Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 2017/ШЦТ/093

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч П.Д даргалж, 

Нарийн бичгийн дарга Ц.С,

Орчуулагч А.Е,

Улсын яллагч Х.Ө, 

Шүүгдэгчийн өмгөөлөгч К.З,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.А,

Шүүгдэгч М.А, Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.А, Б.Д нарт холбогдох 1713000270029  дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

          1. Шүүгдэгч: Монгол   Улсын   иргэн,   М.А, 1977 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ц суманд төрсөн. 39  настай,   эрэгтэй,  яс үндэс казах,  дээд боловсролтой,  эдийн  засагч мэргэжилтэй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 7, эхнэр 5 хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн Ц сумын   **дугаар   багт   оршин   суудаг,   урьд   ял   шийтгэлгүй,   

          2. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Б.Д,  1990 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Баян-Өлгий аймгийн  Ц суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, яс үндэс казах, бүрэн бус дунд боловсролтой, жолооч   мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, аав, ээж, дүү нарын хамт Баян-Өлгий аймгийн Ц сумын ***дугаар багт оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, 

           Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар: 

Шүүгдэгч М.А, Б.Д нар нь  2017 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ц сумын **дугаар багийн нутаг дэвсгэрт өмнө үүссэн таарамжгүй харьцааны улмаас маргаж хоорондоо харилцан зодолдож бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1.Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Шүүгдэгч М.А, Б.Д-тай нар нь 2017 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ц сумын ***дугаар багийн нутаг дэвсгэрт өмнө үүссэн таарамжгүй харьцааны улмаас маргаж хоорондоо харилцан зодолдож бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:  

Шүүгдэгч М.А-ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 7 дугаар сарын 22-ны орой миний эхнэрийн хүргэн ах болох Ш.А гэх хүний хүү болох атаа гэх залуугийн хуримын цайлаг болоод би тэнд очсон юм. Тэгээд тэр айлын гадаа ирж Б.Д гэх залуутай тараад би түүний баруун талын нүүр буюу хацранд гараар нэг удаа цохиж газраас жижиг чулуу авч чулуутай гараар Б.Д-ны хүзүүнд нэг удаа цохисон. ...Надад сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна, урьд хохирогчоор өгсөн мэдүүлгэндээ бүрэн хэлж өгсөн байгаа, нэмж хэлэх зүйлгүй. Бүх зүйл тодорхой. Тийм учраас уг хэргийг дуусгах саналтай байна.” гэх мэдүүлэг. /хх-ийн 15-16 дугаар хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/

Шүүгдэгч Б.Д-ны мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2017 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 17 цагийн орчимд аав болох Болатбек, ээж болох Булди нарыг А гэх хүний хүү болох Абдулхудасын хурим болж тэнд хүргэж өгөөд би машины сэлбэг авах ажлаар Каримбек гэх хүний сэлбэгийн дэлгүүр ороод буцаж хурим хийж байгаа айлын хашааны гадна машинаа тавчихаад хашаанд ороод хуримын арга хэмжээнд оролцохоор явж байтал миний урдаас М.А гарч ирэхээр нь би урдаас нь “Сайн байна уу” гэж мэндлэхэд мэнд авалгүй шууд миний баруун талын хацарт гараар цохиж авсан. Би газраас босох гэж байхад М.А нь гартаа чулуу барьж миний зүүн талын дух руу цохисон.  Би ч гэсэн түүнийг цохисон. ...М.А-ын нүд рүү нь гараар нэг цохисноо хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/

Б.Д-ны мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор өгсөн: “... 2017 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 17 цагийн орчим миний урдаас М.А гарч ирэхээр нь би урдаас “Сайн байна уу” гэж мэндлэхэд А нь мэнд авалгүй шууд миний баруун талын хацарт гараар нэг удаа цохиход миний малгай газарт унасан бөгөөд би доошоо тонгойж малгайгаа аваад эргэж А руу харах гэтэл А нь 2 гартаа чулуу барьсан баруун талын чулуу барьсан гараар миний ар шил буюу хүзүүнд нэг цохисон ба зөрүүлж зүүн талын чулуу барьсан гараар миний баруун талын нүдний дээд хэсэг буюу баруун талын духанд цохиход би зөрүүлж М.А-ыг нүүр хэсэгт гараар нэг удаа цохисон....” гэх мэдүүлэг, /11-12 дугаар хуудас/

М.А-ын мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор өгсөн: “...Тэр айлын гадаа ирэхэд Б.Д гэх залуу таараад би Ды баруун талын нүүр буюу хацранд гараар нэг удаа цохиж, газраас жижиг чулуу авч  чулуутай  гараар түүний ар  шилэнд буюу хүзүүнд  нэг цохиход Б.Д эргүүлж миний зүүн талын нүд рүү гараар хүчтэй нэг цохисон бөгөөд би Д-ны толгой руу дахин нэг цохисон юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/

