Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 90

 

Т.Б, Ц.Г, Б.С

нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Эрдэнэчулуун, нарийн бичгийн дарга Н.Энхжил нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 53 дугаар шийтгэх тогтоол, Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 29 дүгээр магадлалтай, Т.Б, Ц.Г, Б.С нарт холбогдох 1839001880121 дугаартай эрүүгийн хэргийг Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Я.Сансарын бичсэн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 6/01 дүгээр эсэргүүцлийг үндэслэн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1991 онд төрсөн, 28 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ял шийтгэлгүй, Б овогт Т-ийн Б,

2.Монгол Улсын иргэн, 1991 онд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч, эмч мэргэжилтэй, ял шийтгэлгүй, Г овогт Ц-ийн Г,

3.Монгол Улсын иргэн, 1991 онд төрсөн, 28 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ял шийтгэлгүй, Б овогт Б-ын С нар нь “Зохиомол байдлыг бий болгох замаар бусдын эд хөрөнгийг залилах” гэмт хэрэгт холбогджээ.

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх Т.Б, Ц.Г, Б.С нарыг зохиомол байдлыг бий болгох замаар бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Г, Б.С нарыг тус бүр 800 нэгж буюу 800,000 төгрөгөөр, Т.Б-г 1,000 нэгж буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэсэн байна.

Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Т.Б, Ц.Г, Б.С нарт холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгон тэднийг цагаатгаж шийдвэрлэжээ.

 Хяналтын шатны шүүхэд Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Я.Сансарын бичсэн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 6/01 дүгээр эсэргүүцэлд “Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Т.Б, Ц.Г, Б.С нарыг хамтран зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар иргэн Н.Т-ийг төөрөгдөлд оруулж 6,400,000 төгрөгийг залилан авсан гэх хэргийг хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. 2015 оны Эрүүгийн хууль нь Монгол Улсын Үндсэн хуулиар тунхагласан үнэт зүйлсийг материаллаг хуулиар хамгаалахдаа гэмт хэрэг, зөрчлийн шинжийг ойлгомжтой, хэрэглэхэд хялбар, гэмт хэрэгт тооцох нөхцөлийг тодорхой болгох, практикт шийдвэрлэхэд бэрхшээлтэй гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хоёрдмол утгагүй, тодорхой байдлаар хуульчилж өгсөн хуулийн зүйл заалт бол “Залилах” гэмт хэрэг юм. Шүүгдэгч Т.Б, Б.С, Ц.Г нар нь хамтран Н.Т-өөс 6,400,000 төгрөгийг зээлж байгаа үйлдэл нь иргэний эрх зүйн зээлийн гэрээний асуудал гэхээсээ илүүтэй, эрүүгийн гэмт хэргийн шинжийг агуулж байна. Өөрөөр хэлбэл иргэний эрх зүйн зээлийн харилцаанд талууд тэгш эрхтэйгээр, зээлийн гэрээг бодит байдалд үндэслэж хийдэг бол шүүгдэгч Б.С, Ц.Г нарын хувьд бусдад өр төлбөртэй бодит байдлаа нуун дарагдуулж, бодит байдалд бус Т.Б-гаас зээлсэн мөнгөө төлөх гэж байгаа тухайгаа хэлсэн тохиолдолд Н.Т мөнгөө зээлүүлэхгүй нь ойлгомжтой тул Б.С, Ц.Г нар урьд нь бие биенээ таньдаггүй байсан боловч Н.Т-өөс мөнгө авахын тулд ах дүү хоёр болж Ц.Г нь өөрийн автомашиныг барьцаанд нь тавина, Б.С-ын хүүхэд нь зүрхний цоорхойтой, Улаанбаатар хотод эмчилгээнд авч явна, зээлийг буцааж төлөх бодит баталгаагүй атлаа 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр зээлсэн 6,400,000 төгрөгийг өдрийн 3 хувийн хүүтэйгээр 03 дугаар сарын 26-ны өдөр төлнө гэж бодит бус хугацаа хэлж итгүүлэх зэргээр хохирогчийг хуурамч мэдээллээр төөрөгдүүлж мөнгөө зээлүүлэхэд хүргэсэн залилах гэмт хэрэг үйлдсэн.

