Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 364

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

           нарийн бичгийн дарга Х.Дашням,

           улсын яллагч Д.Ууганцэцэг,

            шинжээч Т.Амартүвшин,

            шүүгдэгч/хохирогч/ А.Ш, түүний өмгөөлөгч Д.Бурмаа,

            шүүгдэгч/хохирогч/ Г.О, түүний өмгөөлөгч Н.Цэрэндулам нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х-н овогт А-н Ш, Т овогт Г-н О нарт холбогдох 201726010971 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Увс аймгийн Цагаанхайрхан суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “...” ХХК-д борлуулалтын менежер ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Х-н овгийн А-н Ш /РД:.../

            Монгол Улсын иргэн, 1978 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Увс аймгийн Өндөрхангай суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “...” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... тоотод оршин суух хаягтай боловч Сонгинохайрхан дүүргийн ... дугаар байрны ... тоотод амьдардаг, ял шийтгэлгүй, Т овгийн Г-н О /РД:.../

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч А.Ш нь 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хаан” банкны гадна иргэн Г.О-тай маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Г.О нь 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хаан” банкны гадна талд А.Ш-тай маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын гаргасан хүсэлтийн дагуу дараах нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судаллаа. Үүнд: 

 

Хохирогч Г.О-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Содон хорооллын Хаан банкны теллерт оочирлож байтал нэг үл таних эмэгтэй ирээд урдуур чинь ороотохъё гэж хэлсэн. Тэгэхээр нь би хойшоо гэдийсэн. Тэгтэл тэр эмэгтэй чи яасан пээдгэр хулгайч вэ, би энд өмнө нь үйлчлүүлсэн юм, би юм авах гэсэн юм гэхээр нь би хөлөө авсан. Тэгтэл тэр эмэгтэй надтай хэрүүл өдөөд “чи үхлээ юу эмэгтэй хүн урдуураа оруулчихаар яадаг юм, чи хулгайч юм уу” гэж хэлсэн. Тэгээд би маргалдаж байтал тэр эмэгтэй зүүн хөл рүү 2 удаа өшиглөөд авсан. Тэгэхээр нь би хүмүүсийн хажууд санаа зовоод тэр эмэгтэйг “гаръя” гэж хэлсэн ба би юм тайлбарлаад зогсож байтал үл таних эрэгтэй гараараа миний нүүр лүү нэг удаа цохиод авсан. Тэгэхээр нь би гартаа байсан мөнгөө болон цүнхээ газар хаяад тэр хүнтэй ноцолдсон ба тэгээд цагдаад дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-23х/

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн үед өмсөж явсан куртик, фудболк урагдсан. Би эмчилгээ хийлгээгүй. Эмчилгээний зардал гэж нэхэмжлэх зүйл байхгүй.  Өмгөөлөгчийн хөлс, цэнхэр куртик, фудболк урагдсан тухайн зардлуудыг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 5895 тоот дүгнэлтэд: “1/ Г.О-н биед уруулын салстад өнгөц язарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацарт зөөлөн эдийн няцрал, хүзүү, цээжний хэсэгт цэгчилсэн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2/ Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. 3/ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4/ Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэжээ. /хх-ийн 44х/

 

            Хохирогч А.Ш-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2017 оны 5 дугаар сарын 01-ний өглөө ажил дээрээ байж байтал манай эхнэр утсаар залгаад Хаан банк дээр хүн дээрлэхээд, хэл амаар доромжлоод байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би Содон хорооллын Хаан банкны гадаа яваад очсон чинь банкны гадаа манай эхнэрийг нэг танихгүй залуу цамцны захаас нь барьчихсан зогсож байсан. Тэгээд би очоод тэр хүнд яаж байгаа юм бэ гэж асуусан чинь тэр залуу эхнэрийн чинь буруу гээд орилоод байсан. Тэгэхээр нь би эхнэрээсээ яасан юм бэ гэж асуухад манай эхнэр надад энэ хүн банк дотор хэл амаар доромжилсон, бас намайг зодно гэж хэлээд банкнаас чирч гаргаж ирсэн гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр хүний шанаа руу гараараа нэг удаа цохисон. Тэгтэл тэр хүн гараараа миний нүүр лүү нэг удаа цохисон бас хоёроос гурван удаа толгойгоороо миний нүүр лүү мөргөсөн. Тэгээд тэнд байсан хүмүүс салгасан. Тухайн үед миний фудболк урагдчихсан байсан учраас машиндаа ороод сууж байтал нэг эмэгтэй ирээд ямар даварчихсан юмнууд вэ гэж хэлээд миний духыг хумсаараа маажсан. Тэгтэл нөхөр нь машины хаалга ойнгойлгоод гараараа миний нүүр лүү 2-3 удаа цохисон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-18х/

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: О миний шанаа руу цохиж, 2-3 удаа цээж рүү мөргөсөн. Би тархины зураг авахуулсан. Миний фудболк урагдсан. Би эмчилгээ хийлгээгүй, толгойны зураг 50.000 төгрөгөөр авахуулсан. Нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 5900 тоот дүгнэлтэд: “1/ А.Ш-н биед тархи доргилт, дух, зүүн гарын 2,3-р хуруу, хүзүү цээжний зулгаралт, зүүн тавхайн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2/ Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3/ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4/ Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5/ Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой...” гэжээ. /хх-ийн 44х/

 