          Гэрч Ж.Ж-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 07 дугаар сарын 22-ны өдөр манай хамаатан А гэх хүний хүүхдийн хуримын цайллага болоод тэнд очсон. Тэгээд уг цайллаганд хүмүүс ирээд гэр дотор үйлчилгээ хийгээд явж байтал гаднаас нэг жоохон хүүхэд ирээд гадаа М.А, Б.Д нар зодолдож байна гэхээр нь гүйж гэрээс гарахад Б.Д-ныг үл таних нэг залуу гараас нь барьсан зогсож байсан ба би “Юу болоод байна,  айлын хуриманд зодоон хийж болохгүй” гэж хэлээд Дыг дагуулж гэрийн үүдэнд ирээд гэрт байгаа Д-ны ээжид таны хүүхэд зодолдсон байна гэж хэлээд ээжид нь хүлээлгэн өгөөд явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/

Гэрч К.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2017 оны 7 дугаар сарын 22-ны өдөр А гэх хүний залуу эхнэр авч хурим хийсэн бөгөөд би хүү болох Д-аар тэнд хүргүүлж хүү маань хувийн ажлаар гадуур явсан байсан. Эхнэр маань залгаж А нь хүү Д-ыг зодсон байна гэж хэлсэн. Энэ оны хавар миний хүү болох Дн нь аймаг ороход А-ыг хонины хонхорт суулгаж явсан байна. А чи намайг машины хонины хонхорт суулгаж явсан, би машины хонины хонхорт суух хүн биш гэж хэлж миний хүүг зодсон байна.” /хх-ийн 17-18 дугаар хуудас/

Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Е.Бы 261 дугаартай “1. ...Иргэн М.А-ын биед зүүн талын нүдний дээд доод зовхи хацарны хэсэгт хөх ягаан өнгийн, нүдний алимны салстад улаан ягаан өнгийн цус хуралт, толгойн хуйх, цээжний зүүн талын хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан байна. 

2. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 30 дугаар хуудас/

Тус аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээч эмч К.Хын 268 дугаартай  “1. ...Б.Д-ны биед тархины битүү гэмтэл, тархины доргилт, тархины даралт, гэмтлийн дараах тархи нугасны шингэний үрэвсэл, баруун талын нүдэнд хавантай, баруун нүдэнд хөх ягаан туяатай цус хуралттай, нүдний салстад цус харвасан, тархины дагзанд хавантай зэрэг зөөлөн эдийн бэртэл гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлээр үүссэн болно.

2. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 дэх заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 32 дугаар хуудас/

Шинжээч эмч Е.Бы “...Иргэн М.А-ын биед толгойн хуйх болон цээжний зүүн талын хэсгүүдэд учирсан зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Харин зүүн талын нүдний дээд доод зовхи, хацарны хэсэгт хөх ягаан өнгийн, нүдний алимны салстад улаан ягаан өнгийн цус хуралт гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болно.” гэх мэдүүлэг /хх-ийн 85 дугаар хуудас/ зэргээр тогтоогдож байна. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд шүүгдэгч нар нь өөрсдийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч М.А, Б.Д нарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул тэднийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ. 

Мөн уг гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх зарим гэмт хэрэгт хамаарч байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан байна. 

 

2. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч М.А, Б.Д нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэх нь зүйтэй байна. 

Иймд шүүгдэгч М.А, Б.Д нарын үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг сонгон, хуульд заасан ялын бага хэмжээгээр буюу 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр тус тус торгож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгч нарын эрхэлсэн тодорхой ажилгүй, хөрөнгө орлого зэрэг хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан 450000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов. 

Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нар нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч М.А, Б.Д нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно. 

Шүүгдэгч М.А, Б.Д нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, хэргийн хамт шүүхэд ирүүлсэн шүүгдэгч нарын хувийн бичиг баримтыг өөрт нь буцаан олгох нь зүйтэй байна.  

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Д-ны  бор өнгийн Уаз-31513 маркийн ***** БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, шүүгдэгч М.А-ын цагаан саарал өнгийн Уаз-31512 маркийн 3802 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг  тус тус битүүмжилсэн 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 08, 09 дугаартай прокурорын тогтоолуудыг хүчингүй болгох нь зүйтэй байна.    

Уг гэмт хэргийн улмаас шүүгдэгч нар нь бие биедээ төлөх хохирол төлбөргүй  шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 5 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч М.А, Б.Д нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.А, Б.Д нарыг 450 “дөрвөн зуун тавь” нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.А, Б.Д нарт оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.А, Б.Д нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.А, Б.Д нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Д-ны  бор өнгийн Уаз-31513 маркийн ***** БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, шүүгдэгч М.А-ын цагаан саарал өнгийн Уаз-31512 маркийн 3802 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг  тус тус битүүмжилсэн 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 08, 09 дугаартай прокурорын тогтоолуудыг хүчингүй болгосугай.

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч М.А-ын *****дугаар бүхий эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, шүүгдэгч Б.Д-ны 0306711 дугаар бүхий эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ зэргийг тус тус өөрт нь буцаан олгосугай. 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч нар, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    П.Д