Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 183/ШШ2024/01721

 

 

      

 

   2024 оны 04 сарын 16 өдөр  

         

         

            Дугаар 183/ШШ2024/01721 

                   

                  

                     Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 6 дугаар танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг дүүрэг, * дугаар хороо, өөрийн байранд байрлах, Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн хүсэлттэй,

 

Гуравдагч этгээд: Хан-Уул дүүрэг, * дугаар хороо, Яармагийн ** дугаар гудамж, ** тоотод оршин суух **** Цогт овогт Г******* (РД:*******)-ийг архины албадан эмчилгээнд хамруулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ш*******,

Гуравдагч этгээд Г.Б*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтэс нь Г.Б*******ийг архины албадан эмчилгээнд хамруулахаар хүсэлт гаргажээ. Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Г.Б******* нь гудамж талбай олон нийтийн газарт байнга архидан согтуурч иргэдийн амгалан тайван байдлыг байнга алдагдууладаг тул СМДХЗЖАЭ тухай хуулийн 4 зүйлийн 4.1.2, 4.1.4 дэх хэсэг, 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт зааснаар архины албадан эмчилгээнд хамруулж өгнө үү гэв.

 

2.Гуравдагч этгээд Г.Б******* нь цагдаагийн байгууллагад болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ээж аав дүү нарын хамт амьдардаг. Миний аав 72 настай ээж 67 настай. Би бүрэн дунд боловсролтой, гэрийнхээ хашаанд машины моторонд ээлж хийдэг. Мөн агрегат засвар сэв арилгах ажил хувиараа хийдэг. Би 2*** оны 5 дугаар сард эхнэрээсээ салсан. Бид 2 хүүхэдтэй байсан. Хүүхдүүд хааяа ирэхээр сэтгэл санаа тавгүй болдог учраас архи уудаг. Анх 2*** оноос хойш ганц нэг удаа уудаг, машин барьдаг учраас хэтрүүлдэггүй байсан. Би 7 хоногт 2-3 удаа архи уудаг. Би архи уухгүй байя гэж хичээдэг боловч уучихаад байдаг. Архины албадан эмчилгээнд явуулахыг хүлээн зөвшөөрч байна гэв. Миний бие 2*** оны 08 дугаар сард даралт харавсан баруун тархиндаа харвалттай. Хааяа ядархаараа унаад байдаг. Миний дүү Г.Баттөгс архи уухаараа агсам тавьж аав ээж хоёрыг болон намайг согтуу байх үед бас зоддог. Би 3 удаа зодуулсан гомдолгүй гээд салж байсан гэв.

3.Нэхэмжлэгчээс итгэмжлэл, Хан-Уул дүүргийн 02 дугаар хорооны Засаг даргын 20** оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 63 дугаар албан бичиг, гуравдагч этгээдийн эцэг Д.Г*******ын Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтэст бичгээр гаргасан 20** оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн хүсэлт, Д.Г*******оос асууж авсан тайлбарын тэмдэглэл, холбогдогч Г.Б*******ээс асууж авсан тайлбарын тэмдэглэл, Г.Б*******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, Цагдаагийн байгууллагын ASAP сан дахь Г.Б*******ийн мэдээлэл, “Согтуурах, мансуурах донтой эсэхийг тогтоох эрүүл мэндийн дүгнэлт” зэрэг баримтыг нотлох баримтаар гаргаж өгсөн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн иргэн Г.Б*******ийг архины албадан эмчилгээнд хамруулах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

2.Нэхэмжлэгч Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтэс нь иргэн Г.Б*******ийг архины албадан эмчилгээнд хамруулахаар нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ олон нийтийн газарт архидан согтуурч, иргэдийн аюулгүй, амар тайван амьдрах эрхийг зөрчсөн гэж тодорхойлжээ.

 

3.Гуравдагч этгээд Г.Б******* нь архины албадан эмчилгээнд явуулах цагдаагийн байгууллагын хүсэлтийг хүлээн зөвшөөрч байна.

 

4.Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, хэргийн оролцогчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

4.1.Иргэн Г.Б******* нь 20** оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 20** оны 09 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бусдын амгалан тайван байдал алдагдуулсан буюу бусдыг зодож танхайрсан, агсам тавьсан, цагдаагийн албан хаагчийн хууль ёсны шаардлага эсэргүүцсэн, ил задгай тамхины иш, хог хаясан, хориглосон газарт архидан согтуурсан, гудамж талбайд ил задгай бие зассан зэрэг үндэслэлээр удаа дараа эрүүлжүүлэгдэх болон торгуулийн шийтгэлээр шийтгүүлж байсан. (хавтаст хэргийн 11-14  дахь тал)

4.2.Иргэн Г.Б******* нь  Архинд донтох эмгэг-3 дугаар зэрэг буюу согтуурах донтой. (хавтаст хэргийн 17 дахь тал)

 

5.Гуравдагч этгээд Г.Б******* нь нийгмийн хэв журмыг зөрчин, архидан согтуурч, удаа дараа эрүүлжүүлэгдэх, торгуулийн арга хэмжээ авагдаж байсан болох нь хэрэгт авагдсан зөрчлийн тухай мэдээлэл, тайлбар авсан цагдаагийн тэмдэглэлээр тогтоогдож байх бөгөөд “Архинд донтох эмгэг-3 дугаар зэрэг” буюу “согтуурах донтой” болох нь 20** оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Хан-Уул Эрүүл мэндийн төвийн дүгнэлтээр, Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон болох нь гуравдагч этгээдийн шүүх хуралдаанд гаргасан “…архи уухаар, ядрахаар таталт өгдөг. Таталт өгсөн тохиолдолд миний хамрын хэсэгт дарж сэргээдэг…” гэх тайлбараар тус тус тогтоогдож байх тул түүнийг архины албадан эмчилгээнд хамруулах нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

6.Нэхэмжлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

   

ТОГТООХ нь:

 

1.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Боржигон Цогт овогт Г******* (РД:*******)-ыг албадан эмчилгээнд хамруулсугай.

 

2.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6 дахь хэсэгт зааснаар Г.Б*******ийг албадан эмчлэх эмнэлэгт хүргэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар гүйцэтгүүлсүгэй.

 

3.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт зааснаар эмчлүүлэгчийн биеийн байдал, эмчилгээний үр дүнгээс шалтгаалан 3-6 сар хүртэл, давтан эмчлүүлэх тохиолдолд 6 сараас 1 жил хүртэл хугацаагаар эмчилгээг хийх бөгөөд уг хугацаа нь тухайн этгээдийн эмчилгээний үр дүн болон мэргэжлийн эмч нарын зөвлөгөөний дүгнэлтийг үндэслэн гаргасан шүүхийн шийдвэрээр дуусгавар болохыг дурдсугай.

 

4.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.7 дахь хэсэгт зааснаар цагдаагийн алба хаагч нь албадан эмчлэх тухай шүүхийн шийдвэр гарсан талаар гуравдагч этгээдийн гэр бүлийн гишүүн, төрөл садангийн хүнд, хэрэв ганц бие бол түүний оршин суугаа газрын нийгмийн халамж, үйлчилгээний байгууллагад ажлын таван өдрийн дотор мэдэгдсүгэй.

 

5.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөзлөгддөг болохыг дурдсугай.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ТӨРБОЛД