| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтохын Туяа |
| Хэргийн индекс | 102/2019/02305/и |
| Дугаар | 02152 |
| Огноо | 2019-12-20 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 02152
“Э Б Ж М” ХХК, Д.М нарын
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч С.Энхтөр, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2019/02778 дугаар шийдвэртэй, “Э Б Ж М” ХХК, Д.М нарын нэхэмжлэлтэй, хариуцагч Э.Н-д холбогдох худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, 4 668 927 766 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Амгалан, хариуцагч Э.Н-, түүний өмгөөлөгч Ц.Цэрэнжээ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.
Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хариуцагч болон иргэн Д.М нар үйлчилгээний зориулалттай байр худалдах-худалдан авах гэрээ байгуулж, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 86 тоот хаягт байрлах обьектыг 4 500 000 000 төгрөгөөр худалдаж авсан. Тухайн барилга нь Барилгын тухай хууль, Барилгын норм ба дүрмийн заалтыг зөрчиж, бохир усны хамгаалалтын зурваст баригдсан, шугам гэмтэж осол аваар гарсан тохиолдолд засвар үйлчилгээ хийх нөхцлийг барилгын өмчлөгч бүрдүүлэх, онцгой шаардлагатай үед барилгыг нураах буулгах, буулгасан тохиолдолд төрөөс нөхөх олговор олгогдохгүй, эрсдэл хохирлыг өмчлөгч өөрөө хариуцах нөхцөлтэй барилга байсан байна. Энэхүү байдал нь Ус сувгийн удирдах газар, Э.Н- нарын хооронд 2015 оны 5 дугаар сард байгуулагдсан “Цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээ” /түр/-ний нэмэлт заалтаар нотлогдож байна.
Э.Н- худалдах-худалдан авах гэрээний төлбөрийн үүргийг “Э Б Ж М” ХХК, Д.М нараас шаардсан нэхэмжлэлийг шүүх шийдвэрлэсний дараа буюу 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр “Э Б Ж М” ХХК-ийн Аж ахуйн албаны даргад Ус, сувгийн удирдах газраас акт өгснөөр нэхэмжлэгч дээрх байдлыг мэдсэн. Э.Н-н хувьд анхнаасаа мэдэж байсан атлаа огт хэлээгүй нуун дарагдуулж, хууран мэхэлж хэлцэл хийж, барилгаа худалдсан байна. Нэхэмжлэгч нар тухайн үед мэдэж байсан бол барилгыг худалдаж авахгүй байсан. Иймд Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2 дах хэсэгт хэлцэл хийхэд саад болох нөхцөл байдлыг хэлцэл хийгч нэг тал нь нуун дарагдуулсныг нөгөө тал хожим мэдсэн бол хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй гэж, мөн хуулийн 59.4 дэх хэсэгт сонирхогч этгээд энэ зүйлд заасан хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах үндэслэл байгааг мэдсэнээс хойш нэг жилийн дотор нөгөө талдаа гомдлын шаардлага гаргах эрхтэй гэж заасныг үндэслэн Э.Н-, Д.М нарын хооронд байгуулсан 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, барилгын үнэд төлсөн 3 743 531 000 төгрөг, гэрээнээс учирсан хохирол буюу уг барилгыг худалдан авахад зориулж “Худалдаа, хөгжлийн банк” ХХК-аас авсан зээлийн хүүд төлсөн 925 396 766.21 төгрөг, нийт 4 668 927 766 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч тал тайлбартаа: Хариуцагч Э.Н- Баянгол дүүрэгт байрлах дээрх үл хөдлөх эд хөрөнгийг барьж ашиглалтад оруулсан ба “Э Б Ж М” ХХК тухайн барилгыг 2014 оноос 2017 он хүртэл түрээслэж, үйл ажиллагаа явуулж байгаад явцын дунд худалдаж авах санал гаргаснаар 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр гэрээ байгуулж нийт 4 500 000 000 төгрөгөөр худалдан авч, 3 700 000 000 төгрөгийг төлж, одоог хүртэл тасралтгүй үйл ажиллагаа явуулсан. Үлдсэн 700 000 000 төгрөгийг төлөөгүй тул уг маргаан шүүхээр шийдвэрлэгдэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа. Хариуцагч нь нэхэмжлэгчийн дурдаж байгаа нөхцөл байдлыг нуун дарагдуулаагүй, хуурч хэлцэл хийгээгүй, харин нэхэмжлэгч төлбөр төлөх хугацааг хойшлуулах зорилгоор ийм арга хэрэглэж байна. Барилгын бичиг баримтыг нэхэмжлэгч авсан. Энэ хугацаанд холбогдох газрууд болон нэхэмжлэгчээс ямар нэгэн гомдол санал ирж байгаагүй.
