Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 128/ШШ2022/0667

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, шүүгч Т.Мөнх-Эрдэнэ, шүүгч Л.Өлзийжаргал нарын бүрэлдэхүүнтэй, иргэдийн төлөөлөгч Б.Ундрах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэрэнханд нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Г ХХК /РД:/,

Нэхэмжлэгч: ХХК /РД:/,

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,

Хариуцагч: Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид,

Гуравдагч этгээд: Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ /РД:/,

Нэхэмжлэлийн шаардлага: Баянзүрх дүүргийн 8, 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт хийгдэх гэр хорооллын дахин төлөвлөлтийн орон сууцны дэд бүтцийн газар чөлөөлөхөд зарцуулсан 3,670,640,200 төгрөгийн зардлын санхүүжилтийг шийдвэрлэх үүргээ биелүүлээгүй Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, уг 3,670,640,200 төгрөгийн зардлын санхүүжилтийг зохих журмын дагуу шийдвэрлэж Г ХХК, ХХК-д төлөхийг Нийслэлийн Засаг даргад даалгах, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 147 дугаар тогтоолын Г ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, нэхэмжлэгч Г ХХК-ийн өмгөөлөгч П.Ц, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, хариуцагч Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Оын өмгөөлөгч А.Н, гуравдагч этгээд Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Г , ХХК шүүхэд анх гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэлээ: Г ХХК, ХХК-иудын түншлэл нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан "Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам"-д заасны дагуу НИТХ-аас тогтоосон ГХДТ-2013/6 багцын "Б" хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан бөгөөд НИТХ-ын дарга болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нараас 2014 онд батламж авч ажиллаж байна.

НИТХ-аас баталсан журмын дагуу төсөл хэрэгжүүлэгчээр шалгарахын тулд манай компани нь НИТХ-аас баталсан тогтоолын хавсралтад заагдсан "Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээ"-г тухайн байршилд оршин сууж амьдарч байгаа иргэдтэй эзэмшил өмчлөлийн нэгж талбарын дийлэнх олонхтой байгуулах ёстой байсан бөгөөд энэ шаардлагыг хангасны үндсэн дээр батламж авсан. Батламж авсны дараа "Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ"-г иргэдтэй болон Нийслэлийн Засаг даргатай (төлөөлж Гэр хорооллын хөгжлийн газрын дарга) байгуулж газар чөлөөлөх, газар чөлөөлсний оронд барьсан орон сууцнаасаа иргэдэд өгөх, орон сууц барих хүртэл хугацаанд түрээсийн орон сууцаар хангах, түрээсийн төлбөр төлөх зэргээр гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчийн хувьд тодорхой зардлыг гаргасаар ирсэн.

Төсөл хэрэгжүүлэгчийн хувьд тухайн төслийн байршил дээр хийгдэх инженерийн байгууламжийн ажлыг улс, нийслэл, Хөгжлийн банкны санхүүжилтээр гүйцэтгэж ажилласан бөгөөд гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд батлагдсан хот байгуулалтын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу барилга, орон сууцыг барьж инженерийн шугам сүлжээнд холбож эзэмшиж, ашиглаж байгаа юм. Төслийн байршилд баригдсан инженерийн шугам сүлжээ нь манай компанийн барихаар төлөвлөж Нийслэлийн холбогдох удирдлагатай байгуулсан гэрээтэй, хот байгуулалтын баримт бичгээр баталгаажсан барилгын хэрэгцээнд тооцож төлөвлөгдсөн хүчин чадалтай ба манай компанийн хөрөнгөөр бусад иргэдээс газар чөлөөлөх ажлын журмаар нөхөн олговор өгч авсан газар эзэмших эрхийн талбайд баригдсан холимог өмч гэж үзэж байна.

НИТХ-аас баталсан Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журмын 4.24-т зааснаар манай компанийн худалдан авсан газар, үл хөдлөх эд хөрөнгө нь төсөл хэрэгжүүлэгч компанийн нэр дээр эзэмших эрхтэйгээр шилжсэн бөгөөд худалдан авсан газар, үл хөдлөх эд хөрөнгийг зөвхөн төслийн зориулалтаар ашиглаж байгаа. Мөн журмын 4.19-д зааснаар Нийслэлийн Засаг дарга инженерийн болон нийгмийн дэд бүтцийн барилга, байгууламж, инженерийн бэлтгэл арга хэмжээг улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар барих ажлыг хэрэгжүүлэх үүрэгтэй. Харин энэхүү 4.19-д заагдсан ажлыг төслийн нийт санхүүжилтийн 50-иас доошгүй хувийг манай компани бие даан санхүүжүүлсэн тул журмын 4.21-д заасны дагуу манай компани гүйцэтгэсэн. Харин журмын 4.22т заасны дагуу газар чөлөөлөх ажлын зардлыг манай компани хариуцсан юм. Манай компани одоогийн байдлаар Баянзүрх дүүргийн 8, 16 дугаар хороодын нутаг дэвсгэрт Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд инженерийн хангамжийн дэд бүтэц барих ажлын зориулалтаар тухайн зурвас байршилд газар өмчилж байсан 48 иргэнд 3,339,303,000 (Гурван тэрбум гурван зуун гучин есөн сая гурван зуун гурван мянган) төгрөгийн үнэ бүхий 48 орон сууцыг олгож байж газар чөлөөлөх ажлыг хийсэн. Энэ газар чөлөөлөх ажлын зардал нь тухайн инженерийн дэд бүтцийг бий болгоход манай компаниас бодитойгоор зарцуулсан, оруулсан хөрөнгийн үнэлгээ юм. (Бүртгэл, зардлын тооцоо хавсаргав)

Өмчлөгч иргэн тус бүртэй манай компаниас НИТХ-аас баталсан загварын дагуу хоёр талт гэрээ, Нийслэлийн Засаг даргын төлөөлөгчийн хамтаар гурван талт гэрээ байгуулж байсан бөгөөд мөн орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээг байгуулж орон сууцыг хүлээлгэж өгсөн. Үүний зэрэгцээ орон сууц баригдах хүртэл өмчлөгчдийг өөр газар амьдрахад нь зориулж түрээсийн төлбөрийг нь төлж байсан.

Түүнчлэн төсөл хэрэгжүүлэгчийн хувьд хот төлөвлөлтийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, инженерийн шугам сүлжээний барилгын норм дүрмийн дагуу хамгаалалтын болон техникийн зурвас шугамыг стандарт зай хэмжээгээр төлөвлөж барилгын ажлуудыг үе шаттайгаар гүйцэтгэж байгаа бөгөөд энэ ажлын хүрээнд инженерийн шугам сүлжээний хамгаалалтын зурваст орсон бусад өмчлөгчдийн газрыг чөлөөлөн авах шаардлагатай бөгөөд энэ ажилд нийт өмчлөгчийн газрыг шилжүүлэн авахад нэмж дахин зардал гарах юм.

Манай компанийн хэрэгжүүлж байгаа төслийн байршилд, манай төсөлд зориулсан, гүйцэтгэгчээр нь манай компани ажиллаж барьсан инженерийн шугам сүлжээ байгууламжийг газар чөлөөлөх зардал болон төслийн ирээдүйн үр өгөөж, инженерийн хангамжийн хүчин чадал, тооцоолол харгалзахгүйгээр нийслэлийн өмчид бүртгэж авахаар Нийслэлийн өмчийн харилцааны газар, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар, Орон сууц нийтийн аж ахуйг удирдах газар, Ус сувгийн удирдах газар зэрэг байгууллагуудаас хамтран мэдэгдэл, албан бичиг өгөх байдлаар манай компанитай 2018 оны 4, 5 дугаар сараас эхлэн харилцаж эхэлсэн. Эдгээр мэдэгдэл, хүсэлт, албан бичгийн хариуд манай компани эзэмшил, ашиглалтыг хариуцаж ажиллах талаар, газар чөлөөлөх зардлыг хэрхэх тухай, цаашдын холболт хангамжийг төслийн үр өгөөж, шугам сүлжээний хүчин чадал, тооцоололд тохируулан ажиллах үүднээс харилцан тохиролцох ажлын уулзалт хийж өгөхийг удаа дараа хүссэн боловч албан бичгээр боломжгүй гэж Нийслэлийн Өмчийн харилцааны газраас мэдэгдсэнээс өөрөөр бидэнтэй ямар нэгэн байдлаар асуудлыг хамтран ярилцаагүй.

Манай компаниас Б ө ХХК-ийн хамтаар инженерийн шугам сүлжээ, байгууламжийн өмчлөл, эзэмшил, ашиглалтын талаар зөвшилцөх шаардлага, үндэслэлээ 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт 153, Нийслэлийн өмчийн харилцааны газарт 154, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд 155, Нийслэлийн Засаг даргын дэд бүтэц, гэр хорооллын хөгжил хариуцсан орлогчид 156 дугаартай бичгүүдээр хүсэлт тавьсан. Хүсэлт өгсөн 4 байгууллага, албан тушаалтнуудаас ганцхан Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга Ч.О 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 2/1054 тоот албан бичгээр ашиглалт, хамгаалалтыг хариуцуулах боломжгүй гэсэн хариу өгсөн. Ямар учраас уулзалт зохион байгуулж өгөхийг тодорхой бичсэн тайлбар хүсэлтийг Нийслэлийн өмчийн харилцааны газарт 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 01/264 дугаартайгаар дахин өгсөн боловч манай компанид ямар нэгэн хариу нийслэлийн холбогдох байгууллагаас өгөөгүй. Үүнээс хойш Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 2/3148 дугаартай албан бичгээр инженерийн байгууламжийг хүлээлгэн өгөхийг манай компаниас дахин шаардсан байсан.

Иймд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид болон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад хүртэл хандан хүсэлт, шаардлага 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гаргаж өгсөн бөгөөд энэ хүсэлт шаардлагын хариуд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 147 дугаартай тогтоол гарган нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэн авсан тул хүсэлтийг хангах боломжгүй гэж 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 03/4673 дугаартай хариу бичгээр мэдэгдсэн.

Хүсэлт шаардлагын хариуг хүлээж байх хооронд болон хүсэлтэд дурдсанаар НИТХ-ын Тэргүүлэгчдийн 147 дугаартай тогтоол гарсныг бид олж мэдээд 2018 оны 11 дүгээр сарын 28-ний өдөр НИТХ-д хандан тогтоолд нь гомдол гаргасан боловч одоог хүртэл ямар нэгэн хариу, эсхүл тогтоолд гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх хугацааг сунгасан тухай бидэнд мэдэгдсэнгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу энэхүү нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байна.

Нэхэмжлэлийн шаардлага гаргах үндэслэл болгож дараах нөхцлүүдийг дурдаж байна. Үүнд:

Нэг. НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018 оны 147 дугаар тогтоолыг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэл болгон гаргасан нь буруу. Учир нь мөн хууль, зүйлийн 3 дахь хэсэгт "Төрийн болон орон нутгийн өмчит бус этгээдтэй хамтарч хөрөнгө оруулсан бол төсвөөс санхүүжүүлсэн хувь хөрөнгийн хэмжээгээр төрийн болон орон нутгийн өмчид хамааруулна" гэж заасныг баримтлах нөхцөл байсныг мэдсээр байж НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд асуудал шийдвэрлүүлэхээр оруулсан танилцуулгадаа санаатай эсхүл санаандгүй байдлаар оруулаагүй гэж үзэж байна. Түүнчлэн НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд бэлтгэсэн НИТХ-ын ажлын алба болон асуудлыг хэлэлцсэн Тэргүүлэгчид ч нийтэд илэрхий болсон бодит нөхцөл байдал буюу дахин төлөвлөлтийн байршилд төсөл хэрэгжүүлэгч хувийн хэвшлийн аж ахуйн нэгжтэй хамтран инженерийн дэд бүтцийг бий болгож байгааг мэдсэн, мэдэх үүрэгтэй.

Хоёр. Нийслэлийн холбогдох байгууллага, албан тушаалтнууд манай компани тухайн өмч хөрөнгийг бий болгоход газар чөлөөлөх зардал хөрөнгө гарган хамтран оролцсон, төслийн зорилгоор шударгаар эзэмшиж, ашиглаж байгааг мэдсэн, нийслэлийн өмчлөл, эзэмшил, ашиглалтад шилжүүлэх мэдэгдэл авсны дараа асуудлыг харилцан зөвшилцөж шийдвэрлэх хүсэлт өгснийг мэдсээр байж манай компанийн өмчлөл, эзэмшил, ашиглалтад байгаа өмчийн асуудлаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанд бидэнд мэдэгдэхгүйгээр асуудал оруулсан, 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 147 дугаартай тогтоол батлуулсан, энэ тогтоолыг батлуулснаа огт мэдэгдээгүй байсан зэрэг нь Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйл, 15 дугаар зүйлд заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцогчийн эрхийг олголгүйгээр бидний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн үйлдэл мөн. Хэрэв биднийг оролцуулсан бол Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан нөхцөлд байдлыг тогтоох, 25 дугаар зүйлд заасан нотлох баримтыг цуглуулах, 26 дугаар зүйлд заасан оролцогчийг сонсох ажиллагааг хуулийн дагуу хийх үүрэгтэй байснаа давхар зөрчсөн үйлдэл, эс үйлдэл гаргасан. Хэрэв нийслэлийн холбогдох байгууллага, албан тушаалтан захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд биднийг оролцуулсан бол бидний хууль ёсны эрх ашиг сонирхолд харшилсан 147 дугаартай тогтоол гарахгүй байх үндэслэлтэй гэж үзэж байна.

Гурав. Манай компани нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд гаргасан тогтоолтой нь холбоотойгоор дараах үндэслэлийг дурдаж, тогтоол хууль болон зорилгодоо нийцсэн эсэхийг хянаж хүчингүй болгож өгөхийг хүссэн боловч хариу аваагүй болно. Үүнд:

1) Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журмын 4.24-т заасны дагуу манай компанийн худалдан авсан газар, үл хөдлөх эд хөрөнгө нь манай компанийн нэр дээр эзэмших эрхтэйгээр шилжих бөгөөд Иргэний хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-д зааснаар энэ эрх нь манай компанийн хөрөнгө болсон. Дахин төлөвлөлтийн зориулалтаар улс, нийслэлийн төсвөөр санхүүжүүлсэн шугам сүлжээний ажилд зарцуулсан хөрөнгийн хамтаар манай компанийн хөрөнгө нь Иргэний хуулийн 119 дүгээр зүйлд заасан эд хөрөнгө нийлэх, холилдох нөхцөлд хүргэсэн тул мөн зүйлд заасан зохицуулалтад хамаарна гэж үзэж байна.