Шинжээч Т.Амартүвшингийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...А.Ш-н биед биечлэн үзлэг хийсэн, мөн томографийн зургийг харж дүгнэлт гаргасан. А.Ш-н толгой өвддөг, дүүрдэг гэсэн зовиуртай, духны зүүн хэсэгт зулгаралттай, зүүн гарын дунд хуруунд зулгаралт, хүзүү, цээжинд зулгаралт, зүүн тавхайн ар хэсэг эмзэглэлтэй, голомт өөрчлөлтгүй, гавал ясанд гэмтэлгүй, тархи доргилт гэсэн гэмтэлтэй байсан байна. Тухайн гэмтлүүд мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. А.Ш-н тавхайн ар хэсэгт дарахад эмзэглэлтэй байсан. Явахад бэрхшээлтэй учир зөөлөн эдийн няцрал гэж үздэг. Эвгүй гишгэх, түлхэгдэх юманд цохих үед няцралт үүсч болно. Гэмт хэрэг үйлдэгдэх үед үүссэн байх боломжтой. А.Шт хүч үйлчилж байж дархи доргилт гэмтэл үүсгэгдэнэ. Тархи доргилт нь ноцолдох, цохих үед үүсэж болно. Харин А.Ш нь  хүн зодож байх үедээ өөртөө дээрх гэмтлийг учруулах боломжгүй, гадны хүч үйлчилж байж учирна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 93-94х/

 

Гэрч Ш.М-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 7 дугаар цонхон дээр эрэгтэй, эмэгтэй 2 хүн оочирлож байгаад маргалдсан. Тэр 2 хүний эрэгтэй нь оочирлож байхад нь эмэгтэй нь урдуур нь гарахдаа эрэгтэйнхээ хөл дээр гишгэсэн юм шиг байна лээ. Тэгээд тэр 2 маргалдаад байхаар нь би “та 2 боль үйлчилгээний газар байна” гэж хэлсэн. Тэгтэл тэр эрэгтэй, эмэгтэй 2 хүн банкнаас гарсан. Тэр 2 хүн гарснаас хойш удалгүй банкинд үйлчлүүлэхээр орж ирсэн хүн гадаа чинь хүмүүс зодолдоод байна гэж хэлсэн. Тэгээд би банкнаас гарсан чинь банкны үүдэнд 2 залуу хоорондоо зодолдож байсан бөгөөд би тэр  2 хүнийг салгах гэсэн боловч дийлдэхгүй байсан. Тэгээд манай банкны харилцагчийн зөвлөх цагдаад дуудлага өгсөн байсан. Тэр 2 зодолдож байсан хүний нэг нь манай банкин дотор  эмэгтэй хүнтэй маргалдаад гарсан залуу байсан бөгөөд  тэр хүнтэй  зодолдож байсан эрэгтэйг нь  хараагүй хүн байсан. Тэгээд удалгүй цагдаа ирээд тэдгээр хүмүүсийг аваад явсан. Банкин дотор эрэгтэй, эмэгтэй 2 хүн маргалдаад эхлэхээр нь шууд тэр 2 хүний хажууд очсон бөгөөд  тэр 2 хүн бие биенийгээ цохиж зодсон зүйл байхгүй. Банкны гадаа гарахад манай банкинд үйлчлүүлж байсан залуу нэг залуутай  бие биенийгээ заамдаад авчихсан байсан бөгөөд  тэр 2 хүн бие биенийгээ цохиж зодож байхыг бол хараагүй. Газар мөнгө болон цүнх байсныг манай харилцагчийн зөвлөх  ажилтан оруулж ирсэн. Тэр 2 залуу бие биенийгээ толгойгоороо мөргөх гээд байсан. ..” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-29х/

 

Гэрч Б.Б-н  мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2017 оны 5 дугаар сарын 01-ний өглөө 09 цаг өнгөрөөгөөд ажилдаа гарсан. Би Хаан банкны бэлэн мөнгөний машинаас мөнгө авахаар Содон хорооллын Хаан банкны бэлэн мөнгөний машин руу алхаж явтал манай байгууллагад ажилладаг Ш гэдэг залуу эрэгтэй эмэгтэй хоёр хүнтэй маргалдаж байсан бөгөөд Ш машин дотроо сууж байсан. Тэгтэл Ш-тай маргалдаж байсан эмэгтэй нь цонхоор гараа оруулаад Ш-н нүүрийг самардсан. Тэгтэл цаанаас нь эрэгтэй нь
Ш-н нүүр лүү хэд хэдэн удаа гараараа цохиод авахаар нь би эрэгтэйг нь
араас нь бариад авсан чинь эмэгтэй нь Ш луу дайрч зодохоо больсон. Тэгээд би Ш луу дайраад байсан залууг тавьчихсан чинь тэр залуу Ш-н эхнэрийн нүүр лүү нь цохих шиг болсон эхнэр нь цаашаа найгаж байгаад зогсож байсан бөгөөд тэд нар хоорондоо хэрэлдээд байхаар нь цаашаа банк руу орж бэлэн мөнгөний машинаас мөнгө авчихаад гараад иртэл цагдаа нар ирчихсэн байсан. Тэгээд би яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31х/

 