Э.Н- нь 2018 онд шүүхэд хандсан учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д зааснаар нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шийдвэртэй учир мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгоно гэсэн хуулийн заалт хамаарна. 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн гэрээ хүчин төгөлдөр бөгөөд Э.Н- гэрээний үүргээ биелүүлсэн. Барилгыг ашиглалтад ороход тусгай зөвшөөрөл авсан, эрхийн болон биет байдлын доголдолгүй гэж нэхэмжлэгч хүлээж авсан. Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2 дах хэсэгт хэлцэл хийхэд саад болох нөхцөл байдлыг хэлцэл хийгч нэг тал нь нуун дарагдуулсныг нөгөө тал хожим мэдсэн бол хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй.
Гэтэл хэлцэл хийхэд саад учирч болох ямар нөхцөл байдал байгаа талаар нэхэмжлэгч тодорхой тайлбарлахгүй байна. 2018 оны 12 дугаар сард барилга нэхэмжлэгчид шилжсэн. Бохир усны хамгаалалтын зурваст баригдсан тухай бичигт аваар осол гарах үед завсар үйлчилгээ хийх нөхцөл бүрдүүлэх нь зүйтэй бөгөөд онцгой үед тухайн барилга байгууламжийг чөлөөлөхөд саад учруулахгүй байна уу гэжээ. Э.Н- барилга эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авсан, хуулийн дагуу улсын комисст барилгыг хүлээлгэж өгсөн, энэ үйл ажиллагаанд мэргэжлийн байгууллагууд оролцсон, үүнийг нуух ямар ч боломжгүй. Бохир усны зохион байгуулалтын схэм зураг байгаа. Гэрээг байгуулахад барилгатай холбоотой бүх бичиг баримтыг нэхэмжлэгчид өгсөн. Албан шаардлагын бичигт Э.Н-г нуун дарагдуулсан гэж харагдуулахын тулд Э.Н-гийн нэр дээр бичгийг үйлдсэн байна. Барилгыг нураах талаар баримт байхгүй, нураана гээд нэг байцаагч очоод нураадаг ч асуудал биш, хэрэв нураах барилга барьсан бол барилгыг барьсан хүмүүс хариуцлага хүлээх ёстой. Албан шаардлага нь дулааны бохирын шугам эвдрэх үед засвар үйлчилгээ хийхэд битгий саад болоорой гэсэн урьдчилсан сануулга, хэзээ яаж, ямар байдлаар энэ шаардлага гарах талаар хариуцагч мэдэхгүй ба нуух ямар ч боломжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2, 243 дугаар зүйлийн 243.1, 243.2, 252 дугаар зүйлийн 252.2 дах заалтыг баримтлан нэхэмжлэгч Д.М, хариуцагч Э.Н- нарын 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан Үйлчилгээний зориулалттай байр худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, гэрээгээр шилжүүлсэн 3 743 531 000 төгрөг, гэрээнээс учирсан хохирол 925 396 766 төгрөг, нийт 4 668 927 766 төгрөгийг хариуцагч Э.Н-гаас гаргуулж, нэхэмжлэгч “Э Б Ж М” ХХК, хамтран нэхэмжлэгч Д.М нарт олгох, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23 573 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 23 573 550 төгрөг гаргуулж нэхэмжлэгч нарт олгохоор шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “... Э.Н- нь худалдсан эд хөрөнгийн талаарх хамгаалалтын зурваст баригдсаныг худалдан авагч Д.Мад мэдэгдээгүй нь гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох, хохиролд 4 668 927 766 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгох нь зүйтэй” гэжээ. Маргаан бүхий обьектыг Э.Н- газрыг нь худалдан авах үеэс эхлээд ашиглалтад оруулах хүртэл эрх бүхий бүх байгууллагаас холбогдох норм, дүрэм, хууль тогтоомжид зааснаар зөвшөөрөл авсан. Энэ нь хэрэгт авагдсан барилга эхлэн барих, барилга байгууламж ашиглалтанд оруулах улсын комиссын акт, техникийн нөхцөл болон бусад холбогдох баримтуудаар бүрэн тогтоогдоно.