Шүүгдэгч Т.Б нь “бусдаас яаж авах нь хамаагүй, өөрөө эргүүлж төлөх биш гэсэн санаа агуулж” өөрийн зээлүүлсэн мөнгийг хууль бус аргаар ч хамаагүй буцаан авах зорилгоор урьдаас төлөвлөж, өөрт нь өр төлбөртэй гарцаагүй байдалд байгааг нь ашиглан Б.С, Ц.Г нарт Н.Т-өөс хэрхэн мөнгө зээлж авах талаар үгчлэн зааж өгч Ц.Г, Б.С нараар мөнгө зээлүүлэх нэрийдлээр хохирогчийн мөнгийг буцааж өгөх санаагүйгээр авч залилах гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч Н.Т,  гэрч Б.Э, шүүгдэгч Ц.Г, Б.С нарын мэдүүлгүүдээр нотлогддог. Гэтэл давж заалдах шатны шүүх дүгнэлт хийхдээ “Залилах гэмт хэргийг гэрээний харилцаанаас үүссэн маргаанаас ялгах гол шинж нь гэрээгээр шилжиж буй эд хөрөнгө, эрх, авч буй ажил үйлчилгээний төлбөрийг хийхгүй, эсхүл хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго гэмт этгээдийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө үүссэн байх явдал юм”, “Ц.Г, Б.С нар нь Н.Т-тэй зээлийн гэрээг амаар байгуулахдаа зээлийг буцааж огт төлөхгүй гэсэн санаа зорилго байгаагүй...” гэсэн нь ямар нотлох баримтад тулгуурлаж байгаагаа заагаагүй, тухайн хүмүүсийн сэтгэл зүйн байдалд нотлох баримтгүйгээр дүгнэлт хийж шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь буруу ойлгомжгүй байна. Гэтэл Ц.Г, Б.С нар нь авсан зээлээ буцааж төлөх бодит баталгаагүй болох нь Т.Б-гаас өмнө авсан зээлээ төлж чадахгүй, түүнийгээ төлөхийн тулд бусдыг залилан мөнгө авч байгаа үйлдлээс тодорхой харагдаж байна. Дээрх үйлдэлд “Ц.Г-ийн машиныг барьцаалсан бөгөөд уг хөрөнгө нь эрхийн ямар нэг зөрчилгүй байна” гэж дүгнэлт хийсэн байх боловч Ц.Г нь мөнгө зээлдэхдээ өөрийн автомашинаа барьцаанд тавьж байгаа нь хохирогчид өөрийгөө эд хөрөнгөтэй хүн болгон итгүүлэх, иргэний эрх зүйн харилцаагаар халхавчилсан дүр үзүүлсэн гэрээ хэлцэл хийсэн болох нь хохирогч Н.Т-ийн “тэгээд надад худал хэлж мөнгө авсан гэдгийг нь мэдээд цагдаад хандсан, удалгүй Г ирж надаас машинаа авсан ...” гэх мэдүүлгээр нотлогдож, дээрх дүгнэлт нь үгүйсгэгдэж байна.

Мөн хохирогч Н.Т нь цагдаагийн байгууллагад хандаж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж эхэлснээс хойш Ц.Г, Б.С нар нь авсан мөнгөнөөсөө буцаан төлж эхэлсэн болох нь мөн хохирогч Н.Т-ийн “цагдаад хандсан ... С нь надад 1,900,000 төгрөг, Г нь 1,500,000 төгрөг өгсөн одоо 3,000,000 төгрөг Ганзориг өгөх дутуу ...” гэсэн мэдүүлгээс харагдаж байгаа ба энэ нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо арилгаж байгаа асуудал юм. Хохирогч Н.Т нь Б.Г, Б.С нарыг бусдаас авсан мөнгөө төлөх гэж мөнгө авч байгааг, өөрөөс нь авсан зээлээ төлөх бодит баталгаагүй гэдгийг мэдсэн бол зээл өгөх байсан уу гэдэгт дүгнэлт хийх шаардлагатай. Мөн зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хууль тогтоомжийн дагуу байгуулагдсан бөгөөд гэрээний биелэлтийн талаар мэдээлэл солилцож, харилцан гомдлын шаардлага гаргаж, гэрээгээ дүгнэж байсны эцэст эрсдэлд орсны улмаас үүссэн иргэний эрх зүйн маргаан гэж үзэх нөхцөл байдал Н.Т болон Б.Г, Б.С нарын хооронд болсон бодит үйлдлээс харагдахгүй байна. Энэ гэмт хэргийг үйлдэхээс өмнө шүүгдэгч Б.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын иргэн П.А-ыг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар иргэн Н.Т-аар дамжуулан 13,000,000 төгрөгийг, 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 4,500,000 төгрөгийг нийт 17,500,000 төгрөгийг залилан авсан хэрэгт тус аймгийн прокурорын газраас 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр эрүүгийн 1839004040300 дугаартай хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.