            Гэрч Ж.О-н  мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 5 дугаар сарын 01-ний өглөө би 09 цагт банк нээнгүүт Содон хорооллын Хаан банк руу орж гүйлгээ хийчихээд гарсан ба хуулгаа авахаар буцаад теллер дээрээ очих гэтэл хүмүүс оочирлож байхаар нь тэр оочерын дөрөвт зогсож байсан залуугаас хажуугаар нь зөрөөд гаръя гэтэл холдохгүй байсан. Тэгээд би тэр хүнд 4-5 удаа зөрье гэж давтаж хэлтэл тоохгүй байхаар нь хажуугаар нь гартал тэр залуу намайг хөдөө царайлсан бүдүүн авгай багтаад гарахгүй юу, өмхий амтай гэх зэргээр хүн доромжлоод байхаар нь чи яагаад хүн доромжлоод байгаа юм гэтэл хазгай хэлтэй чам шиг юм банкнаас зээл авах гээд яваа шүү дээ гэж хэл амаар доромжлоод байхаар нь би тэр залууд би хүүхэд хөтөлчихсөн гартаа том цүнх барьчихсан багтахгүй байсан учраас би таныг холдож байгаач гэж хэлсэн шүү дээ гэж хэлтэл банкны харуул болон харилцааны менежер гэж хүн бас ирсэн. Тэгтэл тэр залуу гартаа барьж байсан цүнхээ цааш нь нэг залууд өгснөө миний цамцны захнаас гараараа барьж аваад татаад банкаас гарсан. Тэгэхээр нь би эрэгтэй хүмүүс гарчихаад зодолддог юм байна лээ, чи намайг яах гэж байгаа юм гэтэл тэр залуу миний толгой руу гараараа цохих гээд хоёр удаа зангасан. Тэгэхээр нь би нөхөр лүүгээ утсаар залгаад нөхрийгөө дуудсан. Тэгээд манай нөхөр ирэхэд нөгөө залуу намайг барьчихсан зогсож байсан. Тэгтэл манай нөхөр ирээд чи хүүхэдтэй хүн яагаад байгаа юм гээд бие биенийгээ заамдаж авсан ба тэгээд л бие биетэйгээ зууралдаад бие биенийхээ фудболкийг ураад байсан. Тэгтэл хүмүүс салгасан юм. Тэгээд л манай нөхөр тэр залууд за одоо больё хөгшөөн би одоо ажилтай чи эмэгтэй хүнтэй ингэж маргалдаж байдаг гэж хэлээд манай нөхөр машиндаа ороод сууж байтал нөгөө залуу эхнэрийгээ дагуулаад ирсэн бөгөөд эхнэр нь чамайг хэн зодсон гэнээ гэж асуусан чинь тэр залуу энэ хүн гээд манай нөхрийг заасан чинь тэр эмэгтэй шууд машины хажууд ирээд манай нөхрийг нүүрийг хэд хэдэн удаа маажсан бас нөхөр нь хажуугаар нь орж ирээд манай нөхөр Ш-н нүүр лүү хоёроос гурван удаа цохиод авсан, тэгтэл бас хүмүүс цаанаас нь салгасан юм. Эхнэр нь цаана очсоноо энэ муусан комнуудын асуудлыг нь шийдээд өгье л дөө эд нарыг харваас захын муусан грушкууд байна, цагдаа дуудаад асуудлыг нь шийдээд өг гээд орилоод байсан. Тэгээд маргалдаж байтал удалгүй цагдаа нар ирсэн юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30х/

 

                  Гэрч Э.О-н  мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 5 дугаар сарын 01-ний өглөө манай нөхөр О зээл хөөцөлдөнө гээд гэрээс гарсан. Тэгээд хэсэг хугацааны дараа миний утас руу манай нөхөр залгаад Хаан банкны гадаа байна, чи хүрээд ир гэхээр нь би Содон хороололын Хаан банкны гадаа ирэхэд нөхөр О нь хар өнгийн Харер маркын машины урд амнаас болон толгойноос нь цус гарсан, фудболк нь урагдсан, куртикгүй зогсож байхаар нь юу болсон талаар нь асуусан чинь нэг эмэгтэй хүнтэй маргалдсан чинь нөхөр нь ирээд энэ хоёр хүн зодчихоод явах гээд байна гэж хэлсэн. Тэгтэл тэр машин дотроос яагаан куртиктэй намхан эмэгтэй, саравчтай малгай өмссөн махлаг залуу хоёр бууж ирсэн. Тэгээд яасан юу болсон гэж асуугаад та нар энэ том зайн дээр зохицоод гарчихгүй гэтэл машинаас бууж ирсэн эрэгтэй, эмэгтэй хоёр чи сүүлд ирчихээд юу ч мэдэхгүй байж гээд над руу дайраад байсан. Тэгсэн чинь О намайг цүнх, мөнгөө энд хаячихсан байгаа тэрнийг авахуулахаар намайг дуудсан байсан юм байна лээ. Тэгтэл хаан банкны хамгаалагч нь гарч ирээд цүнх мөнгө нь надад байгаа орж ирээд цүнх мөнгөө аваарай гэж хэлсэн. Тэгээд удалгүй цагдаа нар ирсэн. Тэгээд би нэг цагдаатай хамт банк руу орж
хамгаалагчаас нь цүнх болон мөнгийг нь авсан. Тэгээд цагдаа манай нөхөр болон
тэр хүмүүсийг аваад явсан ба би араас нь Баянхошууны цагдаагийн хэлтэс дээр
ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39-41х/

 

                  Гэрч Д.М-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэр өдөр би банкинд оочир авчихаад гартал О эгчийн нөхөр О-тай зодолдож байсан. О-н футболк нь урагдсан байдалтай цээж нь ил гарчихсан байсан.  ...Ерөнхийдөө хоёулаа бие биенийгээ цохиод зодолдоод байсан. Тэгээд хүмүүс салгасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 98-99х/

 

