Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 183/ШШ2024/01452

 

 

 

2024 оны 04 сарын 03 өдөр                   Дугаар 183/ШШ2024/01452                          Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, ** дүгээр хороо, Бага тойруу **, ** тоот хаягт байрлах “Т*******” ХК (РД:*******)-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ** дугаар хороо, Морин ** гудамж, ** тоот хаягт оршин суух ***** овогт Ө******* (РД:*******),

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ** дугаар хороо, Морин ** гудамж, *** тоот хаягт оршин суух **** овогт Г******* (РД:*******) нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 117,929,799.01 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахад гаргасан зардал 72,000 төгрөг гаргуулах, барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай үндсэн,

 

Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн хүү 40,760,473.06 төгрөг, хуримтлагдсан хүү 688,480.07 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,500,744.41 төгрөг, нийт 44,949,697.54 төгрөгийг хасуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С*******,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч “Т*******” ХК нь хариуцагч Ө.Б*******, Г.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 117,929,799.01 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахад гарсан зардал 72,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Зээлдэгч Ө.Б*******, Г.Б нар нь Т*******тай 20** оны 08 дугаар сарын 21-ний өдөр дугаар зээлийн гэрээ байгуулж 50,000,000 төгрөгийг сарын 1.7, жилийн 20.4 хувийн хүүтэй 40 сарын хугацаатай авсан. Мөн 20** оны 08 дугаар сарын 28-ны өдөр дугаар зээлийн гэрээ байгуулж 30,000,000 төгрөгийг сарын 1.8, жилийн 21.6 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай авсан.

1.2.Зээлийн барьцаанд улсын дугаартай, арлын дугаартай, мөнгөлөг өнгөтэй Honda CRV маркийн суудлын автомашин 2,700,000, улсын дугаартай, арлын дугаартай, цагаан өнгөтэй, KIA Frontier маркийн ачааны зориулалттай автомашин 7,500,000, улсын дугаартай арлын дугаартай, цагаан өнгөтэй, Hyundai HD120 цистерн 10,200,000, дизель түлш 18,450,000, Гэрийн тавилга 5,440,000, 20 тн юнкос 2 ширхэг 3,900,000, 25 тн юнкос 2 ширхэг 5,700,000, нийт 53,890,000 төгрөгийн хөрөнгө, мөн Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, морингийн 2 гудамж, 98 тоот хаягт байршилтай 105 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, дугаар гэрчилгээ бүхий хувийн сууц, 695 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн Г- дугаарт бүртгэлтэй, дугаар гэрчилгээтэй өмчлөлийн газрыг тус тус барьцаалсан.

1.3.Зээлдэгч нар нь зээлийн гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлөөгүй гэрээг ноцтой зөрчсөн, банкны зүгээс төлбөрийг төлөхийг удаа дараа шаардсан боловч төлөхгүй банкийг хохироосон. дугаар зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 2023 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар үндсэн зээл 45,357,190.93 төгрөг, үндсэн хүү 26,233,825.89 төгрөг, хуримтлагдсан хүү 557,707.04 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,320,244.82 төгрөг, нийт 74,468,968.68 төгрөг, дугаар зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 2023 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар үндсэн зээл 27,622,909.91 төгрөг, үндсэн хүү 14,526,647.17 төгрөг, хуримтлагдсан хүү 130,773.66 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,180,499.59 төгрөг, нийт 43,460,830.33 төгрөг байна.

1.4.Иймд хариуцагч нараас зээлийн гэрээний дагуу 117,929,799.01 төгрөг, шүүхэд хандахад гарсан зардал 72,000 төгрөгийг тус тус гаргуулж, үүргийн гүйцэтгэлийн барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардаж байна гэжээ.

