| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Төрболд |
| Хэргийн индекс | 183/2024/01610/И |
| Дугаар | 183/ШШ2024/01744 |
| Огноо | 2024-04-19 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 19 өдөр
Дугаар 183/ШШ2024/01744
2024 оны 04 сарын 19 өдөр Дугаар 183/ШШ2024/01744 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, ** дугаар хороо, ** дугаар байр, ** тоот хаягт оршин суух, Г******* /РД:*******/-ы нэхэмжлэлтэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох А.З*******ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорчимэг оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Ө******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Г.Ө******* миний бие хариуцагч А.З*******тай *******.09.06-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ байгуулж Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан Ар зайсан гудамж, ** байр, ** тоот 82,77 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 225,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Тус орон сууцны төлбөрт ******** дугаарыг 30,000,000 төгрөгт тооцож, үлдэгдэл төлбөр 195,000,000 төгрөгийг *******.09.06-ны өдөр төлж дуусгасан. Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээний 4.8-д Худалдаж буй үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээ байгуулахаас өмнөх ашиглалтын зардал /ус, дулаан, цахилгаа, СӨХ, кабель, интернетийн төлбөр гэх мэт/ болон татвар, хураамжийг худладагч тал төлөх үүрэгтэй. гэж заасан. Гэвч орон сууцыг шилжүүлэхээс өмнөх СӨХ-ны төлбөрөө А.З******* өнөөдрийг хүртэл төлөөгүй бөгөөд Зайсан дулаан өргөө ХХК СӨХ-ны төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсаар байгаа. Иймд А.З*******аас Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, Зайсан Ар зайсан гудамж, ** байр, *** тоот орон сууцыг өмчилж байх үеийн СӨХ-ны үлдэгдэл төлбөр 4,713,092 төгрөг гаргуулж нэхэмжлэгч намайг хохиролгүй болгож өгнө үү хэмээн Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр 20** оны 02 дугаар сарын 07-ны өдрийн ******* дугаар шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд Алтансүх овогтой З******* /РД:СЭ90081061/-ыг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэн, хуулийн этгээдийн зүгээс иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргах эрхтэй.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдааныг нэхэмжлэгчийн эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох А.З******* нь Баянгол дүүрэг, * дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс энгельс гудамж, * дугаар байр, *** тоот хаягт албан ёсны бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 20** оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШЗ2024/03198 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар тогтоогдож байна. (хх. 5)
Иймд А.З*******ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж, түүний оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Алтансүхийн З******* /РД:СЭ90081061/-ыг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч А.З*******ыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ТӨРБОЛД