                  Шүүгдэгч А.Ш-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2017 оны 5 дугаар сарын 01-ний өглөө ажил дээрээ байж байтал манай эхнэр утсаар залгаад Хаан банкин дээр хүн дээрлэхээд, хэл амаар доромжилоод байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би Содон хорооллын Хаан банкны гадаа яваад очсон чинь банкны гадаа манай эхнэрийг нэг танихгүй залуу цамцны захнаас барьчихсан зогсож байсан. Тэгээд би очоод тэр хүнд яаж байгаа юм гэж асуусан чинь тэр залуу эхнэрийн чинь буруу гээд орилоод байсан. Тэгэхээр нь би эхнэрээсээ яасан юм бэ гэж асуусан чинь манай эхнэр надад энэ хүн банкин дотор хэл амаар доромжилсон бас намайг зодно гэж хэлээд банкнаас чирч гаргаж ирсэн гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр хүний шанаа руу нь гараараа нэг удаа цохиод авсан. Тэгтэл тэр хүн гараараа миний нүүр лүү нэг удаа цохисон бас хоёроос гурван удаа толгойгоороо миний нүүр лүү мөргөсөн. Тэгээд тэнд байсан хүмүүс салгасан юм. Тухайн үед миний фудболк урагдчихсан байсан учраас машиндаа ороод сууж байтал нэг эмэгтэй ирээд ямар даварчихсан юмнууд вэ гэж хэлээд миний духыг хумсаараа маажсан. Тэгтэл нөхөр нь машины хаалга ойнгойлгоод гараараа миний нүүр лүү хоёроос гурван удаа цохисон. Тэгтэл бас хүмүүс салгасан. Тэгээд би машинаасаа буусан ба миний нүүрийг маажсан эмэгтэй нь намайг халтар бацаан, чи муу ачигч хийдэг юм уу гэх мэтээр хэл амаар доромжилсон. Тэгээд байж байтал цагдаа нар ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 53-54, 70-71, 107-108х/

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

 

                  Шүүгдэгч Г.О-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны Содон хорооллын Хаан банкны теллер дээр оочирлоож зогсож байтал нэг үл таних эмэгтэй ирээд урдуур чинь ороотхъё гэж хэлсэн. Тэгэхээр нь би хойшоо гэдийсэн. Тэгтэл тэр эмэгтэй чи яасан пээдгэр хулгайч вэ, би энд өмнө нь үйлчлүүлсэн юм, би юм авах гэсэн юм гэхээр нь би хөлөө авсан. Тэгтэл тэр эмэгтэй надтай хэрүүл өдөөд чи үхлээ юу, эмэгтэй хүн урдуураа оруулчихаар яадаг юм чи хулгайч юм уу, гэж хэлсэн. Тэгээд би маргалдаж байтал тэр эмэгтэй намайг 2 удаа өшиглөөд авсан. Тэгэхээр нь би хүмүүсийн хажууд санаа зовоод тэр эмэгтэйг гаръя гэж хэлсэн ба би юм тайлбарлаад зогсож байтал үл таних эрэгтэй гараараа миний нүүр лүү нэг удаа цохиод авсан. Тэгэхээр нь би гартаа байсан мөнгөө болон цүнхээ газар хаяаад тэр хүнээс өөрийгөө хамгаалж тэр хүнтэй ноцолдсон. Тэгээд цагдаад дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 58-59, 64-65, 110-111х/

                  Мөн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр нэг дэх өдөр байсан. Би Хаан банкнаас зээл авах санаатай хар цүнхэнд бичиг баримтаа хийсэн, вип теллерт дугаарлаж мөнгөө тоолоод зогсож байсан. Тэгсэн нэг эмэгтэй зөрөөдөхье гэж хэлсэн. Би хойшоо ухрахад ард зогсож байсан эмэгтэйгийн цүнх тулсан. Тэгсэн тухайн эмэгтэй “чи ямар пээдгэр пизда вэ” гэж хэлэхэд нь би “ард хүн тулж байна” гэж хэлсэн. Тухайн эмэгтэй над руу дайраад байсан. Би бүдүүлэг гэж хэлсэн чинь бүдүүн гэж сонссон юм шиг байсан. Тухайн эмэгтэй миний хөл рүү хоёр удаа өшиглөсөн. Тухайн эмэгтэйтэй банкнаас гараад нэг гартаа цүнх, нөгөө гартаа мөнгө барьсан байхад. Ш хүрч ирээд баруун гараа мөрөн дээр тавиад миний нүүр рүү цохисон. Намайг боогоод куртик, фудболк урсан. Би тэсэхээ байгаад гартаа барьж байсан цүнх, мөнгө хоёроо шидсэн. Ш машиндаа суугаад явах гээд байсан. Би мөнгө дутаж магадгүй гэж бодоод Ш-г явуулаагүй. Тэгээд би эхнэрээ дуудсан. Би Ш-г цохиогүй, зодолдох сэдэлт байгаагүй. Би байцаагчид урагдсан фудболк аваач, камер шүүгээд өгөөч гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

 

                  А.Ш-н хувийн байдалтай холбоотой баримтууд:

            Гэрч Ж.Т-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...А.Ш бол манай байгууллагад ажиллаж байгаа бөгөөд хамгийн доод ажлаас нь эхлээд дэвшсээр байгаа. Одоо худалдааны төлөөлөгчийн ажил хийж байгаа. А.Ш бол ажилч, хичээнгүй, тайван, дөлгөөн зантай, удаан хөдөлгөөнтэй хүн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-36х/

            Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 76х/

            Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 75х/

            Өргөмжлөл, жуух бичгүүдийн хуулбар /хх-ийн 79-84х/

 

                  Г.О-н хувийн байдалтай холбоотой баримтууд:

            Гэрч Ц.С-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Г.О бол түргэн ааш байхгүй, хүнд тусархуу зантай, их даруухан хүн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-36х/

            Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 73х/

            Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 72х/

... ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, компанийн дүрэм /шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгч Н.Ц-н гаргаж өгсөн 3 хуудас баримт/ зэрэг болно.

