Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 182/ШШ2024/02159

 

 

 

 

 

 

 

 

2024 05 14 182/ШШ2024/02159

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ....................... нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, 2..../-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж 3,300,000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Х

Хариуцагч Т.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар О.Алтанзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.  Нэхэмжлэгчийг төлөөлөн Д.Х нь хариуцагч Т.Бд холбогдуулан нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Манай хүүхдийг Т.У гэдэг. Эвдрэлтэй мотоцикл худалдан авсан байсан. Худалдаж аваад хэдхэн цагийн дараа явахгүй зогсчихоор нь худалдаж авсан мотоциклийг буцаах талаар ярих гэсэн боловч Т.Б утсаа авахгүй, чатандаа ч хариу өгөхгүй 2-3 хоног болсон. Би аргаа барахдаа өөрөө хүртэл чат мессеж бичсэн. Надад ч хариу хэлээгүй, миний утсыг ч авахгүй байсан. Би аргаа бараад Чингэлтэй дүүргийн цагдаад хандсан боловч цагдаагаас шүүхэд нэхэмжлэл гарга гэсэн. Угаасаа эвдэрхий байсан нь тодорхой байсан. Нэг ч хонохгүй эвдэрдэг мотоцикл гэж байхгүй.

Тээврийн хэрэгслийн гэрчилгээнээс үзэхэд 1985 оны мотоцикл байсан. Хэвийн ажиллагаатай байсан гэж үзэхгүй байна. Би хүүдээ төрсөн өдрөөр нь мотоцикл авч өгөх гэж байсан. Т.Бэс мотоцикл авч байгаа талаараа надад хэлээгүй, мотоцикл авсан л гэж хэлсэн. Манай хүүхэд миний данснаас мөнгө шилжүүлсэн байсан. Хариуцагч Т.Бд мотоциклийг буцааж өгөх гэхээр утсаа авдаггүй, байрных нь гадаа тавьсан. Манай хүүгийн найз уг мотоциклийг хардаг.

Иймд хариуцагчаас 3,300,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2.  Хариуцагч Т.Б нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2023 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Т.У надтай фэйсбүүкийн чатаар холбогдоод, мотоцикл үзье гэсэн. Ирэхдээ нэг хүүхэд, 2 залуутай ирсэн, унаж үзээд болж байна, мөнгөө шилжүүлээд ирье гээд явсан. Анх 3,500,000 төгрөгт зарахаар аман тохиролцоо хийсэн. Маргааш нь буюу 7 дугаар сарын 11-ний өдөр ирээд мотоциклоо асаагаад унаад явсан. Наадам дуусахаар гэрчилгээгээ солиулж үлдэгдэл 200,000 төгрөгийг тушаахаар болоод 2 тийшээ салсан. Түүнээс хойш манай гэрийн ойролцоо орой үдэш унаад давхиад байсан. Би мотоциклынхоо дууг таньдаг. Цонх онгорхой тул дуу чимээ их сонсогддог байсан.

Тэгж байгаад ахаа энэ эвдэрчихсэн юм байна, юмаа ав гэсэн. Би тэгэхээр нь эвдрээгүй, би та нарт бүрэн бүтэн юм өгсөн, та нар түрээд яваагүй, асаагаад аваад явсан, урд өдөр нэг хүнтэй ирж үзсэн, тэр хүн чинь болно гэсэн, одоо наадмын баярын өдрийг дуусахаар үлдэгдэл 200,000 төгрөгөө аваад, нэрийг чинь шилжүүлж өгье гэх тайлбарыг өгсөн. Тэрнээс хойш энэ нэхэмжлэгч гэх хүн гарч ирээд, хэл амаар доромжлоод мессежээр дарамтлаад чамайг телевизээр од болгоно гэх зэргээр ерөнхийдөө дарамталж өгсөн. Тухайн 2 хүүхэд зөвшөөрөлгүй ээжийнхээ данснаас мөнгө авсан нь миний буруу биш. Мөн нэхэмжлэгч өөрийн дугаараасаа над руу байнга залгадаг байсан талаар би хэргийн материалд хавсаргасан байгаа. Тиймээс би өөрийгөө ямар ч буруугүй гэж үзэж байна. Эвдэрхий юм өгөөгүй, үзүүлж шалгуулаад, эрүүл, саруул ухаантай, мансууруулах бодис хэрэглээгүй хүмүүст би өгөөд явуулсан.