Шүүгдэгч Ц.Г нь 2018 оны 01 дүгээр сард иргэн М.М-ыг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар түүнээс 6,750,000 төгрөгийг залилан авсан гэх хэрэгт тус аймгийн прокурорын газраас 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 183900621 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж байгаа ба Т.Б нь бусдад мөнгө зээлүүлэх өөрийн гэсэн хөрөнгөгүй бөгөөд бусдаас авсан мөнгө болон банкнаас авсан зээлээ зориулалтын бусаар ашиглаж бусдад өндөр хүүтэй богино хугацаанд зээлүүлж олсон ашгаасаа дахин зээлүүлж, зээлдэгч нь төлж чадахгүй тохиолдолд өөр бусдаас өндөр хүүтэй мөнгө зээлэх арга зааж өгч өөрийн зээлээ хаалгуулдаг, гэмт хэргийг зохион байгуулдаг болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон гэж үзэж байгаа тул Т.Б, Ц.Г нарт холбогдох эрүүгийн хэргүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар нэгтгэн шалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар ял оногдуулах үндэслэлтэй байна. Т.Б, Ц.Г, Б.С нарын хамтран бусдын эд хөрөнгийг залилж авсан гэмт хэргийг давж заалдах шатны шүүх хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй, илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.10 дах хэсэгт зааснаар хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичив” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Т.Б-гийн өмгөөлөгч Ц.Эрдэнэчулуун хэлсэн саналдаа “Прокуророос шүүгдэгч Т.Б-г урьдчилан төлөвлөж, үг зааж өгч, эргэн төлөх зорилгогүй зээлийн гэрээний үйл ажиллагааг зохион байгуулсан гэж үзэж байна. Иргэний эрх зүйн харилцаа нь иргэд хооронд зээл өгч авахад заавал бичгийн хэлбэртэй байх юм уу. Иргэний хуульд зааснаар бичгээр байгуулаагүй гэрээ хүү авах эрхээ л алддаг болохоос заавал бичгийн хэлбэртэй байна гэсэн зохицуулалт байхгүй. Зээлийн гэрээг бичгийн хэлбэрээр хийгээгүй учраас залилсан гэж үзэж байгаа. Мөн бодит байдлыг нуун дарагдуулсан гэж байгаа боловч Т.Б хамт явж, очоод авсан зүйл байхгүй, харин өрөө нэхээд явж байсан үйл баримт харагддаг. Ц.Г, Б.С хоёр зээлээ төлөх, мөн хүүхдээ эмчилгээнд авч явах гэж байгаа юм гэж хэлсэн байдаг. Б.С-ын хүүхэд зүрхний төрөлхийн гажигтай гэдэг анхан шатны шүүхэд өгсөн нотлох баримтуудаар харагдаж байгаа. Ц.Г, Б.С нар зээл авах сонирхолтой, хохирогч нь зөвшөөрч, зээлээ хоногийн 3 хувийн хүүтэй өгсөн байдаг. Зээлийн барьцаанд тавьсан машин нь Ц.Г-ийн эзэмшлийн машин байгаа. Энэ талаар бичгийн хэлбэр оруулаагүйг залилсан гэж үзэх боломжгүй юм. Хавтаст хэрэгт авагдсан баримтаас харахад Т.Б нь ямар нэг байдлаар үг зааж өгч, зээл ав гэсэн нөхцөл байдал тогтоогддоггүй. Б.С- Т-тэй уулзахдаа Ц.Г-ийг манай ах байгаа юм, машиныг нь барьцаанд тавъя гэсэн байдаг. Иргэний хуульд заасан зээлийн эрхийн харилцаан дээр прокурорын яриад байгаа бодит байдлыг нуун дарагдуулсан зүйл байхгүй, энэ талаар хоёр тал мэдэж байсан учраас залилсан гэж үзэх боломжгүй. Нотлох баримтын хувьд эсрэг сонирхолтой хоёр шүүгдэгч нарын мэдүүлэгт үндэслэж нөхцөл байдлыг тогтоож байгаа. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг дэмжиж байна гэв.

