Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 2022/ДШМ/22

 

 

 

 

 

 

Б.Ад холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Энхмаа даргалж, Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

            Прокурор Г.Энхбат,

                        Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн,

            Нарийн бичгийн дарга З.Анхбаяр нарыг оролцуулан,

 

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2021/ШЦТ/465 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Агийн өмгөөлөгч И.Отгонсүрэнгийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Б.Ад холбогдох 2134000000377 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн,

 

Б.А нь согтуурсан үедээ 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.1а “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл /жолоодлогын дадлага хийж яваа суралцагчид хамаарахгүй/” гэснийг мөн дүрмийн 3.4.Жолооч дараах үүрэг хүлээнэ А/ Энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн, бүтэн байдлыг хангах, “тээврийн хэрэгслийн ажлын тормозны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос /чиргүүлтэй үед эвдэрсэн/, харанхуй болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно” гэснийг мөн 3.4 Жолооч дараах үүрэг хүлээнэ В/ “Мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэснийг мөн дүрмийн 3.7 Жолоочид дараах зүйлийг хориглоно А “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэснийг мөн дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтыг тус тус зөрчиж, 2.57 хувийн согтолттой үедээ “Даюун” маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Төв аймгийн Эрдэнэсант сумын Улаанхудаг 5 дугаар багийн нутагт байрлах “Ундрах сүндэр” гэх хүнсний дэлгүүрийн баруун талын шороон зам дээр зогсож байсан Тоёота Приүс-20 маркийн ... ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөн, зам тээврийн осол гаргасны улмаас “Даюун” мотоциклийн зорчигч Д.С амь нас хохирсон гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Төв аймгийн Прокурорын газраас Б.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Аг согтуурсан үедээ замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Шүүгдэгч Б.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 6 сар хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Агийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дууссаны дараа үеэс хугацааг тоолж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Болорцэцэг нь ажилгүй байсан хугацааны цалин 5.994.000 төгрөгийн баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүгдэгч Б.Агаас жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, шүүгдэгч Б.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, түүний хорих ял эдлэх хугацааг 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн Б.Агийн өмгөөлөгч И.Отгонсүрэн гаргасан давж заалдсан гомдолдоо: Б.Агийн хувьд анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал нь хөнгөрүүлэх нөхцөл байдал болж байна.

 

Иймд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулна гэсэн заалтын хэрэглэж Б.Ад оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг багасгаж өгнө үү гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Энхбат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч Б.Агийн үйлдсэн хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Анхан шатны шүүх учирсан хохирол хор уршгийг дүгнээд түүнд 2 жил 6 сар хорих ял оногдуулсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээлгэх дүгнэлтийг гаргаж байна гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Б.Агийн хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруу дээрээ маргадаггүй, хохирол төлбөрөө хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд төлсөн. Тиймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг хэрэглэж анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү гэв.

           

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд тус тус заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн өмгөөлөгч И.Отгонсүрэнгийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдан анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаас үзвэл шүүгдэгч Б.А нь согтуурсан үедээ буюу 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу;

 

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.1/а “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл /жолоодлогын дадлага хийж яваа суралцагчид хамаарахгүй/” гэснийг,

 

Мөн дүрмийн 3.4-т Жолооч дараах үүрэг хүлээнэ:

 

А/ “Энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн, бүтэн байдлыг хангах, “тээврийн хэрэгслийн ажлын тормозны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос /чиргүүлтэй үед эвдэрсэн/, харанхуй болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно”

 

В/ “Мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх”

 

3.7 Жолоочид дараах зүйлийг хориглоно:

 

А/ “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”

 

12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг тус тус зөрчиж, 2.57 хувийн согтолттой үедээ БНХАУ-д үйлдвэрлэгдсэн “Даюун” маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Төв аймгийн Эрдэнэсант сумын Улаанхудаг 5 дугаар багт байрлах “Ундрах сүндэр” гэх хүнсний дэлгүүрийн баруун талын шороон зам дээр зогсож байсан Тоёота Приус-20 маркийн .... ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөн, зам тээврийн осол гаргасны улмаас “Даюун” мотоциклийн зорчигч Д.С амь нас хохирсон гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байна.

 

            Дээрх гэмт хэргийн үйл баримт нь гэрч Д.Тарваагийн “...машин дотроо ганцаараа сууж байтал 10 гаран минутын дараа миний машины араас мөргөх тас хийх чимээ гарч машин доргихоор нь гараад хартал манай сумын Б.А ах мотоциклтойгоо ирээд миний машины араас мөргөж зогссон. Б.А ах ардаа манай сумын Д.Сэлэнгэ эгчийг суулгаж явж байсан юм байна лээ. Тэгээд Д.Сэлэнгээ эгч мотоциклоос оочиж миний машины зүүн талд мотоциклоос шидэгдэж унаад ухаангүй газар хэвтэж байсан...” гэх[1],

 

            Гэрч Х.Янжмаагийн “...Тэр өдөр би сургуулийн school police жижүүрээр ажиллаж байсан. Тухайн осол 16 цаг өнгөрч байхад болсон юм. Намайг засмал замын хойд талд бага сургуулийн урд талд зогсож байхад урд талаасаа хойшоогоо чиглэлтэй мотоциклтой эрэгтэй жолооч ардаа эмэгтэй хүн суулгачихсан явж байгаад засмал замаар шууд урсгал сөрөөд засмал замын боржур даваад тэр мотоциклтой хүн тэнцвэрээ алдаад мотоциклоо зогсоож чадахгүй байгаа бололтой тэнд хойшоогоо хараад зогсож байсан Приүс-20 маркийн машиныг мөргөөд ооччихсон. Тэр үед ард нь сууж явж байсан эгч мотоциклоосоо 2-3 орчим метр зайд газар ооччихоод босож ирэхгүй байсан...” гэх[2] мэдүүлгүүд,