 

2.Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

2.1.Хариуцагч нар нь тодорхой хэмжээгээр зээлийг төлж байсан. 20** онд дэлхийн нийтээр цар тахал гарч хөл хорионд орж, бүх бизнесийн үйл ажиллагаа зогссон хүндрэлтэй цаг үе байсан. Тийм учраас зээлийн эргэн төлөлтөд доголдол гарсан. Зарим тохиолдолд банкууд зээлийн эргэн төлөлтийн хугацааг тодорхой хугацаанд хойшлуулж, энэ хооронд хүү, нэмэгдүүлсэн хүү, торгуулийг тооцохгүй шийдвэрлэж байсан. Нэхэмжлэгчийн хувьд цар тахлын хөл хориотой үед зээл гаргаад өгсөн. Юунд найдаж, ямар бизнес хэзээ болно гэж зээл гаргадаг юм. Эхний 1, 2 сард бол байгаа зүйлээ өгөөд төлөөд явж байсан. Зээлийн гэрээний 2.2.1-т “зээлийн эргэн төлалтийн хуваарийг гурваас дээш удаа зөрчсөн тохиолдолд гэрээг ноцтой зөрчсөн гэж үзнэ”, 6.2-т “дараах нөхцөл байдал үүссэн, үүсэж болзошгүй болсон нь нотлогдсон тохиолдолд талууд энэхүү гэрээг хугацаанаас өмнө нэг талын санаачлагаар цуцалж болно”, 6.2.1-т “зээлийн эргэн төлөлтийн хуваарийг ноцтой зөрчиж байгаа талаар зээлдэгчид удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн бол зөрчлийг арилгах арга хэмжээ аваагүй бол” гэж заасан. Гэтэл банк үүн дээр ямар ч арга хэмжээ аваагүй. Үүнтэй холбоотойгоор хүү тооцогдсоор байсан. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

2.2.Зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол ойлгомжгүй буюу ямар аргачлалаар тооцсон нь тодорхойгүй. Мөн хуримтлагдсан хүү гэж шаардаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн 20** оны 05 дугаар сарын 02-ны өдөр дугаар зээлийн гэрээг цуцалсан тул түүнээс хойших хүү, нэмэгдүүлсэн хүү шаардсаныг зөвшөөрөхгүй гэжээ.

 

3.Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгч “Т*******” ХК-д холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 44,949,697.54 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасуулах тухай шаардлага бүхий сөрөг нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

3.1.Зээлийн гэрээний 2.2.1-т зааснаар ноцтой зөрчил үүсчихээд байхад нэхэмжлэгч тал гэрээгээ цуцлахгүй байгаа нь үндэслэлгүйгээр хөрөнгөжих санаа зорилгыг хэрэгжүүлээд байна гэж үзэж байна. Хэдийгээр хүү, үндсэн хүүг санхүүгийн тооцооллоороо авлага үүсгээд авсан болохоор энэ нь санхүүгийн хэллэгээр хөрөнгө юм. Нэгэнт өөрийх нь хөрөнгө, мөнгө гээд биччихсэн байгаа бол банк үндэслэлгүйгээр хөрөнгөжиж байна гэж үзэхээр байна. Гэрээний талууд харилцан эрх, тэгш бие биеийнхээ өмнө үүрэг хариуцлага хүлээдэг. Гэтэл зээлдэгч талд дандаа хариуцлагыг үүрүүлээд чи буруу байна, чи болохгүй байна, чи авсан юм бол төлөх ёстой, хугацаандаа төлж чадаагүй юм чинь чи хүү, торгууль, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гээд заагаад байдаг. Гэтэл банк гээд байгаа монополь эрх авчихсан зээл өгдөг байгууллага яагаад гэрээнийхээ нөгөө талынхаа өмнө харилцан үүрэг хүлээдэггүй юм. Гэрээгээр хүлээсэн эрхээ эдэлж, өөрсдөө үндэслэлгүй хөрөнгөжиж их хэмжээний хүүгийн хуримтлал үүсгэх замаар хөрөнгөжиж явахынхаа оронд энэ хүн хойшдоо энэ төлбөрийг хийх боломжгүй, чадамжгүй юм байна. Тийм учраас бага дээр нь таслан зогсооё, гэрээгээ дуусгавар болгоё, шүүхэд хандъя гэх эрхээ хэрэгжүүлэхгүй байгаа юм. Нэг ёсондоо зээлдэгчийн өмнө хүлээсэн үүрэг юм. Уг эрхээ эдлэхгүй, зээлдэгчийн өмнө хүлээсэн хариуцлагагүй байгаа үйлдлийг таслан зогсоох үүргээ биелүүлэхгүй байгаагаас болж үндсэн зээлийн 50 хувиас давчихсан хэмжээний хүү тооцогдсон гэжээ.