 

            Шүүхийн дүгнэлтийн талаар:

            Шүүхийн  хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг өөр хооронд нь харьцуулан судалж үзэхэд;

            2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хаан” банкны гадна талд  А.Ш, Г.О нь хоорондоо маргалдан зодолдож, бие биенийхээ эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Г.О-н мөрдөн байцаалтын шатанд  болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Содон хорооллын Хаан банкны теллерт оочирлож байтал нэг үл таних эмэгтэй ирээд урдуур чинь ороотохъё гэж хэлсэн. Тэгэхээр нь би хойшоо гэдийсэн. Тэгтэл тэр эмэгтэй чи яасан пээдгэр хулгайч вэ, би энд өмнө нь үйлчлүүлсэн юм, би юм авах гэсэн юм гэхээр нь би хөлөө авсан. Тэгтэл тэр эмэгтэй надтай хэрүүл өдөөд “чи үхлээ юу эмэгтэй хүн урдуураа оруулчихаар яадаг юм, чи хулгайч юм уу” гэж хэлсэн. Тэгээд би маргалдаж байтал тэр эмэгтэй зүүн хөл рүү 2 удаа өшиглөөд авсан. Тэгэхээр нь би хүмүүсийн хажууд санаа зовоод тэр эмэгтэйг “гаръя” гэж хэлсэн ба би юм тайлбарлаад зогсож байтал үл таних эрэгтэй гараараа миний нүүр лүү нэг удаа цохиод авсан. Тэгэхээр нь би гартаа байсан мөнгөө болон цүнхээ газар хаяад тэр хүнтэй ноцолдсон ба тэгээд цагдаад дуудлага өгсөн.Тухайн үед өмсөж явсан куртик, фудболк урагдсан. Би эмчилгээ хийлгээгүй. Эмчилгээний зардал гэж нэхэмжлэх зүйл байхгүй.  Өмгөөлөгчийн хөлс, цэнхэр куртик, фудболк урагдсан тухайн зардлуудыг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-23х, шүүх хуралдааны тэмдэглэл/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 5895 тоот дүгнэлтэд: “1/ Г.О-н биед уруулын салстад өнгөц язарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацарт зөөлөн эдийн няцрал, хүзүү, цээжний хэсэгт цэгчилсэн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2/ Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. 3/ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4/ Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэжээ. /хх-ийн 44х/

 

            Хохирогч А.Ш-н мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2017 оны 5 дугаар сарын 01-ний өглөө ажил дээрээ байж байтал манай эхнэр утсаар залгаад Хаан банк дээр хүн дээрлэхээд, хэл амаар доромжлоод байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би Содон хорооллын Хаан банкны гадаа яваад очсон чинь банкны гадаа манай эхнэрийг нэг танихгүй залуу цамцны захаас нь барьчихсан зогсож байсан. Тэгээд би очоод тэр хүнд яаж байгаа юм бэ гэж асуусан чинь тэр залуу эхнэрийн чинь буруу гээд орилоод байсан. Тэгэхээр нь би эхнэрээсээ яасан юм бэ гэж асуухад манай эхнэр надад энэ хүн банк дотор хэл амаар доромжилсон, бас намайг зодно гэж хэлээд банкнаас чирч гаргаж ирсэн гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр хүний шанаа руу гараараа нэг удаа цохисон. Тэгтэл тэр хүн гараараа миний нүүр лүү нэг удаа цохисон бас хоёроос гурван удаа толгойгоороо миний нүүр лүү мөргөсөн. Тэгээд тэнд байсан хүмүүс салгасан. Тухайн үед миний фудболк урагдчихсан байсан учраас машиндаа ороод сууж байтал нэг эмэгтэй ирээд ямар даварчихсан юмнууд вэ гэж хэлээд миний духыг хумсаараа маажсан. Тэгтэл нөхөр нь машины хаалга ойнгойлгоод гараараа миний нүүр лүү 2-3 удаа цохисон. О миний шанаа руу цохиж, 2-3 удаа цээж рүү мөргөсөн. Би тархины зураг авахуулсан. Миний фудболк урагдсан. Би эмчилгээ хийлгээгүй, толгойны зураг 50.000 төгрөгөөр авахуулсан. Нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-18х, шүүх хуралдааны тэмдэглэл/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 5900 тоот дүгнэлтэд: “1/ А.Ш-н биед тархи доргилт, дух, зүүн гарын 2,3-р хуруу, хүзүү цээжний зулгаралт, зүүн тавхайн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2/ Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3/ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4/ Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5/ Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой...” гэжээ. /хх-ийн 44х/

 

Шинжээч Т.Амартүвшингийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...А.Ш-н биед биечлэн үзлэг хийсэн, мөн томографийн зургийг харж дүгнэлт гаргасан. А.Ш-н толгой өвддөг, дүүрдэг гэсэн зовиуртай, духны зүүн хэсэгт зулгаралттай, зүүн гарын дунд хуруунд зулгаралт, хүзүү, цээжинд зулгаралт, зүүн тавхайн ар хэсэг эмзэглэлтэй, голомт өөрчлөлтгүй, гавал ясанд гэмтэлгүй, тархи доргилт гэсэн гэмтэлтэй байсан байна. Тухайн гэмтлүүд мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. А.Ш-н тавхайн ар хэсэгт дарахад эмзэглэлтэй байсан. Явахад бэрхшээлтэй учир зөөлөн эдийн няцрал гэж үздэг. Эвгүй гишгэх, түлхэгдэх юманд цохих үед няцралт үүсч болно. Гэмт хэрэг үйлдэгдэх үед үүссэн байх боломжтой. А.Шт хүч үйлчилж байж дархи доргилт гэмтэл үүсгэгдэнэ. Тархи доргилт нь ноцолдох, цохих үед үүсэж болно. Харин А.Ш нь  хүн зодож байх үедээ өөртөө дээрх гэмтлийг учруулах боломжгүй, гадны хүч үйлчилж байж учирна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

 

