Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 1918

 

 

 

 

 

 

 

 

МАГАДЛАЛ

2019.11.13                                                                  №1918

 

Д ХХК -ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 183/ШШ2019/01993 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Д ХХК -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: М ХХК-д холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэг зөрсөний улмаас учирсан хохирол 64 871 334 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.А,

Хариуцагчийн өмгөөлөгч: Б.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Буянхишиг нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Азжаргал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д ХХК  нь М ХХК-тай 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 20 хоногийн хугацаатай буюу 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн дотор 67 м.кв талбайтай байрыг гоо сайхан мэс заслын эмнэлгийн зориулалтаар дотор засал, интерьерийн ажлыг хийж гүйцэтгүүлэхээр ажил гүйцэтгэх аман гэрээ байгуулсан. М ХХК нь ажлыг хугацаандаа эхлүүлсэн боловч гэрээний хугацаанд ажлаа дуусгаж өгөлгүй алга болсон бөгөөд хийгдсэн ажил нь зургийн дагуу хийгдээгүй, буруу, дутуу хийгдсэн, чанар, стандартын шаардлага  хангахгүй, агааржуулалт нь буруу хийгдэж эмнэлгийн үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүй нөхцөл үүссэн бөгөөд үүнээс үүдэн цахилгааны болон агааржуулалтын ажлыг дахин шинээр хийх, дотор заслын ажлыг дахин засварлах бодит нөхцөл байдал бий болсон. Үүний дагуу манай компани М ХХК-ийн гэрээ байгуулсан захирал Итгэл, Нямдаваа нарын гар утасруу удаа дараа залгасан боловч утсаа авахгүй бүр блок хийж алга болсон учраас манай гэрээт хуулийн зөвлөх “Хуулийн хөтөч” ХХН-өөс хуульч С.Баярмаа нь 2018 оны 9 дүгээр сарын 21-нд мэдэгдэл шаардлага хүргүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардсан боловч биелүүлээгүй, ирж уулзалгүй өнөөдрийг хүргэсэн. Манай компани Метрик дизайн ХХК-иар хийлгэсэн ажлыг Мэргэжлийн хяналтын газарт шалгуулж дүгнэлт гаргуулсан. Ийнхүү бид М ХХК-иас хийлгэсэн бүх ажлыг нурааж дахин өөр ажил гүйцэтгэгчээр ажиллагаа хийж дуусгасан.

Иймд Иргэний хуулийн дагуу М ХХК-тай байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээг цуцалж өөрт учирсан бодит хохирол болох М ХХК-д шилжүүлсэн төлбөр, М ХХК-ийн хийсэн ажлын бараа бүтээгдэхүүний зардалд нийт 64 871 334 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Б.Нямдаваа шүүхэд гаргасан тайлбартаа: М ХХК нь Д ХХК -тай хамтран ажиллаад тодорхой хугацааг өнгөрөөсөн билээ. Хамтран ажиллах хугацаандаа хэд хэдэн төслүүд дээр нь барилгын засал чимэглэл, зураг төслийг нь гаргаж өгч байсан. Бидний хоорондын хамтын ажиллагааны хүрээнд бид амаар тохироод олон ажлыг хийж гүйцэтгэдэг байсан. Мөн өмнө хийгдэж байсан ажил, үйлчилгээний төлбөрөө төлөөгүй хийлгэсэн ч тохиолдлууд байдаг ба бид тэр болгонд төлбөрийг нэхээд байдаггүй манай байнгын үйлчлүүлэгч тул аль болох тохиролцох, дараа дараагийн ажлаа бодоод явдаг байсан. Өнөөдрийн байдлаар нэхэмжилж буй нэхэмжлэлийн төлбөр нь үндэслэлгүй байх тул төлөх боломжгүй юм. Учир нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлдээ дурдсан зүйлс нь бодит нөхцөл байдалтай огт тохироогүй, мөн ажил гүйцэтгэж хүлээлгэн өгсөн урьдчилгаа 70 хувийн төлбөрийг 2 дахин өсгөж нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Бидний зүгээс харилцан тохиролцсоны дагуу гэрээт ажлаа гүйцэтгэж хүлээлгэн өгсөн ба үлдэгдэл төлбөрөө аваагүй. Мөн гэрээт ажлаа хүлээлгэн өгснөөс хойш захиалагч нь өөрсдийн буруутай үйлдлээс болж эвдэрсэн нөхцөл байдлыг бид өөрсдийн зардлаар засварлаж өгч байсан. Мөн захиалагчийн байранд ус алдсан засвар маань муухай болчихлоо гэхэд нь өөрсдөө очоод засварлаад өгсөн, үүндээ ч мөн адил төлбөр аваагүй тухай бүр нь гүйцэтгэж засварлаж өгсөөр ирсэн.

