Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 2017/ШЦТ/096

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч П.Д даргалж, 

Нарийн бичгийн дарга Ц.С

Орчуулагч Т.М,

Улсын яллагч Х.Ө

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Я.С

Шүүгдэгчийн өмгөөлөгч К.З,

Шүүгдэгч Д.У нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.У-д холбогдох 1713000050005 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч Д.У, Монгол Улсын иргэн, 1992 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Баян-Өлгий аймгийн Ө суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, яс үндэс казах, бүрэн дунд боловсролтой, сантехникийн слесарь мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баян-Өлгий аймгийн Ө сумын ***дугаар багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, 

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

Шүүгдэгч Д.У нь 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 18 цаг 30 минутын үед Баян-Өлгий аймгийн Ө сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах хадам аав Т.А-ы гэрт эхнэр А.А-тэй хэрүүл маргаан хийж улмаар хадам дүү А.Е-ийн баруун талын гарын 5 дугаар хурууны алганы шивнүүр ясыг хөлөөрөө өшиглөн хугалж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах “Хүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

Шүүгдэгч Д.У нь 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 18 цаг 30 минутын үед Баян-Өлгий аймгийн Ө сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах хадам аав Т.А-ы гэрт эхнэр А.А-тэй хэрүүл маргаан хийж улмаар хадам дүү А.Е-ийн баруун талын гарын 5 дугаар хурууны алганы шивнүүр ясыг хөлөөрөө өшиглөн хугалж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь: 

-  Насанд хүрээгүй гэрч, хохирогч Е-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн орой 18 цагийн үед бид нар гэртээ байхад хүргэн ах болох У хашаанд орилж орж ирээд эгч рүү дайраад хэл амаар доромжлоод дараа нь хутга барьж аваад ээж рүү дайрах үед У-ы гараас хутгыг арай гэж салгаж авсан. Түүний дараа гэрийн хаалгыг өшиглөж гараад хашаанд байсан машиныг өшиглөж байхад эгч маань гарч ирээд тэр үед эгч рүү дайраад эгчийг зодож байхад би тэр хоёрын дунд орж салгах үед Уатхан миний баруун гар луу өшиглөсөн. ...Тэр өдрөөс хойш миний гар өвдөж болохгүй байсан. Зүгээр өвдөөд байгаа байх гэж бодоод хэд хоног тоохгүй, зүгээр бариач хүнд бариулаад бүр болохгүй болохоор нь М эмчид үзүүлээд дараа нь гарынхаа зургийг авахуулаад, хугарсан байна гэж гипсдүүлж авсан юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 22-24 дүгээр хуудас/, 

- Гэрч А.Ж-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “...Тэр үед би болон Е, А нар У-ы дэргэд байсан өөр хүн байгаагүй. Зуны байранд орж ирээд хэрүүл гараад тэгээд гадаа гарсан. Зодоон хашааны дотор болсон. Хашаанд байхад Е-ийг У өшиглөж авсан. Тэр үед А бид хоёр түүний дэргэд нь байсан. ...Тэр үед Е-ийн гараас нь өшиглөж авсан юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 30-32 дугаар хуудас./

- Гэрч Ш.А-ийн мэдүүлэг “...Уатхан баруун хөлөөрөө Е-ийн баруун талын гарын алганы хэсгээс нь өшиглөж авсан.” /хх-ийн 34-38-р хуудас/.

 

- Шүүгдэгч Д.У-ы шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед өгсөн:  “Би уг гэмт хэргийг үйлдээгүй. Хэрэв би уг гэмт хэргийг үйлдсэн бол эр хүн шиг хариуцлагаа хүлээх байсан. Хадмынхаа гэрт очсон маань үнэн. Би хутга барьж гүйсэн, хохирогчийг зодсон гэдэг нь худал.” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

- Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Е.Бауыржаны 219 дугаартай “...1. Иргэн А.Е-ийн биед баруун талын гарын 5 дугаар хурууны алганы шивнүүр ясны далд хугарал гэмтэл учирсан байна.

2. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

3. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл.” гэх шинжээчийн дүгнэлт / хх-ийн 47 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларч, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой гэж үзлээ. 

Иймд шүүгдэгч Д.У-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хадам дүү А.Е-ийн баруун талын гарны 5 дугаар хурууны алганы шивнүүр ясыг хөлөөрөө өшиглөн хугалж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

 

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүгдэгч Д.У-ы үйлдсэн гэмт хэрэг нь 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдөр үйлдэгдсэн ба 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж байх тул үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.У, шүүгдэгчийн өмгөөлөгч К.З нар нь хохирогч А.Е-ийн эрүүл мэндэд учирсан хохирлыг өмнө авч байсан хуучин хохирол гэж байх боловч энэ шинжээчийн дүгнэлт болон гэрч нарын мэдүүлгүүдээр үгүйсгэгдэж байна. 

Шүүгдэгч Д.У-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар шүүгдэгч Д.У нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь  тогтоогдож байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.

  Шүүгдэгч Д.У-ы үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв. 

 

Шүүгдэгч Д.У-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар тогтоож, шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

 

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Д.У нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно. 

 

Хохирогч талаас “Өмгөөллийн хөлсөнд 300000 /гурван зуун мянга/ төгрөгийн хөлс  төлсөн ба үүнийг шүүгдэгч Д.У-аас гаргуулж өгнө үү” гэх хүсэлт гаргасан боловч энэ гэмт хэргийн улмаас шууд учруулсан хохирол биш байх тул иргэний журмаар жич нэхэмжлэх нь зүйтэй байна.   

Шүүгдэгч Д.У нь бусдад төлөх төлбөргүй,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй тул түүний Соната-2 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.У-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгчийн хувийн бичиг баримтыг өөрт нь буцаан олгох нь зүйтэй байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг заасныг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д.У-ныг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.У-д 250 /хоёр зуун тавь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.У-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.У нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                     

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

6. Шүүгдэгч Д.У-ы Соната-2 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 5/01 дугаартай прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай. 

    7. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөллийн хөлсөнд өгсөн 300000 /гурван зуун мянга/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, төлбөрийн талаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

8. Хэрэгт бичгийн баримаар хураагдан ирсэн шүүгдэгч Д.У-ы *****дугаартай эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, Е *****дугаартай гадаад паспорт, иргэний цахим үнэмлэх зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц өөрт нь буцаан олгосугай. 

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, хууль ёсны төлөөлөгч тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргасан эсхүл эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.У-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.Д