Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 221/MA2017/0581

 

 

 

 

 

 

 

2017 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2017/0581

     Улаанбаатар хот

 

 

Д.Мөнхжаргалын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгч Д.Мөнхжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэсувд нарыг оролцуулан, Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 109/ШШ2017/0035 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор Д.Мөнхжаргалын нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

            Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 109/ШШ2017/0035 дугаар шийдвэрээр: Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.4.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Мөнхжаргалаас Архангай аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Архангай аймгийн Засаг даргын 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн “Д.Мөнхжаргалд сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/22 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэсувд давж заалдах гомдолдоо: “Нэхэмжлэгч Д.Мөнхжаргалын өмгөөлөгч Б.Эрдэнэсувд миний бие нь 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 109/ШШ2017/0035 дугаартай Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч танилцаад бүхэлд нь эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Үүнд: “Д.Мөнхжаргалд сахилгын шийтгэл ногдуулах тухай” 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/22 тоот Архангай аймгийн Засаг даргын зархирамж болох маргаан бүхий актад:

Төсвийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2 дахь хэсгийг тус тyc үндэслэсэн байдаг.

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д “Ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд дор дурдсан хэлбэрийн сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулна” гэж заасан байдаг ба Д.Мөнхжаргалын хувьд хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчөөгүй, хөдөлмөрийн гэрээ, дотоод журамд “үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлбэл арга хэмжээ тооцно” гэсэн нэг ч заалт байхгүй болох нь тухайн захиргааны хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод журмаар нотлогдоно.

Иймд Д.Мөнхжаргалд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2-т зааснаар сахилгын арга хэмжээ авсан нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Тухайн маргаан бүхий захиргааны актын Захирамжлах хэсэгт “...Аймгийн Засаг дарга, сумын Засаг дарга, Боловсрол, соёлын газрын дарга нартай 2016 онд хамтран ажиллах талаар байгуулсан үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн... гэж үзэн Архангай аймгийн Спортын төрөлжсөн сургалттай ерөнхий боловсролын сургуулийн захирал Д.Мөнхжаргалд “сануулах” сахилгын шийтгэл ногдуулсан.

Д.Мөнхжаргалын хувьд үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлээгүй байхад хангалтгүй биелүүлсэн гэж сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй. Учир нь Д.Мөнхжаргал нь 67.6 буюу D үнэлүүлж Yp дүнгийн гэрээний 7.1 дэх хэсэгт тусгагдсан үнэлгээний хүснэгтээр D буюу дутагдалтай үнэлүүлсэн байдаг.

2. Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Төсвийн шууд захирагч болон төсвийн төвлөрүүлэн захирагч нь харъяалагдах дээд шатныхаа төсвийн захирагчтай төсвийн жил эхлэхээс өмнө үр дүнгийн гэрээ байгуулна”, 40.3-д “Yp дүнгийн гэрээний биелэлтийг харъяалагдах дээд шатны төсвийн захирагч нь хагас бүтэн жилээр дүгнэнэ” гэжээ. Төсвийн шууд захирагч болон төсвийн төвлөрүүлэн захирагч нь харъяалагдах дээд шатныхаа төсвийн захирагчтай төсвийн жил эхлэхээс өмнө үр дүнгийн гэрээг хоёр тал харилцан тохиролцож байгуулахаар байхад 4 талт гэрээ байгуулсан нь хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэхээр байна.

Мөн тухайн үр дүнгийн гэрээний 2-т “Төсвийн ерөнхийлөн захирагч буюу аймгийн Засаг даргын хүлээх үүрэг” 2.9-д “Төсвийн шууд захирагч буюу сургуулийн захирлын гэрээг дүгнэнэ” 4-д “Боловсрол соёлын газрын даргын үүрэг”, 4.11-д “Төсвийн шууд захирагч буюу сургуулийн захирлын гэрээний биелэлтийг гаргаж, мэргэжлийн байгууллагын саналыг Тусган аймгийн Засаг даргад танилцуулна”, гэрээний 6-д “Гэрээг дүгнэх”, 6.3-д “Төсвийн ерөнхийлөн захирагч буюу аймгийн Засаг дарга нь гэрээний биелэлтэд дор дурдсан үнэлгээний аль нэгийг өгнө” гэж зааснаас үзвэл сумын Засаг дарга, Боловсрол, урлагийн газрын дарга, Нийгмийн бодлогын хэлтсээс сургуулийн захирлын үр дүнгийн гэрээг дүгнэж, үнэлгээ өгөх эрх үүсэхгүй. Гэтэл Төсвийн ерөнхийлөн захирагч буюу аймгийн Засаг дарга нь үр дүнгийн гэрээг дүгнэлгүй дээрх газруудын үнэлгээг үндэслэн төсвийн шууд захирагч буюу сахилгын арга хэмжээ авсан нь холбогдох хууль тогтоомжуудыг ноцтой зөрчсөн ба тухайн үр дүнгийн гэрээний 14-д заасан гэрээний биелэлтийг дүгнэх хугацаа дууссан байхад гэрээг дүгнэсэн.

