Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 1917

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Б-ыннэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

           

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 101/ШШ2019/02357 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Б-ыннэхэмжлэлтэй,

Хариуцагч С.Төд холбогдох

           

          Гэм хорын хохиролд 6 771 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

         

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Болдбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б нь өөрийн эзэмшлийн Хьюнда элентра маркийн 35-93 УНХ улсын дугаартай автомашинаар 2018 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн өглөө Баянгол дүүргийн нутаг дэвсгэр буюу модны 2-ын гол зам дээр замын хөдөлгөөнд оролцож байх үед Тоёота марк-х маркийн 41-48 УНЭ улсын дугаартай автомашин араас мөргөж эд материалын хохирол учруулсан. Уг автомашиныг тухайн үед Т.Соронзонболд согтуугаар жолоодож явсан бөгөөд түүнийг зам тээврийн осолд буруутай болохыг замын цагдаагийн байгууллага тогтоож түүнд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар шийтгэврээр Зөрчлийн тухай хуулиар захиргааны хариуцлагын арга хэмжээ авсан. Автомашинаа 2018 оны 9 дүгээр сарын 16, 17-ны өдрүүдэд автомашин ачилтын компаниар 2 удаа ачуулсны зардал 190 000 төгрөг, 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр “Мастер авто сүлжээ” завсарын газраар оношлогоо хийлгэхэд гарсан үйлчилгээний хөлс 34 000 төгрөг, “Ашид билгүүн” ХХК-иар үнэлгээ хийлгэхэд автомашинд учирсан хохирлыг 6 275 000 төгрөгөөр үнэлсэн ба үнэлгээг хийлгэхэд гарсан үйлчилгээний хөлс 264 000 төгрөг, Б.Б автомашинтайгаа мөргүүлсэн тул биеийн байдлаа үзүүлэхээр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд үзүүлсний төлбөр 8 000 төгрөг, нийт 6 771 000 төгрөгийн хохирол учирсан байна. Т.Соронзонболд, С.Т нар 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр зээлийн гэрээ, барьцааны гэрээ, орон сууц хөлслүүлэх гэрээ байгуулсан байна. Зээлийн гэрээний хүүнд 3 өрөө орон сууцанд амьдарч, 14 000 000 төгрөгийг бэлнээр өгч, 7 000 000 төгрөгт автомашин тооцуулсан гэж тайлбарласан. 7 000 000 төгрөгт Т.Соронзонболдод машин санал болгосон мэтээр хариуцагч тайлбарлаж байна. Т.Соронзонболдод тухайн авто машиныг эзэмшүүлэхээр өөрөө шилжүүлж өгсөн харагдаж байна. Тухайн үед 41-48 УНЭ улсын дугаартай, Тоёота марк-х маркийн автомашины өмчлөгч нь “Тайгын булаг авто” ХХК байх боловч хариуцагч С.Тийн тайлбар, “Тайгын булаг авто” ХХК-иас С.Төд илгээж байсан баримтаас харахад тээврийн хэрэгслийн эзэмшигч С.Т байна. Иймд Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.Төөс хохиролд 6 771 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч С.Т шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Уг автомашиныг би иргэн Т.Соронзонболдод орон сууцны түрээсийн төлбөрт өгсөн боловч Т.Соронзонболд намайг залилсан. Миний бие орон сууц түрээсийн гэрээ байгуулан тус авто машиныг түрээсийн төлбөрт шилжүүлэн өгсөн. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шүүхэд өгсөн мэдүүлэгтээ Т.Соронзонболд надаас уг автомашин авсан гэдгээ хэлсэн. Би осол гаргаагүй, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Т.Соронзонболд нь 41-48 УНЭ улсын дугаартай автомашиныг унаж яваад зам тээврийн осол гаргасан нь 2019 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 12 тоот яллагдагчаар татах тогтоол, Баянгол дүүргийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 12 тоот шийтгэвэр, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ирсэн баримтаар нотлогдож байна. Би Т.Соронзонболдод автомашиныг худалдсан, нэхэмжлэгчид ямар нэгэн хохирол учруулаагүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

          Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.4, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч С.Төд холбогдох гэм хорын хохиролд 6 771 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Б-ыннэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 123 286 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Болдбаяр давж заалдах гомдолдоо: Иргэн Т.Соронзонболд тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй атлаа согтуугаар 2018 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэр буюу модны 2-ын гол зам дээр Тоёота марк-х маркийн 41-48 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, осол гаргасны улмаас Б.Б-ынэзэмшлийн Хьюндей элентра маркийн 35-93 УНХ улсын дугаартай автомашины араас мөргөж, нэхэмжлэгч Б.Бд 6 771 000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд талууд энэ талаар маргадаггүй. Тухайн осол гаргасан Тоёота марк-х маркийн 41-48 УНЭ улсын дугаартай автомашины эзэмшигч нь тухайн үед С.Т байсан нь талуудын тайлбар, “Тайгын булаг авто” ХХК-ийн 2018 оны 8 дугаар сарын 23, 9 дүгээр сарын 8-ны өдрийн албан бичиг, зээл болон барьцаат зээлийн гэрээгээр нотлогддог. Уг тээврийн хэрэгслийн эзэмшигч С.Т осол гаргасан тээврийн хэрэгслийн өмчлөгч тул Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлага гаргасан болно.