Хэрэгт барилга хамгаалалтын зурваст баригдсан гэх нэг ч хууль ёсны нотлох баримт байхгүй. Гэрч Ж.Дагвасүрэнгээс барилга аль хэсгээрээ хамгаалалтын зурваст баригдсан тухай тодруулахад тайлбарлаж чадаагүй бөгөөд уг барилгын өөрийнх нь хэрэглээний худгийг заасан байдаг. Эрх бүхий байгууллагуудын зөвшөөрлөөр барилгыг барьж мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт гаргуулан ашиглалтанд оруулсан, Э.Н- өөрөө дур мэдэн холбогдох хууль тогтоомж, норм дүрэм, зөрчиж барилга бариагүй. Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлд Барилга байгууламжид тавигдах шаардлагын 14.1.1-т “зураг төслийн дагуу баригдсан байх’’ 14.1.2-т “барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийн шаардлагыг хангасан байх”, 14.1.3-т “байгаль орчинд сөрөг нөлөөгүй байх”, 14.1.4-т “зэргэлдээ орших барилга байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулахгүй байх”, 22 дугаар зүйлд Техникийн нөхцлийг хэрхэн олгох талаар тус тус хуульчлан зохицуулсан ёсоор барилга ашиглалтад орж техникийн нөхцлөө зохих журмын дагуу авсан.
Гэрч Ц.Баянзул “засвар үйлчилгээ саадгүй явуулахын тулд нэмэлт гэрээг бүх байгууллагуудтай хийдэг” гэж мэдүүлсэн. Харин гэрч Ө.Дашнямын мэдүүлгийг дутуу бичсэн. “Цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээ”-ний дагуу төлбөрийг төлүүлж, үйлчилгээ авдаг. “Э Б Ж М” ХХК-тай байгуулсан гэрээнд хамгаалалтын зурвасын талаар тусгаагүй тухай асуухад тэр талаар тайлбарлаж чадаагүй. Шүүх “Үл хөдлөх эд хөрөнгө нь төвийн фЗОО мм бохир усны хамгаалалтын зурваст баригдсан болох нь тогтоогдсон, энэ байдлыг хариуцагч Э.Н- 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Д.Мтай үйлчилгээний зориулалттай байр худалдах, худалдан авах гэрээ байгуулах үедээ мэдэж байсан. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.2 дах хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй байна” гэж дүгнэжээ.
Шүүхийн дээрх дүгнэлт хуулийн болон бодит үндэслэлгүй байна. Э.Н- Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд байгуулагдсан гэрээний үүргээ биелүүлж, газрын зөвшөөрөл, барилгын зураг, төсөв, эхлүүлэх зөвшөөрөл, ажлын болон улсын комиссын акт, техникийн нөхцөл, цэвэр бохир, дулаан, цахилгааны бүх гэрээг худалдан авагч талд өгсөн. Харин нэхэмжлэгч нар гэрээ болон хуулиар хүлээсэн төлбөрийн үүргээ бүрэн биелүүлэхээс зайлсхийж байна. “Э Б Ж М” ХХК, Д.М нар барилга ашиглалтад орсон үеэс Солонгос иргэдтэй хамтран эмнэлэгийн зориулалтаар түрээслэн, улмаар худалдан авч үйл ажиллагаа явуулж, энэ хугацаанд ашиглалттай холбоотой ямар нэг гомдол, доголдол гараагүй. Худалдагч хууль ёсоор бүх мэдээллийг нэхэмжлэгч нарт өгсөн.
Иргэний хуулийн 247 дугаар зүйлийн 247.1 дэх хэсэгт гэрээнд өөрөөр заагаагүй бол худалдсан эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлснээр тухайн эд хөрөнгийг ашигласны үр дүн, олсон үр шим болон уг эд хөрөнгө тохиолдлоор устаж гэмтсэний эрсдэл худалдан авагчид шилжинэ гэж заасан. Тодруулбал, барилга худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө худалдан авагчид 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр шилжсэн. Ус сувгийн удирдах газраас ирүүлсэн албан шаардлага нь гэрч Ц.Баянзулын мэдүүлснээр шаардлагатай тохиолдолд засвар үйлчилгээг хийх нөхцөл бололцоогоор хангах агуулгатай, бүх хэрэглэгч нарт ийм шаардлага өгдөг бөгөөд нэхэмжлэгч талын тайлбарлаж байгаа шиг барилгыг буулгаж, нураах гэсэн үг биш гэдгийг тайлбарласан. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасны дагуу хэргийн оролцогчдоос гаргасан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн дүүрэн, үнэн зөв үнэлээгүй. Тухайлбал, хэргийн 26 дугаар талд Ус сувгийн удирдах газраас ирүүлсэн 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 0014603 дугаартай албан мэдэгдэл гэх бичигт өгсөн хүний гарын үсэггүй, үйлдсэн албан тушаалтан тодорхой бус, ямар ч хамааралгүй санхүүгийн тамга тэмдэг дарагдсан нь хууль болон бодит нөхцөл байдалд үл нийцнэ.