Гэрч Ш.М-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 7 дугаар цонхон дээр эрэгтэй, эмэгтэй 2 хүн оочерлож байгаад маргалдсан. Тэр 2 хүний эрэгтэй нь оочерлож байхад нь эмэгтэй нь урдуур нь гарахдаа эрэгтэйнхээ хөл дээр гишгэсэн юм шиг байна лээ. Тэгээд тэр 2 маргалдаад байхаар нь би “та 2 боль үйлчилгээний газар байна” гэж хэлсэн. Тэгтэл тэр эрэгтэй, эмэгтэй 2 хүн банкнаас гарсан. Тэр 2 хүн гарснаас хойш удалгүй банкинд үйлчлүүлэхээр орж ирсэн хүн гадаа чинь хүмүүс зодолдоод байна гэж хэлсэн. Тэгээд би банкнаас гарсан чинь банкны үүдэнд 2 залуу хоорондоо зодолдож байсан бөгөөд би тэр  2 хүнийг салгах гэсэн боловч дийлдэхгүй байсан. Тэгээд манай банкны харилцагчийн зөвлөх цагдаад дуудлага өгсөн байсан. Тэр 2 зодолдож байсан хүний нэг нь манай банкин дотор  эмэгтэй хүнтэй маргалдаад гарсан залуу байсан бөгөөд  тэр хүнтэй  зодолдож байсан эрэгтэйг нь  хараагүй хүн байсан. Тэгээд удалгүй цагдаа ирээд тэдгээр хүмүүсийг аваад явсан. Банкин дотор эрэгтэй, эмэгтэй 2 хүн маргалдаад эхлэхээр нь шууд тэр 2 хүний хажууд очсон бөгөөд  тэр 2 хүн бие биенийгээ цохиж зодсон зүйл байхгүй. Банкны гадаа гарахад манай банкинд үйлчлүүлж байсан залуу нэг залуутай  бие биенийгээ заамдаад авчихсан байсан бөгөөд  тэр 2 хүн бие биенийгээ цохиж зодож байхыг бол хараагүй. Газар мөнгө болон цүнх байсныг манай харилцагчийн зөвлөх  ажилтан оруулж ирсэн. Тэр 2 залуу бие биенийгээ толгойгоороо мөргөх гээд байсан. ..” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-29х/

 

Гэрч Б.Б-н  мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Ш гэдэг залуу эрэгтэй эмэгтэй хоёр хүнтэй маргалдаж байсан бөгөөд Ш машин дотроо сууж байсан. Тэгтэл Ш-тай маргалдаж байсан эмэгтэй нь цонхоор гараа оруулаад Ш-н нүүрийг самардсан. Тэгтэл цаанаас нь эрэгтэй нь
Ш-н нүүр лүү хэд хэдэн удаа гараараа цохиод авахаар нь би эрэгтэйг нь
араас нь бариад авсан чинь эмэгтэй нь Ш луу дайрч зодохоо больсон. Тэгээд би Ш луу дайраад байсан залууг тавьчихсан чинь тэр залуу Ш-н эхнэрийн нүүр лүү нь цохих шиг болсон эхнэр нь цаашаа найгаж байгаад зогсож байсан бөгөөд тэд нар хоорондоо хэрэлдээд байхаар нь цаашаа банк руу орж бэлэн мөнгөний машинаас мөнгө авчихаад гараад иртэл цагдаа нар ирчихсэн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31х/

 

            Гэрч Ж.О-н  мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 5 дугаар сарын 01-ний өглөө би 09 цагт банк нээнгүүт Содон хорооллын Хаан банк оочерын дөрөвт зогсож байсан залуугаас хажуугаар нь зөрөөд гаръя гэтэл холдохгүй байсан. Тэгээд би тэр хүнд 4-5 удаа зөрье гэж давтаж хэлтэл тоохгүй байхаар нь хажуугаар нь гартал тэр залуу намайг хөдөө царайлсан бүдүүн авгай багтаад гарахгүй юу, өмхий амтай гэх зэргээр хүн доромжлоод байхаар нь чи яагаад хүн доромжлоод байгаа юм гэтэл хазгай хэлтэй чам шиг юм банкнаас зээл авах гээд яваа шүү дээ гэж хэл амаар доромжлоод байхаар нь би тэр залууд би хүүхэд хөтөлчихсөн гартаа том цүнх барьчихсан багтахгүй байсан учраас би таныг холдож байгаач гэж хэлсэн шүү дээ гэж хэлтэл банкны харуул болон харилцааны менежер гэж хүн бас ирсэн. Тэгтэл тэр залуу гартаа барьж байсан цүнхээ цааш нь нэг залууд өгснөө миний цамцны захнаас гараараа барьж аваад татаад банкаас гарсан. Тэгэхээр нь би эрэгтэй хүмүүс гарчихаад зодолддог юм байна лээ, чи намайг яах гэж байгаа юм гэтэл тэр залуу миний толгой руу гараараа цохих гээд хоёр удаа зангасан. Тэгэхээр нь би нөхөр лүүгээ утсаар залгаад нөхрийгөө дуудсан. Тэгээд манай нөхөр ирэхэд нөгөө залуу намайг барьчихсан зогсож байсан. Тэгтэл манай нөхөр ирээд чи хүүхэдтэй хүн яагаад байгаа юм гээд бие биенийгээ заамдаж авсан ба тэгээд л бие биетэйгээ зууралдаад бие биенийхээ фудболкийг ураад байсан. Тэгтэл хүмүүс салгасан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30х/

 

