Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 2022/ДШМ/27

 

 

 

 

 

 

Ө.Ц-ад холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Энхмаа даргалж, шүүгч Г.Тэгшсуурь, шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

            Прокурор Г.Ариунзул,

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Б

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Р.Мөнхбаясгалан

            Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Өлзийцэцэг, Т.Батцэцэг

            Иргэний нэхэмжлэгч Ө.Мөнх-Эрдэнэ

            Нарийн бичгийн дарга Д.Сүхням нарыг оролцуулан,

 

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 54 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Бийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Ө.Цад холбогдох эрүүгийн 2134001820393 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн,

 

Ө.Ц нь 2021 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 14 цаг 00 минутын орчимд Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ 3 дугаар баг 52-ын давааны ар гэх газрын асфальтан зам дээр Тоёота приус-30 маркийн .... УАК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4 дэх заалт буюу “...Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газрын гадна 80 км-ээс хэтрүүлэхийг хориглоно...” гэснийг зөрчиж замын хөдөлгөөнд оролцсоны улмаас онхолдож зорчигч О.Бийн амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Төв аймгийн Прокурорын газраас Ө.Цад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Цыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Шүүгдэгч Ө.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ө.Ц нь амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Бд 3.646.269 төгрөг төлсөнг дурдаж, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь оршуулгын болон банкны зээлийн талаарх нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж,

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, баримт бичиг ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ө.Ц нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ө.Цын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дууссаны дараа үеэс хугацааг тоолж, түүнд урьд авсан байсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, хорих ял эдлэх хугацааг 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Б гаргасан давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1.4-т заасанчлан “шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй”, “дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, ял оногдуулахад нөлөөлөхүйц ноцтой зөрүүтэй” гэх дор дурдсан үндэслэлүүдээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах, хэргийг дахин шийдвэрлүүлэхийг хүсэж давж заалдах гомдол гаргаж байна.

 

Шүүгдэгч Ө.Ц нь 2021оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 14 цаг 00 минутын орчимд Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ 3 дугаар баг 52-ын давааны ар гэх газрын асфальтан зам дээр Тоёота приус маркийн ... УАК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4 дэх заалт “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно” гэснийг зөрчиж замын хөдөлгөөнд оролцсоны улмаас онхолдож зорчигч О.Бийн амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн юм.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт Ө.Ц нь “...миний архи гараагүй учраас эхнэрээрээ машинаа бариулаад явсан” гэж хэлдэг боловч анхны гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “...Гүнтээр давж орж ирсэн засмал замын хажууд ирээд 0,5 литрийн “ЕХ” архийг О.Б бид хоёр хувааж уугаад тэгээд би жолоочийн хажуу талын суудлаа бага зэрэг налуулаад суудлын бүсээ цээжин дээгүүрээ давуулж бүслээд унтсан байсан. Тэр үед би их согтуу байсан . Нэг сэрсэн чинь машин зүүн талаараа унаад онхолдсон байсан. Автомашиныг Улаанбаатар хотоос гараад осол хүртэлх хугацаанд О.Б жолоодож явсан. Би дунд нь Баянчандмань сумын нутагт байх Хар модны даваа гэх газрын бэлээс асфальтан замын төгссөн шороон эхлэл хүртэлх тээврийн хэрэгсэл жолоодон явсан. Бусдаар тээврийн хэрэгсэл жолоодоогүй...” гэж тус тус худал мэдүүлдэг.

 

Би шүүхийн хэлэлцүүлэгт “...Манай эгч машин барьж яваагүй гэдэгт нь ямар ч хүн харсан тодорхой байна. Ө.Ц өөрөө согтуу галзуу машин барьж яваад ийм зүйл болсон. Үгүй гэвэл надад баримт байгаа. Нэхэмжилж байгаа мөнгөө авна...” гэж хэлсэн байгаа.

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт И.Ганболор, Х.Мягмаржав нар тодорхой хэлсэн “Зорчих хэсэгт сууж явсан хүн шууд шидэгдээд үерийн даланг мөргөх боломжтой. Суудлын бүс хийгээгүй бол сул явсан зорчигч буюу жолооны хүрд бариагүй хүн илүү шидэгдэх өндөр боломжтой, хурд хэтрүүлсэн...” гэж шинжээчийн дүгнэлтээр тодорхойлсон байдаг.

 

Шүүх үйл баримтыг шинжлэн судлахад Ө.Ц нь жолоо барьж яваад осол гаргасныг нотолдог.

 

Шүүх гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлтдээ “...шүүгдэгч Ө.Цыг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4 дэх заалт буюу хурд хэтрүүлсэн гэснийг зөрчиж замын хөдөлгөөнд оролцсоны улмаас онхолдож зорчигч О.Бийн амь насыг хохироосон...” гэж дүгнэхдээ Эрүүгийн хуулийн 2.1, 2.3, 2.5 дахь зүйлүүдэд зааснаар гэмт хэргийн шалтгаант холбоо хэргийн зүйлчлэлд тохирч байна гэж дүгнэсэн.