Д ХХК  нь манай компаниар зураг төсөл, барилгын дотор заслын ажил хийлгэхээр тохиролцсон байдаг, манай компани нь зураг төслийг бэлтгэн захиалагчаар баталгаажуулсан, өрөөний дизайн, түүнийг хийх материалын өртөг зэрэг багтдаг. Манай компани нь захиалагчтай тохиролцсон бүхий л материал дизайны дагуу ажлыг хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн. Тодорхой хэмжээний захиалагчаас хамааран эвдрэл гэмтлийг захиалагчийн хүсэлтээр тухай бүрт нь засварлаж өгч байсан. Захиалагч нь үлдэгдэл төлбөрийг өгөөгүй. Энэ хугацаанд захиалагчийн “Мишээл” экспод байрлах павилоныг засварлаж өгч хамтын ажиллаагаагаа бодсон байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 227 дугаар зүйлийн 227.3, 352 дугаар зүйлийн 352.2.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан  хариуцагч М ХХК-д холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүрэг зөрчсөний улмаас үүссэн хохирол 64 871 334 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэгч Д ХХК -ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 483 000 төгрөгийг улсын төсөвт үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Азжаргал давж заалдах гомдолдоо: “...Хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар ус алдаснаас таазны замаск, хананы хавтан зэрэг эд зүйлс ховхорч унахгүй, доголдол үүсээгүй гэдгийг хавтан худалдаж авсан газрын падан болон хавтангийн шинж, чанар, хийх арга зэргийг тайлбарласан тайлбарыг орчуулгын хамт шүүхэд гарган өгсөн. Мөн гэрчийн мэдүүлэг, Нийслэлийн мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлт зэрэгт ус алдсанаас болж доголдол үүсээгүй ажпаа дутуу, буруу, чанаргүй гүйцэтгэснээс болсон гэдгийг нотолсон байгаа боловч шүүхээс эдгээр нотлох баримтыг үнэлээгүй байна.

...Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт болон шүүх хуралдаан дээр гаргасан талуудын тайлбараар талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан болон гэрээт ажлаа дутуу хийж хүлээлгэж өгөөгүй гэдгийг хэн аль нь хүлээн зөвшөөрдөг. Мөн талуудын хооронд гоо заслын эмнэлгийн өргөтгөлийн засварын ажлыг үйлчилгээний хэсэгт тохирсон стандарт хэмжээг баримтлан хийж гүйцэтгэнэ гэж тохирсоны дагуу хийсэн болох нь 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр дахин үзлэг хийхэд талууд хоорондоо явуулж байсан ажил гүйцэтгэх гэрээний загвараас тодорхой харагдах бөгөөд үзлэгээр дамжуулж хариуцагч тал өөрөө хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн байгаа. Мөн шүүхээс сидинд үзлэг хийлгэсэн бөгөөд бичлэгийг цаг, минутаар нь тэмдэглэж бичлэгтэй тусгаж баталгаажуулсан. Энэхүү бичлэгт М ХХК нь ажлаа хүлээлгэж өгөлгүй утсаа авахгүй зугтаж, хийсэн ажил нь үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүй эвдэрсэн, нурсан тухай болон цаашид энэхүү нөхцөл байдлыг М ХХК-д мэдэгдэж холбогдох арга хэмжээг яаралтай авахуулах талаар ажлын хэсэг байгуулан холбогдох хүмүүсийг байлцуулан ажлын хэсгийн дүгнэлт гаргаж бичлэг хийж баталгаажуулсан талаарх нотлох баримт хэрэгт авагдсан боловч шүүх үнэлсэнгүй. Манай компанийн зүгээс ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлаа хийж дуусгаж хүлээлгэж өгөхийг удаа дараа хүссэн. М ХХК-д албан бичиг хүргүүлж, хийсэн ажпаа дутуу буюу байгаар нь хүлээлгэж өгөхийг хүссэн боловч ирж уулзаагүй. Эдгээр зүйлүүд нь хавтас хэрэгт авагдсан чатанд дахин үзлэг хийсэн тэмдэглэл болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байгаа бөгөөд нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн боловч шүүх үнэлээгүй. ...М ХХК-ийн хийсэн ажлыг бүхэлд нь нураах болсон гол шалтгаан нь цахилгаан болон агааржуулалтыг дахин хийх болсонтой холбоотой бөгөөд дахин хийлгэхдээ мэргэжлийн байгууллагаар буюу Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт албан бичиг хүргүүлж М ХХК-ийн хийсэнд ажилд дүгнэлт гаргуулсан. Гэтэл шүүхээс мэргэжлийн хяналтийн байцаагчийн дүгнэлтийг үнэлээгүй ба гол шалтгаан нь бусад нотлох баримтаар тогтоогдоогүй гэж үзсэн. Энэхүү дүгнэлт нь сидинд болон чатанд үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрч Ц.Ганболдын мэдүүлэг, ажлын хэсгийн дүгнэлт зэрэг бусад нотлох баримтуудаар давхар нотлогдож байхад эдгээр нотлох баримтыг шүүх үнэлэлгүй дүгнэлт гаргасанд гомдолтой байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна.