Би тухайн үед хүүхдийг нь 16 настай гэдгийг мэдээгүй, насыг нь асуугаагүй, сүүлд цагдаа дээр очоод мэдсэн.

Тиймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

3.Нэхэмжлэгч талаас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

3.1.Т.Уын төрсний бүртгэлийн лавлагаа /хх-4/

3.2 Дансны хуулга /хх-5-6/

3.3 Талуудын харилцсан зурвас, чат /хх-7-14/

3.4 Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-15/ зэрэг баримт авагдсан байна.

 

4.2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр талуудын харилцсан зурвас, чат, 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Сиди бичлэгт тус тус үзлэг хийсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.Х нь хариуцагч Т.Бд холбогдуулан 3,300,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч Д.Хын нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

2.  Нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, үндэслэлээ хариуцагч Т.Бэс миний хүүхэд Т.У эвдрэл гэмтэлтэй мотоцикл худалдан авсан. Худалдаж аваад хэдхэн цагийн дараа мотоцикл явахгүй зогссон учир буцаах талаар Т.Бтэй ярих гэтэл холбогдож чадаагүй. 1985 оны мотоциклийг хэвийн ажиллагаатай байсан гэж үзэхгүй байна.

Би хүүдээ төрсөн өдрөөр нь мотоцикл авч өгөх гэж байсан. Т.Бэс мотоцикл авч байгаа талаараа надад хэлээгүй, мотоцикл авсан л гэж хэлсэн. Манай хүүхэд миний данснаас мөнгийг нь шилжүүлсэн байсан.

Мотоциклийг хариуцагч Т.Бд буцааж өгөх гэхээр утсаа авдаггүй учир байрных нь гадаа тавьсан. Манай хүүгийн найз уг мотоциклийг хардаг, одоо байгаа гэсэн. гэх агуулгаар тайлбарлажээ.

 

3.  Хариуцагч тал нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч үндэслэлээ Аман тохиролцоо хийж мотоциклийг 3,500,000 төгрөгөөр Т.Ут худалдсан. Тэрээр 2 хүнтэй цуг ирж мотоциклийг унаж үзээд шалгаж авсан учир мотоцикл эвдэрхий байсан гэж үзэхгүй. 1985 оны мотоцикл гээд эвдэрхий гэсэн үг биш.

Хүүхэд зөвшөөрөлгүй ээжийнхээ данснаас мөнгө авсан нь миний буруу биш. Би тухайн үед хүүхдийг нь 16 настай гэдгийг мэдээгүй, насыг нь асуугаагүй, сүүлд цагдаа дээр очоод мэдсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж татгалзсан байна.

 

4.  Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1 Т.У, Т.Б нар нь 2023 оны 7 дугаар сарын 13-ны өдөр амаар тохиролцож худалдах худалдан авах гэрээг байгуулжээ.

Уг гэрээгээр худалдагч нь УБ ....улсын дугаартай, ..... арлын дугаартай Yamaha TW200-200 маркийн мотоциклийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүргийг хүлээхээр тохиролцсон болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

 

Талууд гэрээний үнийг 3,500,000 төгрөг, 3,300,000 төгрөг гэж зөрүүтэй тайлбарлах боловч хэн аль нь гэрээ байгуулсан талаар маргаагүй байх тул тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзлээ.

 

4.2 Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэх бөгөөд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-56.1.10-т заасан үндэслэл байвал аливаа хэлцэл хүчин төгөлдөр бус болно.

 

Дээрх худалдах худалдан авах хэлцлийг байгуулахад Т.У нь 16 нас 2 сартай байсан болох нь хэрэгт авагдсан төрсний бүртгэлийн лавлагаа, тайлбар зэрэг баримтаар тогтоогдож байна.