Иймд 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 109/ШШ2017/0035 дугаартай Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянаад шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Анхан шатны шүүх хэргийн үйл баримт болон нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлээгүй байна.

Д.Мөнхжаргалаас Архангай аймгийн Засаг даргад холбогдуулан “Архангай аймгийн Засаг даргын 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн “Д.Мөнхжаргалд сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/22 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага гаргасан бөгөөд уг захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1-д заасныг үндэслэн 2016 онд хамтран ажиллах талаар байгуулсан үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч Д.Мөнхжаргалд “сануулах” сахилгын шийтгэл ногдуулжээ.

Үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх үндэслэлийн тухайд: Анхан шатны шүүх энэ талаар үндэслэлтэй зөв дүгнэлт хийж чадаагүй байна.

Нэхэмжлэгч Д.Мөнхжаргалын 2016 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг төсвийн ерөнхийлөн захирагч буюу аймгийн Засаг дарга, сумын Засаг дарга, аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын дарга нар дүгнэж, ерөнхий үнэлгээ “D” буюу 67.6 хувьтай үнэлэгджээ. “D” гэсэн үнэлгээг гэрээнд заасны дагуу “Дутагдалтай” гэж ойлгохоор байна. Гэтэл маргаж буй захиргааны акт болох Б/22 дугаар захирамжид “гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэж дүгнэсэн нь буруу болжээ. Учир нь Үр дүнгийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.3-д зааснаар гэрээний биелэлт 0-60% байвал “F” буюу “хангалтгүй” гэж үзэх ёстой байна.

Нөгөө талаар Төрийн албаны зөвлөлөөс 2012 оны 134 дүгээр тогтоолоор “Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”-ыг баталсан. Нэхэмжлэгчийн 2016 оны үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэхдээ энэхүү журмыг баримтлах ёстой. Гэтэл энэхүү журмын “Зургаа. Гэрээний биелэлтийг дүгнэж баталгаажуулах” гэсэн хэсгийг хариуцагч зөрчсөн болох нь тогтоогдож байгаа болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Хавтаст хэргийн 19 болон 50 дугаар талд авагдсан “Архангай аймгийн Эрдэнэбулган сумын спортын төрөлжсөн сургалттай сургуулийн захирлын үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэсэн” илтгэх хуудас гэсэн баримтаас үзэхэд нэхэмжлэгчийн үйл ажиллагааны үр дүнг сумын Засаг дарга “80% буюу В сайн” гэж дүгнэсэн байхад аймгийн Засаг дарга “57.6% буюу F хангалтгүй” гэж дүгнэсэн нь илтэд зөрүүтэй байна.

Аймгийн Засаг дарга ийнхүү 57.6% буюу “хангалтгүй” гэж дүгнэхдээ “нийт арга хэмжээ буюу үйл ажиллагааны төлөвлөгөө”-г 0 /тэг/ оноо,  “тусгай арга хэмжээ буюу тусгай захиалгат бүтээгдэхүүн”-31.6 оноо, “Манлайлал”-26.0 оноо, Нийт 57.6 оноо гэж дүгнэсэн болох нь хавтаст хэргийн 86 дугаар талд авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.

Хариуцагч “Нийт арга хэмжээ буюу үйл ажиллагааны төлөвлөгөө”-г 0 /тэг/ оноо өгөх болсон шалтгаан нь үр дүнгийн гэрээний биелэлтийн тайлангийн биелэлтийг “гэрээний дагуу бичээгүй” гэсэн “хэлбэрийн шаардлага”-ийн улмаас 0 /тэг/ оноо өгсөн нь байна. Ингэснээр тухайн хамт олны бүтэн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөө гаргаж, хэрэгжилтийг хангаж ажилласан, улмаар гэрээний биелэлтийг тайлагнасан боловч огт үйл ажиллагаа явуулаагүйтэй адилтгаж дүгнэгдэж байна. Гэтэл “тайлан ирүүлээгүй” гэх Тариат, Цэнхэр, Цэцэрлэг, Жаргалант сумын захиралууд “Нийт арга хэмжээ /үйл ажиллагааны төлөвлөгөө/” гэсэн хэсэгт 24.2%-28.0%-тай үнэлэгдсэн байгааг дурдах нь зүйтэй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон

 

 

ТОГТООХ нь:

            1. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 109/ШШ2017/0035 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Мөнхжаргалын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Архангай аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “Д.Мөнхжаргалд сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/22 дугаар захирамжийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Ц.ЦОГТ

ШҮҮГЧ                                                                       Э.ЗОРИГТБААТАР