2) Ажил гүйцэтгэгчийн хувьд өөрийн шаардлагыг хангах зорилгоор эзэмшилдээ байгаа, захиалсан ажлын үр дүн буюу гэрээний зүйл болох барилга байгууламжийг өөрийн шаардлага хангуулахаар барилга байгууламж барих газрын хувьд баталгаат ипотекийн эрхтэй болно (Иргэний хуулийн 354 дүгээр зүйл). Энэ эрхээ хангуулахаар нийслэлийн захиргааны байгууллагуудтай харилцан тохиролцох шаардлагатай. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн журмын 5.11-д зааснаар манай компаниас нийслэлийн Засаг дарга болон сонгосон талбайд үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гурван талт гэрээг Нийслэлийн улсын бүртгэлийн газар бүртгэсэн байгаа нь үл хөдлөх хөрөнгө барьцаалсан бүртгэл мөн гэж үзэж байна. Гэтэл энэ эрхийг хүндэтгэлгүй манай компанийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчин НИТХ дангаараа манай компанид мэдэгдэхгүйгээр, харилцан зөвшилцөлгүйгээр нийслэлийн өмчид бүртгэн авах тогтоол гаргасан нь хууль бус гэж үзэж байна.

3) Манай компани гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр ажиллаж эхэлснээс хойш бидний эрх, үүргийг тодорхой болгосон Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийг Улсын Их Хурлаас 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдөр батлан гаргасан. Энэ хуульд өмчлөгч, эзэмшигч газраар хувь нийлүүлэх журам, нөхөх олговор нөхөн олгох журам зэргийг Засгийн газраас батална гэж заасан. Засгийн газар 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 222 дугаартай тогтоолоор "Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааны нөхөх олговор олгох журам" батлан гаргасан нь манай компанийн эрх, үүргийг улам тодорхой болгож хөрөнгийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдолтой юм.

4) Манай компанийн эзэмшлийн газар дээр баригдсан шугам сүлжээг гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчийн хувьд болон шугам сүлжээг барих ажлын гүйцэтгэгчийн хувьд манай компани хууль ёсоор эзэмшиж байгаа, эзэмших эрхтэй тул Иргэний хуулийн 90 дүгээр зүйл заасан шударга эзэмшигч мөн болно. Иймд өөрийн шаардлага хангагдах хүртэл эд хөрөнгийг нийслэлийн захиргааны байгууллагуудад хүлээлгэн өгөхөөс татгалзах эрхтэй (Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.6 дахь хэсэг) байх нөхцөлийг харгалзахгүйгээр гаргасан алдаатай хууль бус тогтоол юм.

Дөрөв. Нийслэлийн захиргааны байгууллагуудаас тавьж буй шаардлагууд үүн дээр үндэслэж гаргасан НИТХ-ын 147 дугаартай тогтоол нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан захиргааны үйл ажиллагаанд баримтлах тусгай зарчмуудыг мөрдлөг болгоогүй тул xyyль бус гэж үзэж дор дурдсаныг үндэслэл болгож байна:

А/ хуульд үндэслэх буюу шийдвэрийг гаргахдаа манай компанийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хөндсөн, хөрөнгийн эрхэнд халдсан шийдвэр гаргахдаа Иргэний хуулийн 83 дугаар зүйл, 354 дүгээр зүйл, Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль, НИТХ-ын тогтоолоор батлагдсан Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам зэрэгт заасан нөхцлийг судлаагүй.

Б/ Ил тод, нээлттэй байх зарчмыг зөрчиж НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоол гаргах гэж байгаагаа манай компанид мэдэгдээгүй, асуудлыг харилцан тохиролцож шийдвэрлэх боломжгүй нууцлаг байдлаар шийдвэр гаргуулсан.

В/ Гэр хорооллын дахин төлөвлөлтийн журмын дагуу төсөл хэрэгжүүлж байгаа манай компанийн хөрөнгийн эрхэд халдаж төслийн зорилгод болон сонгогдсон байршил дээр хэрэгжүүлж байгаа ажилтай зөрчилдсөн бодит байдалд нийцэхүй тогтоол гаргасан байна.

Г/ Манай компанийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хөндсөн НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоол гаргахдаа манай компанид урьдчилж мэдэгдээгүй бөгөөд уулзаж асуудлыг хэрхэн шийдвэрлэхээ ярилцах хэрэгтэй байгаа талаар албан бичгээр удаа дараа мэдэгдсээр байтал манай компанийг оролцоог хангалгүйгээр шийдвэр гаргасан байна.

Д/ Нийслэлийн өмчийн харилцааны газар нь манай компанийн өмчтэй холилдсон нийслэлийн өмчийн асуудлыг шийдвэрлэхдээ магадгүй ашиг сонирхлын зөрчилтэй байдлаар асуудалд хандаж манай компанийн эрх ашгийг зөрчсөн гэж үзэж байна. Учир нь НӨХГ-т албан бичиг өгч асуудлыг шийдвэрлэх талаар санал тавихад үл тоомсорлож НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд тогтоол батлуулахаар оруулахаа ч бидэнд мэдэгдсэнгүй.

E/ Манай компанийн үйл ажиллагаанд эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүсгэсэн энэхүү НИТХ-ын тогтоол нь НИТХ-аас баталсан журмын дагуу Нийслэлийн Засаг даргаас батламж авч гэрээ байгуулан ажиллаж байгаа манай компанийн хууль ёсны итгэлийг хамгаалах үүргээ захиргааны байгууллага зөрчиж байна.

Тав. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6 дахь хэсэгт "Хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно" гэсэн. НИТХ-ын Тэргүүлэгчид тогтоолоо гаргахдаа энэ нэхэмжлэлд дурдсан бүхий л түвшний хууль, хэм хэмжээ тогтоосон бусад актыг мөрдөх үүрэгтэй бөгөөд тэдгээрт харшилсан захиргааны акт гаргасан тул хууль зөрчсөн захиргааны акт гэж үзэж байна.

Зургаа. НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018 оны 147 дугаар тогтоолд эд хөрөнгийг нийслэлийн өмчлөлд бүртгэн авах зөвшөөрлийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид олгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.4; 47.1.5; 47.1.6; 47.1.7 дахь заалтуудад заасан нөхцлийг хангаж байгаа тул илт хууль бус болох нөхцлийг хангаж байна. Учир нь тогтоолд манай компанид хаяглаагүй нь актыг гүйцэтгэх этгээд тодорхой бус байдлыг бий болгож байна. Ийм ч учраас захиргааны байгууллагууд бидэнд мэдэгдэлгүйгээр албан бичгээр хүлээлгэж өгөхийг шаардаж байна гэж байгаа. Тогтоолыг гаргахдаа бидний оролцоог хангасан, хууль тогтоомжийг бүрэн судалсан бол хамтарсан холимог өмч бий болсныг үл тоож хууль бус үйлдэл хийхийг Нийслэлийн Засаг даргад зөвшөөрөхгүй байсан. Манай өмчид буюу бидний эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл энэ байдлаар бол байхгүй гэж үзэж байна. Тогтоолыг бидэнтэй тохиролцохгүйгээр бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй байдал үүссэнийг бас анхаарах хэрэгтэй.

Долоо. Захиргааны ерөнхий хуулийн дүгээр зүйлд заасан захиргааны байгууллагаас шийдвэр гаргахдаа баримтлах тусгай зарчмуудыг баримталж шийдвэр гаргаагүйгээс болж мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хохирол учруулах нөхцөл байдалд хүргэсэн шийдвэр тул дээр дурдсан Иргэний хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1 дэх заалтад заасан нөхцөл буюу манай компанийн эрх, хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр юм.

Энэхүү нэхэмжлэлд дурдсан үндэслэл, шаардлагыг шүүхээр хянан хэлэлцэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх заалтын дагуу Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 147 дугаар тогтоолыг хууль зөрчсөн акт болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн 2 дахь шаардлагаа өөрчилж, тодруулж байсан бөгөөд хамгийн сүүлд 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, өөрчлөхдөө: Нэхэмжлэлийн 2 дахь шаардлагаа Г ХХК, ХХК-ийн түншлэлээс Баянзүрх дүүргийн 8, 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт хийгэх гэр хорооллын дахин төлөвллөтийн орон сууцны дэд бүтцийн газар чөлөөлөхөд зарцуулсан 3,670,640,200 төгрөгийн зардлын санхүүжилтийг шийдвэрлэх үүргээ биелүүлээгүй Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, уг 3,670,640,200 төгрөгийн зардлын санхүүжилтийг зохих журмын дагуу шийдвэрлэж Г ХХК, ХХК-д төлөх асуудлыг шийдвэрлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгах" гэж тодруулж, өөрчилж байна.

Тодруулсан шаардлагын үндэслэлд:

Г ХХК, ХХК-ийн түншлэл нь Баянзүрх дүүргийн 8, 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт хийгдэх гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн гүйцэтгэгчээр шалгарсны дагуу үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд төсөл хэрэгжүүлэгчийн хувиар манайх барилгажихаар хэсэгчлэн сонгосон талбайгаа чөлөөлөх үүрэг хүлээсэн байгаа болно.

Орон сууцны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т зааснаар орон сууцны дэд бүтэц гэж орон сууцны дулаан, цахилгаан, холбоожуулалт, хий, ус хангамж, ариутгах татуургын инженерийн гадна шугам сүлжээг гэж, мөн зүйлийн 3.1.3-т "орон сууц хөгжүүлэх үйл ажиллагаа" гэж орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх, түүний дэд бүтцийг сайжруулах, хөгжүүлэх арга хэмжээг" гэж тус тус тодорхойлсон.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль (2006 оны)-ийн 29 дүгээр зүйлийн 29.1.4 дэх заалтын д-д зааснаар ...нутаг дэвсгэрт эрчим хүчний үйлдвэрлэл, хангамж, худалдаа, ахуйн үйлчилгээ, хот тосгоны орон сууц аж ахуй, үйлчилгээг хөгжүүлэх бодлого боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, Орон сууцны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.4-т зааснаар орон сууц хөгжүүлэх үйл ажиллагааг санхүүжүүлэх асуудлыг шийдвэрлэх зэргийг нийслэлийн Засаг даргын бүрэн эрхэд хамааруулснаас гадна мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1-д зааснаар орон сууцны дэд бүтцийг хөгжүүлэх үйл ажиллагааг улсын болон аймаг, нийслэлийн төсвөөс олгох хөрөнгийн эх үүсвэрээс санхүүжүүлэхээр заасан байна.

Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын өргөн барьснаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний гагын тухай хууль (2006 оны)-ийн 20 дугаар зүйлийн 20.1.7-д заасан нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх бүрэн эрхийн хүрээнд 2014 оны 23 дугаар тогтоол, 2013 оны 3/31 дугаар тогтоолоор "Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам" баталж мөрдүүлэхдээ мөн адил Нийслэлийн Засаг дарга дахин төлөвлөлтийн дэд бүтэц, инженерийн шугам сүлжээ ...-г улс, нийслэлийн төсвөөр барих ажлыг хэрэгжүүлнэ гэж журамласан байдаг.

Ийнхүү Орон сууцны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.4-т заасны дагуу Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам"-д заасны дагуу Нийслэлийн Засаг дарга дээрх гэр хорооллыг дахин төлөвлөх, орон сууцжуулах төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай дэд бүтцийг хөгжүүлэх ажлыг хариуцах, уг хөрөнгийг төрөөс санхүүжүүлэх үүрэгтэй бөгөөд Нийслэлийн Засаг даргаас уг ажлыг гүйцэтгүүлэхээр 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Баянзүрх дүүргийн 8, 16 дугаар хорооны гэр хорооллын дулааны ф80-300ММ-ийн 2 км шугамыг өргөтгөн шинэчлэх, шинээр барих барилга угсралтын ажлын болон цэвэр усны ф80-300ММ-ийн 4 км шугамын барилга угсралтын ажлын гэрээ, бохир усны ф200-400ММ-ийн 8.22 км шугамын барилга угсралтын ажлын гэрээнүүдийг тус тус байгуулсан юм.

Өөрөөр хэлбэл, эдгээр гэрээ нь нэхэмжлэгчийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр болон гурван талт гэрээнд хамааралгүй буюу Баянзүрх дүүргийн 8, 16 дугаар хорооны дулаан, цэвэр усны хангамж, бохир ус татан зайлуулах шугамын ажлыг гүйцэтгэх харилцааг зохицуулсан бие даасан өөр гэрээ болно. Нөгөө талаас Г ХХК-ийн түншлэл нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр болон гурван талт гэрээнд зааснаар газрыг орон сууцаар солих тохиролцоо хийсэн тул орон сууц барих газрыг чөлөөлөх зардлыг тус түншлэл хариуцах үүрэгтэй. Харин инженерийн дэд бүтэц барих, хөгжүүлэх төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай газрыг чөлөөлөх зардлыг түншлэл хариуцах үүргийг дээрх гэрээнүүдийн алинаар нь ч хүлээгээгүйгээс гадна түншлэлийн мэдэлд шилжсэн газар дээр орон сууцны дэд бүтэц баригдсан байхад хариуцагч захиргааны байгууллага түншлэлд бүх зардлыг хамааруулахаар маргаж байгааг зөвшөөрөх боломжгүй.