 

Нэхэмжлэгч Д ХХК  нь хариуцагч М ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэг зөрсөний улмаас учирсан хохирол 64 871 334 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ М ХХК нь гэрээний хугацаанд ажлаа дуусгаж өгөлгүй алга болсон, хийгдсэн ажил нь зургийн дагуу хийгдээгүй, буруу, дутуу хийгдсэн, чанар, стандартын шаардлага хангаагүй, агааржуулалт нь буруу хийгдэж эмнэлгийн үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүй нөхцөл үүссэн бөгөөд үүнээс үүдэн цахилгааны болон агааржуулалтын ажлыг дахин шинээр хийх, дотор заслын ажлыг дахин засварлах бодит нөхцөл байдал бий болсон гэж тайлбарлажээ. 

Талууд гэрээг ямар агуулгаар байгуулах нь гэрээний чөлөөт байдлын зарчим боловч гагцхүү тохиролцоо нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар хуульд нийцсэн байх ёстой бөгөөд талуудын хооронд бичгээр байгуулагдсан гэрээ байхгүй, амаар гэрээ байгуулагдсан гэж талууд тайлбарлах боловч зохигчид ямар хэмжээний цар хүрээтэй ажлыг хэдэн төгрөгийн хөлстэйгээр хийж гүйцэтгэхээр тохиролцсон, хариуцагч хэдэн төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн, нэхэмжлэгч гэрээний үүргээс учирсан бодит хохирол гэдэгт юу орж байгаа зэрэг маргааныг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий үйл баримт нь тодорхой бус байна.

Мөн хэрэгт авагдсан төслийн ажлын зураг, төлбөрийн баримтууд нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай, хэргийн үйл баримт мөн гэдэг нь тодорхойгүй байхад анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн баримт талуудын тайлбарт үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодорхой болгосноор талууд тухайн маргааны үйл баримтын талаарх нотлох баримтыг гаргаж мэтгэлцэх, улмаар шүүх шаардах эрхийн үндэслэл, түүнийг зохицуулсан хуулийн заалтыг оновчтой, зөв тайлбарлан хэрэглэх боломжтой болох юм.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан давж заалдах журмаар шүүх хэрэг хянан шийдвэрлэж буй зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй, хэргийг бүхэлд нь хянан үзэх эрх хэмжээний үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 183/ШШ2019/01993 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Алтанхуягаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 482 400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ИЧИНХОРЛОО

                                                           

            ШҮҮГЧИД                                                       Г.ДАВААДОРЖ

 

                                                                                    Д.ЦОГТСАЙХАН