Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 2022/ДШМ/24

 

 

 

 

 

 

О.Мид холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Энхмаа даргалж, шүүгч М.Мөнхдаваа, Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

Прокурор Г.Ариунзул,

Хохирогч Ц.Н, түүний өмгөөлөгч Г.Ганцэцэг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч /С.Т/-ийн өмгөөлөгч С.Мөнхтулга /цахимаар/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн,

Нарийн бичгийн дарга З.Анхбаяр нарыг оролцуулан,

 

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал даргалж хянан шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 5 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Ц.Нын өмгөөлөгч Г.Ганцэцэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Туяасайханы өмгөөлөгч С.Мөнхтулга нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч О.Мид холбогдох 2034000000643 дугаартай 2 хавтас бүхий эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн,

 

Шүүгдэгч О.М нь 2020 оны 10 дугаар сарын 31-ний шөнө 21 цагийн үед Төв аймгийн Баянчандмань сумын 1 дүгээр баг Улаанбаатар хотоос Дархан-Уул аймаг руу явах чиглэлийн асфальтан зам дээр .... УАА улсын дугаартай “Hyundai porter” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4-т заасан " ...Тээврийн хэрэгслийн хурдыг ... суурин газрын гадна цагт 80 км-ээс ... хэтрүүлэхийг хориглоно." Мөн дүрмийн 3.7 “а”-д заасан "Жолоочид ... согтууруулах ундаа ... хэрэглэсэн ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг ... хориглоно." гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж явган зорчигч Г.Мыг мөргөж, амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

 

Төв аймгийн Прокурорын газраас О.Мид Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 5 дугаар шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч О.Мийг согтуугаар хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар шүүгдэгч О.Мийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жил хорих ялаар шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Мид оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О.Мид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялаас 2 жилийг өршөөн хасаж,

 

Шүүгдэгч О.Мид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ял 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдахгүй болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулсан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохыг мэдэгдэж,

 

Хохирогч Ц.Н нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Т-ны сэтгэл санааны хохирол 21 200 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

 

Эрүүгийн 2034000000643 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Хохирогч Ц.Нын өмгөөлөгч Г.Ганцэцэг давж заалдах гомдолдоо: ...Төв аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 5 дугаартай шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн 39.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй тул эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Учир нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3-т “шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхээргүй байхаар бичигдсэн байна гэж заасан. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэр нь ойлгомжгүй, хэргийн утга нь тодорхойгүй, хэн гэгч нь хэний биед ямар хохирол учруулсан талаар дурдахгүй орхигдуулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, зөвхөн мэдүүлэг авах төдийхнөөр эрхийг нь хязгаарлаж хэргийн материал танилцуулаагүй зөрчилд анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй.

 

Прокурорын яллах дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3-т “Прокурорын яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт дараах зүйлийг тусгана” гэж заасан 3.2-т яллаж байгаа хэргийн товч агуулгыг тусгана гэж заасан. Гэтэл прокурорын яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт яллаж байгаа хэргийн товч агуулга хэсэгт “Яллагдагч М нь тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ... гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж явган зорчигч Г.Мыг мөргөж амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж тусгасан.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд прокурорын яллах дүгнэлт нь үг үсгийн алдаагүй байна гэж заасан байдаг. Гэтэл прокурорын яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт гэмт хэргийн агуулгыг дутуу тодорхойлсон өөрөөр хэлбэл явган зорчигч Ц.Нын биед хүндэвтэр гэмтэл учирсныг дурдаагүй, шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэж болохгүй алдаатай байхад анхан шатны шүүх хэргийг хүлээн авч бүхэлд нь хянахгүйгээр шийдвэрлэсэн.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 3-т ...мөрдөгч хэргийн материалтай танилцах боломж нөхцлийг бүрдүүлнэ” гэж заасан. Гэтэл хавтаст хэргийн материалыг хэргийн оролцогч хохирогчид танилцуулаагүй. Мөн техникийн шинжээчийн дүгнэлтийг яллагдагч О.Мид танилцуулаагүй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлд мөрдөн байцаалт явуулсан хэргийн талаар прокуророос хянавал зохих асуудлуудыг тодорхой зааж өгсөн. Үүнд: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлийн 1.1-т “оролцогчийг хавтаст хэргийн материалтай танилцах боломжоор хангасан эсэхэд хяналт тавих үүрэгтэй гэж заасан. Гэтэл мөрдөгчөөс хэргийг шилжүүлэхдээ хавтаст хэргийн материалтай хэргийн оролцогч, хохирогчид танилцуулаагүй байхад хэргийг хүлээн авч яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.8-д “...мөрдөн байцаалт дууссан бол хавтаст хэргээс өөрт хамааралтай хэсэгтэй танилцах эрхтэй” гэсэн заалтыг зөрчиж хэргийн оролцогч хохирогчийн хуульд заасан эрхийг зөрчиж байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо бүрэн гүйцэд нэхэмжилж чадаагүй тухайлбал осолд өртсөний улмаас хөдөлмөрийн чадвар алдсантай холбоотой цалин хөлсөө нэхэмжлэх, эмчилгээний зардлаа нөхөн төлүүлэх зэргээр хохирлоо шийдвэрлүүлж чадаагүй үлдсэн байна.