Энэ ч учраас Г ХХК-ийн түншлэл нь нийслэлийн Засаг дарга, түүний чиг үүргийг гүйцэтгэх Нийслэлийн өмчийн харилцааны газарт хандан "газрыг чөлөөлөхөд гарсан зардал-ыг шийдвэрлүүлэх, энэ талаар уулзалт хийх саналыг удаа дараа албан бичгээр гаргасан боловч шийдвэрлээгүй юм. Нөгөө талаар Нийслэлийн Засаг даргаас ямар ч хариу өгөөгүй атлаа түншлэлд мэдэгдэхгүйгээр Нийслэлийн Засаг даргын зүгээс санал оруулж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 147 дугаар тогтоолоор уг инженерийн байгууламжийг нийслэлийн өмчид авах шийдвэрийг гаргуулж нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхлыг хохироосныг хууль бус гэж үздэг.

Тодруулбал, нэг талаас орон сууцны дэд бүтцийн байгууламжийн газрыг түншлэл өөрийн хөрөнгөөр чөлөөлсөн ч газрын эзэмших, ашиглах эрх түншлэлд хадгалагдаж байгаа (ихэнх нь өмчлөгдсөн газар), нөгөөтэйгөөр Орон сууцны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.4, 11 дүгээр зүйлийн 11.1.1 болон "Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам"-д тус тус зааснаар Нийслэлийн Засаг дарга нь инженерийн болон нийгмийн дэд бүтцийн барилга, инженерийн бэлтгэл арга хэмжээг улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэх ба ийнхүү хууль болон журамд тодорхой заасан байхад Нийслэлийн Засаг дарга нь уг ажлыг хийж гүйцэтгэхэд нэхэмжлэгч нарын гаргасан газар чөлөөлөлтийн 3,670,640,200 төгрөгийн зардлын санхүүжилтийг шийдвэрлээгүйг дээрх хууль, журмыг зөрчсөн эс үйлдэхүй гаргасан гэж үзэж байна.

Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нийтийн эрх ашигт хамаарах дараах арга хэмжээг хэрэгжүүлэхээр хот, суурин газрыг дахин хөгжүүлэх төслийг санаачилна: 14.4.1 хот, суурин газар, дүүрэг, хорооллын чанартай инженерийн бэлтгэл арга хэмжээ, батлан хамгаалах болон гамшгаас хамгаалах зориулалт бүхий барилга байгууламж барих; 14.4.2 хот, суурин газар, дүүрэг, хорооллын чанартай инженерийн болон нийгмийн дэд бүтэц, нийтээр ашиглах барилга байгууламж барих гэж хуульчилж үүрэг болгосон.

Мөн Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 46 дугаар тушаалын хавсралт "Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам"-ын 4.6-д "Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 14.4.1, 14.4.2, 14.4.3-т заасан арга хэмжээг хэрэгжүүлэхэд газар чөлөөлөх зардлыг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга хариуцна" гэж тус тус хуульчилсан.

Г ХХК болон ХХК-ийн түншлэл нь Баянзүрх дүүргийн 8, 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт хийгдэх гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөлд шалгарсан ба уг төлөвлөлтийн зорилго нь тухайн сонгогдсон талбайг барилгажуулах /орон сууцжуулах/ явдал байв. Тухайн үед гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 3/31 дүгээр тогтоолоор баталсан "Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам", уг журамд нэмэлт өөрчлөлт оруулсан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан "Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам" зэргээр тус тус зохицуулж байсан. Дээрх 2013 оны 3/31 болон 2014 оны 23 тогтоолоор баталсан журмын 1.3.1-д Гэр хорооллын дахин төлөвлөлт гэж иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн баталгааг хангах зорилгоор гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааг", 1.3.2-т "Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл гэж энэ журмын 1.3.1-д заасан үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд зориулан боловсруулан баримт бичгийг" гэж тус тус тодорхойлсон. 2014 оны журмын 4.19-д "инженерийн болон нийгмийн дэд бүтцийн барилга байгууламж, инженерийн бэлтгэл арга хэмжээг улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар барих ажлыг Засаг дарга хэрэгжүүлэхээр" журмын 1.3.1-д заасан "гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагаатай холбоотой газар чөлөөлөх ажлын зардлыг журмын 4.22-д зааснаар төсөл хэрэгжүүлэгч хариуцахаар ялгамжтай заасан байхад хариуцагч захиргааны байгууллага өөрийн эрх мэдлийн давуу байдлаа ашиглаж инженерийн барилга байгууламж баригдах болон зурвас газрыг чөлөөлөхтэй холбогдсон хөрөнгийг төсөл хэрэгжүүлэгчид хамааруулж журмын заалтуудыг зөрчсөн хууль бус үйлдэл бөгөөд нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа тул төсөл хэрэгжүүлэгчийг 3,670,640,200 төгрөгийн хөрөнгөөр хохироосон гэж үзэж байна.

Тодруулбал, Засаг дарга журмын 4.19-д заасан ажлыг ...газрыг чөлөөлөхгүйгээр хэрэгжүүлэх боломжгүй бөгөөд сонгогдсон талбайн дэд бүтэц бий болгох өөрт хамаарах хэсгийн газар чөлөөлөх хөрөнгийг шийдвэрлэх асуудал Засаг даргын эрх мэдэлд хамааралтай өөрсдөө гаргахаар байхад хариуцагч захиргааны байгууллага журмын 4.21-ийн Төслийн нийт санхүүжилтийн 50-иас доошгүй хувийг гэснийг төсөл хэрэгжүүлэгч бие даан санхүүжүүлэх тохиолдолд гэсэн заалтыг буруу хэрэгжүүлж нэхэмжлэгчийг хохироосон. Өөрөөр хэлбэл төсөл хэрэгжүүлэгч Г ХХК болон ХХК-ийн түншлэл нь дэд бүтцийнхээс бусад сонгогдсон талбайн хэсэгт журмын 1.3.1-д заасан гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах /орон сууцжуулах/ үйл ажиллагааг хэрэгжүүлэх газар чөлөөлөх болон орон сууцны байгууламжуудыг барьж байгуулах хөрөнгийн асуудлыг журмын 4.20, 4.22-д заасны дагуу хариуцах тул төсөл хэрэгжүүлэгчийн хувьд дэд бүтцийн газрыг чөлөөлөх зардлыг гаргасан эсэхээс үл хамааран журмын 4.19-д заагдсан ажлыг гүйцэтгэх эрхтэй байгаа болно.

Хариуцагч захиргааны байгууллага энэхүү журмыг буруу хэрэгжүүлж ийнхүү нэхэмжлэгчийг хохироосон атлаа удаа дараа хүсэлт гаргасаар байхад нэхэмжлэгчээс үндэслэлгүйгээр гаргуулсан хөрөнгийн асуудлыг хэрхэхийг огт хөндөхгүйгээр зөвхөн төсвийн хөрөнгө оруулалтаар бүтээсэн мэтээр Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанд асуудал оруулж 2018 оны 147 дугаар тогтоолыг гаргуулсан Засаг даргын хууль бус үйлдлээс шалтгаалан нэхэмжлэгчийн хувьд Нийслэлийн хот төлөвлөлтийн газраар нэгдсэн төлөвлөгөөг батлуулсан 39 га газарт хэрэгжүүлэх 5100 айлын барилгын орон сууц, хүчин чадалд нийцүүлсэн 2,1 км дэд бүтцийн байгууламж болон зурваст хамаарах 48 айлыг нүүлгэн шилжүүлэх, шинэ орон сууцанд оруулах, түрээсийн төлбөрийн нийт 3,670,640,200 /гурван тэрбум зургаан зуун далан сая зургаан зуун дөчин мянга хоёр зуун/ төгрөгийг хэнээс ямар журмаар гаргуулж авах нь тодорхойгүй болж хохирч үлдлээ. Түүнчлэн нийслэлийн Засаг дарга уг дэд бүтцийн газрыг чөлөөлөх хөрөнгийг төсөвт суулгах асуудал өөрийнх нь бүрэн эрхэд хамааралтай байхад анхаарахгүй дээрх журмыг буруу хэрэгжүүлж нэхэмжлэгчийг хохироосон хариуцагчийн үйл ажиллагаа нь хууль ёс, шударга ёсны зарчимд ч нийцэхгүй үйлдэл болсон.

Төрийн хуулиар хүлээсэн хийж гүйцэтгэх ёстой үүргийг бизнесийн байгууллагад үүрүүлж, төр өөртөө давуу байдал олгож байгаа нь шударга ёсны зарчимд нийцэхгүй бөгөөд хууль бус эс үйлдэхүй гэж үзэх үндэслэл болох тул Г ХХК, ХХК-ийн түншлэлээс Баянзүрх дүүргийн 8, 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт хийгдэх гэр хорооллын дахин төлөвлөлтийн орон сууцны дэд бүтцийн инженерийн бэлтгэл арга хэмжээнд зарцуулсан 3,670,640,200 төгрөгийн зардлын санхүүжилтийг төсвөөс гаргаж түншлэлд төлөх асуудлыг шийдвэрлээгүй Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус ба нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хохироосон.

Иймээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг нэмж тодруулсан бөгөөд шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Г ХХК, деволомент ХХК-ийн түншлэлээр Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/460 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Батлан хамгаалахын их сургууль орчим гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр батламжилсан. Тус хороололд орон сууцны Шинэ амгалан хороолол төсөл хэрэгжүүлж эхэлсэн. Энэ төсөл нь нийт 5100 айлыг иж бүрэн сууцжуулж, үзвэр үйлчилгээ, ногоон байгууламж, тоглоомын талбай зэргийг багтаасан цогц төсөл байхаар төлөвлөгдсөн. Түншлэл нь 2016 онд нийтдээ 3 орон сууц, тус бүр 12 давхар 519, 520, 521 тоот байрыг ашиглалтад оруулсан. Мөн тус бүр 140 айлын 3 орон сууцны барилгын ажлыг эхлүүлэн нэг байрыг нь ашиглалтад оруулсан байгаа. Тухайн үед улсын хөрөнгө оруулалтаар тухайн хорооллыг барих орон сууцанд зориулагдаж, инженерийн дэд бүтцийн барилга байгууламжийг Засгийн газрын холбогдох шийдвэр тогтоол гаргаж хийж гүйцэтгэсэн. Барилга барихад шаардагдах барилгын төсөл хэрэгжүүлэгч буюу Г ХХК, деволомент ХХК-ийн түншлэл нь өөрсдөө зардлаа гаргаж газар чөлөөлөх ажлыг хийж 2017 онд инженерийн барилга байгууламжийг ашиглалтад оруулж хүлээлгэн өгсөн. гэв.

 

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбартаа: Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 147 дугаар тогтоолыг хууль бус гэж үзэж байгаа. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 23 дугаар тогтоол, 2013 оны 31 дүгээр тогтоолын журмаа зөв хэрэгжүүлэхгүйгээр дэд бүтэцтэй холбоотой барилга байгууламжийн газар чөлөөлөлт, төсөл хэрэгжүүлэхтэй холбоотой оршин суугчдын газрыг чөлөөлж барилга барих гэдэг 2 өөр зүйл байхад нэг ойлголт мэт газар чөлөөлөхтэй холбоотой зардлын асуудлыг зөвхөн иргэдийн газрыг чөлөөлж орон сууц барьсантай хамтатган үзэж байгаа нь ямар ч хууль зүйн үндэслэлгүй.

Баянзүрх дүүргийн 8, 16 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөлд шалгарсан төслийн гол зорилго нь тухайн талбайг орон сууцжуулах ажил байсан. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталж гаргасан 2 журмын хүрээнд үйл ажиллагаа хэрэгжүүлж байсан гэж тайлбарладаг. Дахин төлөвлөлт гэдэг нь Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн баталгааг хангах зорилгоор гэр хорооллын газрыг дахин төлөвлөлтөд оруулж барилгажуулах ажиллагааг хэлнэ гэдэг. Хариуцагч байгууллагууд дахин төлөвлөлтийн журмыг хэрэгжүүлэхдээ буруу хэрэгжүүлдэг. Барилгажуулах төслийг хэрэгжүүлэхэд хамааралтай дэд бүтцийг барьж байгуулах газрыг адилтган тайлбарлаж байгаа нь буруу. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журмын 4.22-т дэд бүтцийн газар чөлөөлөх, барилгажуулах газар чөлөөлөх, энэ газрыг хэн чөлөөлөхтэй холбоотой асуудлыг тус тусад нь заасан. Захиргааны байгууллага өөрийн эрх мэдлийн давуу байдлаа ашиглаж, инженерийн барилга байгууламж баригдах зурвас газрыг чөлөөлөхтэй холбоотой зардлыг зөвхөн төслийг хэрэгжүүлж байгаа Г ХХК, деволомент ХХК-ийн түншлэлд хамааруулж нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна гэж үзэж байна. Энэ дэд бүтэцтэй холбоотой ажлыг хүлээлгэж өгснөөс хойш удаа дараа мэдэгдэж байсан. Тухайн үед энэ ажлыг хариуцан ажиллаж байсан Өмчийн харилцааны газрын хуралдаан дээр хүртэл яригдаж байсан байдаг.

Өмчийн харилцааны газрын тайлбарлаж байгаагаар энэ түншлэлд ямар нэгэн байдлаар хариуцуулна, явцад нь энэ асуудлыг шийдвэрлэнэ гэсэн байр суурьтай явж байсан учраас тухайн үед яг хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудлыг тодруулаагүй байдаг. Энэ асуудлыг шийдвэрлэж өгөх талаар хүсэлтийг нэхэмжлэгч компани тавьж байхад Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас мэдэгдэлгүйгээр тогтоол гаргаж инженерийн барилга байгууламжийг нийслэлийн өмчид бүртгэж авсан байдаг. Энэ тогтоол гарсан талаар огт мэдэгдээгүй. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны тэмдэглэлд ч энэ талаар тусгасан хэлэлцсэн нэг ч зүйл байдаггүй.

Нийт 48 айлыг нүүлгэн шилжүүлж, орон сууцанд орохоос өмнө түрээсийн байранд байлгасан гэх эдгээр зардлыг огт нэхэмжлээгүй. Зөвхөн 48 айлыг нүүлгэн шилжүүлж, орон сууцанд оруулсан буюу газар чөлөөлөлтийн мөнгийг нь төлсөн бодит гарсан зардлыг нэхэмжилж байгаа.

Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Хот байгуулалтын тухай хууль, Орон сууцны тухай хуулиуд нь орон сууцны дэд бүтэц, шугам сүлжээтэй холбоотой зардлын асуудлыг захиргааны байгууллага өөрсдөө хариуцахаар заасан байгаа. Орон сууцны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.4 дэх заалтад орон сууц хөгжүүлэх үйл ажиллагааг санхүүжүүлэх асуудлыг шийдвэрлэх гэж заасан Нийслэлийн Засаг даргын бүрэн эрхэд байдаг. Мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1 дэх заалтад улсын болон аймаг, нийслэлийн төсвөөс олгох хөрөнгө; гэж орон сууцны дэд бүтцийг хөгжүүлэх асуудлыг заасан байгаа.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрийн эрхийн хүрээндээ тодорхойлсон. Нэгэнт захиргааны байгууллага газар чөлөөлөхтэй холбоотой энэ асуудлыг шийдвэрлэж өгөөгүй, нийслэлийн Засаг даргаас энэ асуудлыг шийдвэрлэж өгөөгүй байж нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд санал оруулан бидэнд мэдэгдэлгүйгээр шийдвэрлэсэн байсан. Газар чөлөөлсөнтэй холбоотой зардлыг нэхэмжилж байгаа нь тусдаа бие даасан шаардлага гэж үзэж байна.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 31, 2014 оны 23 дугаар тогтоолоор баталсан журмыг хэрэгжүүлэхдээ зөвхөн ганцхан заалтын тасалж аваад хэрэглэсэн, бусад заалттай уялдуулж хэрэглэх ёстой. Төсөл хэрэгжүүлэх нийт талбайд инженерийн шугам сүлжээний дэд бүтэц барьсан хэсэг орж байгаа. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2011 оны 92 дугаар Нийслэлийн гэр хорооллын газар чөлөөлөх, орон сууцжуулах ажлыг зохион байгуулах журам гэж байгаа. Үүнд дэд бүтцийн газар болон барилга байгууламж доторх зам талбай хамаарахгүй гэж заасан. гэв.

 

5. Хариуцагч Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Г ХХК, ХХК-ийн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/289 дүгээр "Гэр хорооллын төлөвлөлтийн дагуу сонгогдсон байршилд баригдах инженерийн шугам сүлжээний ажлыг зохион байгуулах тухай", 2017 оны "Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай" захирамжийн дагуу Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар Г ХХК, Б Ө ХХК-тай дулааны эх үүсвэр, ф80/300 голчтой 2010 метр шугамын зураг төслөөр барилга угсралтын ажлыг гүйцэтгүүлэн дүгнэн, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас 2018 оны 2/1324 дугаартай албан бичгээр холбогдох баримт бичгийг хүргүүлэн ажилласан байна. Тус ажил нь Монгол Улсын Хөгжлийн банк, Нийслэлийн төсвийн санхүүжилтээр хийгдсэн ба зураг төсвийг Э ХХК боловсруулан, захиалагчаар Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, гүйцэтгэгчээр Б Ө ХХК, Г ХХК-иуд ажиллажээ.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасны дагуу Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн "Тогтоолын төсөл өргөн мэдүүлэх тухай" 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 01/3664 дугаартай албан бичгээр дээр дурдсан үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажилласан талаарх холбогдох баримт бичгийг бүрдүүлэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд өргөн мэдүүлсэн байна.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн хуралдаанаар тухайн асуудлыг хэлэлцээд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 6 дугаар зүйл 6.2 дахь хэсэг "Төсвийн хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгө нь төрийн болон орон нутгийн өмч байна. Төсөвт авсан зээл, хандив, дэмжлэг, тусламжаар бий болсон хөрөнгө үүнд нэгэн адил хамаарна", 75 дугаар зүйл 75.1 дэх хэсэг "энэ хуулийн 6 дугаар зүйлийн 1-4,6 дахь заалт, 6.2, 6.3 дахь хэсэгт заасан хэлбэрээр бий болсон эд хөрөнгө", 77 дугаар зүйлийн 77.3 дахь хэсэг "Орон нутгийн өмчид хамаарах үндсэн хөрөнгийг бусдын өмчлөлд шилжүүлэх, барьцаалах, шинээр олж авах асуудлыг гагцхүү иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний хуралдааны чөлөөт цагт Хурлын Тэргүүлэгчид шийдвэрлэнэ"-т заасан үндэслэлээр хууль тогтоомжийн хүрээнд гаргасан болно.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 147 дугаар тогтоол нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан аливаа хэлбэрийг агуулаагүй тул хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэгч Г ХХК, ХХК-ийн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэх боломжгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

6. Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/464 дүгээр "Төсөл хэрэгжүүлэгчээр батламжлах тухай" захирамжаар Баянзүрх дүүргийн 8, 16 дугаар хорооны нутаг дэвсгэр "Батлан хамгаалахын их сургууль" орчим ГХДТ-2013/6 багцын "Б" хэсэгчилсэн талбайд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр Г ХХК болон ХХК-иудын түншлэл шалгарсныг батламжилсан байна. Дээрх батламжийн дагуу Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/289 дүгээр Гэр хорооллын дахин төлөвлөлтийн дагуу сонгогдсон байршилд баригдах инженерийн шугам сүлжээний ажлыг зохион байгуулах тухай", 2017 оны А/598 дугаар "Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай" захирамж гарсан бөгөөд 2017 оны А/598 дугаар захирамжийн 3 дугаар заалтад хөрөнгө оруулалтын үр дүнд бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтад хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.О/-т даалгасан юм.

Мөн Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/718 дугаар захирамжаар 2017 оны А/598 дугаар захирамжийн 3 дугаар зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсан. Үүнд: Энэ захирамжийн хавсралтуудад заасан төсөл, арга хэмжээг гүйцэтгэлээр нь санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т, хөрөнгө оруулалтын үр дүнд бий болсон хөрөнгийг бүртгэх ажлыг зохион байгуулахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар М.О/-т тус тус үүрэг болгосон байна.

Дээрх шийдвэрийн дагуу Г ХХК болон ХХК-ийн түншлэл Баянзүрх дүүргийн 8, 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд Монгол улсын Хөгжлийн банк, нийслэлийн төсвийн санхүүжилтээр нийт 6,757,399,201 /зургаан тэрбум долоон зуун тавин долоон сая гурван зуун ерэн есөн мянга хоёр зуун нэг/ төгрөгийн үнэ бүхий дараах ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Үүнд:

Г ХХК болон ХХК-ийн түншлэлээр Монгол Улсын Хөгжлийн банк, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэсэн ажлууд

Хөрөнгийн байршил, нэр

Хэмжих нэгж

Хүчин чадал, үзүүлэлт

Тоо ширхэг

Нэгж үнэ

Бүртгэх үнэ

1

Баянзүрх дүүргийн 8-р хороо Г хорооллын ус дулаан дамжуулах төв 3-н барилга

м2

108

1

175,165,178

175,165,178

2

Баянзүрх дүүргийн 8-р хороо Г Инвест хорооллын ус дулаан дамжуулах төв 3-н ялтсан дулаан солилцуур, тоног төхөөрөмж

ком

3663 квт

1

419,457,070

419,457,070

3

Баянзүрх дүүргийн 8-р хороо Г Инвест хорооллын ус дулаан дамжуулах төв 4-н барилга

м2

540

1

686,465,078

686,465,078

4

Баянзүрх дүүргийн 8-р хороо Г Инвест хорооллын гадна дулаан гол шугам

ком

ф500-80

1

820,489,681

820,489,681

5

Баянзүрх дүүргийн 8, 16-р хороо Б ө хорооллын гадна инженерийн шугам сүлжээний нэвтрэх суваг

м

3х3

1163

4,003,286

4,655,822,194

 

Нийт дүн

 

 

 

 

6,757,399,201

Дээрх ажлын зураг төсвийг Э ХХК боловсруулан, захиалагчаар Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ажиллаж, Г ХХК-тай гэрээ байгуулан, тус ажлыг гүйцэтгүүлэн дүгнэж, санхүүжилтийг төсвөөс олгуулан, гэрээ дүгнэсэн протоколыг үйлдсэн байна. Эрчим хүчний барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комисс 2017 оны 01 дүгээр сарын 04-ны өдөр ажиллаж, байнгын ашиглалт оруулахаар шийдвэрлэсэн бөгөөд ашиглалт хариуцсан байгууллагыг төлөөлж Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийг комисст ажиллуулан, баталгаажуулсан. Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас холбогдох хууль, захирамжийн дагуу 2018 оны 2/1324 тоот албан бичгээр манай газарт хандан Баянзүрх дүүргийн 8, 16 дугаар хорооны нутаг дэвсгэр гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд Монгол улсын Хөгжлийн банк, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжигдсэн дулааны шугам сүлжээ, дулаан дамжуулах төвийн барилга тоног төхөөрөмжийг нийслэлийн өмчид бүртгүүлэх хүсэлт хүргүүлэн, холбогдох баримт бичгийг ирүүлсэн. Тус хүсэлтийн дагуу хөрөнгө бүртгэх бэлтгэл ажлын хүрээнд Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, манай газрын холбогдох мэргэжилтнүүд, орон сууц нийтийн аж ахуйн Удирдах газар ОНӨААТҮГ-ын холбогдох ажилтнуудтай хамтран, Г ХХК-ийн холбогдох ажилтнуудыг байлцуулан 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр газар дээр нь бүртгэх хөрөнгийн байдалтай танилцан, тус хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэх талаар танилцуулсан болно.

Үүний зэрэгцээ манай газраас 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 2/1054 тоот албан бичгээр улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн ажил тул Г ХХК болон Б Ө ХХК-д дээрх хөрөнгийг эзэмшүүлж ашиглуулах боломжгүй тухай мэдэгдэж байсан байна. Дээрх албан тоотын дагуу Г ХХК-иас ямарваа нэгэн санал хүсэлт манай газарт ирүүлээгүй тул Барилгын тухай хуулийн 4.1.22-т заасан "Барилгын хөрөнгө оруулагч" гэж барилга байгууламжийг барихад шаардагдах хөрөнгийг санхүүжүүлсэн иргэн, хуулийн этгээдийг хэлнэ гэсэн заалт, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт "Төсвийн хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгө нь төрийн болон орон нутгийн өмч байна. Төсөвт авсан зээл, хандив, дэмжлэг, тусламжаар бий болсон хөрөнгө үүнд нэг адил хамаарна." гэсэн заалт, Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/289 дүгээр "Гэр хорооллын дахин төлөвлөлтийн дагуу сонгогдсон байршилд баригдах инженерийн шугам сүлжээний ажлыг зохион байгуулах тухай", 2017 оны А/598 дугаар "Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай" захирамж, Эрчим хүчний барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 2017 оны 01 дүгээр сарын 04-ны өдрийн 02/2017 тоот улсын актаар ашиглалт хариуцсан байгууллагаар Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийг тогтоон баталгаажуулсан акт, захиалагчаар ажилласан Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын 2018 оны 02/1324 тоот албан хүсэлтийн дагуу дээрх хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгүүлэхээр Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэн, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн "Нийслэлийн өмчид бүртгэн авах тухай 147 дугаар тогтоолоор нийслэлийн өмчид бүртгэн авсан болно.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 147 дугаар тогтоол нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан аливаа хэлбэрийг агуулаагүй тул хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэгч Г ХХК, ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг шаардлагыг биелүүлэх боломжгүй гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

7. Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлага өөрчилсөнтэй холбогдуулан нэмж ирүүлсэн хариу тайлбартаа: Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдын 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 23 дугаар тогтоолоор баталсан Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журмын 1.3.1. 4.19, 4.21, 4.22 дахь заалтуудыг зөрчиж, инженерийн барилга байгууламж баригдах зурвас газрыг чөлөөлөхтэй холбогдсон хөрөнгийг төсөл хэрэгжүүлэгч Г ХХК болон ХХК-ийн түншлэлд хамааруулсан хариуцагчийн үйлдэл хууль бус болохыг тогтоож, тус түншлэлд учруулсан хохирлын 3,670,640,200 төгрөгийг Нийслэлийн Засаг даргаас гаргуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөнтэй холбогдуулан дараах хариу тайлбарыг хүргүүлж байна. Монгол Улсын Их Хурлын 2010 оны 36 дугаар тогтоолоор батлагдсан Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилтот хөтөлбөр, Улаанбаатар хотыг 2020, 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагыг баримтлан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний Тэргүүлэгчдээс нийслэлийн хэмжээнд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлэхээр 2013, 2014, 2015, 2016, 2021 онуудад нийт 27 байршил 86 хэсэгчилсэн талбайг баталсан. Батлагдсан 27 байршил, 85 хэсэгчилсэн талбай нь Улаанбаатар хотын 8 дүүргийн 1680,5 га талбайн 19606 нэгж талбарыг хамарч байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ дурдсан 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдөр батлагдсан Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль, Барилга хот байгуулалтын сайдын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 46 дугаар тушаалын хавсралт Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам нь тухайн үед батлагдаагүй байсан. Харин Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх, төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах үйл ажиллагааг 2013-2015 оны хооронд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны "Журам батлах тухай" 3/31 дүгээр тогтоол, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны "Журмын нэмэлт өөрчлөлтийг батлах тухай" 23 дугаар тогтоолоор батлагдсан Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журмаар зохицуулж ирсэн. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны "Журам батлах тухай" 3/31 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан Гэр хорооллын дахин телевлөлтийн үйл ажиллагааны журмын 3.15-д "Гэр хорооллын дахин төлөвлөлтийн сонгосон талбайн газар чөлөөлөлтийг хэрэгжүүлэгч хариуцна" гэж заасан байдаг. Чөлөөлөх ажлын зардлыг төсөл Г ХХК, ХХК-иуд газар чөлөөлөх ажлаа 2014 онд хийсэн ба энэ үед уйлчилж байсан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны "Журмын нэмэлт өөрчлөлтийг батлах тухай" 23 дугаар тогтоолоор батлагдсан Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журмын 4.22-д "Гэр хорооллын дахин төлөвлөлтийн сонгосон талбайн газар челеелех ажлын зардлыг төсөл хэрэгжүүлэгч хариуцна." гэж заасан. Мөн журмын 1.3.3-т "Сонгосон талбай гэж Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас дахин төлөвлөлт хийхээр байршил, хэмжээг тогтоосон газрыг;" гэж тодорхойлсон. Иймд уг хохирлыг төлөх хууль, эрх зүйн үндэслэл байхгүй тул нэхэмжлэгчийн Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан "...тус түншлэлд учруулсан хохирлын 3.670.640.200 төгрөгийг Нийслэлийн Засаг даргаас гаргуулах" нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Tөрөөс агаар, хөрсний бохирдлыг бууруулах, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх зорилгоор Улаанбаатар хотын гэр хорооллын газрыг дахин төлөвлөх замаар барилгажуулах үйл ажиллагааг 2010 оноос эхлэн төлөвлөн, үе шаттай хэрэгжүүлж эхэлсэн. Дээрх зорилгыг хангах хүрээнд хот суурин газрыг хөгжүүлэх, түүнээс гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах харилцааг дараах хууль тогтоомжоор зохицуулж байсан.