 

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч Ө.Цыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай миний өмгөөлөгч Р.Мөнхбаясгалан шүүгдэгч Ө.Цад хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал харагдахгүй байна. Хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн хохирол 12.739.285 төгрөгөөс 3.646.269 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн боловч хохирол бүрэн төлөгдөөгүй учраас жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 5 жил хорих ял оногдуулах санал гаргасан боловч тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж 1 жил хорих ял шийтгэж шийдвэрлэснийг би хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм.

 

Би шүүх хуралд орохын өмнө 12.739.285 төгрөгийн оршуулгын зардал болон манай эгчийн “Хаан банк”-наас авсан зээлийн баримтыг нэхэмжилсэн боловч шаардлага хангаагүй гэсэн үндэслэлээр зөвхөн 3.646.269 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг давхар хохироож байна. Урд нь үзээд энэ баримтуудыг “Е” баримтын бүртгэлгүй, нотариатаар баталгаажуул, тамга тэмдэггүй байна. гэсэн бол бүгдийг нь бүрдүүлчих боломж байсан.

 

Шүүгдэгч Ө.Ц нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй, би машин бариагүй, осол болсон өдрөөс хойш шүүх хурал болох хүртэл хохирогч бид нарт ямар ч мөнгө төгрөг өгөөгүй, үргэлж байнга утсаар ярьж дарамталдаг, байнга согтуу ярина, осол болох үед согтуу байсан талаар байнга ярина.

 

Шүүгдэгч Ө.Ц нь өөрөө осол болохын өмнө 0,5 литрийн “ЕХ” архи уусан гэж хэлээд байхад яагаад согтуугаар нь шийдэж болоогүй юм бол. Тэр осол болсон өдөр Улаанбаатар хотын Гэмтлийн эмнэлэгт очихоор нь D60843960 дугаартай хуруун шилэнд цус авсан байхад 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн шинжээчийн 3297 тоот дүгнэлтэд “Ө.Ц гэж хаягласан цусанд спиртийн агууламж илрэхгүй байна” гэж дүгнэлт гаргасан нь эргэлзээтэй. Учир нь Ө.Цын ээж насаараа шүүх эмнэлэгт ажилласан хүн байгаа юм. Тэгээд ч шинжээч эмч Ө.Сарангэрэл нь эргэлзээтэй дүгнэлт, тайлбар өгдөг.

 

Иймд гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, хохирлоо нөхөн төлөөгүй, согтуу хүнд анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр Ө.Цад ял шийтгэл оногдуулсан нь хэргийн бодит байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хор уршгийн хэр хэмжээнд нийцээгүй, ял шийтгэл хөнгөдсөн гомдолтой байгаа учир миний гомдлыг хянан үзэж хэргийг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Ариунзул тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд үндэслэл бүхий шийдвэр гаргаж, шүүгдэгч Ө.Цын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, хорих ял оногдуулан шийдвэрлэсэн. Мөн хохирлын үлдэх хэсгийг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээн шийдвэрлэсэн тул давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэх дүгнэлтийг гаргаж байна гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Р.Мөнхбаясгалан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцээгүй тул хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэх үйлчлүүлэгчийнхээ давж заалдах гомдлыг дэмжиж байна.

 

Гэхдээ тухайн зам тээврийн осол болох үед Ө.Ц нь согтуу байсан гэж мэдүүлдэг тул энэ нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхөөр байгааг анхаарч үзнэ үү. Мөн түүнээс тухайн үед цус авсан хэдий ч хэдэн грамм цус авсан гэх баримт хэрэгт байдаггүй. Хохирол төлбөрийн тал дээр гаргаж өгөх баримтууд байгаа тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч Ө.Цын өмгөөлөгч М.Өлзийцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Хохирлын талаарх зарим баримт эх хувиараа байгаагүй тул анхан шатны шүүх нотлох баримтын шаардлага хангасан баримтынх нь хүрээнд шийдвэрлэж, үлдэх хэсгийг иргэний журмаар жич нэхэмжлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй зөв болсон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь болгоомжгүйгээр үйлдэгддэг ба Ө.Цын зүгээс цаашид гарах зардлыг нь нөхөн төлнө гэдгээ илэрхийлдэг. Түүнд олон жилийн хорих ял оногдуулах нь ямар нэгэн үр нөлөө үзүүлэхгүй ба шинжээчийн дүгнэлтээр ч түүнийг согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан гэдэг нь тогтоогдсон. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээлгэх саналтай байна гэв.

