн дүүгээ хэдэн удаа нударгаар цохиж зодсон” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр хуудас/.

Гэрч И.Аийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...миний дүү П Н-ын нүүрэнд 2 алгадаж хамар тус газарт нэг удаа цохиж авсан. Тэгээд манай хүүхдүүд аав, ээж рүү залгаж аав, ээжийг дуудсан чинь ээж болон дүү Б нар ирсэн ба орж ирэнгүүтэй цусыг хараад цагдаа дуудсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 39-40  дүгээр хуудас/.

Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт хохирогч Д.Н-ын амбулаториороор эмчлүүлсэн карт болон Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч К.Хайратын 310 дугаартай: "...Иргэн Д.Н-ын биед нүүрний зөөлөн эдийн бэртэл, хамрын нуруунд хавдартай, мурийлттай, шархтай, баруун нүдний доод зовхинд цус хуралттай зэрэг гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр  сарниулах,   гэмтлийн  зэрэг тогтоох журмын   2.4  заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно..." гэх шинжээчийн дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад баримтаар нотлогдон тогтоогдож байна. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч И.П-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

Мөн уг гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх зарим гэмт хэрэгт хамаарч байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан байна. 

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч И.П-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан саналд:  “…Миний бие шүүгдэгчийн эрх ашгийг хамгаалах зорилгоор мөрдөн байцаалтын шатнаас эхэлж өмгөөлөгчөөр оролцож байна. ...Шүүгдэгч өөрөө би бөөр муутай, зүрх муутай гэж хэлсэн. Улсын яллагчийн санал болгосон 250 цагийн нийтэд тустай ажилд хийлгэх ялыг шүүгдэгчид халдаах  боломжгүй тул түүнийг 450 нэгж буюу 450,000 төгрөгийн торгуулийн ял оногдуулж уг ялыг 3 сарын хугацаанд төлөхөөр тогтоож өгнө үү.” гэж санал гаргасан ба улсын яллагч “...Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгчид торгуулийн ял оногдуулж өгөх санал гаргаж байна. Уг саналд улсын яллагчийн зүгээс татгалзах зүйл байхгүй.” гэснийг хүлээн авч мөн шүүгдэгч И.П-ийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын хөнгөн ял болох торгох ялыг сонгон, хуульд заасан ялын бага хэмжээгээр буюу 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 /нэг мянга/ төгрөгтэй тэнцэх ба 450 нэгж нь 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгтэй тэнцэх юм.

Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэлт, хөрөнгө орлого зэрэг хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан 450000 төгрөгний торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов. 

Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч И.П нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно. 

Шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй тул шүүгдэгчийн өмчлөлийн Самсунг галакси-3 маркийн гар утсыг битүүмжилсэн  прокурорын  2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 5/24 дугаартай тогтоолыг хүчингүй болгох  нь зүйтэй байна.

Шүүгдэгч И.П-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, мөн хэргийн хамт шүүхэд ирүүлсэн шүүгдэгчийн хувийн бичиг баримтыг өөрт нь буцаан олгох нь зүйтэй байна.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч И.П-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.П-г 450 “дөрвөн зуун тавь” нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.П-д оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.П нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчийн өмчлөлийн Самсунг галакси-3 маркийн утсыг битүүмжилсэн  прокурорын  2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 5/24 дугаартай тогтоолыг хүчингүй  болгосугай. 

7. Шүүгдэгч И.П-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 

8. Хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч И.П-ийн                    В-00907396 дугаартай эрүүл мэндийн даатгалын гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц өөрт нь буцаан олгосугай. 

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     П.Д