Монгол Улсад барилгын зураг төсөл, үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд “Монгол Улсын барилгын норм ба дүрэм /БНбД/”-ийг мөрдөж ажилладаг. Хэргийн 24 дүгээр талд авагдсан Ус сувгийн удирдах газрын ерөнхий инженер Ж.Дагвасүрэнгийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 12/2787 дугаар албан бичигт “БНбаД 40-02-05-ын 15.112 дугаар зүйлийг зөрчсөн байна” гэснийг үндэслэлээ болгожээ. Гэтэл уг норм дүрэм болох БНбаД 40-02-05 гэх баримт бичиг Барилгын норм, дүрмийн тогтолцоонд байхгүй, батлагдаж байгаагүй. Хууль ёсны дагуу хүчин төгөлдөр болж батлагдан гараагүй норм дүрмийн зүйл заалтыг үндэслэлээ болгосон нь хуулийн болон бодит үндэслэлгүй.
Нөгөөтэйгүүр БНбД 40-02-06 Ус хангамж, гадна сүлжээ ба байгууламж гэх баримт бичиг 2006 онд батлагдан мөрдөгдөж байсан ч Барилга хот байгуулалтын сайдын 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 27 дугаар тушаалаар хүчингүй болж БНбД 40-02-16 Ус хангамж гадна сүлжээ ба байгууламж гэх баримт бичгийг 2016 оноос мөрдөж эхэлсэн. Уг баримт бичигт Бохир усны шугам, түүний хамгаалалтын зурвасын тухай зүйл заалт байхгүй. Мөн Ус сувгийн удирдах газрын ерөнхий инженер Ж.Дагвасүрэнгийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 12/2787 дугаар албан бичигт “Хувийг 47 хэрэглэгчдэд” гэсэн нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлаж буй 47 хэрэглэгчдэд хандсан, бүх хэрэглэгч нарт өгдөг мэдэгдэл төдийгүй засвар үйлчилгээ хийхэд саад учруулахгүй нөхцөл бололцоогоор хангаж өгнө үү гэснийг нотолж байна.
Худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж үл хөдлөх эд хөрөнгө болон газар нь Д.М нарын нэр дээр шилжсэнээс хойш жил гаруйн хугацаа өнгөрсөний дараа Ус сувгийн удирдах газраас Э.Н-н нэр дээр албан шаардлага үйлдэж ирүүлсэн нь түүнийг барилгын талаар нуун дарагдуулсан гэж харагдуулахын тулд нэрийг зориуд бичиж хийсэн ажиллагаа. Эрх бүхий мэргэжлийн байгууллагын өгсөн зөвшөөрөл, норм дүрмийн дагуу баригдсан барилгаас чухам юуг нуун дарагдуулсан гэж үзэж байгаа, хэлцэл хийхэд саад учирч болох ямар нөхцөл байдал байгааг нэхэмжлэгч хэлж, тайлбарлаж чаддаггүй, анхан шатны шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй байна.
Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дах хэсэгт захиалагч, хөрөнгө оруулагчийн хүсэлтийг үндэслэн Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 9.1 дэх хэсэгт заасны дагуу батлуулсан стандартын дагуу техникийн нөхцөлийг хангагч олгоно гэж заасныг зөрчсөн байна гэж шүүх дүгнэлт хийжээ. Техникийн нөхцөлийг хууль тогтоомжид заасны дагуу Ус сувгийн удирдах газраас зөвшөөрөл олгосон нь хэргийн 105, Гадна бохир усны системийг угсарсан сорилтоор шалгасан акт хэргийн 100, Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын акт хэргийн 107, Барилга угсралтын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл, хэргийн 134 дэх талд авагдсан ба Ус сувгийн удирдах газрын ерөнхий инженер Б.Баатархуягийн баталсан 206/12 дугаар Техникийн нөхцөл гэх нотлох баримтууд авагдсан тул шийдвэрийг хүчингүй болгоно уу гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.
