Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 128/ШШ2021/0485

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: Б.Ц******* 

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга,

Гомдлын шаардлага: Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын Нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагчийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн ******* дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах,

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П*******, гомдол гаргагчийн өмгөөлөгч Б.А*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д*******, С.Н*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номуунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч шүүхэд гаргасан гомдлын шаардлага болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Б*******гийн Ц******* миний бие 2020 оны Улсын Их Хурлын сонгуульд 22 дугаар тойрогт Монголын ногоон намаас нэр дэвшсэн юм. Миний бие Улсын Их Хурлын сонгуульд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 5, 6 дугаар зүйл, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан сонгох, сонгогдох эрхээ эдэлж нэр дэвшсэн бөгөөд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д заасан сонгуулийн сурталчилгааны шууд болон шууд бус зардал гаргаагүй тул сонгуулийн зардлын данс нээлгээгүй билээ.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлд сонгуулийн зардлын дансыг сонгуульд нэр дэвшиж байгаа бүх нэр дэвшигч нар заавал нээлгэх ёстой гэж хуульчлаагүй бөгөөд тус хуулийн дагуу сонгуульд нэр дэвшигч нь сонгуулийн сурталчилгаа хийсэн тохиолдолд сонгуулийн зардлын данс нээлгэж төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэхээр зохицуулсан байна.

Миний бие сонгуулийн сурталчилгаа огт хийгээгүй тул хуулийн дагуу буюу хуулийн хугацаандаа Х тайлангаа гаргаж Үндэсний аудитын газарт өгсөн. Гэтэл Баянзүрх дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ц.Ө нь 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр ******* дугаартай Зөрчилд шийтгэл оногдуулах тухай акт үйлдэж намайг 20.000.000 төгрөгөөр торгосон байна. 

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлд сонгуулийн зардлын тайлангийн тухай зохицуулсан бөгөөд уг хуулинд нэр дэвшигч нь санал авах өдрөөс хойш 30 хоногт багтаан зардлын тайлангаа хүргүүлэхээр зохицуулсан болохоос явцын тайлан гаргаж өгөх тухай заагаагүй, огт байхгүй тул явцын тайлан гаргаж өгөөгүй. Явцын тайлан гаргаж өгөөгүй нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль огт зөрчөөгүй болно. Мөн миний бие сонгуульд оролцохоор нэр дэвшсэний дараа сонгуулийн санхүүжилтийн асуудал хүндээр тусаж нам болон өөрийн зүгээс мөнгөн хөрөнгө гаргах боломжгүй болсон тул сонгуулийн төлбөрт болон төлбөргүй ямар ч сурталчилгаа хийгээгүй тул хандивын данс нээлгээгүй ба иргэдээс хандив татвар аваагүй билээ. Энэ талаар Монголын ногоон нам 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 01/238 тоот албан бичиг хүргүүлж мэдэгдсэн.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 58 дугаар зүйлд сонгуулийн зардлын тайлангийн хяналт ба нээлттэй ил тод байдал-ыг зохицуулсан тул дээрх заалт нь Б.Ц*******д хамааралгүй байна. Учир нь сонгуулийн зардлын данс нээлгэж зардал огт гаргаагүй, нэг ч сурталчилгаа хийгээгүй тул олон нийтэд мэдээллэх, тайлагнах тайлан байхгүй тул явцын өгөх тайлан түүнд байгаагүй.

Б.Ц*******д ногдуулсан шийтгэл Зөрчлийн тухай хуульд заасан шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1.3.1-д зааснаар түүнд ногдуулсан зөрчлийн нөхцөл байдал, хохирлын хэр хэмжээнд тохироогүй нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байгаа юм.

Учир нь Б.Ц******* нь иргэд сонгогчдоос хандив, мөнгө аваагүй, хэн нэгэнд хохирол учруулаагүй байхад түүнд 20 сая төгрөгийн шийтгэл ногдуулсан нь шударга ёсны зарчимд нийцэхгүй маш хүнд шийтгэл юм. Мөн түүнд шийтгэл ногдуулснаар хэн нэгний эрх сэргэхээргүй байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3.1.2-т заасан холбогдогчийн эрхийг зөрчил шалган шийдвэрлэх хугацаанд огт эдлүүлээгүй бөгөөд холбогдогчид гомдолтой танилцаж тайлбар гаргах боломж олгоогүй, зөрчил хянан шийдвэрлэх үед гаргасан тогтоол шийдвэрийг огт танилцуулаагүй бөгөөд түүнд гомдол гаргах эрхээр хангаагүй, зөрчлийн хэрэгтэй огт танилцуулалгүй шийтгэл ногдуулсан зэрэг хуулиар олгосон нэг ч эрхийг Б.Ц*******д эдлүүлээгүй байна.

Санхүү төрийн сангийн хэлтсийн улсын байцаагч Ц.Ө нь гомдол гаргагч Б.Ц*******тай огт холбогдоогүй хэр нь холбогдсон гэж тайлбарлаж байна. Хэрэв холбогдсон бол Х тайлан болон бусад холбогдох бичиг баримтыг санхүү төрийн сангийн хэлтсийн улсын байцаагч Ц.Ө руу цахим шуудангаар явуулахад ямар ч асуудалгүй байх байсан.