 

5.  Иргэний хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт Насанд хүрээгүй буюу 14-өөс 18 хүртэлх насны этгээд иргэний эрх зүйн бүрэн бус чадамжтай байна гэж зааснаар Т.У нь Иргэний эрх зүйн бүрэн бус чадамжтай иргэн байна.

Иргэний эрх зүйн харилцаанд оролцогчид өөрийн хүсэл зоригийн дагуу хэлцэл хийх эрхтэй хэдий ч хэлцэл хийж буй этгээдийн өөрийн үйлдлийн учир холбогдол, түүнээс гарах эрх зүйн үр дагаврын талаарх ойлголт, төсөөллийг харгалзан иргэний эрх зүйн чадамж ялгаатай.

 

Иргэний эрх зүйн бүрэн бус чадамжтай этгээд нь хууль ёсны төлөөлөгчийн зөвшөөрөлгүйгээр өөрийн хөдөлмөрийн хөлс, оюутны тэтгэлэг, тэдгээртэй адилтгах бусад орлого, тэдэнд өөрийн үзэмжээр захиран зарцуулахад нь зориулж шилжүүлсэн эд хөрөнгийг захиран зарцуулах, дээрх орлогыг банк, зээлийн байгууллагад хадгалуулах, өөртөө хохиролгүй бөгөөд хиймэгц биелэх ахуйн чанартай хэлцэл хийж болох талаар Иргэний хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэгт зохицуулжээ.

Т.Уын байгуулсан хэлцэл нь дээрх хуулийн зохицуулалтад хамааралгүй байх тул Иргэний хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт зааснаар хэлцлийг байгуулахдаа хууль ёсны төлөөлөгч /эцэг, эх, харгалзан дэмжигч/-ийн бичгээр олгосон зөвшөөрлийн үндсэн дээр хэлцэл хийнэ.

Өөрөөр хэлбэл, Т.У нь хууль ёсны төлөөлөгчийн бичгээр олгосон зөвшөөрлийн үндсэн дээр хариуцагч Т.Бтэй худалдах худалдан авах хэлцлийг хийх байжээ.

Хэрэгт авагдсан ХААН банк ХК-ийн шилжүүлгийн мэдээлэл, талуудын тайлбараас үзвэл Т.У нь өөрийн эх Д.Хын данснаас мотоциклийн үнэд нийт 3,300,000 төгрөгийг Т.Бд шилжүүлсэн байна. Уг мөнгөн хөрөнгө шилжүүлсэн үйлдлийг хууль ёсны төлөөлөгчөөс олгосон зөвшөөрөл гэж үзэхээр байх боловч хуульд зөвшөөрлийг бичгээр олгохоор заасан тул хэлцлийг хийхэд хууль ёсны төлөөлөгчийн зөвшөөрлийг авах ёстой байсан гэж үзлээ.

 

Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж зааснаар УБ ....улсын дугаартай, ..... арлын дугаартай Yamaha TW200-200 маркийн мотоциклийг худалдах худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр бус байна гэж шүүх дүгнэв.

 

Дээрх хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үр дагаврыг арилгаж Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж заасныг үндэслэн хариуцагч Т.Бэс 3,300,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Хт буцаан олгож, нэхэмжлэгч Д.Хаас УБ ....улсын дугаартай, ..... арлын дугаартай Yamaha TW200-200 маркийн мотоциклийг гаргуулан хариуцагч Т.Бд буцаан олгохоор шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

6.  Нэхэмжлэгч Д.Хаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 67,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Бэс улсын тэмдэгтийн хураамжид 67,750 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Хт олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-т заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т.Бэс 3,300,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Хт буцаан олгож, нэхэмжлэгч Д.Хаас УБ ....улсын дугаартай, ..... арлын дугаартай Yamaha TW200-200 маркийн мотоциклийг гаргуулан хариуцагч Т.Бд буцаан олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Хаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 67,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Бэс улсын тэмдэгтийн хураамжид 67,750 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Хт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