Нэхэмжлэгч “Э Б Ж М” ХХК, иргэн Д.М нар нь хариуцагч Э.Н-д холбогдуулан, 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Д.М, Э.Н- нарын хооронд байгуулагдсан үйлчилгээний зориулалттай байр худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, уг гэрээний дагуу шилжүүлсэн 3 743 531 000 төгрөг, гэрээнээс учирсан хохирол 925 396 766 төгрөг, нийт 4 668 927 766 төгрөгийг гаргуулахаар шаардаж, хариуцагч уг шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч талууд маргажээ.
Хэрэгт авагдсан Үйлчилгээний зориулалттай байр худалдах, худалдан авах гэрээг нэг талаас нэхэмжлэгч буюу худалдан авагч Д.М, нөгөө талаас худалдагч буюу хариуцагч Э.Н- нар байгуулж, худалдагч нь Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, ЭТӨЧ гудамж, 86 тоот хаягт байрлах 2 829 м.кв талбай бүхий, үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь гэрээний үнэ 4 500 000 000 төгрөгийг “Капитрон банк” ХХК-ийн 100 хувь зээлээр төлөх нөхцлийг харилцан тохиролцсон байна. /хх9/
Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээх тухай худалдах, худалдан авах гэрээний үүргийн харилцаа үүссэн. Энэ талаарх шүүхийн дүгнэлт зөв.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ, худалдан авсан барилга нь төвийн ф300 мм бохир усны хамгаалалтын зурваст баригдсан ба Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 11 дүгээр зүйл, БНбаД 40-02-05-ын 15.112 дугаар заалтуудыг зөрчсөн, эрхийн доголдолтой байсныг “Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газар” ОНӨААТҮГ-ын 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 12/2787 тоот албан бичиг /хх24/, мөн газрын 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 0014603 дугаар албан шаардлага зэргийг нэхэмжлэгч тал хүлээн авснаар мэдсэн тул Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2.Хэлцэл хийхэд саад болох нөхцөл байдлыг хэлцэл хийгч нэг тал нь нуун дарагдуулсныг нөгөө тал хожим мэдсэн бол хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шаардах эрхтэй гэж тайлбарлажээ. /хх117-118/
Хэрэгт авагдсан Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2018/03630 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар “Э Б Ж М” ХХК-аас 756 469 000 төгрөг гаргуулж, Э.Н-д олгохоор шийдвэрлэсэн байх бөгөөд шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон үйл баримт тогтоогджээ. /хх41-43/ Уг шийдвэрээр маргааны зүйл болох худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл болохыг дүгнэсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүйг хуульчлан зохицуулсан байхад анхан шатны шүүх гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар дахин дүгнэж, улмаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.
Түүнчлэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, нэхэмжлэгч “Э Б Ж М” ХХК нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дах хэсэгт зааснаар иргэн Д.Мыг хамтран нэхэмжлэгчээр татан оролцуулах тухай хүсэлт гаргасныг нь шүүх хангаж шийдвэрлэжээ. /хх29,35-36/ Гэтэл иргэн Д.М нь хариуцагчид холбогдуулан ямар шаардлага гаргаж буй талаар бичгээр илэрхийлсэн баримтгүй, итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон байх боловч тэрээр түүний хүсэл зоригийг хэрхэн мэдүүлсэн нь тодорхойгүй, шүүх энэ талаар тодруулаагүй атлаа хэргийг шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч тус бүрийн шаардлага тодорхой байснаар талууд түүнд хамаарах нотлох баримтаа гаргаж мэтгэлцэх учиртай.
Мөн нэхэмжлэгч нь ямар үндэслэлээр Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар хохирол шаардаж буй талаар тодруулах нь хэргийг үнэн зөв шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзнэ.
Иймд давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус, маргааны үйл баримт бүрэн гүйцэд тогтоогдоогүй тохиолдолд хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг эцэслэн шийдвэрлэх, эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2019/02778 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагч Э.Н- давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн 23 572 650 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО
ШҮҮГЧИД С.ЭНХТӨР
Т.ТУЯА