 

4.Нэхэмжлэгч “Т*******” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

4.1.Хариуцагч нарт 5 удаагийн мэдэгдэх хуудас өгсөн. Тухай бүр уулзах болгонд 1 сарын дараа төлье, 2 сарын дараа төлье, шат дарааллаараа борлуулалт маань эхлэх гэж байна гэдэг байдлаар хугацаа нэлээн алдагдуулсан гэв.

 

5.Нэхэмжлэгч талаас хавтаст хэрэгт улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, “Т*******” ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 20** оны 08 дугаар сарын 21-ний өдрийн дугаар зээл, барьцаа болон эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн дугаар зээлийн болон барьцааны гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, зээлийн өргөдлийн хураамж төлсөн, 50,000,000, 30,000,000 төгрөгийн зээл олгосон, зээл олголтын шимтгэл төлсөн тухай баримтуудын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, зээл хүссэн өргөдлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, зээлдэгчийн зөвшөөрөл гэх баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, үнэлгээний хуудас гэх баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, зээл хүсэгчийн мэдүүлэг гэх баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, зээлдэгчийн анкет гэх баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, бараа материалын үлдэгдлийн жагсаалт гэх баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, борлуулалтын орлогын түүвэр гэх баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, барьцаа хөрөнгийн жагсаалт гэх баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, барьцаа хөрөнгө болох газрын байршил, кадастрын зургийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, М.Х, Д.О нараас Ө.Б*******д олгосон үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалах эрх олгосон итгэмжлэлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн , дугаар гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, зээлийн барьцаа хөрөнгийн үнэлгээг тодорхойлох хүснэгт гэх баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, барьцаа хөрөнгүүдийн фото зургийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, барьцаалсан тээврийн хэрэгслүүдийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, , дугаар зээлийн данснуудын хуулга, зээлийн гэрээний хүүгийн тооцоолол, “Т*******” ХК-ийн 20** оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн “Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл” 01, 202** оны 02 дугаар сарын 23-ны өдрийн “Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх нэмэлт хугацаа олгох мэдэгдэл” 02 дугаар, 20** оны 05 дугаар сарын 02-ны өдрийн “Зээлийн гэрээ цуцлах тухай мэдэгдэл” 03 дугаар, 20** оны 05 дугаар сарын 24-ний өдрийн “Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл” 04 дугаар, 20** оны 10 дугаар сарын 11-ний өдрийн “Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл” 05 дугаар албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, “Т*******ны Нарантуул салбар”-т 20** оны 10 дугаар сарын 11-ний өдөр гаргасан Ө.Байнгын өргөдлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, “Т*******” ХК-д 20** оны 02 дугаар сарын 23-ны өдөр гаргасан Ө.Байнгын хүсэлтийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, зээлдэгчтэй холбоо барьсан тухай мэдээллийн хүснэгт гэх баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

Хариуцагч талаас сөрөг нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримтыг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч “Т*******” ХК-ийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

2.Нэхэмжлэгч “Т*******” ХК нь хариуцагч Ө.Б*******, Г.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 117,929,799.01 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахад гарсан зардал 72,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ зээлдэгч нар нь Т*******тай 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр дугаар зээлийн гэрээ байгуулж, 50,000,000 төгрөгийг сарын 1.7, жилийн 20.4 хувийн хүүтэй 40 сарын хугацаатай, 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр дугаар зээлийн гэрээ байгуулж, 30,000,000 төгрөгийг сарын 1.8 хувь, жилийн 21.6 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай тус тус зээлж авсан боловч зээлийн гэрээг зөрчиж, зээл төлөх хуваарийн дагуу зээлээ эргэн төлөлгүй хугацаа хэтрүүлж, нийт 117,929,799.01 төгрөгийн үлдэгдэлтэй байх тул уг төлбөрийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хануулж өгнө үү гэж тодорхойлжээ.