Үүнд 2013 онд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 3/31 дүгээр тогтоолоор батлагдсан "Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам",

2014 онд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан "Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам",

2015 онд Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль /2015.06.26/

2018 онд Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 48 дугаар тушаалаар батлагдсан "Гэр хорооллын газрыг барилгажуулах үйл ажиллагааны журам.

Дээрх 2013 оны Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 3/31 дүгээр тогтоолоор батлагдсан Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам"-ын 2.1.2, 2.1.3, 3.12, 2014 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журмын 2.2.2, 4.19-д заасан үүргээ биелүүлж Төслийн удирдах хорооны 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 71 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/289 дугаар, 2017 оны А/598 дугаар захирамж гарч төслийн байршилд төсвийн хөрөнгөөр хийгдэх ажлын хөрөнгийн асуудлыг шийдэн журам, гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн.

Харин нэхэмжлэгч 2013 оны Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 3/31 дүгээр тогтоолоор батлагдсан Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журмын 3.15, 2014 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журмын 4.22 дэх заалт, иргэдтэй байгуулсан гурван талт гэрээний 5.1.3 дэх сонгосон талбайд улс нийслэлийн санхүүжилтээр хийгдэх ажлын жагсаалтыг гаргаж, төсөл хэрэгжүүлэгчтэй гэрээ байгуулж хяналт тавих заалтаар сонгосон талбайн газар чөлөөлөх ажлын зардлыг төсөл хэрэгжүүлэгч хариуцна гэж заасан нь нэхэмжлэгчийн нэхэмжилж буй газар чөлөөлөхөд зарцуулсан гэх 3,670,640,200 төгрөгийг нийслэлийн Засаг дарга биш нэхэмжлэгч хариуцахаар байна.

Мөн нэхэмжлэгчийн нэхэмжилж буй газар чөлөөлөхөд зарцуулсан гэх 3,670,640,200 төгрөгийг газар чөлөөлөхөд гарсан зардал гэж үзэх үндэслэлгүй, учир нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журмын 3.17.5-д заасан хоёр талт гэрээгээр талуудын тохирсон тохиролцоо юм. Мөн журмын 3.17.4-т газар чөлөөлөх зардлыг хэрхэн шийдэхийг хоёр талт гэрээгээр зохицуулна гэжээ. Нийслэлийн Засаг дарга, нэхэмжлэгч, газар өмчлөгч иргэнтэй байгуулсан гурван талт гэрээний 4.2.2 дэх заалтад төсөл хэрэгжүүлэгч буюу нэхэмжлэгч газар чөлөөлөх зардлыг хариуцах үүрэг хүлээсэн. Газар чөлөөлөх зардал, хоёр талт гэрээгээр талуудын үл хөдлөх хөрөнгийн эрхээ шилжүүлэх нөхцөл, инженерийн болон нийгмийн дэд бүтцийн барилга байгууламж, инженерийн бэлтгэл арга хэмжээний зардал гэсэн ойлголтууд нь бүгд өөр өөр ойлголтууд юм.

Дээрх НИТХТ-ийн 2014 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан журмын 4.19-д "Нийслэлийн Засаг дарга инженерийн болон нийгмийн дэд бүтцийн барилга, байгууламж, инженерийн бэлтгэл арга хэмжээг улс нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлнэ" гэсэн заалтыг нэхэмжлэгч инженерийн шугам сүлжээнд өртсөн газар чөлөөлөх зардлыг нийслэлийн Засаг дарга хариуцна гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.

Нэхэмжлэгчтэй 2014 оны 05 дугаар сарын 19-ны өдөр байгуулсан "Баянзүрх дүүргийн 8, 16 дугаар хорооны дулаан, цэвэр усны хангамж, бохир зайлуулах шугамын ажил гүйцэтгэх гэрээ нь гурван талт гэрээтэй огт хамааралгүй гэдэг нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгч төсөл хэрэгжүүлэгчээр батламжлагдаагүй, нэхэмжлэгчтэй гурван талт гэрээ байгуулаагүй бол дээрх төслийн сонгосон талбайд хийгдэх инженерийн шугам сүлжээний ажил хийх гэрээг нэхэмжлэгчтэй байгуулах боломжгүй. Учир нь Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8, 16 дугаар хорооны нутаг дэвсгэр "Батлан хамгаалахын сургууль" орчим ГХДТ 2013/6 багцын B хэсэгчилсэн талбайд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр Г ХХК болон ХХК-иудын түншлэл шалгарсныг батламжилсан Нийслэлийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А/464 дүгээр захирамж, холбогдох хоёр, гурван талт гэрээ, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан "Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам"-ын 4.21 дэх заалт нь нэхэмжлэгчтэй төслийн сонгосон талбайд хийгдэх инженерийн шугам сүлжээний ажил хийх гэрээг байгуулах нэг шалгуур үндэслэл юм.

Нэхэмжлэгч газар чөлөөлөх зардлыг нийслэлийн Засаг даргад хандан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тухай баримт байхгүй бөгөөд энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасантай нийцэхгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн ...газар чөлөөлөхөд гарсан санхүүжилтийг шийдвэрлэх үүргээ биелүүлээгүй Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхгүйг хууль бус болохыг тогтоож, 3.670.640.200 төгрөгийн зардлын санхүүжилтийг зохих журмын дагуу нэхэмжлэгчид төлөх асуудлыг шийдвэрлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэх үүргийг Нийслэлийн Засаг дарга хууль, журам, гэрээгээр хүлээгээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 147 дүгээр тогтоолын үндэслэл нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 6 дугаар зүйл. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр баригдсан тул нийслэлийн өмчид бүртгэх шийдвэр гарсан. Төсөл хэрэгжүүлэгчээр 2014 оны А/464 дүгээр захирамжаар Г ХХК, деволомент ХХК-ийг батламжилсан. Дараа нь Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/289, 2017 оны А/598, 2017 оны А/718 дугаар захирамжаар гэр хорооллын дахин төлөвлөлтийн байршилд баригдах инженерийн шугам сүлжээний ажлыг зохион байгуулж, төсөл арга хэмжээг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг төрийн санд, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэхийг Нийслэлийн өмчийн харилцааны газарт даалгасан. Санхүүжүүлэгч Хөгжлийн банк Нийслэлийн Хот байгуулалт хөгжийн газрын асуудал эрхэлсэн орлогч дарга 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдөр тус түншлэл дээр гэрээ байгуулсан. Энэ гэрээ бол 2, 3 удаа нэмэлт өөрчлөлт орсон. Энэ гэрээнд Төслийн хэрэгжилтийн явцад бий болсон хөрөнгийг хүлээн авч холбогдох тайлан баланс бүрт нь авчирч тайлагнах үүрэг хүлээнэ. гэж заасан байгаа. Мөн Захиалагч санхүүжүүлэгчээс тавьсан шаардсан шаардлагын дагуу гэрээний бүх нөхцөл болзолд нийцүүлэн ажлыг гүйцэтгэж захиалагчид хугацаанд нь хүлээлгэн өгөх үүрэг хүлээнэ. гэж заасан байгаа. Гэтэл одоо болтол барилгыг хүлээлгэн өгөөгүй байгаа. Мөн валютын ханшны хэлбэлзэл болон, гэрээний дүнгээс илүү гарсан аливаа зардалд хариуцлага хүлээхгүй болно гэж гэрээнд заасан байгаа. Үүнийг талууд зөвшөөрч гарын үсгээ зурж баталгаажуулсан. Яг төсөл хэрэгжээд явж байхад Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор батлагдсан гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам хэрэгжиж байсан. Тэгэхээр тухайн үед хэрэгжиж байсан журмыг л баримтална гэсэн үг. Ийм учраас гүйцэтгэлтэй холбоотой гарсан 3.6 тэрбум төгрөгийг захиалагч тал хариуцах үндэслэлгүй гэж үзэж байна.

Бүртгэх процесс нь хуулиараа улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн хөрөнгийг Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар захиалагчийн хяналтаа тавьж, тухайн ажил дууссаны дараа гарсан нийт гүйцэтгэлийн дүнгээр нийслэлийн өмчид бүртгэх хүсэлтийг ирүүлдэг. Энэ нь 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр ирүүлсэн Энэ ажлыг хийж гүйцэтгэж дууслаа. Хөрөнгө оруулалтын гарсан дүнгээрээ нийслэлийн өмчид бүртгэнэ үү. гэсэн албан бичиг ирсэн. Үүнийг үндэслэж Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 147 дугаар тогтоолыг гаргуулсан. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 Төсвийн хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгө нь төрийн болон орон нутгийн өмч байна. Төсөвт авсан зээл, хандив, дэмжлэг, тусламжаар бий болсон хөрөнгө үүнд нэгэн адил хамаарна. гэж зааснаар энэ хөрөнгө бол дангаараа нийслэлийн өмч юм. Тиймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй байна. Төсөлд хэрэгжих Б хэсэгчилсэн талбайд нь шугам сүлжээ тавигдаж байгаа талбай орж байгаа. Зардлын задаргаа дотор газар чөлөөлөхтэй холбоотой зардлыг хариуцна гэсэн зүйл байхгүй. гэв.

 

9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн 8, 16 дугаар хорооны Батлан хамгаалах их сургуулийн хажууд орон сууцны төсөл хэрэгжүүлэхэд Г ХХК шалгарч 2014-2017 оны хугацаанд 5 удаагийн Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. Эдгээр тогтоолууд одоог хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Мөн энэ хэрэг 2 дахь удаагаа анхан шатны шүүхээр хэлэлцэгдэж байна. Энэ байдлаас үзэхэд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 147 дугаар тогтоолоор бүртгэгдсэн өмч нь төсвийн хөрөнгөөр бий болсон инженерийн барилга байгууламж юм. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар нийслэлийн хөрөнгө байх болно гэдгийг заасан байна. Нэхэмжлэгчийн 3.6 тэрбум төгрөгийн зардал, эсхүл хохирол гэж тайлбарлаж байгаагаа тодорхой болгох ёстой. Хэрвээ хохирол гэж үзэж байгаа бол тухайн барилга байгууламжийг 2017 онд хүлээлцсэн акт, гэрээ дүгнэсэн акт зэргийг хүлээлцэж байхад энэ зардлыг талаар огт дурдаж байгаагүй. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2014 оны 26 дугаар тогтоолоор батлагдсан журамд Газар чөлөөлөх ажлын зардлыг төсөл хэрэгжүүлэгч өөрөө хариуцна. гэж заасан байгаа. Үүний дагуу энэ 3.6 тэрбум төгрөгийг орон нутаг хариуцахгүй. Энэ хохирол учирсан гэдэг нь санхүүгийн баримтаар батлагдахгүй байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

10. Гуравдагч этгээд Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Төсөл арга хэмжээг Хөгжлийн банк болон нийслэлийн төсвийн хөрөнгөөр санхүүжсэн бөгөөд Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар нь захиалагчийн техник хяналтыг хэрэгжүүлэн оролцох эрх, үүргийнхээ хүрээнд ажлын явцад хяналт тавьж, гүйцэтгэлийг баталгаажуулан ажиллах чиг үүргийг хэрэгжүүлсэн. Г ХХК, деволомент ХХК-ийн хувьд хууль ёсны эрх ашгийг зөрчсөн зүйл байхгүй. Төсөл арга хэмжээ дуусгавар болсон. Нэхэмжлэгч нь газар чөлөөлөх зардлын талаар захиалагчийн техник хяналтыг хэрэгжүүлэгч байгууллагад ямар нэгэн байдлаар хүсэлт гаргаж байгаагүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.2-т /хохирол гаргуулах нэхэмжлэлийн хувьд захиргааны байгууллага ямар үүргээ биелүүлээгүй, эсхүл захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид ямар хохирол учирсан, түүнийг хэрхэн шийдвэрлүүлэх/ талаар заасан ба дээрх хуулийн заалтаас үзвэл захиргааны хууль бус үйл ажиллагаа, түүний улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан нь хоорондоо шалтгаант холбоотой байхыг шаарддаг. Нийслэлийн Засаг даргын ямар үүргээ биелүүлээгүйгээс, ямар хууль бус үйл ажиллагаанаас учирсан хохирол гэдэг ойлгомжгүй байна. гэв.

 

11. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ: Хариуцагч талын тайлбар үндэслэлтэй гэж үзэж байна. гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г ХХК, ХХК нь 1. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 147 дугаар тогтоолын Г ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, 2. Баянзүрх дүүргийн 8, 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт хийгдсэн гэр хорооллын дахин төлөвлөлтийн орон сууцны дэд бүтцийн газар чөлөөлөхөд зарцуулсан 3,670,640,200 төгрөгийн зардлын санхүүжилтийг шийдвэрлэх үүргээ биелүүлээгүй Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, уг 3,670,640,200 төгрөгийн зардлын санхүүжилтийг шийдвэрлэж Г ХХК, ХХК-д олгохыг Нийслэлийн Засаг даргад даалгах тухай шаардлагыг Нийслэлийн иргэдийн Төлөөгчдийн Хурлын Тэргүүлэгчид, Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргажээ.

