| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнямын Цогтсайхан |
| Хэргийн индекс | 183/2018/1983/и |
| Дугаар | 1935 |
| Огноо | 2019-11-15 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 1935
М ХХК-ийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч М.Наранцэцэг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 183/ШШ2019/01983 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч М ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч Т ХХК, З.Ннарт холбогдох
Худалдах, худалдан авах гэрээг цуцалж, төлбөрт шилжүүлсэн 142 919 200 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхбатын гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Энхбат
Хариуцагч нарын төлөөлөгч: Т.Ганбат
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Буянхишиг нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь 100 хувь дотоодын хөрөнгө оруулалттай, ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани юм. Өмнө нь “Их ундрах талст” гэсэн нэртэй байхдаа 2016 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Т ХХК болон тус компанийн гүйцэтгэх захирал, хувьцаа эзэмшигч З.Ннартай хайлуур жонш худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Дээрх гэрээгээр Т ХХК нь тодорхой чанар, хэмжээ бүхий бүтээгдэхүүн буюу хайлуур жоншийг нэхэмжлэгчид нийлүүлэх, нэхэмжлэгч нь бүтээгдэхүүний үнийг Т ХХК-д төлөх нөхцөлтэйгээр байгуулсан. Гэрээний дагуу худалдан авагч буюу нэхэмжлэгчээс урьдчилгаа төлбөрт 50 000 000 төгрөг, бүтээгдэхүүн худалдан авалтын төлбөрт 112 860 000 төгрөг, нийт 162 860 000 төгрөгийг Т ХХК-д шилжүүлж, гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэсэн боловч худалдагч Т ХХК нь 2017 онд 19 940 800 төгрөгийн үнэ бүхий бүтээгдэхүүн нийлүүлснээс өөр бүтээгдэхүүн нийлүүлээгүй, гэрээний үүргээ ноцтой зөрчсөн. Хариуцагч Т ХХК гэрээнд заасан үүргээ гүйцэтгээгүйн улмаас талуудын хооронд байгуулагдсан хайлуур жонш худалдах, худалдан авах гэрээ цаашид хэрэгжих боломжгүй болж, худалдан авагч нь гэрээгээ цуцалж, бүтээгдэхүүний төлбөрт урьдчилсан төлсөн 142 919 200 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсан. Гэтэл хариуцагч нарын оршин суугаа газар олдохгүй, холбоо барих боломжгүйн байсан тул эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаснаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн дагуу Сүхбаатар дүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс хариуцагч нарын гэрийн хаягийг олж тогтоосон болно.
Иймд 2016 оны 7 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан хайлуур жонш худалдах, худалдан авах гэрээг цуцалж, бүтээгдэхүүн худалдан авалтын төлбөрт урьдчилан төлсөн 142 919 200 төгрөгийг Т ХХК болон З.Ннараас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ганбат шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Их ундарга талст” ХХК болон Т ХХК-ийн хооронд 2016 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хайлуур жонш худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, гэрээний дагуу 128 000 000 төгрөг хүлээн авснаас 2016 онд 350 тонн жонш, 2017 онд 181 тонн жонш тус тус бэлтгэн нийлүүлснээс 19 940 000 төгрөгийн тооцоо нийлсэн. Мөн 2019 онд 5 000 000 төгрөгийг буцаан шилжүүлсэн. Өнөөдрийн байдлаар 103 509 200 төгрөгийн тооцоо үлдсэн байхад нэхэмжлэгч нь 142 919 200 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. 6 500 000 төгрөгийн зарлагын баримт, 11 000 000 төгрөгийн орлогын баримтыг давхардуулан бичиж, 4 500 000 төгрөгийн бэлэн жонш худалдан авсан өөр тооцооны баримт хавсаргасан, 1 000 000 ам.доллар, 500 000 ам.доллар, 800 000 ам.доллар, 999 000 ам.доллар шилжүүлсэн гэх хуурамч баримтуудыг шүүхэд өгсөн байна. Мөн н.Батсүрэн гэх хүний данс руу мөнгө шилжүүлсэн баримтыг хавсаргажээ.
Бид гэрээний дагуу хүлээн авсан мөнгөө үйл ажиллагааныхаа зардалд зарцуулсан, бүтээгдэхүүнийг бэлтгэж одоогийн байдлаар гэрээ хүчин төгөлдөр хэвээр үргэлжилж байгаа болно. М ХХК-ийн зүгээс манай компанийн тодорхой хувийг буюу 51 хувийг өөртөө авахаар удаа дараа санал тавьж, шахалт үзүүлж байсан бөгөөд бидний зүгээс тухайн саналыг хүлээн авах боломжгүй гэдгээ мэдэгдэж байсан. Гэтэл гэрээ цуцлах, төлбөрт урьдчилан шилжүүлсэн 142 919 200 төгрөгийг буцаан гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Манайх гэрээний дагуу тодорхой хэмжээний жонш бэлтгэн нийлүүлж Чойр дахь гаалийн баталгаат агуулахад нь буулгаж хүлээлгэн өгч байсан ба үүнээс зөвхөн 180 тонн жоншны тооцоо нийлж, үлдсэн тооцоогоо бүрэн хийж дуусгаагүй байна.
