Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 128/ШШ2022/0633

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М******* нарыг оролцуулан И.А*******ын нэхэмжлэлтэй, Хил хамгаалах ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг тус шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М******* шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: ...Хил хамгаалах ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М******* би нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх заалтад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх ... гэж, мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М******* нь Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2003 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 119 тоот тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхэд бичгээр илэрхийлсэн байх тул хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Түүнчлэн шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталснаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасан бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны эрх ашиг хөндөхөөр болон хуульд харшлах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдах нь зүйтэй.

Мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж заасныг тэмдэглэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан  И.А*******оос Хил хамгаалах ерөнхий газарт холбогдуулан гаргасан  Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2003 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 119 тоот тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М******* хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч И.А*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах болон уг захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ  Т.МӨНХ-ЭРДЭНЭ