Мөн хуралдаанд прокурор Ц.Бурмаа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Ц.Г, Б.С, Т.Б нар нь хохирогч Т-өөс 6,400,000 төгрөгийг эргэж төлөх зорилгогүйгээр авсан гэдэг нь харагддаг. Өөрөөр хэлбэл зээлсэн гэдэг боловч хуурч, мэхэлж, төөрөгдөлж оруулах замаар авсан 6,400,000 төгрөгийн төлөх хугацаа болоход хохирогч Төмөрчөдөр ах, дүү хоёр гэх Ц.Г, Б.С нар руу утасдахад “бид аваагүй, зээлийг Т.Б авсан” гэсэн байдаг. Т.Б авлага авах, Ц.Г, Б.С нар нь өрөө дарах гэж мөнгө зээлэхдээ буцааж төлөх зорилгогүй байсан гэдэг нь хохирогчийн мэдүүлгээр нотлогддог. Зээл төлөх эзэнгүй болсон учраас хохирогч цагдаагийн газарт хандсанаар эрүүгийн хэрэг үүсгэсэн. Зээл өгсөн гэх 6,400,000 төгрөг болон барьцаанд тавьсан машин ч гэрээ хэлцэлгүй байгаа. Уг машиныг хохирогч Т-ийн найзынх нь хашаанд тавьсан, цагдаад шалгагдаж эхлэхэд Ц.Г-т буцааж өгсөн байдаг. Бодит байдалд шүүгдэгч нар нь цалингийн зээлгүй, ах, дүү биш, Б.С-ын ярьсан шиг хүүхэд нь зүрхний цоорхойтой гэх асуудал ч байхгүй, Төмөрчөдөрийг төөрөгдөлд оруулан залилж энэ гэмт хэргийг үйлдсэн байна. Т.Б нь Ц.Г, Б.С нарт зээл чөлөөлж өгдөг хүнийг зааж өгснөөр энэ асуудал үүсчээ. Ийм учраас прокурорын эсэргүүцлийг дэмжиж байгаа тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Я.Сансарын 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр бичсэн 6/01 дүгээр эсэргүүцлийг үндэслэн Т.Б, Ц.Г, Б.С нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Т.Б, Ц.Г, Б.С нарыг хамтран 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар Н.Т-ийг төөрөгдөлд оруулж 6,400,000 төгрөг залилан авсан хэмээн дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй гэсэн үндэслэлээр шүүгдэгч нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хүчингүй болгож, тэднийг цагаатгаж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүхүүд Б.С, Ц.Г нар нь Т.Б-гаас зээлсэн мөнгөө төлөх зорилгоор хувиараа зээл чөлөөлөх үйлчилгээ үзүүлдэг гэх Н.Т-өөс 6,400,000 төгрөгийг өдрийн 3 хувийн хүүтэйгээр зээлж авч, зээлийн гэрээний барьцаанд Ц.Г-ийн эзэмшлийн 35-29 ХЭҮ улсын дугаартай “Тоёота алион” загварын тээврийн хэрэгслийг биет байдлаар тавьсан байна.

Хэдийгээр Н.Т-өөр зээл чөлөөлүүлэхдээ авч буй зээлийн зориулалт болон зээлдэгч нарын хоорондын хамаарлын талаар үнэн зөв танилцуулаагүй нөхцөл байдал тогтоогдож байх боловч Б.С, Ц.Г нарын энэ талаар хийсэн тайлбар буюу өр төлөх тохиолдолд зээл олгогддоггүй тухай тайлбар няцаагдаагүйгээс гадна зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй эсхүл хагасыг нь хийх тухай санаа, зорилготой байсан гэж дүгнэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул зээлийн гэрээгээр халхавчлан залилах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхгүй талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хууль ёсны байх зарчимд нийцсэн байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 29 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, мөн аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Я.Сансарын 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр бичсэн 6/01 дүгээр эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

                       

             ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

             ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                   Д.ГАНЗОРИГ

                                                                                   Ч.ХОСБАЯР

                                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН