Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 2017/ШЦТ/097

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч П.Д даргалж, 

Нарийн бичгийн дарга Ц.С

Орчуулагч А.Е

Улсын яллагч М.Ф

Хохирогч Ж.Н

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.К

Шүүгдэгч С.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.С-т холбогдох 1713000000045 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч С.С, Монгол Улсын иргэн, 1996 оны 07 сарын 15-ны Баян-Өлгий аймгийн Н суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, яс үндэс Казах, тусгай дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баян-Өлгий аймгийн Ө сумын ***дугаар багт оршин суух хаягтай, Улсаас авсан гавьяа шагнал үгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, 

 

Шүүгдэгч С.С-ийн холбогдсон хэргийн талаар: 

Шүүгдэгч С.С нь 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Баян- Ө аймгийн Ө сумын 3 дугаар багт байдаг гэртээ хэрүүл маргааны улмаас эхнэр Ж.Н-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч С.С нь 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Баян- Ө аймгийн Ө сумын 3 дугаар багт байдаг гэртээ хэрүүл маргааны улмаас эхнэр Ж.Нурсаулег зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

- Шүүгдэгч С.С-ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би хийсэн хэргээ хүлээж, гэмшиж байна. Тэгээд би уураа барьж дийлэхгүй түүнийг гараар хэд хэдэн цохиж авсан юм. Энэ үед эхнэр газар унасан байсан. Тэгээд уйлаад хэвтээд байхаар нь “босооч” гэж хажууд нь очиход эргүүлээд намайг өшиглөсөн юм. Энэ үед би уурлаад өгзөг рүү нь нэг өшиглөөд авсан. Бид хэрэлдэж байхад гаднаас миний авга эгч А гэдэг хүн гаднаас орж ирээд биднийг хараад “Та, нар яасан бэ, яагаад ийм зүйл болоод байгаа вэ” гэхэд бид тэр хүнийг сонсохгүй үргэлжлүүлэн хэрэлдэж байсан ба тэр хүн гараад яваад өгсөн. ...Эхнэр бид хоёр орой эвлэрээд сууж байхад гэрийнхэн ирээд загнаад биднийг эвлэрүүлсэн. 3 хоногийн дараа эхнэр  маань Цагдаагийн газарт гомдолд гарсан байна. Бид саяхан тусдаа гарсан. Би “Нур” компанид галчаар ажилд орсон. Би эхнэрээ анх удаа зодож байна. Надад торгуулийн ял оногдуулж өгөхийг хүсэж байна. Хэрэв надад 250 цагийн албадан ажил хийлгэх ял оногдуулбал ажлаас гаргана гэсэн. Би дахиж эхнэрээ зодохгүй, амьдралаа дээшлүүлээд зөв амьдрах болно. ” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл /. 

- Хохирогч Ж.Н-ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр би гэрээ цэвэрлэчхээд байж байтал С гэр дотор гуталтай яваад байхаар нь би гутлаа тайл гэхэд хийсэн юмаа битгий надад хэлээд бай, би гэртээ хэрхэн яаж явахаа мэднэ гэж хэлээд бөөр нуруу руу минь ашиглаж орноос чирч газар унагаасан юм. ...Цаашид амьдралаа зөв зохистой авч явна гээд надаас уучлалт гуйгаад бид хоёр тусдаа гарсан. Хүүхдээ бодоод сүүлчийн удаа уучлалт өгсөн. Одоо надад гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 14-16 дугаар хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/

Гэрч Б.М-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “...Н хүүхдээ өргөчихсөн гэрийн халаадтай орж ирсэн. Орж ирэхэд нь биеийг нь хартал цээжний баруун хэсэг нь хөхөрсөн, бөөлжөөд толгой нь эргээд байсан юм. Тухайн үед би хөл гуя хэсгийг нь хараагүй бөгөөд хэзээ зодуулсан талаар асуухад 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр зодуулсан гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/

Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч К.Хын 354 дугаартай  “...1. Иргэн Ж.Н-ийн биед зүүн бугалганд хөх яагаан туяатай цус хуралттай, дагзанд хадавартай, баруун гуянд хөх ягаан туяатай цус хуралттай, баруун өгзөгөнд хөх ягаан өнгөтэй цус хуралттай, баруун өвдгөнд хөх ягаан өнгөтэй цус хуралттай, зүүн гуянд хөх ягаан өнгөтэй цус хуралттай, баруун гуянд хөх ягаан өнгөтэй цус хуралттай, бүсэлхий нугаламд хөх ягаан туяатай цус хуралттай, цээжний баруун талд хөх ягаан туяатай цус хуралттай гэмтэл тогтоогдлоо. ...үүссэн гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно.” гэх шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байна. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч С.С үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ. 

Мөн уг гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх зарим гэмт хэрэгт хамаарч байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан байна. 

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай: 

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч С.С-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзав.

Улсын яллагч шүүгдэгч С.С-т 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар санал гаргасан боловч шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан: “...Надад торгуулийн ял оногдуулж өгнө үү. Торгуулийн ял төлөх боломжтой.” гэх хүсэлтийг шүүхээс хүлээн авч түүнд ял оногдуулахдаа харгалзан үзэх нь зүйтэй гэж үзлээ.  

Иймд шүүгдэгч С.С-ийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эд хөрөнгийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгон, хуульд заасан ялын бага хэмжээгээр торгож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 /нэг мянга/ төгрөгтэй тэнцэх ба 450 нэгж нь 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгтэй тэнцэх юм.

Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэлт, хөрөнгө орлого зэрэг хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулах 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгний торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов. 

Харин шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болно. 

Шүүгдэгч С.С-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгчийн хувийн бичиг баримтыг өөрт нь буцаан олгох нь зүйтэй байна.  

Хохирогч Ж.Н нь “Одоо надад гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг заасныг тус тус удирдлага болгон                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

ТОГТООХ нь :

1.Шүүгдэгч С.С-ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.С-ийг 450 “дөрвөн зуун тавь” нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.С-т оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.С нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Энэ хэрэгт битүүмжилсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч С.С-ийн 01088576 дугаартай эрүүл мэндийн даатгалын дэвтрийг өөрт нь буцаан олгосугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

  8. Давж заалдах гомдол гаргасан эсхүл эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.С-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.Д