Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 398

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

           нарийн бичгийн дарга Х.Дашням,

           улсын яллагч А.Мөнхзул /томилолт/

            хохирогч Б.Б,

            шүүгдэгч Б.Ц, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

   Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Б-н Ц-д холбогдох 201726011225 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн байцаалт

Монгол улсын иргэн, 1996 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, аялал жуулчлалын менежер мэргэжилтэй, “...” харуул хамгаалалтын газарт хамгаалагч ажилтай, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт ... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, М овогт Б-н Ц, /РД: .../

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Б.Ц нь 2017 оны 07 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” баар дотор иргэн Б.Б-г “баарнаас гарсангүй” гэх шалтгаанаар маргалдан зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан доорх нотлох баримтуудаар Б.Ц нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь тогтоогдсон байна. Тодруулбал,

 Шүүгдэгч Б.Ц нь 2017 оны 07 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” баар дотор иргэн Б.Б-г “баарнаас гарсангүй” гэх шалтгаанаар маргалдан зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч Б.Б-н мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 06 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнийн 00 цагийн үед би ганцаараа Сонгинохайрхан дүүргийн Хархорины замын хойд талд байх ... бааранд орсон. Бааранд ахынхаа найз Баагий гэдэг ахтай тааралдаж гэрт нь хонох гээд баарнаас гарахын хүлээж суусан. Тэгсэн баарны хамгаалагч залуу ирээд намайг гар гэж хөөж түлхэхэд нь би гарлаа гарлаа гэж хэлчихээд сууж байсан чинь дахиж ирээд гар л даа гээд бид хоёр маргаж хэрэлдсэн. Тэр үед зүс таних танил маань дуудаад надад 1 шил пиво авч өгөөд би уугаад сууж байтал хамгаалагч залуу дахиж ирээд гар л даа гэж хөөж баруун шанаа руу гараараа нэг удаа цохиод хувцаснаас чирээд баарнаас гаргасан. Би буцаж ороход яах гээд байгаа юм гээд зуураад гаргах гэхэд нь би байж бай л даа гэж хэлээд цааш түлхсэн. Тэгсэн чинь баарны эзэн Цасхан гэдэг залуу наад нэг юм чинь яах гээд байгаа юм зодчих гэхэд тэр хамгаалагч залуу намайг шалан дээр унагааж дээрээс цохиж зодсон. Манай ахын найз ирээд боль гэж салгах гэхэд баарны эзэн битгий салга наад хоёроо орхи гээд байсан болохоор би нилээн удаан зодуулсан. Тэгээд би зодуулчихаад баарнаас ганцаараа гараад такси аваад явсан. ...Миний шүд хугарсан, нүүр хөхөрсөн. Хавирга хугарсан зургаа гаргаж өгөөгүй, одоо бол эдгэсэн учир энэ талаар гаргах гомдолгүй. Харин миний шүд хугарсан. Надад мөнгө байхгүй учир шүд хийлгэж чадахгүй байгаа. Одоо толгой өвдөж байгаа. Шүд хийлгүүлж, толгойны зураг авхуулмаар байна. 2.000.000 төгрөг нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15х, шүүх хуралдааны тэмдэглэл/

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №7911 дүгнэлтэд: “...Б-н биед зүүн ташаанд цус хуралт, доод уруулд сорви, дээд зүүн 2-1 шүдний булгарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1, 2.4.2-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид 1 шүдний булгарал /унах/ нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонгийг 5% алдагдуулна. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна...” гэжээ. /хх-ийн 21 х/,

 

            Гэрч Б.Л-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр намайг текэн дээр байж байхад заал дотор зодоон болоод байх шиг байсан. Тэнд манай зөөгч Ц, Б нар очиж салгасан. Тэгээд харахад Ц тэр бааранд орж ирээд эргэж гарч яваад холихоод байсан залуутай зодолдсон байсан. Тэгээд камерын бичлэгийг үзэхэд тэр хохирогч гэх залуу эхлээд Ц-г  цохисон нь бичигдсэн байсан. Бичлэг дээр Ц дотор зааланд толины хажуу талд ширээний хажуугаар явах зай байдаг, тэнд зогсож байхад нөгөө залуу бүжгийн талбай дээрээс алхаад өөдөөс ирээд нүүр лүү нь баруун гараараа 1 удаа цохиход Ц нь түүнийг доош дараад унагаагаад дээрээс нь гараараа 2-3 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 16х/

 

            Гэрч М.Ц-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 06 дугаар сарын 11-ний өдөр ажилдаа ирээд зодоон болсон талаар ажилчдаас сонсоход тэр Б нь зааланд 1 цаг гаруй яваад хүний сууж байгаа сандал дээр суугаад холихоод байхаар нь Ц ах гар гэж шаардлага тавихад гаралгүй заалан дотор зодолдсон гэсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17х/

 

            Гэрч Э.Ц-н “...2017 оны 06 дугаар сарын 08-нд шилжих шөнө манай баранд Б гээд улаан бүрх малгайтай залуу орж ирээд суухгүй, уух зүйл захиалахгүй тэр хавиар холихоод байхаар нь би зөөгч Ц-д хандаж хүнээ сайн хараарай, хулгай хийх гээд байна уу, хүн хайгаад байна уу асуугаад шаардлага тавиад гарга гэсэн... Тэгээд Ц очоод шаардлага тавихад нөгөө залуу Ц-н  нүүр лүү нь гараараа 1 удаа цохисон. Тэгээд тэр 2 баарны урд зодолдсон. Тэгээд салаад бүрх малгайтай залуу шууд гараад зугтаасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19х/