 

Хохирогч Ц.Н нь анхан шатны шүүх хуралдаан явагдаж шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа өмгөөлөгчөөр миний биеийг нь авч эрх зүйн туслалцаа авсан бөгөөд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хязгаарласан тухай гомдол хүсэлт гаргах хугацаа өнгөрсний дараа өмгөөлөгч авсан болохыг дурдах нь зүйтэй гэж үзэж байна.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг зөрчсөн хязгаарласан зөрчилд анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй, прокурорын яллах дүгнэлтийн утга, үгийн алдааг анхаарч үзээгүй, хэргийг хэтэрхий нэг талыг барьж, бодитой дүгнэлт хийж чадаагүйгээр шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн 5 дугаартай шийтгэх тогтоол нь үндэслэлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэхээр байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү гэжээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Т-ны өмгөөлөгч С.Мөнхтулга давж заалдах гомдолдоо: ...Шүүгдэгч О.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үзэгдэх орчин хязгаарлагдмал үед буюу 2020 оны 10 дугаар сарын 31-ний шөнө 21 цагийн үед хурд хэтрүүлэн замын хөдөлгөөнд оролцож Төв аймгийн Баяндмань сумын Улаанбаатар хотоос Дархан-Уул аймаг руу чиглэлийн асфальтан замын хөвөөгөөр алхаж явсан Г.М, Ц.Н хоёрыг мөргөж Г.Мы амь насыг хохироож, Ц.Нын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т заасан баруун богтос ясны далд хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-т зааснаар гэм буруутайд тооцогдож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жил хорих ялаар шийтгэн, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар хорих ялаас 2 жилийг өршөөн хасаж эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч О.М нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнд” гэмт хэрэгт холбогдож, шүүхээр гэм буруутайд тооцогдсон бөгөөд ямар үндэслэлээр гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан үзэж, мөн хохирогч нарыг гэмт хэрэг гарахад буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн гэж дүгнэн тухайн зүйл ангид оногдуулахаар заасан хамгийн доод хэмжээгээр хорих ял оногдуулан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөөд байгаа нь ойлгомжгүй, уг дүгнэлт, шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй, эрүүгийн хариуцлагыг үндэслэлгүй хөнгөрүүлсэн гэж үзэж байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Ариунзул гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдсан байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.  