Иймд компаниудын хооронд байгуулагдсан хайлуур жонш худалдах, худалдан авах гэрээг цуцлах боломжгүй, гэрээний дагуу үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1, 249 дүгээр зүйлийн 249.3 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч М ХХК-ийн хариуцагч Тайхар орд ХХК, З.Ннарт холбогдох худалдах, худалдан авах гэрээг цуцалж, төлбөрт шилжүүлсэн 142 919 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 872 576 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “нэхэмжлэгч Мон минериалс майнинг энд Трейд ХХК нь ийнхүү гэрээг цуцлахдаа Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар нэмэлт хугацаа зайлшгүй тогтоож өгөх, энэ тухайгаа нөгөө талдаа мэдэгдэх үүрэгтэй” гэж дүгнэснийг анхан шатны шүүх хууль буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч нарт үүргээ гүйцэтгэх нэмэлт хугацааг хангалттай олгосон байдаг ч нэхэмжлэгчээс олгосон уг хугацаанд хариуцагч үүргээ гүйцэтгээгүй төдийгүй үүргээ гүйцэтгэхээс зугтааж байсан нь хэрэгт авагдсан баримтаар нотлогддог. Тухайлбал нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд 2016 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Хайлуур жонш худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан бөгөөд гэрээний 3.3-т зааснаар хариуцагчаас сар тутамд 1 500 тонн бүтээгдэхүүнийг нэхэмжлэгчид нийлүүлэх үүргийг хүлээсэн. Гэтэл гэрээ байгуулагдсан дээрх хугацаанаас хойш 8 сар гаруй хугацаа өнгөрсний дараа буюу 2017 оны 5 дугаар сард хариуцагчаас 181 тонн буюу 19 940 200 төгрөгийн бүтээгдэхүүнийг нийлүүлж, дээрх нийлүүлэлтээс хойш нэхэмжлэгчид огт бүтээгдэхүүн нийлүүлээгүй. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид бүтээгдэхүүн нийлүүлэх хугацааг хангалттай өгч байгуулагдсан гэрээний асуудалд хүлээцтэй хандаж ирсэн боловч хариуцагчаас 2017 оны 7 дугаар сараас хойш нэхэмжлэгчтэй огт холбоо бариагүй бөгөөд хариуцагчийн хаягаар болон холбогдох дугаар руу бүхий л аргаар нэхэмжлэгчээс хариуцагчтай холбогдох гэсэн боловч чадаагүй. Ийнхүү хариуцагчийн хаа байгаа газар нь мэдэгдэхгүй нэхэмжлэгч их хэмжээний мөнгөн хөрөнгийг хариуцагч нарт шилжүүлж хохирсон тул хариуцагч нартай байгуулсан гэрээгээ цуцалж, шилжүүлсэн мөнгөө буцаан шаардах зорилгоор гэрээнд заасан хариуцагчийн хаягаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тухайн хаягтаа байхгүй гэсэн үндэслэлээр шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Иймээс хариуцагч Тайхар орд ХХК, түүний захирал З.Ннарыг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 00027 дугаар шийдвэрийн дагуу Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс хоёр жил гаруйн хугацаанд эрэн сурвалжилсны эцэст хариуцагч З.Нармандахын оршин суугаа газрыг 2019 оны 3 дугаар сард олж тогтоосон тухай тус Цагдаагийн хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, цагдаагийн хошууч З.Золбаяр нь 27 дугаартай албан тоотоор шүүхэд мэдэгдсэн. Дээрх үйл баримт нь талуудын шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдсон буюу энэхүү нөхцөл байдлын улмаас талуудын байгуулсан гэрээ цаашид хэрэгжихгүй болох нь тодорхой болсныг, хариуцагч нарын зүгээс гэрээнд заасан үүрэг гүйцэтгэх хугацаагаа хэрхэн хэтрүүлсэн, нэхэмжлэгчээс гэрээний үүргээ гүйцэтгэх хугацааг хариуцагчид хэрхэн олгож байсан нь харагддаг. Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасан тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий талаас нь үнэлээгүйн шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасантай нийцэхгүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал нь татгалзах эрхтэй гэж заасан. Шүүх хуулийн энэхүү зохицуулалтыг аль нэг тал нь нөгөө талдаа үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацааг заавал тогтоож өгөх, энэ тухайгаа нөгөө талдаа мэдэгдэх үүрэгтэй гэж тайлбарлан, хэргийн үйл баримтыг буруу дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгчээс хариуцагч нарт үүргээ гүйцэтгэх хугацааг олгосон талаар, энэ хугацаанд ямар нэгэн үр дүн гараагүй буюу хариуцагч нар