Нэг. Хуульд заасан журмаар хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлээд дараах үндэслэлээр ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд биш гэсэн үндэслэлээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д зааснаар хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Г ХХК, ХХК-иудын түншлэл нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн ГХДТ-2013/6 багцын "Б" хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжүүлэгчээр шалгарч, Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/464 дүгээр захирамжаар төсөл хэрэгжүүлэгчээр тус түншлэл шалгарсныг батламжилж, төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд тухайн төслийн талбайд тавигдсан дэд бүтцийн газар чөлөөлөлттэй холбоотой зардлыг дэд бүтцийн барилга байгууламжийг барих ажлын гүйцэтгэгчид хариуцуулсан болон дэд бүтцийн барилга байгууламжийг орон нутгийн өмчид бүртгэсэн захиргааны байгууллагын шийдвэртэй маргаж хамтран нэхэмжлэл гаргасан байна.

Гэтэл Баянзүрх дүүргийн 8, 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт хийгдсэн гэр хорооллын дахин төлөвлөлтийн дулаан хангамжийн эх үүсвэрийг өргөтгөн шинэчлэх барилга угсралтын ажлын 2014 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 13/2014 дугаартай гэрээ, дулааны 2 км шугамыг өргөтгөн шинэчлэх барилга угсралтын ажлын 14/2014 дугаартай гэрээ, 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 14/2014 С-ДБ-Б 2014/77-1 дугаартай нэмэлт гэрээ, 2015 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 14/2014 С-ДБ-Д 2014/77-1-1 дугаартай нэмэлт гэрээ, 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 14/2014 С-ДБ-Д 2014/77-1-2 дугаартай нэмэлт гэрээ, 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 14/2014 С-ДБ-Б 2014/77-2 дугаартай нэмэлт гэрээний[1] ажлын гүйцэтгэгчээр Г ХХК, Б ө ХХК оролцсон бөгөөд дээрх гэрээ, гэрээ дүгнэсэн 2017 оны 12 дугаар сарын 01, 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн протокол, инженерийн барилга угсралтын ажлын үе шатны хуваарь[2], инженерийн шугамын барилга угсралтын ажлын гүйцэтгэлийн акт, инженерийн барилга байгууламжийг байнгын ашиглалтад хүлээн авсан улсын комиссын болон техникийн комиссын актад энэ ажлын ерөнхий болон туслан гүйцэтгэгчээр ХХК оролцоогүй[3] байна.

Өөрөөр хэлбэл ХХК нь Баянзүрх дүүргийн 8, 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэр хорооллын дахин төлөвлөлтийн ГХДТ-2013/6 багцын "Б" хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжүүлэгчээр Г ХХК-тай түншлэлээр оролцсон бөгөөд харин төслийн дэд бүтцийн барилга байгууламж барих ажлын гүйцэтгэгчээр оролцоогүй байх тул төсөл хэрэгжүүлэх талбайд тавигдсан инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийн барилга байгууламжийн доорх газар чөлөөлөлттэй холбоотой зардлын талаар, дэд бүтцийн барилга байгууламжийг орон нутгийн өмчид бүртгэсэн захиргааны байгууллагын шийдвэртэй маргах, нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд биш байна.

Нэхэмжлэгч ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж урьдчилж төлөөгүйг дурьдах нь зүйтэй.

Нэхэмжлэгч ХХК-иас Ц.Эд 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр олгосон итгэмжлэлийн хугацаа дууссан бөгөөд итгэмжлэлээ шинэчилж ирүүлээгүй ч шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2-т заасан үндэслэлээр нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн болно.

Хоёр. Хуульд заасан журмаар хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд хэлэлцэгдэж судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар, хууль, тогтоомжийн зохицуулалтаас гэр хорооллын дахин төлөвлөлтийн талбайн дэд бүтцийн газар чөлөөлөлттэй холбоотой энэ маргаанд хамаарах дараах нөхцөл байдал тогтоогдож байна.

1. Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/464 дүгээр захирамжаар Баянзүрх дүүргийн 8, 16 дугаар хорооны нутаг дэвсгэр Батлан хамгаалахын их сургууль орчим ГХДТ-2013/6 багцын "Б" хэсэгчилсэн талбайд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу гэр хорооллын дахин төлөвлөлтөөр барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр Г ХХК болон ХХК-иудын түншлэл шалгарсныг батламжилсан бөгөөд энэ ажилд төслийн талбайд тавигдах инженерийн барилга байгууламжийн ажил хамаарахгүй юм.

Энэ маргааны хүрээнд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээс газар өмчлөгчтэй болон Нийслэлийн Засаг даргатай байгуулсан гурван талт гэрээний дагуу барилгажих талбайн газрыг чөлөөлсөн зардал, гэр хорооллын дахин төлөвлөлтийн байршилд хийгдсэн инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийн барилга байгууламжийн трассын газар чөлөөлсөн зардал гэх хариуцах этгээд, санхүүжилтийн эх үүсвэр өөр зохицуулалт бүхий ойлголтууд хэлэлцэгдэх бөгөөд үүнээс инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийн барилга байгууламжийн трассын газар чөлөөлөлтийн зардал нь энэ маргааны зүйл байна.

Тодруулбал нэхэмжлэгч Г ХХК, ХХК нь түншлэлээр тухайн Б хэсэгчилсэн талбайд гэр хорооллын дахин төлөвлөлтөөр барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчийн хувьд гурван талт гэрээний дагуу барилгажих талбайн газар чөлөөлөлтийн зардлыг хариуцах бөгөөд энэ нь энэ маргаанд хамаарахгүй, харин дахин төлөвлөлтийн талбайд улс, нийслэлийн төсвийн санхүүжилтээр баригдсан инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийн барилга байгууламжийн гүйцэтгэгчийн хувьд нэхэмжлэгч Г ХХК нь инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийн барилга байгууламжийн трассын газар чөлөөлөлтийн зардлыг хариуцах эсэхэд талууд маргажээ.

Нэхэмжлэгч Г ХХК нь хариуцагч Нийслэлийн Засаг дарга дэд бүтцийн барилга байгууламж барих төсөвт газар чөлөөлөх зардлыг тусгах чиг үүргээ хэрэгжүүлээгүй, журмын энэ зохицуулалтыг төсөл хэрэгжүүлэгч газар чөлөөлөх зардлыг хариуцна гэж буруу хэрэглэж инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийн барилга байгууламжийн гүйцэтгэгчид газар чөлөөлөхөд гарсан зардлыг хариуцуулсан нь хууль бус хэмээн маргаж, хариуцагч нар болон гуравдагч этгээд төслийн талбайд газар чөлөөлөх зардлыг төсөл хэрэгжүүлэгч хариуцахаар заасан, инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийн барилга байгууламжийг батлагдсан төсвийн дагуу гэрээгээр гүйцэтгүүлж, гүйцэтгэлээр нь санхүүжүүлсэн хэмээн тайлбарладаг.

2. Хууль, тогтоомжийн зохицуулалтаас үзвэл засаг захиргаа, нутаг дэвсгэрийн удирдлагын тогтолцоо, эрх хэмжээ, үйл ажиллагааны суурь харилцааг зохицуулсан Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль (2006 оны)-ийн 29 дүгээр зүйлийн 29.1.4 дэх заалтын д болон орон сууцны талаарх төрийн байгууллагуудын бүрэн эрх, орон сууц төлөвлөлт, орон сууц хөгжүүлэх үйл ажиллагааны санхүүжилттэй холбогдсон харилцааг зохицуулсан Орон сууцны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.4-т нутаг дэвсгэртээ эрчим хүчний үйлдвэрлэл, хангамж, орон сууц нийтийн аж ахуй, үйлчилгээг хөгжүүлэх бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, санхүүжүүлэх асуудлыг шийдвэрлэх бүрэн эрхийг Нийслэлийн Засаг дарга хэрэгжүүлэхээр зааж, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1-д зааснаар орон сууц, түүний дэд бүтцийг хөгжүүлэх үйл ажиллагааг улсын болон аймаг, нийслэлийн төсвөөс олгох хөрөнгийн эх үүсвэрээс санхүүжүүлэх-ээр байна. Орон сууцны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2, 3.1.3-т тодорхойлсноор "орон сууцны дэд бүтэц гэж орон сууцны дулаан, цахилгаан, холбоожуулалт, хий, ус хангамж, ариутгах татуургын инженерийн гадна шугам сүлжээг", "орон сууц хөгжүүлэх үйл ажиллагаа гэж орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх, түүний дэд бүтцийг сайжруулах, хөгжүүлэх арга хэмжээг ойлгоно.

Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулахтай холбогдсон харилцааг нарийвчлан зохицуулсан Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль 2015 онд батлагдсан бөгөөд энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т гэр хороолол гэж инженерийн болон нийгмийн дэд бүтцээр бүрэн хангагдаагүй гэр, орон сууц бүхий суурьшлыг ойлгох ба 4.1.10, 4.1.11-д гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл нь хот, суурин газрыг дахин хөгжүүлэх төсөлд хамаарахаар, 14 дүгээр зүйлийн 14.4.2-т хот, суурин газрыг дахин хөгжүүлэх төслийн хүрээнд инженерийн дэд бүтэц барих чиг үүргийг Нийслэлийн Засаг дарга хэрэгжүүлэхээр заажээ.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 3/31, Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 23 дугаар тогтоолоор журамласан бөгөөд Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан журмын 2.2.2-т Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс байгуулсан Төслийн удирдах хороо сонгосон талбайд улс, нийслэлийн төсвөөр хэрэгжих инженерийн дэд бүтцийн барилга байгууламжийн жагсаалтыг гаргаж, хөрөнгө оруулалтыг шийдвэрлүүлэх чиг үүргийг хэрэгжүүлэх-ээр, 4.19-д Нийслэлийн Засаг дарга гэр хорооллын дахин төлөвлөлтийн талбайд инженерийн дэд бүтцийн барилга байгууламж, инженерийн бэлтгэл арга хэмжээг улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар барих ажлыг хэрэгжүүлэх-ээр, 4.22-т дахин төлөвлөлтийн сонгосон талбайн газар чөлөөлөх ажлын зардлыг төсөл хэрэгжүүлэгч хариуцах-аар тус тус ялгаатай, тодорхой зохицуулсан байна. Хурлын 2013 оны 3/31 дүгээр тогтоолоор батлагдсан журамд агуулгын хувьд дээрхтэй адил зохицуулалт 2.1.3, 3.12, 3.15-д байжээ.

Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 122 дугаар тушаалаар батлагдсан Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журмын 4.6-д төсөл хэрэгжүүлэхээр сонгосон талбайн газар чөлөөлөх зардлыг төсөл хэрэгжүүлэгч хариуцна, 4.8-д улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдах инженерийн болон нийгмийн дэд бүтцийн барилга байгууламж, инеженерийн бэлтгэл арга хэмжээг тухайн шатны Засаг дарга хариуцна гэж, 2018 оны 46 дугаар тушаалаар батлагдсан мөн журмын 4.6-д Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 14.4.1 дүүрэг хорооллын чанартай инженерийн бэлтгэл арга хэмжээ .. зориулалт бүхий барилга байгууламж барих, 14.4.2 инженерийн болон нийгмийн дэд бүтэц, нийтээр ашиглах барилга байгууламж барих, 14.4.3-т заасан арга хэмжээг хэрэгжүүлэхэд газар чөлөөлөх зардлыг аймаг, нийслэлийн Засаг дарга хариуцах бөгөөд бусад тохиолдолд газар чөлөөлөх зардлыг төсөл хэрэгжүүлэгч хариуцна хэмээн тодорхой журамлажээ.

Дээрх хууль тогтоомжууд нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд инженерийн барилга байгууламж барих газар чөлөөлөлтийн зардлыг хэн хариуцах талаарх агуулгын хувьд ижил зохицуулалт агуулсан, нөгөө талаас нэхэмжлэгчтэй 2014 онд байгуулсан, 2015, 2017 онд нэмэлт оруулсан гэрээгээр инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийн барилга байгууламжийн ажлыг гүйцэтгүүлж, 2016, 2017 онд байнгын ашиглалтад оруулсан байх ба уг гадна шугам сүлжээ, барилга байгууламжийг 2018 онд орон нутгийн өмчид бүртгэсэн шийдвэр болон газар чөлөөлөх зардлыг хариуцуулсан захиргааны байгууллагын үйл ажиллагаатай маргаж байх тул дээрх хууль тогтоомжууд үйлчилнэ.

Дээрх хууль тогтоомжийн зохицуулалтаас үзвэл нийслэлийн нутаг дэвсгэрт орон сууцны дэд бүтэц буюу инженерийн гадна шугам сүлжээний хангамжийг нэмэгдүүлэх, хөгжүүлэх ажлыг Нийслэлийн Засаг дарга улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийж гүйцэтгүүлэх ба дахин төлөвлөлтийн талбайд хийгдсэн инженерийн барилга байгууламжийн трассын газар чөлөөлөлтийн зардал нь улс, нийслэлийн төсвийн санхүүжилтээр, Нийслэлийн Засаг дарга хариуцан хийлгэх ажлын зардалд хамаарч байна.

Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагаа 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдсөн Захиргааны ерөнхий хуулийн төлөвлөлтийн эрх зүйн үйлчлэлийн зохицуулалтад хамаарах бөгөөд энэ хуулийн 79 дүгээр зүйлийн 79.3, 79.4-т зааснаар захиргааны байгууллага инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийн барилга байгууламжийн трассын төлөвлөлтөд өртөх газрын өмчлөгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхолд нөлөөлж болохуйц сөрөг нөлөөллийг арилгах арга хэмжээг авах үүрэгтэй, тодруулбал трасст өртөхөөр төлөвлөлтөд тусгагдсан газрын өмчлөгч нарт нөхөн олговор олгох байдлаар газрыг чөлөөлөх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ.

3. Засгийн газрын 2013 оны 118 дугаар тогтоолоор Шинэ бүтээн байгуулалт хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх төсөл арга хэмжээг баталсны дунд Улаанбаатар хотын гэр хороололд баригдах инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийн барилга байгууламжийн ажлын жагсаалтыг баталж, үүнд Баянзүрх дүүргийн 8, 16 дугаар хорооны гэр хороололд дулаан, цахилгаан, цэвэр, бохир усны шугамын болон эх үүсвэрийн барилга байгууламжийн угсралтын ажлыг Хөгжлийн банкаар дамжуулан үе шаттай санхүүжүүлэхээр шийдвэрлэжээ. Засгийн газрын мөн оны 285, 2014 оны 263 дугаар тогтоолоор төслийн санхүүжилтийг нэмсэн.[4]

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 25 дугаар тогтоолоор байгуулагдсан Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн удирдах хороо 2014 оны 08, 36, 71 дүгээр тогтоолуудаар гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжиж буй Баянзүрх дүүргийн 8, 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт хийгдэх инженерийн барилга байгууламжийн ажлын нэмэлт хөрөнгийн задаргааг[5], ажил гүйцэтгэх компаниар Г ХХК, Б ө ХХК-ийг[6] баталж, инженерийн шугам сүлжээний ажлыг Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журамд нийцүүлэн гүйцэтгүүлэх ажлыг зохион байгуулахыг нийслэлийн Засаг даргад даалгаснаар нийслэлийн Засаг даргын 2014 оны А/620, 2015 оны А/289 дүгээр, 2017 оны А/598 дугаар, 2017 оны А/718 дугаар захирамжаар уг байршилд баригдах инженерийн шугам сүлжээний ажил, хөрөнгө оруулалт, санхүүжилтийг, хөрөнгө оруулалтын үр дүнд бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авах асуудлыг шийдвэрлэсэн[7], Барилга, хот байгуулалтын сайдын 2017 оны 68, 131 дүгээр тушаалаар батлагдсан төсвийн хөрөнгөөр эрх шилжүүлэн хэрэгжүүлэх арга хэмжээний жагсаалтад[8] Баянзүрх дүүргийн 8, 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт хийгдэх дулаан, цахилгааны шугам, барилга байгууламжийн барилга угсралтын ажил багтсан байдаг.

Ийнхүү Баянзүрх дүүргийн 8, 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэр хорооллын дахин төлөвлөлтийн талбайд хийгдэх инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийн барилга байгууламжийн ажлыг Хөгжлийн банкаар дамжиж олгогдсон улсын болон нийслэлийн төсвийн санхүүжилтээр, Э ХХК-ийн боловсруулсан зураг төсвөөр, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар захиалагчийн хяналтыг тавьж, Нийслэлийн Засаг дарга, Хөгжлийн банктай байгуулсан дулаан хангамжийн эх үүсвэрийг өргөтгөн шинэчлэх барилга угсралтын ажлын 2014 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 13/2014 дугаартай гэрээ, дулааны 2 км шугамыг өргөтгөн шинэчлэх барилга угсралтын ажлын 14/2014 дугаартай гэрээ, 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 14/2014 С-ДБ-Б 2014/77-1 дугаартай нэмэлт гэрээ, 2015 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 14/2014 С-ДБ-Д 2014/77-1-1 дугаартай нэмэлт гэрээ, 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 14/2014 С-ДБ-Д 2014/77-1-2 дугаартай нэмэлт гэрээ, 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 14/2014 С-ДБ-Б 2014/77-2 дугаартай нэмэлт гэрээгээр[9] Г ХХК, Б ө ХХК хэсэгчлэн гүйцэтгэж, Эрчим хүчний яамны эрчим хүчний барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 2016/396, 2017 оны 1 дүгээр сарын 04-ний 02/2017 дугаартай актаар байнгын ашиглалтад оруулахаар шийдвэрлэж[10], 2017 оны 9 дүгээр сарын 08, 2017 оны 12 дугаар сарын 01, 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн протоколоор гэрээг дүгнэжээ.

Баянзүрх дүүргийн 8, 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэр хорооллын дахин төлөвлөлтийн сонгосон талбайд инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийн барилга байгууламж баригдсан[11], улсын болон нийслэлийн төвсөөс санхүүжсэн, Г ХХК гүйцэтгэгчээр нь ажилласан, энэ ажлын санхүүжилтийн хэмжээний талаар талууд маргаагүй болно.

4. Харин улсын болон нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтын дүнд дэд бүтцийн барилга, байгууламжийн газрыг чөлөөлөх зардал тусгагдаагүй буюу ажлын гүйцэтгэгчид хариуцуулсан болох нь дараах байдлаар тогтоогдож байна.

- Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн удирдах хорооны 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар Баянзүрх дүүргийн 8, 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт хийгдэх инженерийн шугам сүлжээний батлагдсан төсөв, нэмэлт хөрөнгө шийдүүлэх асуудлыг хэлэлцсэн, 2015 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн хуралдаанаар гэрээний хугацаа сунгах асуудлыг хэлэлцсэн[12] ч тухайлан газар чөлөөлөлтийн зардал хэлэлцэгдээгүй,

- Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас 2014 оны 5 дугаар сарын 09-ний өдөр 2/1174 тоот албан бичгээр хүргүүлсэн хүлээн зөвшөөрч гэрээ байгуулах мэдэгдэлд дурдсан гүйцэтгэгч компаниудын ирүүлсэн жишиг үнийн саналд газар чөлөөлөлтийн зардал тусгагдаагүй,

- Гэр хорооллын дахин төлөвлөлтийн талбайд баригдах инженерийн шугам сүлжээний ажлыг зохион байгуулах тухай Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/289 дугаар захирамж, түүний төсөл, санал авах хуудаст[13] захирамжаар баталсан Баянзүрх дүүргийн 8, 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт Батлан хамгаалахын их сургуулийн орчимд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн талбайд барих дулааны эх үүсвэр 2 ширхэг, дулааны ф80/300 мм-ийн 2010 м шугамын барилга угсралтын ажлын нэмэлт хөрөнгө 5,8 тэрбум төгрөгийн нийслэлийн 2015 оны төсвөөс санхүүжүүлэх төсөвт, мөн 2017 оны А/598 дугаар захирамжаар баталсан Барилга хот байгуулалтын сайдаас эрх шилжүүлсний дагуу улсын төсвийн хөрөнгөөр он дамжин 2017 онд санхүүжүүлэх хот байгуулалтын салбарт хэрэгжих арга хэмжээний жагсаалт, захирамж болон хавсралтын төсөл, санал авах хуудаст[14] маргаанд хамаарах байршлын инженерийн шугам сүлжээний барилга байгууламжийн төсөв тусгагдсан ч мөн л барилга байгууламжийн трассын газрыг чөлөөлөх зардал гэж тусгагдаагүй,

- Эрх шилжүүлэн хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтыг баталсан Барилга, хот байгуулалтын сайдын 2017 оны 68, 131 дүгээр тушаал, түүний хавсралтад газар чөлөөлөх зардал гэж тусгагдаагүй,

- Эрчим хүчний барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах улсын комиссын 2016 оны 9 дүгээр сарын 02-ны, 10 дугаар сарын 21-ний, 12 дугаар сарын 15-ны өдрийн хурлын тэмдэглэлүүд, улсын комиссын гишүүдээс өгсөн үүрэг даалгаврын биелэлт, улсын комиссын гишүүний саналын хуудсаар өгсөн саналууд, улсын комиссын 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 2016/396, 2017 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 02/2017 дугаартай акт, техникийн комиссын 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 7ХХТ-62/24/2016 дугаартай актад[15] газар чөлөөлөлтийн зардлыг хэрхсэнийг тусгаагүй, улсын комиссын гишүүнээр ажилласан нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын Хот байгуулалт, дэд бүтцийн хяналтын албаны газар ашиглалт хариуцсан мэргэжилтэн Ж.Тын тайлбар[16], инженерийн барилга, байгууламжийн зураг төслийг Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын захиалгаар боловсруулсан Э ХХК-ийн тодорхойлолт[17], захиалагчаар техникийн хяналт хэрэгжүүлсэн Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын тодруулгаар[18] газар чөлөөлөлтийн зардал багтсан нь тогтоогдохгүй,

- Инженерийн барилга байгууламжийн ажлын гүйцэтгэгч Г ХХК, Б ө ХХК-ийн ажлын гүйцэтгэлийн нэгдсэн товчоонд[19] тусгагдсан зардалд газар чөлөөлөлтийн зардал багтаагүй,

- Орон нутгийн өмчид хөрөнгө бүртгэн авах тогтоолын төсөл боловсруулахад санал авах хуудас, Нийслэлийн өмчийн харилцааны газрын 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн танилцуулгад[20], орон нутгийн өмчид хөрөнгө бүртгэн авах тогтоолын төслийг хэлэлцсэн нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн хуралдааны тэмдэглэлд[21] энэ зардлын талаар тусгаагүй байна.

Дээр дурдсанчлан хариуцагч нар нь Г ХХК-иар гүйцэтгүүлсэн инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийн барилга байгууламжийн ажлын төсөвт газар чөлөөлөлтийн зардлыг ийнхүү тусгаагүйтэй маргаагүй.

5. Инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийн барилга байгууламжийг гэрээний дагуу барьж ашиглалтад хүлээлгэн өгсөн Г ХХК нь шугам сүлжээ, барилга байгууламжийн өмчлөл, эзэмшил, ашиглалтын талаар 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт 153, Нийслэлийн өмчийн харилцааны газарт 154, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд 155, Нийслэлийн Засаг даргын дэд бүтэц, гэр хорооллын хөгжил хариуцсан орлогчид 156 дугаартай бичгүүдээр, мөн Нийслэлийн өмчийн харилцааны газарт 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 01/264 дугаартай албан бичгээр тус тус гаргасан байх бөгөөд Нийслэлийн өмчийн харилцааны газрын 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 2/1054 тоот албан бичгээр ашиглалт, хамгаалалтыг хариуцуулах боломжгүй гэсэн хариу өгсөн, зардлыг хэн хариуцах талаар хариу өгөөгүй байна.

Гурав. Дээр дүгнэснээр нийслэлийн нутаг дэвсгэрт орон сууцны дэд бүтэц буюу инженерийн гадна шугам сүлжээний хангамжийг нэмэгдүүлэх, хөгжүүлэх ажлыг Нийслэлийн Засаг дарга улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийх үүрэгтэй ба Баянзүрх дүүргийн 8, 16 дугаар хороонд гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хийгдэх инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийн барилга байгууламжийн төсөв, хийгдэх ажил, уг ажлын гүйцэтгэгч батлагдаж, Хөгжлийн банкаар дамжин санхүүжсэн, гүйцэтгэгчтэй гэрээ байгуулан харьяа агентлагаараа техникийн хяналтыг хэрэгжүүлж, дэд бүтцийн барилга байгууламжийг байнгын ашиглалтад хүлээн авсан ч барилга угсралтын ажлын төсөвт инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийн барилга байгууламжийн трассд өртөх газар чөлөөлөлтийн зардлыг шийдвэрлээгүй, хууль тогтоомжийн зохицуулалтыг буруу хэрэглэн ажлын гүйцэтгэгчид энэ зардлыг хариуцуулсан нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус байна.

Иймд энэ үндэслэлээр нэхэмжлэгч Г ХХК-ийн Баянзүрх дүүргийн 8, 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт хийгдсэн гэр хорооллын дахин төлөвлөлтийн орон сууцны дэд бүтцийн газар чөлөөлөх зардлын санхүүжилтийг шийдвэрлэх үүргээ биелүүлээгүй Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, уг зардлын санхүүжилтийг зохих журмын дагуу шийдвэрлэж Г ХХК-д олгохыг Нийслэлийн Засаг даргад даалгах шаардлагыг агуулгын хувьд хангаж шийдвэрлэлээ. Зардлын дүнгийн хувьд өөрчлөлт орохоор байх тул энэ шаардлагын үндэслэлийг агуулгын хувьд дүгнэсэн болно.

Дөрөв. Дэд бүтцийн газар чөлөөлсөн 3,670,640,200 төгрөгийн зардлын санхүүжилтийг шийдвэрлэж Г ХХК-д төлөхийг Нийслэлийн Засаг даргад даалгах шаардлагаас инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийн барилга, байгууламжийн трасст өртсөн хэсгээр хангаж, трасст өртөөгүй хэсгээр энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Г ХХК нь төсөл хэрэгжүүлсэн байршилд инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийн барилга байгууламжийн трасст орсон газрыг чөлөөлж орон сууцанд оруулсан[22] гэх 48 өрхийн жагсаалтыг газар өмчлөгчийн овог нэр, регистрийн дугаар, тэдгээрийн өмчилсөн газрын хороо, гудамж, хашааны дугаар, газрын хэмжээ, газар чөлөөлөх хэлбэр буюу орон сууц, авто зогсоолын алинаар сольж буйг, орон сууц, авто зогсоолын хэмжээ, м.кв-ын үнэ, нийт үнэ, орон сууц захиалгын болон гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр, гурван талт гэрээ, гэрээний дугаар, орон сууцны дугаар гэсэн мэдээллээр гаргаж шүүхэд ирүүлсэн[23].

1. Энэ жагсаалтад заасан 48 нэгж талбарын өмчлөлийн газар, байшин сууцыг орон сууц, автомашины зогсоолоор сольж чөлөөлсөн болох нь тэдгээртэй байгуулсан гэр хорооллын дахин төлөвлөлтийн хоёр болон гурван талт гэрээ, орон сууц захиалгын гэрээ, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ[24], Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас ирүүлсэн мэдээллийн санд бүртгэгдсэн өмчилсөн газрын нэгж талбарын дугаар бүхий кадастрын зургууд[25], Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас 48 нэгж талбарын кадастрыг нэг талбарт ирүүлсэн агаарын зураг, улсын бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн Улаанхуаран 519, 520, 521 дүгээр байрны орон сууц өмчлөгчдийн лавлагаа[26] зэргээр тогтоогдож байна.

