Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 1934

 

 

 

 

 

 

 

                                                                                                  

 

Т.Түвшинзаягийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч М.Наранцэцэг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2019/02439 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Т.Тгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Н.Уд холбогдох,

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 32 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Асланбек,

Хариуцагч: Н.У,

Хариуцагчийн өмгөөлөгч: Б.Золзаяа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Буянхишиг нар  оролцов.

 

Нэхэмжлэгч Т.Т шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Н.Утай 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 20 000 000 төгрөгийг 5 сарын хугацаатай, сарын 2 000 000 төгрөгийн буюу 10 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн. Эхний сарын хүү болох 2 000 000 төгрөгийг хасч, Хаан банк дахь Н.Угийн 5007407047 тоот дансанд 18 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Н.У нь 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр үндсэн зээлээс 10 000 000 төгрөгийг төлсөн боловч 2018 оны 08 дугаар сарын 18-ны өдөр дахин 15 000 000 төгрөгийг зээлсэн. Зээлийн гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч Н.У нь 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр мөнгөө өгнө зээлийн гэрээний хугацааг сунгаад өгөөч гэсэн түүний хүсэлтээр 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэл, мөн түүний хүсэлтээр 2019 оны 04 дүгээр сар хүртэл гэрээний хугацааг дахин сунгасан. Зээлийн гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч Н.У нь утсаа авахаа больсон. Миний бие Н.Угийн нөхөр Б.Алдармөнхтэй уулзаж, учир байдлаа тайлбарлаж хэлснээр 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 5 000 000 төгрөгийг нөхөр нь төлсөн. Түүнээс хойш 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр дахин 5 000 000 төгрөгийг өгнө гэсэн боловч өгөөгүй. Иймд зээлдэгч Н.Угаас үндсэн зээл 20 000 000 төгрөг, зээлийн хүү 5 000 000 төгрөг, алдангид 7 500 000 төгрөг, нийт 32 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Н.У шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2018 оны 6 дугаар сарын 14-ны өдөр Т.Т нь 100 000 000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэйгээр зээлдүүлмээр байна. Зээл авах хүн байна уу гэж асуусан. Тэгээд Т.Тгаас би 20 000 000 төгрөг, Т.Сайхантуяа 30 000 000 төгрөгийг тус тус зээлсэн. Т.Т нь надад 20 000 000 төгрөгийг зээлдүүлэхдээ эхний сарын хүү болох 2 000 000 төгрөгийг хасч, 18 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Миний бие зээлийн гэрээний үүрэгт Т.Тд 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 2 000 000 төгрөг, 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 12 000 000 төгрөг, 14 000 000 төгрөгийг тус тус төлсөн. Үлдсэн 6 000 000 төгрөг дээр 15 000 000 төгрөгийг нэмж зээлсэн боловч Т.Т нь 15 000 000 төгрөгийг надад зээлдүүлсэн гэж тооцож, хүү болох 1 500 000 төгрөгийг суутгасан. Энэ явдлаас хойш 2 хоногийн дараа дахин 10 000 000 төгрөгийн хүү гэж 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 1 000 000 төгрөгийг хүүд тооцож авсан. Миний бие Т.Тд 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүртэл нийтдээ 17 945 000 төгрөг, миний нөхөр Б.Алдармөнх нь дээрх зээлийн гэрээний үүрэгт 5 000 000 төгрөгийг 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр төлсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.

 