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №10890 дүгнэлтэд: “...Б.Ц-н  биед гэмтэл тогтоогдсонгүй...” гэжээ. /хх-ийн 23х/

 

            Шүүгдэгч Б.Ц-н  мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 06 дугаар сарын 08-нд шилжих шөнө Б нь 00 цагийн үед ганцаараа халамцуу орж ирээд бүжгийн талбай дээр ирээд зогсохоор нь би очоод манайд уух зүйлээ захиалж суудаг юм гэж хэлэхэд энд таньдаг хүн байна, байж байгаад захиалъя гэхээр нь орхиод явсан. Тэгээд тэр залуу захиалгаа өгөхгүй тэр хавиар яваад байхаар нь уух зүйлээ захиалаад суу, суухгүй бол гэртээ харь гэж 2-3 удаа хэлэхэд за одоо гарлаа гээд байсан ч гаралгүй 3 цаг орчим болсон. ...Тэгээд би очоод нөгөөд залууг одоо гар, уух зүйл захиалахгүй бараг 3 цаг боллоо гээд нуруун дээр нь гараа тавиад хэлсэн чинь чи намайг 1 дүгээр хороололд мэдэх үү гээд дайрсан. Тэгтэл гаднаас таньдаг бололтой 3 залуу орж ирээд аваад гарсан. Би заалаараа тойрч явж байхад нөгөө залуу гаднаас орж ирээд намайг эргээд хартал нүүр лүү гараараа 4-5 удаа цохисон. Тэгээд эргүүлээд нүүрэнд нь 4-5 удаа цохиж, гуя руу нь 1 удаа өшиглөж, гараараа гуя руу нь 4-5 удаа цохисон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-31х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон болно.

           

Дээрх шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг өөр хооронд нь харьцуулан дүгнэвэл, шүүгдэгч Б.Ц, хохирогч Б.Б нарын аль алины буруутай үйл ажиллагаа тухайн гэмт хэргийг гарахад нөлөөлсөн ба хоорондоо үг хэлээр ойлгоцохын оронд бие биедээ хүч хэрэглэсэн байдлууд нь гэрч нарын мэдүүлгүүдээр тогтоогдсон байх ба дээрх үйлдлээс болж хохирогч Б.Б-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон нь Б.Ц-г  гэм буруутай гэж дүгнэх үндэслэл болно.

Хэдийгээр шүүгдэгч Б.Ц нь миний биед ч гэсэн тухайн үед гэмтэл учирсан, би 2 сарын дараа үзүүлэхэд гэмтлийн зэрэг тогтоогдоогүй гэх тул шүүхээс түүнд Б.Б-н үйлдлээс болж ямар нэгэн гэмтэл учирсан гэж таамаглал дэвшүүлэх, түүнд үндэслэж дүгнэх боломжгүй байна.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзсэн болно.

 

Иймд шүүгдэгч Б.Ц-г  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Ц нь өөрийн гэм буруу дээр маргаагүй тул шүүх гэм буруутайд тооцох, түүнд эрүүгийн хуульд заасан  эрүүгийн хариуцлага  хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдааныг  нэгмөр явуулсан болохыг дурдав.

 

Шүүхээс, шүүгдэгч Б.Ц-д 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Учир нь, шүүгдэгч Б.Ц нь “...” харуул хамгаалалтын газарт хамгаалагч ажилтай буюу тодорхой ажил хөдөлмөр эрхэлдэг, орлогын эх үүсвэртэй болох нь тогтоогдсон, түүний сарын цалин нь 450.000 төгрөг гэх, анх удаа гэмт хэрэгт холбогдох зэрэг байдлыг харгалзан үзсэн болно.

 

Шүүгдэгч Б.Ц-г  тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Б.Ц-н  хувийн байдлын талаар:

Гэрч Ц.Б-н мөрдөн байцаалын шатанд өгсөн: “...Уг Ц нь миний хамгийн бага хүүхэд. Элдэв муу зангүй, даруухан, ер нь биеийн тамирт их сайн, сагсанбөмбөг тоглодог...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18х/

Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны засаг даргын тодорхойлолт /хх-ийн 37х/

Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 38х/

Шүүгдэгч Б.Ц нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33х/-аар тогтоогдлоо.

 

Хохирол төлбөрийн тухайд:

            Хохирогч Б.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, эмчилгээний зардал гэж шүүгдэгч Б.Цаас 2.000.000 төгрөгийг нэхэмжилсэн боловч холбогдох баримтаа гаргаж өгөөгүй, шүүгдэгч нь хохирогчийн шүүх эмнэлэгт үзүүлсний төлбөр болох 3.000 төгрөгийг төлсөн болох нь хохирол төлсөн тухай баримтаар тогтоогдлоо. /шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн 1 хуудас баримт/

            Иймд хохирогч Б.Б нь шүүгдэгчийн үйдлээс болж гэмтсэн гэмтэлтэй холбоотойгоор гарсан, цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Ц-н  иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, мөн шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч М овогт Б-н Ц-г  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-г  450 нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-д оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Ц нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.Ц нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Хохирогч  Б.Б нь гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбогдуулан гарсан зардал, цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг  дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Ц-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                   

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Г.АЛТАНЦЭЦЭГ