 

3.Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ нэхэмжлэгч нь зээлийн гэрээний 2.2.1-т зааснаар зээлийн гэрээг цуцлах эрхээ хэрэгжүүлээгүйн улмаас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, мөн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол тодорхойгүй гэж тайлбарлаж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 44,949,697.54 төгрөгийг хасуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргасан.

 

4.Нэхэмжлэгч талаас хариуцагийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ банкны зүгээс зээлээ эргэн төлөхийг удаа дараа шаардахад зээлдэгч нь 1 сарын дараа, 2 сарын дараа төлье, шат дарааллаараа борлуулалт эхлэх гэж байгаа гэх байдлаар хугацаа алдагдуулсан гэж тайлбарлаж байна.

 

5.Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5.1.Талуудын хооронд 20** оны 08 дугаар сарын 21-ний өдөр дугаар зээлийн гэрээ байгуулагдаж, 50,000,000 төгрөгийг сарын 1.7, жилийн 20.4 хувийн хүүтэй 40 сарын хугацаатай, 20** оны 08 дугаар сарын 28-ны өдөр дугаар зээлийн гэрээ байгуулагдаж, 30,000,000 төгрөгийг сарын 1.8 хувь, жилийн 21.6 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай тус тус зээлдүүлсэн. (хавтаст хэргийн 9-24 дэх тал)

5.2.Талуудын хооронд байгуулагдсан 20** оны 08 дугаар сарын 21-ний өдрийн дугаар зээлийн гэрээ 20** оны 05 дугаар сарын 02-ны өдөр цуцлагдсан бөгөөд гэрээ цуцлагдсан өдрийн байдлаар үндсэн зээл 45,357,190.93 төгрөг, зээлийн хүү 11,555,990.42 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 394,907.17 төгрөг, нийт 57,308,088.52 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байна. (хавтаст хэргийн 50, 57 дахь тал)

5.3.Талуудын хооронд байгуулагдсан дугаар зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 20** оны 12 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 27,622,909.91 төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдэл 14,657,420.83 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 1,180,499.59 төгрөг, нийт 43,460,830.33 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байна. (хавтаст хэргийн 53-54 дэх тал)

 

6.Зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ”-ний харилцаа үүссэн байх бөгөөд тус гэрээний дагуу зээлдүүлэгч талаас мөнгөн хөрөнгийг тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, түүний хүүг буцаан төлөх үүрэг үүсжээ.

 

7.Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй”, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсэгт “Зээлийн гэрээний хугацаа дууссан нь тухайн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасны дагуу хариуцагч нар нь зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй.

 

8.Нэхэмжлэгч “Т*******” ХК-ийн 20** оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 03 дугаар “Зээлийн гэрээ цуцлах тухай мэдэгдэл”-ээр дугаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцласан болохыг мэдэгдсэн байх тул талуудын хооронд байгуулагдсан 20** оны 08 дугаар сарын 21-ний өдрийн дугаар зээлийн гэрээг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж заасны дагуу 20** оны 05 дугаар сарын 02-ны өдөр цуцлагдсанд тооцох буюу нэхэмжлэгч нь гэрээ цуцлагдсанаас хойших хугацаанд хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй юм.

 

9.Иймд нэхэмжлэгч нь дээр дурдсан дугаар зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 45,357,190.93 төгрөг, үндсэн хүү 11,555,990.42 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 394,907.17 төгрөг, нийт 57,308,088.52 төгрөгийг хариуцагч нараас шаардах эрхтэй.

