Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 184/ШШ2024/01920

 

2024 04 11 184/ШШ2024/01920

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр би,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 хороо, ******* бюлдинг  корпус, 10 давхар,  тоот хаягт байрлах, ******* ******* ББСБ ХХК /РД: 6715249/

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 1 хороо, толгойт ******* гудамж, ******* тоот хаягт оршин суух, Боржигон овогт *******ын******* /РД: *******/

Зээлийн гэрээний үүрэгт 608 169 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э.Энхсайхан нь ******* зээлийн аппликейшн дахь үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч, 2022 оны 02 сарын 14-ний өдрийн *******-131952 зээлийн дугаартай гэрээгээр 330 000 төгрөгийг 6 хувийн хүүтэй 30 хоногийн хугацаатай зээлсэн. Зээлдэгч Э.Энхсайхан нь зээлийн эргэн төлөлтийг төлөлгүй бидний тавьсан удаа дараагийн зээл төлөх талаарх шаардлагыг үл биелүүлэн зээл, зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг төлөлгүйгээр 606 хоног хугацаа хэтрүүлсэн. 2024 оны 03 сарын 28-ны өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 329 851 төгрөг, хүү 248 602 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 39 716 төгрөг, нийт 608 169 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Э.Энхсайханд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 608 169 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлд 2024 оны 04 сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд зохигчид эвлэрч 2024 оны 04 сарын 10-ны өдөр эвлэрлийн гэрээ шүүхэд ирүүлжээ.

Эвлэрлийн гэрээгээр нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага 608 169 төгрөгийн 300 000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 308 169 төгрөгийг хариуцагч Э.Энхсайхан нь 2024 оны 04 сарын 20-ны өдрөөс өмнө нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-нд төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байна.

Талууд эвлэрсэн болох нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байх бөгөөд эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18 896 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, талуудын эвлэрсэн 308 169 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 9 895 төгрөгийн тал хувь 4 947.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 4 947.5 төгрөгийг хариуцагч Э.Энхсайханаас тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Э.Энхсайханд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 608 169 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага 608 169 төгрөгийн 300 000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 308 169 төгрөгийг хариуцагч Э.Энхсайхан нь 2024 оны 04 сарын 20-ны өдрөөс өмнө нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-нд төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18 896 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, талуудын эвлэрсэн 308 169 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 9 895 төгрөгийн тал хувь 4 947.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 4 947.5 төгрөгийг хариуцагч Э.Энхсайханаас тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагчид мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ А.ЭНХТӨР