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч /С.Т/-ийн өмгөөлөгч С.Мөнхтулга гаргасан тайлбартаа: Прокурорын ялласан 5 жилээс доогуур ял оногдуулахдаа анхан шатны шүүх ямар үндэслэлээр ял хөнгөрүүлж байгаа үндэслэлээ шийтгэх тогтоолдоо тодорхой заагаагүй. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн саналыг харгалзаагүй, эрүүгийн хариуцлага нь хөнгөдсөн тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгон анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч /Ц.Н/-ийн өмгөөлөгч Г.Ганцэцэг гаргасан тайлбартаа: Шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаж гараагүй. Яллах дүгнэлт нь хуульд нийцээгүй. Яллаж байгаа гэмт хэргийн товч агуулгад хохирогч Ц.Нын талаар огт дурдаагүй. Хохирогч Ц.Нын хуульд заасан эрхийг эдлүүлэлгүй хууль зөрчсөн. Иймд шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгон хэргийг прокурорт буцааж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч Ц.Н гаргасан тайлбартаа: Өмгөөлөгчийнхөө тайлбартай санал нэг байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн гаргасан саналдаа: Шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий гарсан. Гэмт хэргийн улмаас учирсан тодорхой баримттай хохирлыг төлж барагдуулсан. Шүүх шүүгдэгч О.Мийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулсан нь үндэслэлтэй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О.Мид холбогдох эрүүгийн 2034000000643 дугаартай хэргийг хянан шийдвэрлэхдээ хохирогчийн өмгөөлөгч Г.Ганцэцэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч С.Мөнхтулга нарын давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй гараагүй байна.

 

Мөрдөгч, прокурор нь нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй. Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.

 

Хавтаст хэрэгт авагдсан 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан /1 хх-н 04/, 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн “Зам тээврийн осол дээр тогтоосон акт”-ын гэмтэгсдийн тухай тэмдэглэлүүд, мөрдөгчийн 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай” тогтоол /1 хх-н 34/, Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 91 дугаартай дүгнэлтэд:

            "1. Ц.Нын биед богтос ясны далд хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна.

            3. Дээрх гэмтлүүд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй." /хх 36/ гэсэн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч О.М нь 2020 оны 10 дугаар сарын 31-ний шөнө 21 цагийн үед Төв аймгийн Баянчандмань сумын 1 дүгээр баг Улаанбаатар хотоос Дархан-Уул аймаг руу явах чиглэлийн асфальтан зам дээр 68-99 УАА улсын дугаартай Hyundai porter маркийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодож хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж зам дээр явган зорчиж явсан Ц.Ныг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь тогтоогдсон байна.

 

Гэтэл прокурорын 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 408 дугаартай яллах дүгнэлтэд яллагдагч хохирогч Ц.Нын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийн талаар тусгаагүй нь /1хх-н 213-219/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3.2-т заасан “яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга, гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа, учруулсан хохирол, зайлшгүй шаардлагатай нотлох баримт”-ыг тусгана гэсэн шаардлагыг хангаагүй, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн байна. Яллах дүгнэлт нь хуулийн шаардлага хангаагүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3-т заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэсэн заалтад нийцэхгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-д зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзнэ.

 

2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн прокурорын 2034000000643 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” тогтоолоор О.Мийг  жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж зам тээврийн осол гаргасан гэж буруутгасан мөртлөө жолоодох эрхийн үнэмлэхтэй эсэх талаар шалгаж тогтоогоогүй байна. Хэрэв О.М нь зам тээврийг осол гаргах үед жолоодох эрхийн үнэмлэхгүй байсан болох нь тогтоогдвол шинжээч томилж, нэмэлт шинжилгээ хийлгэх мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагатай байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгон магадлалд заасан нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаах нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч С.Мөнхтулгын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгон, шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгон хэргийг прокурорт буцааж өгнө үү гэсэн хохирогчийн өмгөөлөгч Г.Ганцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шүүгдэгч О.Мийг прокурорт очтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

            Мөн хэргийг прокурорт очсон хойно хохирогчийн өмгөөлөгч Г.Ганцэцэгийн давж заалдах гомдолд дурдсан хохирогчийн эрхийг зөрчсөн гэх асуудлаар гомдол, хүсэлт гаргах эрх нь нээлттэй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 5 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож шүүгдэгч О.Мид холбогдох эрүүгийн 2034000000643 дугаартай хэрэгт магадлалд заасан асуудлаар нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Төв аймгийн Прокурорын газарт буцааж, хохирогчийн өмгөөлөгч Г.Ганцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч С.Мөнхтулгын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч О.Мид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Т.ЭНХМАА

 

 

    ШҮҮГЧИД                                                   М.МӨНХДАВАА

 

 

                                                                        Р.МӨНХ-ЭРДЭНЭ