                  Гэрч Э.О-н  мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 5 дугаар сарын 01-ний өглөө манай нөхөр О зээл хөөцөлдөнө гээд гэрээс гарсан. Тэгээд хэсэг хугацааны дараа миний утас руу манай нөхөр залгаад Хаан банкны гадаа байна, чи хүрээд ир гэхээр нь би Содон хороололын Хаан банкны гадаа ирэхэд нөхөр О нь хар өнгийн Харер маркын машины урд амнаас болон толгойноос нь цус гарсан, фудболк нь урагдсан, куртикгүй зогсож байхаар нь юу болсон талаар нь асуусан чинь нэг эмэгтэй хүнтэй маргалдсан чинь нөхөр нь ирээд энэ хоёр хүн зодчихоод явах гээд байна гэж хэлсэн. Тэгтэл тэр машин дотроос яагаан куртиктэй намхан эмэгтэй, саравчтай малгай өмссөн махлаг залуу хоёр бууж ирсэн. Тэгээд яасан юу болсон гэж асуугаад та нар энэ том зайн дээр зохицоод гарчихгүй гэтэл машинаас бууж ирсэн эрэгтэй, эмэгтэй хоёр чи сүүлд ирчихээд юу ч мэдэхгүй байж гээд над руу дайраад байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39-41х/

 

                  Гэрч Д.М-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэр өдөр би банкинд оочир авчихаад гартал О эгчийн нөхөр О-тай зодолдож байсан. О-н футболк нь урагдсан байдалтай цээж нь ил гарчихсан байсан.  ...Ерөнхийдөө хоёулаа бие биенийгээ цохиод зодолдоод байсан. Тэгээд хүмүүс салгасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 98-99х/

 

                  Шүүгдэгч А.Ш-н мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...манай эхнэрийг нэг танихгүй залуу цамцны захнаас барьчихсан зогсож байсан. Тэгээд би очоод тэр хүнд яаж байгаа юм гэж асуусан чинь тэр залуу эхнэрийн чинь буруу гээд орилоод байсан. Тэгэхээр нь би эхнэрээсээ яасан юм бэ гэж асуусан чинь манай эхнэр надад энэ хүн банкин дотор хэл амаар доромжилсон бас намайг зодно гэж хэлээд банкнаас чирч гаргаж ирсэн гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр хүний шанаа руу нь гараараа нэг удаа цохиод авсан. Тэгтэл тэр хүн гараараа миний нүүр лүү нэг удаа цохисон бас хоёроос гурван удаа толгойгоороо миний нүүр лүү мөргөсөн. Тэгээд тэнд байсан хүмүүс салгасан юм. Тухайн үед миний фудболк урагдчихсан байсан учраас машиндаа ороод сууж байтал нэг эмэгтэй ирээд ямар даварчихсан юмнууд вэ гэж хэлээд миний духыг хумсаараа маажсан. Тэгтэл нөхөр нь машины хаалга ойнгойлгоод гараараа миний нүүр лүү хоёроос гурван удаа цохисон. Тэгтэл бас хүмүүс салгасан. Тэгээд би машинаасаа буусан ба миний нүүрийг маажсан эмэгтэй нь намайг халтар бацаан, чи муу ачигч хийдэг юм уу гэх мэтээр хэл амаар доромжилсон. Тэгээд байж байтал цагдаа нар ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 53-54, 70-71, 107-108х, шүүх хуралдааны тэмдэглэл/

 

                  Шүүгдэгч Г.О-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Хаан банкны теллер дээр оочирлоож зогсож байтал нэг үл таних эмэгтэй ирээд урдуур чинь ороотохъё гэж хэлсэн. Тэгэхээр нь би хойшоо гэдийсэн. Тэгтэл тэр эмэгтэй чи яасан пээдгэр хулгайч вэ, би энд өмнө нь үйлчлүүлсэн юм, би юм авах гэсэн юм гэхээр нь би хөлөө авсан. Тэгтэл тэр эмэгтэй надтай хэрүүл өдөөд чи үхлээ юу, эмэгтэй хүн урдуураа оруулчихаар яадаг юм чи хулгайч юм уу, гэж хэлсэн. Тэгээд би маргалдаж байтал тэр эмэгтэй намайг 2 удаа өшиглөөд авсан. Тэгэхээр нь би хүмүүсийн хажууд санаа зовоод тэр эмэгтэйг гаръя гэж хэлсэн ба би юм тайлбарлаад зогсож байтал үл таних эрэгтэй гараараа миний нүүр лүү нэг удаа цохиод авсан. Тэгэхээр нь би гартаа байсан мөнгөө болон цүнхээ газар хаяаад тэр хүнээс өөрийгөө хамгаалж тэр хүнтэй ноцолдсон.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 58-59, 64-65, 110-111х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

             

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож, шүүгдэгчийн сэжигтэн, ялллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан,  мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч А.Ш, Г.О нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.     

Тус гэмт хэрэг гарах болсон шалтгаан нь Ж.О нь Хаан банкинд оочирлож байсан иргэн Г.О-н урдуур гарах гэсэн, Г.О нь зай тавьж өгөөгүй, өгөх боломж байгаагүй гэх асуудлаас үүдэн өөр хоорондоо маргалдан улмаар хамтдаа банкнаас гарсан төдийгүй Ж.О нь өөрийн нөхөр болох А.Ш-г дуудан ирүүлнээр Г.О, А.Ш нар нь хоорондоо хэл амаар ойлголцож зохицуулахын оронд харилцан бие биенээ заамдах, барьцалдаж авах, цохилцох зэргээр бие биенийнхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулахад хүргэсэн байна.

 Шүүгдэгч Г.О-н өмгөөлөгч Н.Цэрэндулам нь “хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г.О нь хохирогч А.Ш-н эрүүл мэндэд хохирол учруулсан гэдэг нь тогтоогдохгүй байна, иймд Г.О-г хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх санал гаргасныг хүлээн авах боломжгүй байна.