нь нэхэмжлэгчээс олгосон үүрэг гүйцэтгэх хугацаандаа гэрээний зүйлийг нэхэмжлэгчид огт нийлүүлээгүй нь хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар тогтоогдсоныг шүүх анхаараагүй. Иймээс нэхэмжлэгч гэрээг цуцалж, бүтээгдэхүүний үнэд урьдчилан шилжүүлсэн мөнгөн хөрөнгөө шаардах эрхтэй. Гэтэл талуудын хооронд байгуулагдсан гэрээний 7.2-т зааснаар гэрээний хугацаа сунгагдсан гэж үзвэл, сунгагдсан уг хугацааг 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр дуусна. Гэрээ сунгагдсан уг хугацаанд хариуцагч нараас бүтээгдэхүүнийг нэхэмжлэгчид огт нийлүүлээгүй, гэрээ сунгагдсан гэж үзэх энэ хугацаанд хариуцагч нарыг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс эрэн сурвалжилж байсан. Хариуцагч нараас гэрээ цааш хэвийн үргэлжилж байгаа, гэрээний үүргээ гүйцэтгэж байгаа гэх тайлбарыг шүүхэд гаргадаг боловч энэ талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 25.2.2-т зааснаар нотолж чадаагүй. Гэрээ байгуулагдсанаас хойш 3 жил гаруйн хугацаанд үүргээ гүйцэтгээгүй болох нь хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар нотлогддог тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасантай нийцээгүйг шүүх үнэлээгүй. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид үүргээ гүйцэтгэх нэмэлт хугацааг хангалттай олгосон бөгөөд дахиж ийнхүү хугацаа олгох нь нэхэмжлэгчид ашиггүй, хариуцагчаас үүргээ гүйцэтгэхгүй нь тодорхой буюу ямар нэгэн үр дүн гарахгүй тул Иргэний хуулийн 226 дугаар зүйлд “Нэмэлт хугацаа тогтоох, урьдчилан сануулах шаардлагагүй нөхцөл байдал” нэхэмжлэгчид хэрэгт цугларсан баримтаар бий болсныг анхан шатны шүүх үнэлээгүй. Хариуцагч З.Ншүүхийн дуудсанаар хүрэлцэн ирээгүй тул түүнийг шүүхэд албадан ирүүлж байсан /хх79-80/ зэргийг анхан шатны шүүх анхаарч үзэлгүй “хариуцагч Тайхар орд ХХК болон түүний захирал З.Ннарын оршин байрлаж байгаа хаяг тодорхой, тэднийг эрэн сурвалжилж байсан нь гэрээнээс татгалзах, гэрээг шууд цуцлах үндэслэл болохгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд маргааны үйл баримтад зөв дүгнэлт өгч чадаагүй, нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй байгааг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой гэж үзлээ.
Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Т ХХК, З.Ннарт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээг цуцалж, гэрээний үнэд шилжүүлсэн 142 919 000 төгрөг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Талууд 2016 оны 07 дугаар сарын 30-ны өдөр “Хайлуур жонш худалдах, худалдан авах гэрээ”-г 1 жилийн хугацаатай байгуулж, хариуцагч нь Т ХХК нь CaF2 75%-иас багагүй, Р/фосфор/ 0.0.5-иас ихгүй, S/хүхэр/ 0.05-иас ихгүй, 50-150 мм-ийн хэмжээ бүхий чанарын үзүүлэлттэй хайлуур жоншийг нэг сард 1 500 тоннийг нийлүүлэх, нэхэмжлэгч “Их ундрах талст” ХХК нь Чойр хүргэлт нөхцөлөөр бүтээгдэхүүний нэгж тонны үнэд 110 000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх 6-12/
Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн зөв дүгнэжээ.
Талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...2016 оны 07 дугаар сарын 30-ны өдөр “Хайлуур жонш худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу шилжүүлсэн урьдчилгаа төлбөрт 50 000 000 төгрөг, бүтээгдэхүүний худалдан авалтын төлбөр 112 860 000 төгрөг, нийт 162 860 000 төгрөг шилжүүлснээс 2017 онд хүлээн авсан 181 тонн жоншны үнэ 19 940 800 төгрөгийг хасч хариуцагч “Тайхан орд” ХХК болон түүний захирал З.Ннар нь гэрээгээр хүлээсэн гэрээнд заасан бүтээгдэхүүн нийлүүлэх үүргээ ноцтой зөрчсөн тул уг гэрээг цуцалж, төлбөрт шилжүүлсэн үлдэгдэл 142 919 200 төгрөгийг буцаан гаргуулна” гэж,
хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “...”Хайлуур жонш худалдах, худалдан авах гэрээ”-г цуцлах боломжгүй, гэрээний дагуу үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа. Нэхэмжлэгч тал гэрээний дагуу жонш худалдан авах сонирхолгүй, хамгийн гол нь шахалт үзүүлж байгаад манай компанийн хувьцааг авах сонирхолтой байна” гэж. тус тус тайлбарлажээ.
Хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараас үзвэл талууд 2016 оны 07 дугаар сарын 30-ны өдөр “Хайлуур жонш худалдах, худалдан авах гэрээ”-г 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 1 жилийн хугацаатай байгуулсан, гэрээний дагуу нэхэмжлэгч М ХХК нь гэрээнд заасан үүргээ биелүүлж хариуцагч нарт 2016 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн хооронд 162 860 000 төгрөгийг шилжүүлсэн нь болох нь хэрэгт авагдсан Хаан банк ХХК болон Голомт банк ХХК-ийн мөнгөн шилжүүлгийн баримт, мемориалын баримтуудаар тогтоогджээ. /хх 40-49, 134, 136, 163-172/
Харин хариуцагч Т ХХК, түүний захирал З.Ннь 2017 онд нэхэмжлэгч талд 19 940 800 төгрөгийн бүтээгдэхүүн нийлүүлсэн, мөн 2019 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 5 000 000 төгрөгийг буцаан шилжүүлсэн үйл баримтын талаар талуудын хэн аль нь маргаангүй байна. /хх 162/
Хариуцагч тал “нэхэмжлэгч байгууллагаас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт нийт 128 000 000 төгрөг хүлээж авсан. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр, хэвийн үргэлжилж байгаа” гэж тайлбарлаж байгаа боловч өөрийн татгалзлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй, нэхэмжлэлийн шаардлагыг няцаасан баримтыг шүүхэд гаргаагүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.
Дээрх нөхцөл байдлаас дүгнэж үзвэл талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн “Хайлуур жонш худалдах, худалдан авах гэрээ” нь биелэгдэх боломжгүй буюу Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзэхээр байна.
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт “талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж заажээ.
Түүнчлэн, хариуцагчийн хаяг тодорхой бус байснаас нэхэмжлэгч түүнийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд хандан Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2017/00027 дугаартай шийдвэрийн дагуу Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн №217 дугаартай эрэн сурвалжлах ажил зохион явуулж хариуцагчийн оршин суугаа хаягийг тогтоожээ. /хх 30/
Анхан шатны шүүх хариуцагч байгууллага гэрээний хугацаанд хайлуур жонш нийлүүлэх үүргээ биелүүлээгүй, харин түүний оршин суугаа хаягийг эрэн сурвалжлуулж тогтоосон байхад хариуцагчийн хайлуур хариуцагчийн “хайлуур жоншийг нийлүүлэх боломжтой, нийлүүлсэн жоншийг хүлээн авахгүй байгаа” гэсэн тайлбарыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасан шаардлагыг хангаагүйгээс хэрэглэвэл зохих хуулийг буруу тайлбарласан байх тул давж заалдах шатны шүүхээс шүүхийн шийдвэрийг зөвтгөн өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.
Хариуцагч “Тайхор орд” ХХК, З.Ннар нь гэрээнд заасан үүргээ гүйцэтгээгүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч М ХХК нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт “хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгчээс гэрээний дагуу шилжүүлсэн 162 860 000 төгрөгөөс хариуцагчийн гэрээний дагуу бүтээгдэхүүн нийлүүлсэн 19 940 800 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 30-ны өдөр шилжүүлсэн 5 000 000 төгрөгийг тус тус хасч, нийт 137 919 200 төгрөгийг буцаан төлөх үүрэгтэй гэж үзэж шүүхийн шийдвэрт өөрчлөлт орууллаа.
Нэхэмжлэгч М ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт зааснаар Т ХХК, түүний захирал З.Ннарыг хамтран үүрэг гүйцэтгэгч гэж тодорхойлсон тул 2016 оны 07 дугаар сарын 30-ны өдөр “Хайлуур жонш худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу шилжүүлсэн 137 919 200 төгрөгийг хариуцагч Т ХХК, түүний захирал З.Ннараас гаруулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 183/ШШ2019/01983 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т ХХК, З.Ннараас 137 919 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж,
тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...үлдээсүгэй” гэснийг “үлдээж, хариуцагч Т ХХК, З.Ннараас 847 546 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М ХХК-д олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч М ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 872 576 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО
ШҮҮГЧИД М.НАРАНЦЭЦЭГ
Д.ЦОГТСАЙХАН