Шүүх:  Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч Н.Угаас 555 999 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Тд олгохоор тогтоож, нэхэмжлэлээс 31 944 000 төгрөгийг шаардсан хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныш баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс төлсөн 320 450 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 17 330 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Т.Т давж заалдах гомдолдоо: “Н.У нь 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, холбогдох хуулиар тавьсан шаардлагын дагуу нотариатаар гэрчлүүлж, бичгээр байгуулсан юм. Зээлийн гэрээгээр 20 000 000 төгрөгийг 5 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Мөн 2018 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 15 000 000 төгрөгийг нэмж зээлсэн бөгөөд ингэхдээ ямар нэгэн бичгээр гэрээ байгуулаагүй бөгөөд хоёр талын өмнө байгуулсан гэрээ болон хоёр талын итгэл үнэмшил, хүсэл зориг дээр үндэслэж, иргэн Н.Угийн өгсөн амлалтын дагуу 4 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй нэмж зээл авсан. Гэтэл шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж буюу Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсгийг үндэслэн хариуцагчаас 555 999 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт нийцээгүй буюу хуулийг буруу тайлбарласан гэж үзэж байна. Шүүх 2 өөр төрлийн зээлийн гэрээний төлөлтийг тооцсон тооцоо нийлсэн актыг бичгээр байгуулсан 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 20 000 000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт бүгдийг хасаж тоосон байна. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасантай нийцээгүй. Тооцоо нийлсэн актыг үзвэл, талууд төлөлтийн хувьд 1 500 000 төгрөг, 2 000 000 төгрөг, 1 000 000 төгрөгөөр, цаг хугацааны хувьд сар болгоны 18, 19, 20, 21 гэх байдлаар төлөгдсөн бөгөөд энэ нь хоёр өөр зээлийн хүү гэхийг нотолж байгаа баримт юм. Гэтэл шүүгч бүх төлөлтийг 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 20 000 000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт тооцож хассан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.7 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн хохирлоо арилгуулахыг шаардах эрхийг хангах ёстой байсан. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэсэн заалтыг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байх тул давж заалдах шатны шүүхээс шүүхийн шийдвэрийг зөвтгөн өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

  

Нэхэмжлэгч Б.Т нь хариуцагч Н.Уд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 20 000 000 төгрөг, зээлийн хүү 5 000 000 төгрөг, алдангид 7 500 000 төгрөг, нийт 32 500 000 төгрөгийн нэхэмжлэл гаргасныг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

Зохигчид хоорондоо 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр зээлийн гэрээ байгуулан, 20 000 000 төгрөгийг 5 сарын хугацаатай, 1 сарын 10 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.3 хувийн алданги тооцохоор харилцан тохирч, зээлдүүлэгч Б.Түвшинзаяа нь зээлдэгч Н.Уд бодитоор 18 000 000 төгрөгийг шилжүүлсэн талаар хэн аль нь маргаагүй тул анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан эрх зүйн харилцааг зөв тодорхойлж Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ гэж дүгнэсэн нь зөв болжээ. /хх 5-7

            Зохигчдын байгуулсан зээлийн гэрээ нь хуулиар тогтоосон хэлбэрийн шаардлагыг зөрчөөгүй, талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон хүчин төгөлдөр хэлцэл байх тул нэхэмжлэгч Б.Түвшинзаяа нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар зээлийн гэрээний үндсэн төлбөр, хүү, алдангийг хариуцагчаас шаардах эрхтэй болно.

 

            Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт “Үүрэг гүйцэтгэгч нь ижил төрлийн хэд хэдэн үүргийн гүйцэтгэлийг хангах үүрэгтэй бөгөөд үүргийн гүйцэтгэл нь бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол үүрэг гүйцэтгэгч нь аль нэг үүргийг сонгож гүйцэтгэх эрхтэй. Үүрэг гүйцэтгэгч ийм сонголт хийгээгүй бол төлбөрийн хугацаа болсон өрийг тэргүүн ээлжинд төлүүлнэ” гэж заажээ.

            Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараас үзэхэд хариуцагч Н.У нь дээрх зээлийн гэрээний дагуу зээлийн хүүд 11 995 000 төгрөг, үндсэн зээлд 10 000 000 төгрөг, нийт 21 995 000 төгрөг төлсөн байх ба зээлийн гэрээний үүрэгт 177 520 төгрөгийн илүү төлөлт хийгдсэн болох нь дараах байдлаар тогтоогдож байна. Үүнд:

            -2018.07.20-ны өдөр үндсэн зээл үндсэн зээл 18 000 000 төгрөгөөс 10 000 000 төгрөг, зээлийн хүү 1 800 000 төгрөг төлөхөөс 2 000 000 төгрөгийг төлж, илүү төлөлт 200 000 төгрөг,

            -2018.08.20-ны өдөр үндсэн зээл 7 800 000 төгрөг, зээлийн хүү 780 000 төгрөг төлөхөөс 2 500 000 төгрөгийг төлж, илүү төлөлт 1 720 000 төгрөг,

            -2018.09.20-ны өдөр үндсэн зээл 6 080 000 төгрөг, зээлийн хүү 608 000 төгрөг төлөхөөс 2 500 000 төгрөгийг төлж, илүү төлөлт 1 892 000 төгрөг,

            -2018.10.20-ны өдөр үндсэн зээл 4 188 000 төгрөг, зээлийн хүү 418 800 төгрөг төлөхөөс 2 500 000 төгрөгийг төлж, илүү төлөлт 2 081 200 төгрөг,

            2018.11.20-ны өдөр үндсэн зээл 2 106 800 төгрөг, зээлийн хүү 210 680 төгрөг төлөхөөс 2 495 000 төгрөг төлж, илүү төлөлт 2 284 320 төгрөг.

            Нэхэмжлэгч нь эхний гэрээний дагуу үндсэн зээл 18 000 000 төгрөг, зээлийн хүүд 3 816 800 төгрөг, нийт 21 816 800 төгрөгийг хариуцагчид төлөх үүрэгтэй байжээ.

Ийнхүү 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэсэн байдлыг дээрх хуульд заасан дарааллын дагуу тооцон үзвэл, хариуцагч зээлийн төлбөрийг бүрэн биелүүлсэн байна. Давж заалдах шатны шүүх уг хэргийн үйл баримт, зээлийн эргэн төлөлтөд дээрх байдлаар эрх зүйн дүгнэлт хийсэн болно.

 

                Мөн хариуцагч Н.У нь 2018 оны 08 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэгч Б.Т нэмж 15 000 000 төгрөгийг  2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр эргүүлэн төлөх нөхцөлтэйгээр зээлийн гэрээг амаар тохиролцон зээлдүүлэгч нь зээлийг олгохдоо мөн 1 сарын хүү 1 500 000 төгрөгийг урьдчилан суутган авч хариуцагчийн дансанд 13 500 000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримтын талаар талууд маргаагүй тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар бодитоор олгосон зээлийн үнийн дүнгийн хэмжээгээр зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

            2 дахь зээлийн гэрээний үүрэгт хариуцагч Н.У нь 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 1 500 000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1 000 000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 1 350 000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 100 000 төгрөг, 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 5 000 000 төгрөг, нийт 8 950 000 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, энэ талаар хэн аль нь маргаагүй байна.

            2018 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт зээлдэгч Н.У нь 13 500 000 төгрөгийг төлөхөөс 8 950 000 төгрөгийг төлж үлдэгдэл 4 550 000 төгрөгийг зээлдүүлэгч Б.Түвшинзаяад төлөх үүрэгтэй байна.

            Дээрхийг нэгтгэн дүгнэвэл өмнөх зээлийн гэрээ буюу 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний үүргээс хариуцагчийн илүү төлсөн 177 520 төгрөгийг сүүлийн буюу 2018 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр болох 4 550 000 төгрөгөөс хасч тооцвол нийт 4 372 480 төгрөг/4 550 000 – 177 520/-ийг нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт тооцооллын өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2019/02439 дугаар шийдвэрийн, тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...555 999 төгрөг" гэснийг “4 372 480 төгрөг” гэж, “...31 944 000 төгрөг” гэснийг “28 127 520 төгрөг” гэж,  

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...17 330 төгрөг...” гэснийг, “ ...84 910 төгрөг...” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Түвшинзаяагаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 317 670 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талуудад магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ИЧИНХОРЛОО

                                                           

                             ШҮҮГЧИД                                      М.НАРАНЦЭЦЭГ

 

                                                                                    Д.ЦОГТСАЙХАН