 

            Төв аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 88 дугаар “...Д.С биед чамархай суурь, хөхлөг сэртэн, чихний суваг дайрч суурь яс руу үргэлжилсэн хугарал, баруун зулай чамархайн ар хэсэгт цөмөрсөн хугарал, хатуу хальсан доорх цус хуралт, тархины эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо..., ...хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.., ...мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой..., ...гэмтлүүд нь нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Цаашид хөдөлмөрийн чадварт тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт[3],

 

            Төв аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад Л.Мөнх-Эрдэнийн гаргасан 2021 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн №38 дугаартай “...хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Тоёотай Приүс-20 маркийн ... ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.Тарваа нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй байх үндэслэлтэй байна. ...Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд осол гарахад замын нөхцөл байдал, үзэгдэх орчин нөлөөлөөгүй гэж үзэв. ...Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Даюун маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийн жолооч Б.Агийн замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй гэж үзэв...” гэх мөрдөгчийн магадлагаа[4],

 

            Төв аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн Заамар сум дахь сум дундын цагдаагийн хэсгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Ө.Эрдэнэбаярын 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн дугаартай “...Тоёота Приүс-20 маркийн ... ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хойд талаас Даюун маркийн улсын дугааргүй мотоцикл мөргөсөн байдалтай зам тээврийн осол гарсан байв. ...Үзлэгийг үргэлжлүүлэн хэмжилт хийхэд замсалын ертөнцийн зүгээр баруун талын боржуурыг мотоцикл дайран гарсан дугуйн мөрийг 1 гэсэн тоогоор тэмдэглэн авлаа. Нэгийн тооноос ертөнцийн зүгээр зүүн хойд зүгт шороон зам талбай хэсэгт Тоёотай Приүс-20 маркийн ..... ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ертөнцийн зүгээр байруун хойд зүг рүү харсан байрлалтай зогсох ба уг тээврийн хэрэгслийн хойд буферийн зүүн хэсэгт хонхойж зурагдсан байсныг үндэслэн мотоцикл анх мөргөсөн цэгээс тооцов...” гэх хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл[5], зам тээврийн осол дээр тогтоосон акт[6], осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч[7], гэрэл зургийн үзүүлэлтүүд[8] Б.Агийн согтуурлыг шалгасан тэмдэглэл, гэрэл зураг[9] зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогджээ.

 

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг хангалттай шалган тодруулсан, дээр дурдагдсан хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байна.

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх болон бусад бичгийн нотлох баримтуудад тулгуурлан прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэм буруу нь санаатай болон болгоомжгүй хэлбэртэй байна” хэмээн заасан ба мөн зүйлийн 3 дахь хэсэгт “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан.

 

Өөрөөр хэлбэл гэмт этгээд нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг аюултай, хор уршигт хүргэнэ гэдгийг мэдэж, ухамсарлаж байсан атлаа хор уршиг учруулахгүй, хэмээн итгэж найдсан, эсхүл урьдчилан мэдэх боломжтой байсан боловч өөрийнх нь хайхрамжгүй байдлаасаа үүдэн хор уршиг учирсан бол гэм буруутайд тооцохоор заасан.

 

Дээр дурдагдсаны дагуу Б.Агийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-т заасан гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрт тооцогддог ба анхан шатны шүүх түүнийг согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо шүүхийн шатанд нөхөн төлсөн зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангаж, хуульд заасан төрөл, хэмжээний хүрээнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, түүнд 2 жил 6 сар хорих ял оногдуулан, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн хууль зүйн дүгнэлт хэргийн бодит байдал, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруу хэр хэмжээ, учруулсан хохирол, хор уршгийн зэрэгт нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

 

Иймд шүүгдэгч Б.Агийн өмгөөлөгч И.Отгонсүрэнгийн гаргасан “Б.Аг анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэх давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

 

Харин анхан шатны шүүх шүүгдэгч Б.Аг гэм буруутайд тооцсон шийтгэх тогтоолынхоо тогтоох хэсгийн 1 дэх заалтад “хүнийг” гэх үгийг давхардуулан хэрэглэсэн, Монгол Улсын Их Хурлаас баталсан Шүүх байгуулах тухай хуулиар тус шүүхэд оноосон нэршлийг Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэмээн буруу бичсэн байгаа зэргийг анхааруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэсэн болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

зүйлийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2021/ШЦТ/465 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.А-гийн өмгөөлөгч И.Отгонсүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-гийн 2021 оны 12 дугаар сарын 13-наас 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 94 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Т.ЭНХМАА

 

 

                   ШҮҮГЧИД                                             Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

 

                                                                                 М.МӨНХДАВАА

 

[1] хх-ийн 20-р тал

[2] хх-ийн 26-27-р тал

[3] хх-ийн 39-41-р тал

[4] хх-ийн 36-р тал

[5] хх-ийн 3-4-р тал

[6] хх-ийн 5-р тал

[7] хх-ийн 6-р тал

[8] хх-ийн 7-13-р тал

[9] хх-ийн 67-68-р тал