 

Шүүгдэгч Ө.Цын өмгөөлөгч Т.Батцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Уг зам тээврийн осол гарах үед Ө.Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Шинжээчид хууль сануулан уг дүгнэлтийг гаргуулсан тул хэргийн зүйлчлэл тохирсон зүй ёсны болсон. Ө.Ц нь шүүхээс тогтоосон хохирлыг нөхөн төлсөн, өөрөө эрүүл мэнд, сэтгэл санааны хувьд муу байгаа ба одоо суга таягтай ял эдэлж байгаа. Давж заалдах шатны шүүх түүнд анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг тэнсэж өгвөл цаашид ажил хөдөлмөр эрхэлж хохирлоо төлөхөд татгалзах зүйл байхгүй, хохирогчийн охиныг цаашдаа харж үзнэ гэдгээ ч илэрхийлсэн. Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн давж заалдсан гомдолд дурдсан асуудлуудаар хязгаарлахгүй бүхэлд нь хянан үзлээ.

 

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “Энэ зүйлд заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг шүүгчдийн зөвлөгөөнөөс тогтоосон журмын дагуу томилно” гэж заасан.

 

Анхан шатны шүүх прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Ө.Цад холбогдох эрүүгийн 2134001820393 тоот хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч мөн өдрөө тус шүүхийн ерөнхий шүүгчийн 660 дугаар захирамжаар шүүх хуралдаан даргалагчаар шүүгч Ю.Энхмааг томилсон шийдвэрийг албажуулсан байх ба уг захирамж нь тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний тогтоолын аль хэсэгт үндэслэн болох нь тодорхой бус болжээ. /хх-ийн 2-р хавтас 5-р тал/

 

Шүүгч Ю.Энхмаа нь эрүүл мэндийн шалтгааны улмаас эмчилгээ хийлгэж байгаа гэж тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 21 дугаартай тогтоолыг үндэслэн тус өдрөө ерөнхий шүүгчийн 670 дугаар захирамжаар хэргийн шүүх хуралдаан даргалагчийг шүүгч Ж.Дэлгэрмөрөн болгон өөрчилсөн байх боловч 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 692 дугаар ерөнхий шүүгчийн захирамжаар “...шүүгч Ю.Энхмаа нь эрүүл мэндийн шалтгааны улмаас эмчилгээ хийлгэж байх тул 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 23 дугаар шүүгчдийн зөвлөгөөний тогтоолыг үндэслэн Ө.Цад холбогдох хэргийн даргалагчийг өөрчлөх нь зүйтэй байна...” гэх үндэслэлээр шүүх хуралдаан даргалагчаар шүүгч Т.Батжаргалыг томилсон байдаг. /хх-ийн 2-р хавтас 11, 12-р тал/

 

Гэтэл 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 716 тоот ерөнхий шүүгчийн захирамжаар тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 21 дүгээр тогтоолыг үндэслэн Ө.Цад холбогдох хэргийн шүүх хуралдаан даргалагчаар шүүгч Ю.Энхмааг буцаан томилдог. /хх-ийн 2-р хавтас 21-р тал/     

 

Дээрхээс дүгнэн үзвэл тухайн хэргийн шүүх хуралдаан даргалагчаар томилогдсон байсан шүүгч Ж.Дэлгэрмөрөнг шүүгч Т.Батжаргалаар сольсон гэх үндэслэл нь тодорхой бус, тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 21 болон 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 23 дугаар шүүгчдийн зөвлөгөөний тогтоолд хэрхэн заасан талаар шүүх хуралдаан даргалагчийг өөрчилсөн талаар ерөнхий шүүгчийн захирамжид тодорхой тусгагдаагүй, шүүх бүрэлдэхүүн хууль болон тухайн шүүхийн шүүгчийн зөвлөгөөний тогтоолд үндэслэн, хууль ёсны болсон гэж үзэхэд боломжгүй нөхцөл байдал хүргэсэн байна.

 

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.1-т заасан “Шүүх хууль бус бүрэлдэхүүнээр тогтоол гаргасан” гэх ноцтой зөрчилд хамаарч байгаа болно.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3.1-т шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний үндэслэлийг дурдаж байхаар хуульчлагдсан.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Ө.Цын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил хорих ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдийн аль хэсэгт нь үндэслэсэн дээрх нэмэгдэл болон үндсэн ялыг оногдуулсан талаар огт дурдаагүй нь шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой бичигдсэн байх хуулийн шаардлагад нийцээгүй, өөрөөр хэлбэл шүүх дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан нь буруу байна.  

 

Түүнчлэн анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан хохирлын талаарх баримтуудын алийг нь хүлээн авч ханган бусад ямар баримтуудыг нь үгүйсгэсэн талаар үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй, өөрөөр хэлбэл баримт бүрийг нэг бүрчлэн үнэлээгүй, хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүх шийтгэх тогтоол гаргахдаа иргэний нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан бүгдийг, эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хэрэгсэхгүй болгоно гэж заасантай нийцээгүй байна.

 

Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Бийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолыг хүчингүй болгон хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

 

            Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Ө.Цад хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 54 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ө.Цад холбогдох эрүүгийн 2134001820393 дугаартай хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.  

 

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол Ө.Цад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.ЭНХМАА

 

                        ШҮҮГЧИД                                          Г.ТЭГШСУУРЬ

 

                                                                                    М.МӨНХДАВАА