Хариуцагч С.Т нь “...Би осол гаргаагүй, осол болсон өдөр тухайн тээврийн хэрэгслийг Т.Соронзонболд унаж яваад зам тээврийн осол гаргасан. ...Тухайн үед миний бие Т.Соронзонболдтой зээлийн гэрээ байгуулан түүнд 21 000 000 төгрөгийг зээлүүлсэн бөгөөд 7 000 000 төгрөгт тооцож тухайн автомшиныг худалдсан” гэж тайлбарладаг. Гэтэл С.Т, Т.Соронзонболд нарын хооронд байгуулагдсан 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн зээлийн гэрээнээс харахад С.Т нь Т.Соронзонболдод “...21 000 000 төгрөгийг, ...2 жилийн хугацаатайгаар зээлсэн” үйл баримт байх бөгөөд Тоёота марк-х маркийн 41-48 УНЭ улсын дугаартай автомашиныг 21 000 000 төгрөгийн 7 000 000 төгрөгт тооцон Т.Соронзонболдод худалдсан талаар тусгаагүй, энэ талаар нотолсон баримтгүй. Хариуцагч С.Тийн тайлбарлаж байгаагаар дээрх зээлийн гэрээнд тусгаагүй ч 7 000 000 төгрөгт тухайн автомашиныг оруулан тооцсон гэж үзвэл Т.Соронзонболдод 14 000 000 төгрөг өгсөн эсэх, зээлийн гэрээнд заасан 21 000 000 төгрөгийг өгсөн эсэх, яг хэдэн төгрөгийг ямар байдлаар өгсөн зэрэг нь эргэлзээтэй байхад шүүх зөвхөн хариуцагч С.Т болон Т.Соронзонболдын гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэгт үндэслэн “...С.Т нь Т.Соронзонболдод 21 000 000 төгрөгийг зээлүүлэхдээ 14 000 000 төгрөгийг бэлнээр, 7 000 000 төгрөгт тооцон Тоёота марк- х маркийн 41-48 УНЭ улсын дугаартай автомашиныг өгсөн...” гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэж байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...зээлдүүлэгч С.Тийн хүсэл зоригоос үл хамаарах шалтгаанаар Т.Соронзонболд нь бусдыг залилсан...” гэж дүгнэсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.4 дүгээр зүйлийн 2 дах хэсэг тус тус зааснаас үзэхэд Т.Соронзонболдын гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлгийг үнэн зөв гэж үзэхээргүй, мөн тухайн гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоолоор нотлогдоогүй байхад анхан шатны шүүх Т.Соронзонболдыг бусдыг залилсан гэм буруутай мэт дүгнэж, түүнийг гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэгт үндэслэж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч С.Төд холбогдуулан гэм хорын хохиролд 6 771 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч тээврийн хэрэгслийн эзэмшигч Т.Соронзонболд хохирлыг хариуцна гэж маргажээ.

 

Хэргийн баримтаас үзэхэд 2018 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 05 цагийн үед иргэн Т.Соронзонболд нь Тоёота марк-Х маркийн 41-48 УНЭ улсын дугаартай автомашиныг, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцохдоо Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 8 дугаар хороо, Жамсранжавын гудамжинд иргэн Б.Б-ынжолоодож явсан Хьюндай элентра маркийн 35-93 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гаргасан үйл баримт тогтоогджээ.

 

Т.Соронзонболд нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байсан, зам тээврийн осол гаргасан үйлдэлд нь 15 цагийн хугацаагаар албадан сургалтанд хамруулж, 15 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулсан байна.

 

Энэ талаар хэрэгт Зам тээврийн ослын акт, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар шийтгэвэр зэрэг нотлох баримтууд авагдсан байна. /хх 15-21/

 

Иргэн Т.Соронзонболдын жолоодож явсан Тоёота марк-Х маркийн 41-48 УНЭ улсын дугаартай автомашин нь “Тайгын булаг авто” ХХК-иас хариуцагч С.Тийн эзэмшилд шилжсэн болох нь зээлийн гэрээ, барьцаат зээлийн гэрээ, “Тайгын булаг авто” ХХК-ийн 2018 оны 8 дугаар сарын 23, 2018 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн албан бичиг, талуудын тайлбараар тогтоогдсон байна. /хэргийн 125-135 дугаар тал/

 

Мөн хариуцагч С.Т нь иргэн Т.Соронзонболдод 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 21 000 000 төгрөг зээлдүүлж, зээлийн хүүний төлбөрт Т.Соронзонболдын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Хүннү гудамж, Трю эл хотхон 716 дугаар байрны 805 тоот, 5 өрөө орон сууцыг хөлслөхөөр тохиролцон 21 000 000 төгрөгөөс 14 000 000 төгрөгийг бэлнээр, 7 000 000 төгрөгт тооцож Тоёота марк-Х маркийн 41-48 УНЭ улсын дугаартай автомашиныг шилжүүлсэн болох нь тогтоогдсон гэж үзэхээр байна.

 

Тиймээс Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар С.Т болон Т.Соронзонболд нарын хооронд 21 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэн, Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2.1-т зааснаар С.Төөс Т.Соронзонболдод уг автомашиныг шилжүүлсэн гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

Анхан шатны шүүх хариуцагч С.Т тээврийн хэрэгслийн өмчлөгч биш байх бөгөөд зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгчийн эд хөрөнгөд учирсан хохирлыг хариуцах үндэслэлгүй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

         Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.

 

          Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж  шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 101/ШШ2019/02357 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 123 290 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Ц.ИЧИНХОРЛОО

 

                                        ШҮҮГЧИД                                        Г.ДАВААДОРЖ

 

                                                                                                 Д.ЦОГТСАЙХАН