Учир нь; Г.О, А.Ш нарын хохирогчоор өгсөн “бие биендээ хэрхэн зодуулсан талаарх” мэдүүлгүүд, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 5900 тоот дүгнэлт, тус дүгнэлтэд тусгагдсан хохирогч А.Ш-н эрүүл мэндэд учирсан тархи доргилт гэмтэл нь шууд хүч үйлчилснээс үүсэх боломжтой, өөрөө үүсэх боломжгүй талаарх шинжээч Т.Амартүвшингийн мэдүүлэг, мөн А.Ш, Г.О нарыг харилцан зодолдож байсан талаар мэдүүлсэн гэрч Ш.М-н “банкинд үйлчлүүлэхээр орж ирсэн хүн гадаа чинь хүмүүс зодолдоод байна гэж хэлсэн, гараад очиход 2 залуу заамдалцсан байсан ба бие биенээ мөргөх гээд байсан” гэж, гэрч Б.Б-н  “тэр эрэгтэй Ш-н нүүр лүү хэд хэдэн удаа гараараа цохиод авсан” гэж, гэрч Ж.О-н  “О нь Ш-н нүүр лүү хоёроос гурван удаа цохиод авсан, тэгээд л бие биетэйгээ зууралдаад бие биенийхээ фудболкийг ураад байсан” гэж, гэрч Д.М-н “ерөнхийдөө хоёулаа бие биенийгээ цохиод зодолдоод байсан” гэсэн мэдүүлгүүдээр шүүгдэгч Г.О-н “...би А.Ш-г зодоогүй, тус гэмтлийг учруулаагүй” гэсэн мэдүүлэг нь үгүйсгэгдэж байх тул Г.О-г, А.Ш-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн  гэж үзэхээр байна.

Мөн өмгөөлөгч Н.Цэрэндулам нь хохирогч А.Ш-н эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол учирсан гэх шинжээчийн дүгнэлт, шинжээч Т.Амартүвшингийн мэдүүлгийг үнэлэхгүй байх талаар гаргасан саналыг хүлээн авах боломжгүй, үндэслэлгүй байна. Учир нь, хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлгээр Г.О, А.Ш нарыг харилцан зодолдсон талаар мэдүүлсэн мэдүүлгүүд хангалттай авагдсан, шинжээч Т.Амартүвшин нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “5900 дугаартай дүгнэлтийг А.Ш болон түүний толгойн томографийн зураг зэргийг үндэслэж гаргасан” гэж мэдүүлсэн, А.Ш нь зодуулсны дараа шууд шүүх эмнэлэгт үзүүлсэн болох нь шинжээчийн дүгнэлтийн огноогоор тогтоогдсон,  шинжээчийн дүгнэлт, мэдүүлгийг үгүйсгэх өөр бусад баримтууд хэрэгт авагдаагүй тул тэдгээрийг үнэлэхгүй байх, нотлох баримтаас хасах үндэслэл, нотолгоогүй байна.

Шүүгдэгч А.Ш нь гэм буруугийн талаар маргаагүй болно.

Иймд шүүгдэгч А.Ш-г хохирогч Г.О-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг, шүүгдэгч Г.О нь хохирогч А.Ш-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцох нь үндэслэлтэй байна.

 

            Шүүгдэгч А.Ш, Г.О нар нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 73, 76х/-аар тогтоогдлоо.

 

            Эрүүгийн хариуцлага хүлээлгэх хэсэг:

Дээрх шинжлэн судлагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, шинжээчийн 5895, 5900 дугаартай дүгнэлтүүд, шинжээч Т.Амартүвшингийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгч Г.О, А.Ш нарт торгох ял оногдуулахаар шийдвэрлэсэн болно.

Шүүхээс, шүүгдэгч Г.О, А.Ш нарт 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Учир нь, шүүгдэгч  нар нь тодорхой ажил хөдөлмөр  эрхэлдэг, орлогын эрх үүсвэртэй болох нь гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг, баримтуудаар тогтоогдсон тул энэхүү байдлыг харгалзаж үзсэн болно.

 

 Хохирол төлбөрийн тухайд:

            Хохирогч А.Ш нь  Г.О-с хохирол төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгч Г.О-г А.Шт төлөх төлбөргүй гэж, хохирогч Г.О нь шүүгдэгч А.Шаас урагдсан футболк, куртикны мөнгийг нэхэмжилнэ гэх боловч холбогдох баримт нь хавтаст хэрэгт авагдаагүй, мөн шүүхэд гаргаж өгөөгүй байна. Харин өмгөөлөгчийн хөлсийг нэхэмжилнэ гэж холбогдох гэрээг гаргаж өгсөн байх  боловч  хавтаст хэргийн 119 дүгээр хуудсанд авагдсан “Эрхзүйн туслалцаа үзүүлэх гэрээ”-нд эрх зүйн туслалцаа үзүүлсний хөлсийг хэдээр тогтоогдсон нь тодорхойгүй, үнийн дүн бичигдээгүй, мөн өмгөөллийн үйлчилгээний зарлага нь тухайн өмгөөлөгчийн үйлчилгээний орлгод ногдох татвар төлсөн баримтаар давхар баталгаажаагүй зэрэг  үндэслэлээр тус тус хангах боломжгүй гэж үзэв.

            Шүүгдэгч А.Ш, Г.О нарын тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан CD 1 ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч А.Ш, Г.О нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Х-н овогт А-н Ш, Тугчин овогт Г-н О нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ш, Г.О нарт 450 /дөрвөн зуу/ нэгж буюу 450.000 /дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус  шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ш, Г.О нарт оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн, сар бүр 75.000 төгрөг төлөхөөр тогтоосугай.

           

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар А.Ш, Г.О нар нь торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан CD 1 ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээхээр тогтсугай.

 

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол А.Ш, Г.О нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Г.АЛТАНЦЭЦЭГ