Ийнхүү газрыг орон сууцаар сольж чөлөөлсөн нь хэдий дараа нь Засгийн газрын 2018 оны 222 дугаар тогтоолоор батлагдсан ч энэ харилцааг зохицуулж буй Хот суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааны нөхөн олговор олгох журмын 3.4.3.1 гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх тохиолдолд газрыг орон сууцаар солиход газар чөлөөлөх зардал, түр суурьшуулах зардал нь нөхөн олговорт хамаарна, 4.1, 4.7, 5.1 өмчлөх эрх бүхий газрын үнийг тухайн үеийн зах зээлийн дундаж үнээр тооцож нөхөн олговрын үнэлгээний зүйл, хэмжээний талаар талууд харилцан тохиролцож нөхөн олговрыг эд хөрөнгөөр дүйцүүлж олгож болох заалтуудад нийцжээ.

2. Үл хөдлөх эд хөрөнгийн зуучлалын Т ХХК-иас авсан үнийн мэдээллээс[27] үзвэл Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, 16 дугаар хороолол Улаанхуаран 519, 520, 521 дүгээр байранд 2016 оны байдлаар орон сууцны худалдах доод үнэ 1 м.кв нь 1,650,000 төгрөг байсан тул Г ХХК инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийн барилга байгууламжийн газар чөлөөлж уг байруудад орон сууц олгохдоо энэ үнээр үнэлсэн байгааг үндэслэлтэй гэж үзлээ. Мөн өмчлөлийн газрын үнэлгээ Т ХХК-иас ирүүлсэн зах зээлийн дундаж үнээс эрс зөрүүтэй гэх тооцоолол гаргаж хариуцагч нар маргаагүй бөгөөд дээрх журмын зохицуулалтыг зөрчөөгүй байна гэж үзлээ.

3. Шүүгчийн захирамжаар томилогдсон шинжээчийн инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийн барилга байгууламж барихаар чөлөөлсөн гэх газруудын мэдээллийн санд бүртгэгдсэн кадастрыг шугам сүлжээ, инженерийн барилга байгууламж, түүний хамгаалалтын зурвастай давхцсан эсэхийг тодорхойлсон зураглал бүхий 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 20/005, 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 20/037 дугаартай дүгнэлтээс[28] үзвэл чөлөөлсөн 48 нэгж талбараас жагсаалтын 2-11, 14, 15, 18, 20, 23, 29, 30, 35, 37, 38, 42, 43 дугаарт бичигдсэн 22 нэгж талбар нь ус дулаан дамжуулах шугамын трасс, түүний хонгилын байгууламжтай давхцсан, жагсаалтын 1, 19, 22, 28, 36 дугаарт бичигдсэн 5 нэгж талбар нь шугамын хамгаалалтын зурваст хэсэгчлэн орсон, жагсаалтын 34, 40, 41 дугаарт бичигдсэн 3 нэгж талбар нь ус дулаан дамжуулах төвийн барилгатай давхцсан, жагсаалтын 33, 44 дүгээрт бичигдсэн 2 нэгж талбар нь цахилгааны хаалттай хуваарилах байгууламжийн барилгатай давхцсан, өөрөөр хэлбэл Г ХХК-ийн Нийслэлийн Засаг даргатай байгуулсан гэрээний дагуу Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт улсын болон нийслэлийн төвсийн хөрөнгө оруулалтаар барьж ашиглалтад оруулсан инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийн барилга байгууламжид зориулан чөлөөлсөн 32 нэгж талбар байна.

Харин жагсаалтын 12, 13, 16, 17, 21, 24, 25, 26, 27, 31, 32, 39, 45, 46, 47, 48 дугаарт бичигдсэн 16 нэгж талбар нь шугам сүлжээ, инженерийн барилга байгууламжийн трасст өртөөгүй буюу хамгаалалтын зурвасаас ч гадна байх тул Г ХХК-ийн гэрээний дагуу гүйцэтгэсэн инженерийн барилга байгууламжийн газар чөлөөлөлт гэж үзэхгүй, харин гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчийн хувьд чөлөөлсөн газар гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл ийнхүү инженерийн дэд бүтцийн барилга байгууламжийн трасст өртөөгүй газрыг чөлөөлсөн зардлыг төсөл хэрэгжүүлэгч хариуцах тул нэхэмжлэлийн шаардлагаас эдгээр 16 нэгж талбарын газар чөлөөлсөн зардалтай холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Шинжээчийн 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 20/037 дугаартай дүгнэлтэд ариутгах татуургын шугамын трасстай давхцсан гэх жагсаалтын 12, 13, 26, 31, 32, 39, 47 дугаарт бичигдсэн нэгж талбар, холбоо дохиоллын шугамын трасстай давхцсан гэх жагсаалтын 46 дугаарт бичигдсэн нэгж талбар, цэвэр ус дамжуулах шугамын трасст давхцсан гэх жагсаалтын 27 дугаарт бичигдсэн нэгж талбар нь Г ХХК-ийн гэрээний дагуу гүйцэтгэсэн инженерийн барилга байгууламжийн газар чөлөөлөлт гэж үзэхгүй, инженерийн барилга байгууламжийг 2016, 2017 онд улсын комисс ашиглалтад оруулснаас хойш Г ХХК-д болон бусад иргэн, аж ахуйн нэгжид олгогдсон техникийн нөхцлийн дагуу холбосон[29] холбоо дохиолол, цэвэр ус, ариутгах татуургын салаа шугамуудтай давхцсан байна.

Нэхэмжлэгч Г ХХК нь 48 айлын газрыг орон сууцаар сольж чөлөөлсөн хэмээн орон сууцны үнэлгээгээр газар чөлөөлсөн зардлыг 3,670,640,200 төгрөгөөр тооцсоноос дээрх 16 нэгж талбарын жагсаалт дахь үнэлгээрээр жагсаалтын 12-т Д.Ч*******ад олгосон орон сууцны үнэ 83,127,000 төгрөг, 13-т Ц.Ш*******д олгосон орон сууцны үнэ 61,347,000 төгрөг, 26-д С.З*******т олгосон орон сууцны үнэ 74,788,000 төгрөг, авто зогсоолын үнэ 15,000,000 төгрөг, 31-д М.Ж*******д олгосон орон сууцны үнэ 83,127,000 төгрөг, авто зогсоолын үнэ 15,000,000 төгрөг, 32-т П.Б*******т олгосон орон сууцны үнэ 83,127,000 төгрөг, 39-т Б.С*******од олгосон орон сууцны үнэ 84,843,000 төгрөг, 47-д Т.Х*******д олгосон орон сууцны үнэ 83,127,000 төгрөг нийт 583,486,000 төгрөгийг хасаж 3,087,154,200 төгрөгийн зардлыг шийдвэрлэхийг даалгах үндэслэлтэй байна.

Тав. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 147 тогтоолын Г ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагыг дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2-т зааснаар Төсвийн хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгө нь төрийн болон орон нутгийн өмч байна. Төсөвт авсан зээл, хандив, дэмжлэг, тусламжаар бий болсон хөрөнгө үүнд нэгэн адил хамаарах ба мөн зүйлийн 3-т Төрийн болон орон нутгийн өмчит бус этгээдтэй хамтарч хөрөнгө оруулсан бол төсвөөс санхүүжүүлсэн хувь хөрөнгийн хэмжээгээр төрийн болон орон нутгийн өмчид хамааруулна., 75 дугаар зүйлийн 1-д зааснаар энэ хуулийн 6 дугаар зүйлийн 2, 3-т заасан хэлбэрээр бий болсон эд хөрөнгийг орон нутгийн өмчид олж авна гэж заажээ.

2. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн дагуу сонгогдсон байршилд баригдах инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийн барилга байгууламжийн хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/289, 2017 оны А/598, А/718 дугаар захирамжаар төсөл, арга хэмжээг гүйцэтгэлээр нь санхүүжүүлэхийг Санхүү, төрийн сангийн хэлтэст, хөрөнгө оруулалтын үр дүнд бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтад хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгасны дагуу Өмчийн харилцааны газрын танилцуулгаар нийслэлийн Засаг дарга тогтоолын төслийг өргөн мэдүүлж, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 147 дугаар тогтоолоор улсын болон нийслэлийн төсвөөр барьж ашиглалтад оруулсан 12.4 тэрбум төгрөгийн үнэ бүхий ус, дулаан дамжуулах төвийн барилга, тоног төхөөрөмж, инженерийн байгууламжийн нэвтрэх сувгийн байгууламж, гадна дулааны шугам сүлжээг нийслэлийн өмчид бүртгэн авахыг Нийслэлийн Засаг даргад зөвшөөрч, орон нутгийн өмчид бүртгэн авчээ.

Тогтоолын хавсралтаар хөрөнгийн жагсаалтыг баталсан бөгөөд жагсаалтын 7, 8, 9, 10 дахь хэсэгт Г ХХК-ийн барьж ашиглалтад оруулсан 8 дугаар хороо Г ХХК-ийн төслийн хорооллын ус дулаан дамжуулах төв 3-ын 108 м.кв 175,165,178 төгрөгийн нэгжийн болон бүртгэх үнэ бүхий 1 барилга, тус хорооллын ус дулаан дамжуулах төв 3-ын 3663 квт хүчин чадалтай 419,457,070 төгрөгийн нэгжийн болон бүртгэх үнэ бүхий ялтсан дулаан солилцуур 1 тоног төхөөрөмж, тус хорооллын ус дулаан дамжуулах төв 4-ийн 540 м.кв 686,465,078 төгрөгийн нэгжийн болон бүртгэх үнэ бүхий 1 барилга, тус хорооллын гадна дулааны ф500-80 хүчин чадалтай 820,489,681 төгрөгийн нэгжийн болон бүртгэх үнэ бүхий гол шугам гэсэн хөрөнгийг төсвийн гүйцэтгэлийн дүнгээр ийнхүү орон нутгийн өмчид бүртгэсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2, 3, 75 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасанд тус тус нийцсэн, нэхэмжлэгч Г ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

3. Нөгөөтэйгүүр орон нутгийн өмчид эд хөрөнгө бүртгэсэн шийдвэр нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 3-т Орон нутгийн өмчид хамаарах үндсэн хөрөнгийг бусдын өмчлөлд шилжүүлэх, барьцаалах, шинээр олж авах асуудлыг гагцхүү иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний хуралдааны чөлөөт цагт Хурлын Тэргүүлэгчид шийдвэрлэнэ гэж заасан хариуцагч нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн эрх хэмжээнд хамаарч байна.

Г ХХК нь тухайн эд хөрөнгийг төсвийн хөрөнгөөр барьсантай маргаагүй, гэрээний дагуу барилга угсралтын ажил гүйцэтгэсэн, чухам нийслэлийн Засаг дарга инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийн барилга байгууламжийн газар чөлөөлөлтийн зардлыг төсөвт тусгаж төлөх үүргээ биелүүлээгүй гэх маргааны үндэслэл нь төсвийн хөрөнгөөр баригдсан эд хөрөнгийг орон нутгийн өмчид гүйцэтгэлийн дүнгээр нь бүртгэсэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрийг хууль бус гэж үзэх үндэслэл болохгүй.

Зургаа. Нэхэмжлэгч Г ХХК нь захиргааны актад холбогдуулан гаргасан нэхэмжлэлдээ 70,200 төгрөг, 3,670,640,200 төгрөгийн зардал шийдвэрлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгах нэхэмжлэлдээ 18,511,151.00 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн бөгөөд хангагдаагүй 583,486,000 төгрөгийн шаардлагад хамаарах 3,075,380 төгрөгийн болон 70,200 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагаас хангасан 3,087,154,200 төгрөгт хамаарах 15,593,721 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч Нийслэлийн Засаг даргаас гаргуулж, нэхэмжлэгч Г ХХК-д олгуулахаар шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т зааснаар шинжээчийн зардал 1,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Г ХХК болон хариуцагч нийслэлийн Засаг даргад хуваан хариуцуулах нь зүйтэй гэж үзлээ.

Долоо. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч нь хариуцагчийн тайлбар үндэслэлтэй гэх дүгнэлтдээ хууль зүйн үндэслэл заагаагүй бөгөөд иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ үндэслэл болгоогүй болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.7, 106.3.13, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5 дахь заалтыг баримтлан ХХК-иас нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд болон нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 147 дугаар тогтоолын Г ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Баянзүрх дүүргийн 8, 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт хийгдсэн гэр хорооллын дахин төлөвлөлтийн орон сууцны дэд бүтцийн газар чөлөөлөх зардлын санхүүжилтийг шийдвэрлэх үүргээ биелүүлээгүй Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, зардлын санхүүжилтийг шийдвэрлэж Г ХХК, ХХК-д төлөхийг Нийслэлийн Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны ерөнхий хуулийн 79 дүгээр зүйлийн 79.3, 79.4, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль (2006 оны)-ийн 29 дүгээр зүйлийн 29.1.4 дэх заалтын д, Орон сууцны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.4, 11 дүгээр зүйлийн 11.1.1, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2, 3, 75 дугаар зүйлийн 1, 77 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Г ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, Баянзүрх дүүргийн 8, 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт хийгдсэн гэр хорооллын дахин төлөвлөлтийн байршилд хийгдсэн инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийн барилга байгууламжийн газар чөлөөлөх зардлын санхүүжилтийг шийдвэрлэх үүргээ биелүүлээгүй Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, 3,087,154,200 төгрөгийн зардлын санхүүжилтийг шийдвэрлэж Г ХХК-д төлөхийг Нийслэлийн Засаг даргад даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 147 дугаар тогтоолын Г ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, дэд бүтцийн газар чөлөөлөлтийн 583,486,000 төгрөгийн зардлын санхүүжилтийг шийдвэрлэж төлөхийг Нийслэлийн Засаг даргад даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 50 дугаар зүйлийн 50.1-д заасны дагуу нэхэмжлэгч ХХК нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурьдаж, нэхэмжлэгч Г ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 18,581,351 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 15,593,721 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч Нийслэлийн Засаг даргаас гаргуулан нэхэмжлэгч Г ХХК-д олгуулж, шинжээчийн зардалд нэхэмжлэгч Г ХХК, хариуцагч нийслэлийн Засаг даргаас тус бүр 500,000 төгрөг гаргуулан Т******* ХХК-д олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХАЛИУНА

 

ШҮҮГЧ Т.МӨНХ-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧ Л.ӨЛЗИЙЖАРГАЛ