 

10.Зээлдэгч нарын зүгээс 20** оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс хойш дугаар зээлийн гэрээний төлбөрийг огт төлөөгүй байх тул тус гэрээний хувьд үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 27,622,909.91 төгрөг, үндсэн хүү 14,657,420.83 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,180,499.59 төгрөг, нийт 43,460,830.33 төгрөг төлөх үүрэгтэй гэх нэхэмжлэгчийн тооцоолол үндэслэлтэй байна.

 

11.Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Ө.Б*******, Г.Б нараас Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасны дагуу дугаар зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 45,357,190.93 төгрөг, үндсэн хүү 11,555,990.42 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 394,907.17 төгрөг, дугаар зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 27,622,909.91 төгрөг, үндсэн хүү 14,657,420.83 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,180,499.59 төгрөг, нийт 101,326,625.89 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

 

12.Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний дагуу хүү, нэмэгдүүлсэн хүү шаардсаныг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт зааснаар үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхгүй, мөн түүнчлэн Компанийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсэгт “Компанийн балансад тусгагдсан биет болон биет бус хөрөнгийн дүнгээс компанийн нийт өр төлбөрийг хасаад үлдсэн хэсгийг компанийн өөрийн хөрөнгө гэнэ” гэж заасан боловч нэхэмжлэгч “Төрийнбанк” ХК-ийн санхүүгийн тайлан хавтаст хэрэгт баримтаар авагдаагүй тохиолдолд нэхэмжлэгчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж дүгнэх боломжгүй юм. Иймд энэ тухай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

13.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар нь зээлийн гэрээний үүргээ эс биелүүлсэн тохиолдолд барьцаа хөрөнгө болох улсын дугаартай, арлын дугаартай, мөнгөлөг өнгөтэй Honda CRV маркийн суудлын автомашин, улсын дугаартай, арлын дугаартай, цагаан өнгөтэй, KIA Frontier маркийн ачааны зориулалттай автомашин, улсын дугаартай арлын дугаартай, цагаан өнгөтэй, Hyundai HD120 цистерн, дизель түлш, гэрийн тавилга, 20 тн юнкос 2 ширхэг, 25 тн юнкос 2 ширхэг, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, морингийн 2 гудамж, 98 тоот хаягт байршилтай 105 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, дугаар гэрчилгээ бүхий хувийн сууц, 695 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн Г- дугаарт бүртгэлтэй, дугаар гэрчилгээтэй өмчлөлийн газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй юм.

 

14.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 817,799 төгрөг, хариуцагчийн урьдчилан төлсөн 382,700 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 734,783.1 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Т*******” ХК-д олгохоор хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453.1, 227 дугаар зүйлийн 227.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Ө.Б*******, Г.Б нараас 101,326,625.89 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т******* ХК-д олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагын 16,603,173.12 төгрөгийн хэсгийг болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ө.Б*******, Г.Б нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл, улсын дугаартай, арлын дугаартай, мөнгөлөг өнгөтэй Honda CRV маркийн суудлын автомашин, улсын дугаартай, арлын дугаартай, цагаан өнгөтэй, KIA Frontier маркийн ачааны зориулалттай автомашин, улсын дугаартай арлын дугаартай, цагаан өнгөтэй, Hyundai HD120 цистерн, дизель түлш, гэрийн тавилга, 20 тн юнкос 2 ширхэг, 25 тн юнкос 2 ширхэг, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, морингийн 2 гудамж, 98 тоот хаягт байршилтай 105 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, дугаар гэрчилгээ бүхий хувийн сууц, 695 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн Г- дугаарт бүртгэлтэй, дугаар гэрчилгээтэй өмчлөлийн газраас үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 817,799 төгрөг, хариуцагчийн урьдчилан төлсөн 382,700 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 734,783.1 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Т*******” ХК-д олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ТӨРБОЛД