| Шүүх | Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Рашзэвэгийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2134000000052 |
| Дугаар | 2022/ДШМ/25 |
| Огноо | 2022-03-23 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Г.Энхбат |
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 2022/ДШМ/25
Б.Эт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Энхмаа даргалж, шүүгч М.Мөнхдаваа, Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Г.Энхбат,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О, түүний өмгөөлөгч Э.Намжилцэрэн,
Яллагдагч Б.Э, түүний өмгөөлөгч С.Чинзориг,
Нарийн бичгийн дарга З.Анхбаяр нарыг оролцуулан,
Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж хянан шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1432 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Г.Энхбатын гаргасан эсэргүүцлийг үндэслэн яллагдагч Б.Эт холбогдох 2134000000052 дугаартай 3 хавтас бүхий эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн,
Яллагдагч Б.Э нь Төв аймгийн Эрдэнэ сумын Баянтуул 3 дугаар багийн нутаг “Өлгийн булаг” гэх газар 2021 оны 02 дугаар сарын 05-наас 2021 оны 02 дугаар сарын 06-эд шилжих шөнө өөрийн нөхөр Б.Эийн цээжин тус газар хутгалж алсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Төв аймгийн Прокурорын газраас Б.Эт Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1432 дугаар шүүгчийн захирамжаар:
Төв аймгийн Прокурорын газраас яллагдагч Б.Эт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2134000000052 дугаартай хэргийг Төв аймгийн Прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч Б.Эт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Прокурор Г.Энхбат бичсэн эсэргүүцэлдээ: ...яллагдагч Б.Э нь Төв аймгийн Эрдэнэ сумын Баянтуул 3 дугаар багийн нутаг "Өлийн булаг" гэх газар 2021 оны 02 дугаар сарын 05-наас 2021 оны 02 дугаар сарын 06-нд шилжих шөнө өөрийн нөхөр Б.Эийн цээжин тус газар нь хутгалж алсан гэмт хэрэгт холбогджээ.
Төв аймгийн прокурорын газраас яллагдагч Б.Эийг хүнийг алсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, хэргийг шийдвэрлүүлэхээр, анхан шатны шүүхэд яллах дүгнэлт үйлдэж шилжүүлсэн.
Гэвч тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх урьдчилсан хэлэлцүүлэг явуулж хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Б.Эт холбогдох хэрэгт дараах үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгүүлэхээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Шүүгчийн захирамжид мөрдөн шалгах ажиллагааны явцад 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр мөрдөгч "мэдээлэл баримт бичиг гаргуулах тухай" санал гаргасныг /2-хх-196/ 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 18 тоот прокурорын зөвшөөрөл олгож /2-хх-197-198/ Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Буянтүмэнд 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 43/02-3924 тоот албан бичиг хүргүүлж /2-хх-195/ тус шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 997 тоот шүүгчийн захирамжаар 3-р талд "Б.Энхдэлгэрийг хохирогчоор тогтоож хуурамч мэдүүлэг авч гарын үсэг зуруулсан талаар шалгуулах" хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн /2-хх-165/ талаар шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас хийж гүйцэтгэсэн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.
Учир нь шүүх 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 997 тоот шүүгчийн захирамжаар мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэх үндэслэлээр хэргийг буцаасан байхад шүүгчийн захирамж гарсны дараа Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн албаны дарга, ахлах комиссар Ч.Жаргалбаатарын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 06/12199 тоот бичигт "...мөрдөгчөөр ажиллаж байсан О.Тэмүүжин нь эрүүгийн 2134000000052 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байхдаа 2021 оны 02 дугаар сарын 13-ны өдөр яллагдагч Б.Эийн ар гэрээс 1 000 000 төгрөгийг зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж ХААН банкны дансаараа авсан болох нь тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хэрэг бүртгэлтийн хэргийг хаах санал 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Төв аймгийн Прокурорын газарт хүргүүлсэн талаар дурдсан байхад прокурор шүүгчийн захирамж гарахаас өмнө буюу 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 18 дугаартай "Мөрдөгчийн хууль бус шийдвэр үйл ажиллагааг хүчингүй болгох тухай” прокурорын тогтоол үйлдэж прокурорын тогтоолын агуулга нь хууль ёсны төлөөлөгч Б.Энхдэлгэрийг тогтоосон тогтоол болон мэдүүлгийг хүчингүй болгох талаар хэрэгт хавсаргаж байгаа нь,
2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 997 тоот шүүгчийн захирамжид дурдагдсан 2 дугаар хуудасны 123-125 дугаар талд авагдсан "Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч М.Өлзийцэцэгийн яллагдагч н.Минжбадгарт холбогдох хэрэгт гаргасан хүсэлт" хавсаргасан байсныг хэргээс авч шүүхийн хэлэлцүүлэгт дээрх баримтыг гаргаж өгч байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн төдийгүй нотлох баримтыг нөхөн гүйцэтгэсэн гэж үзэхээр байна. Энэ талаар ч шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч маргаж мэтгээгүй.
Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан яллах дүгнэлт үндэслэл бүхий болж чадаагүй талаар буюу яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Оийн мэдүүлэг нь 1 дүгээр хавтаст хэргийн 27-28 дугаар талд авагдсан гэрчээр өгсөн мэдүүлгийг дурдсаныг шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас "Б.Оийн хохирогч болон гэрчээр өгч байгаа мэдүүлгүүд агуулгын хувьд зөрүүгүй тогтвортой мэдүүлэг өгч байгаа учраас яллах дүгнэлтэд ингэж дурдагдсан байгаа" гэж тайлбарлаж байгаа нь мөн л Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн үйлдэл бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 1-д "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ." гэж, мөн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1-д "Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ." гэж тус тус хуульчилсан байна.
Прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг шүүхэд шилжүүлэх үндэслэлтэй гэж үзвэл яллах дүгнэлт үйлдэн харьяалах шүүхэд хүргүүлнэ гэсний дагуу яллах дүгнэлт үйлдэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан "бусад оролцогч" болох гэрчийн мэдүүлгийг, мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн "оролцогч" болох хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэгтээ адил гэж үзэж байгаа нь хуульд нийцэхгүй байна.
Улсын яллагчаас шүүхийн хэлэлцүүлэгт 1 дүгээр хавтаст хэргийн 226-239 дүгээр талуудад авагдсан Б.Оийн 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн хүсэлт, 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн мөрдөн шалгах ажиллагаа явуулах албаны даргын тогтоол, Төв аймгийн Прокурорын газрын прокурорын санал, мөрдөн байцаалтын хугацааг сунгах мөрдөгчийн санал, 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн прокурорын тогтоол, хүсэлт шийдвэрлэсэн мэдэгдэх хуудас, авагдсан Б.Оийн 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн хүсэлт, авагдсан Б.Оийн 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн хүсэлт, 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн хүсэлт хангасан Прокурорын тогтоол, 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 102 тоот мэдэгдэх хуудсыг дахин гаргаж өгч байгаа нь ойлгомжгүй.
Мөн шүүхийн хэлэлцүүлэгт яллагдагчийн өмгөөлөгч "2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр өгсөн хүсэлтийг шийдвэрлээгүй гэх хүсэлтийг шүүх нээлттэй үлдээхээр шийдвэрлэлээ. Учир нь яллагдагчийн өмгөөлөгчийн прокурорт гаргасан гэх хүсэлт нь хэрэгт авагдаагүй, шүүх ямар хүсэлт болохыг мэдэх боломжгүй байна. Иймд хуульд заасан журмын дагуу прокурорын шатанд шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзэж дээрх зөрчлүүдийг арилгуулахаар нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.
Учир нь: Тус шүүхийн шүүгчийн 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 997 дугаартай захирамжийг хүлээн авч захирамжид заасан ажиллагааг нэмэлт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийж гүйцэтгэсэн бөгөөд 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1342 дугаартай захирамжаар хэрэгт хийгдвэл зохих тодорхой ажиллагааг дурдаагүй, өмнөх захирамжийн дагуу хийж гүйцэтгэсэн ажиллагааг үгүйсгэн дүгнэж, хэрэгт дахин ажиллагаа хийлгүүлэхээр шийдвэрлэсэн.
Өөрөөр хэлбэл яллагдагч Б.Э нь Б.Эийг алсан гэх хэрэгт мөрдөн шалгах ямар ажиллагаа хийлгүүлэх гэж байгаа нь тодорхойгүйгээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан бөгөөд 1342 дугаартай шүүгчийн захирамжид дурдсан ажиллагаануудыг шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад нотлох баримтын хүрээнд хэлэлцэн, шинжлэн судалж, нөхөн гүйцэтгэх боломжтой юм.
Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1342 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичиж, хүргүүлэв гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Энхбат гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгон хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О гаргасан тайлбартаа: Миний зүгээс энэ хэргийг хурдан шуурхай шийдүүлмээр байна гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Э.Намжилцэрэн гаргасан тайлбартаа: Мөрдөн байцаалтад буцаах шүүгчийн захирамжид заагдсан ажиллагаа хийгдсэнээр хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй. Хэрэг маш их удаж байгаа тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож анхан шатны шүүхээр хэргийг шийдвэрлүүлэх саналтай байна гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон яллагдагчийн өмгөөлөгч С.Чинзориг гаргасан саналдаа: Хэргийн зүйчлэл эргэлзээтэй байгаа. Ядаж гэрэл зургийн үзүүлэлтээр Б.Эийн биед хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдох байсан. Энэ гэмтэлд хэн буруутай вэ гэдгийг тогтоох ёстой байсан. Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаануудыг хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамж үндэслэлтэй гарсан гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон яллагдагч Б.Э гаргасан тайлбартаа: Гэрч нар худлаа мэдүүлэг өгөөд байгаад гомдолтой байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар яллагдагч Б.Эт холбогдох 2134000000052 дугаартай эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурор Г.Энхбатын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Шүүгчийн захирамж нь хууль ёсны ба үндэслэлтэй гараагүй байна.
2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 997 дугаартай шүүгчийн захирамжаар яллагдагч Б.Эт холбогдох хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулж, хэргийг прокурорт буцаасан байна. Эрүүгийн хэрэг прокурорт буцаж мөрдөн шалгах ажиллагааны шатанд ирсний дараа мөрдөгч, прокурор нь шүүгчийн захирамжид заагдсан мөрдөн шалгах ажиллагаануудыг хийж гүйцэтгэн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 286А дугаартай яллах дүгнэлт үйлдэн яллагдагч Б.Эт холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Яллагдагч Б.Эт холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, анхан шатны шүүх яллагдагч Б.Эт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-т зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэх боломжтой байхад хэргийг прокурорт буцаасан байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Оийн гаргасан хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн талаар Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн албаны дарга ахлах комиссар Ч.Жаргалбаатар 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 06/12199 дугаартай албан тоотоор хариу ирүүлжээ. Уг албан тоотыг 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 997 дугаартай “хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамж гарснаас хойш гаргасан байх тул нотлох баримтыг нөхөн гүйцэтгэсэн гэж анхан шатны шүүх үзсэн нь үндэслэлгүй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1-т зааснаар мөрдөгч, прокурор нь хууль ёсны төлөөлөгчийг тогтооно.
Мөн хуулийн 16.3 дугаар 1-т заасны дагуу мөрдөгч нь хууль ёсны төлөөлөгчөөс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар мэдүүлэг авч болно. Хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг нь хэргийн бодит байдлыг тогтооход нотолгооны ач холбогдолтой гэж үзвэл мөрдөгч, прокурор түүнээс мэдүүлэг авч болох тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж буруутгах үндэслэлгүй байна.
Хавтаст хэрэгт Б.Оийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоохоос өмнө гэрчээр асууж мэдүүлэг авсан байх бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлгийг авах зайлшгүй шаардлагатай гэж үзвэл түүнийг шүүх хуралдаанд оролцуулан мэдүүлгийг нь авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2-т зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр Б.Оийн гэрчээр болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр мэдүүлсэн мэдүүлгүүд болон Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт оролцсон прокуророос дахин гаргаж өгсөн баримтуудыг шүүх өөрийн дотоод итгэлээр үнэлэх боломжтой.
Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1432 дугаартай шүүгчийн захирамжид хэргийг прокурорт буцааж мөрдөн шалгах ямар ажиллагааг нөхөн гүйцэтгүүлэхийг тодорхой заагаагүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3-т заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн шаардлагыг хангаагүй байна.
Иймд прокурорын гаргасан эсэргүүцлийг хангаж, шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгон хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Хэргийг анхан шатны шүүхэд очтол яллагдагч Б.Эт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Прокурор Г.Энхбатын гаргасан эсэргүүцлийг хангаж Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1432 дугаар шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгон яллагдагч Б.Эт холбогдох эрүүгийн 2134000000052 дугаартай хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол яллагдагч Б.Эт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭНХМАА
ШҮҮГЧИД М.МӨНХДАВАА
Р.МӨНХ-ЭРДЭНЭ