Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 183/ШШ2024/01835

 

 

 

2024 оны 04 сарын 26 өдөр Дугаар 183/ШШ2024/01835 Улаанбаатар хот

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Төрболд би,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, * дугаар хороо, К ** давхарт байрлах, Ш******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ** дүгээр хороо, * дугаар байр, ** тоот хаягт оршин суух, Э******* /РД:*******/-д холбогдох,

 

Гэрээний үүрэгт 27,507,710 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ш******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Э.М******* нь тус компанитай ******* оны 06 дугаар сарын 19-ний өдөр Т/449 тоот Шатахууны мөнгөн талон зээлээр худалдах, худалдан авах гэрээ /цаашид гэрээ гэх/ байгуулсан ба бид худалдан авагч талын хэрэгцээт, захиалгат шатахууны мөнгөн талоныг цаг тухайд нь нийлүүлсэн. Бидний хооронд харилцан тохиролцож байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.8 дахь хэсэгт Худалдан авагч нь худалдан авсан шатахууны талоны үнийг бэлнээр буюу дансаар энэхүү гэрээнд заасан нөхцөл журмын дагуу төлөх үүрэгтэй гэж заасан ба гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт Худалдан авагч нь Талоныг хүлээн авсан өдрөөс хойш тухайн сарын 30-ны дотор үнийг бүрэн төлж барагдуулна гэж заасан. Гэвч хариуцагч Э.М******* нь гэрээний дагуу үүссэн шатахууны мөнгөн талоны үлдэгдэл төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлөлгүй биднийг хохироосоор байна. Гэрээний 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар Худалдагч нь Худалдан авагчаас Талоны үнийг төлөхийг шаардах эрхтэй, мөн зүйлийн 3.4 дэх хэсэгт Худалдан авагч гэрээнд заасан хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд алданги төлүүлэхийг шаардах эрхтэй гэж заасан. Мөн худалдан авагч тал гэрээнд заасан хугацаанд шатахууны мөнгөн талоны төлбөрийг төлөөгүй тохиолдолд худалдагчид алданги төлөх үүрэг хүлээхээр гэрээний 3 дугаар зүйлийн 3.12 дахь хэсэгт заасан. Гэрээний 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт Худалдан авагч тал Талоны төлбөрийг энэ гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3-т заасан хугацаанд бүрэн барагдуулаагүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар тооцож алданги төлнө гэж тохиролцсон. Хариуцагч Э.М******* нь гэрээний дагуу худалдан авсан шатахууны мөнгөн талоны төлбөрийг төлөх үүргээ биелүүлэлгүй бүтэн 3 жил шахам болж, гэрээний үүргийн ноцтой зөрчлийг бий болгосон. Тус компанийн зүгээс хариуцагчийн иргэний үнэмлэх болон тус компанитай байгуулсан гэрээнд заасан хаягаар БЗД-ийн Иргэний шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч хаяг дээрээ байхгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Улмаар Хан-Уул дүүргийн Иргэний шүүхэд хариуцагчийг эрэн сурвалжлуулах нэхэмлэл гаргаж, шүүхээс шийдвэр гарсны дагуу Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэс дээр эрэн сурвалжлах ажиллагаа хийгдэж, хариуцагчийн хаягийг тодорхойлж өгсөн. Түүний дагуу Хан-Уул дүүргийн Иргэний шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа болно. Хариуцагч Э.М******* нь уг нэхэмжлэлийг гаргасан өдрийн байдлаар шатахууны мөнгөн талон зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу үүссэн үндсэн төлбөр 1,546,000 төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар тооцсон алданги 25,961,710 төгрөгийг тус тус төлөлгүй, өнөөдрийг хүртэл биднийг хохироосоор байна. Нэхэмжлэгчийн зүгээс гэрээний биелэлтийг хангуулахаар зохих албан бичгийг Хариуцагч талд удаа дараа хүргүүлэх, бусад холбооны хэрэгслээр удаа дараа шаардлага тавих, мөн гэрээний үүргээ гүйцэтгэх, төлбөр төлөх боломжит хугацааг олгосон боловч үр дүн гарсангүй. Иймд гэрээний харилцаанаас үүссэн гүйцэтгээгүй үүргийн үндсэн зээл 1,546,000 төгрөг, гэрээний дагуу тооцсон алданги 25,961,710 төгрөг, нийт 27,507,710 төгрөгийг Э.М*******гээс гаргуулан манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Зохигч талууд 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээндээ: ...Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас нийт 25,961,710 төгрөгөөс татгалзаж байна. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын үлдэгдэл 1,546,000 төгрөгийг дараах хуваарийн дагуу төлж барагдуулна. 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн дотор 1,546,000 төгрөгийг төлнө. УТХ-ийг шүүхээс хуваарилсны дагуу төлж барагдуулна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд эвлэрч, нэхэмжлэгч Ш******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 27,507,710 төгрөгөөс 25,961,710 төгрөгөөс татгалзаж, үлдэх 1,546,000 төгрөгийг хариуцагч Э.М******* хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож, энэ тухай баримтыг шүүхэд ирүүлжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх эвлэрэх эрхтэй бөгөөд энэ эрхийнхээ хүрээнд талууд эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 295,489 төгрөгийн 147,744.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 147,744.5 төгрөг, хариуцагч Э.М*******гээс 19,843 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан Ш******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э.М*******д холбогдох гэрээний үүрэгт 27,507,710 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгч Ш******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 27,507,710 төгрөгийн 25,961,710 төгрөгөөс татгалзаж, үлдэх 1,546,000 төгрөгийг төлөхийг хариуцагч Э.М******* хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 295,489 төгрөгийн тал хувь болох 147,744.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 147,744.5 төгрөг, хариуцагч Э.М*******гээс 19,843 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ш******* ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах болон хяналтын шатны журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Г.ТӨРБОЛД