Зөвхөн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар Монгол Улсын Сангийн яам болон Үндэсний аудитын газраас ирсэн 2 албан бичгийг үндэслээд тогтоогдож байна гэж үзээд хэргийг шийдвэрлэсэн. Бусад этгээдээс холбогдох тайлбар, мэдүүлэг аваагүй. Хэрвээ торгох шийтгэлийг оногдуулж байгаа тохиолдолд холбогдогч ажил хөдөлмөр эрхэлдэг эсэхийг тодруулах ёстой байсан. 20.000.000 төгрөг гэдэг бага мөнгө биш, гэтэл тухайн хүний нөхцөл байдал, боломжийг харгалзаж үзэхгүйгээр 15 хоногийн дотор төлөхийг даалгасан байдаг. Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 1-т зааснаар эрх бүхий албан тушаалтан хэрэг бүртгэлтийг 14 хоног дотор шалган шийдвэрлэнэ, 2-т зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж нотлох баримт цуглуулах шаардлагатай бол зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг зөрчлийн хэрэг бүртгэлийг удирдах албан тушаалтан 14 хүртэл, прокурор 30 хүртэл хоногоор сунгаж болно гэж тус тус заасан. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар санхүү төрийн сангийн хэлтсийн улсын байцаагч Ц.Ө нь 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах хугацааг 14 хоногоор сунгасан байдаг. Энэ нь Зөрчлийн тухай хуулийг ноцтой зөрчиж байна. Зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг эрх бүхий албан тушаалтан өөрөө сунгах эрх байхгүй. Хэрэв хэрэг бүртгэлтийн хугацаанд зөрчлийг нотолж тогтоож чадаагүй тохиолдолд зөрчлийн хэргийг хаах хуулийн зохицуулалттай. Гэтэл хуульд заасан хугацаанд хэргийг шийдвэрлэж чадаагүй мөн өөрийн эрх хэмжээг хэтрүүлэн ашиглаж 14 хоногоор хугацааг сунгаж шийдвэрлэсэн. Санхүү төрийн сангийн хэлтсийн улсын байцаагч Ц.Өын шууд удирдах дээд албан тушаалтан нь дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга юм. Засаг даргын Тамгын газрын дарга энэхүү зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хэрэг бүртгэлтийн хугацааг сунгах байсан боловч Ц.Ө өөрөө сунгасан үйлдэл нь хууль зүйн үндэслэлгүй.

Иймд Баянзүрх дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ц.Өын 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн ******* дугаартай Зөрчилд шийтгэл оногдуулах тухай актыг нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус захиргааны акт болохыг тогтоолгож хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улсын Их Хурлын сонгуулийн 22 дугаар тойрогт Монголын ногоон намаас нэр дэвшсэн Б.Ц******* нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4-т заасныг зөрчсөн болох нь Монгол Улсын Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд Нягтлан бодох бүртгэлийн улсын ерөнхий байцаагчийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 7/6746 дугаар албан бичиг, Монгол Улсын Үндэсний аудитын газрын 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2880 дугаар албан бичгээр тогтоогджээ.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4 дэх хэсэгт нэр дэвшигч, нам эвсэл авсан хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайланг санал авах өдрөөс гурав хоногийн өмнө нийтэд ил тод мэдээлж, төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ гэж заасан. Мөн Б.Ц*******гийн ******* дугаарт залгаж өөртэй нь холбогдсон байдаг. Санхүү төрийн сангийн хэлтсийн улсын байцаагч Ц.Өын ажлын байрны тодорхойлолтыг харсан, зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацаа сунгах эрхгүй этгээд хэрэг бүртгэлтийн хугацааг сунгачихсан гэж хэлж байна. Гэтэл Ц.Ө нь 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс өмнө Санхүү төрийн хэлтсийн дарга байсан бөгөөд, 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс Санхүү төрийн сангийн бүртгэлийн мэргэжилтэн болсон. Үүнийг Засаг даргын Тамгын газрын дарга томилдог нь үнэн. Гэхдээ байцаагчийн эрхийг Засгийн газрын 2017 оны 190 дүгээр тогтоолоор Сангийн яамны төрийн нарын бичгийн дарга томилдог. Тэгэхээр энэхүү асуудлыг ажлын байрны тодорхойлолтоор шууд дүгнэх боломжгүй. Татварын байцаагчтай холбогдсон гэж байна, татварын албанд хүргүүлдэг тайлан Төрийн аудитын байгууллагад хүргүүлдэг тайлан хоёр нь өөр ойлголт юм. Нэр дэвшигч нар тайланг хүргүүлэх үүргийг Санхүү төрийн сангийн хэлтэст хүлээдэггүй. Харин Үндэсний аудитын газар хүргүүлдэг. Энэ бол зөвхөн Сангийн яамнаас ирсэн албан бичиг, үүрэг даалгаврын дагуу хийгдсэн ажил юм.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байна  гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/31 дүгээр тушаалаар Ц.Өыг Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагчийн ажлаас нь чөлөөлж, Үндэсний аудитын газрын Аудитын нэгдүгээр газарт шилжүүлсэн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т заасны дагуу тус шүүхийн шүүгчийн 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШЗ2021/1698 дугаар захирамжаар хариуцагч Ц.Өын эрх залгамжлагчаар Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргыг сольсон болно.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагчийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсаар гомдол гаргагчийг Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 27-д зааснаар 20,000 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 20,000,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.

Гомдол гаргагчаас хандивын данс нээж, сурталчилгаа явуулаагүй тул явцын тайлан хүргүүлэх үндэслэлгүй гэж, хариуцагчаас данс нээсэн эсэхээс үл хамаарч явцын тайланг ирүүлэх үүрэгтэй гэж тус тус маргажээ.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4-д нэр дэвшигч ... авсан хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайланг санал авах өдрөөс гурав хоногийн өмнө нийтэд ил тод мэдээлж, төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ, Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 27-д Нэр дэвшигч, нам, эвсэл хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайланг санал авах өдрөөс 3 хоногийн өмнө нийтэд ил тод мэдээлж, төрийн аудитын байгууллагад хүргүүлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг хорин мянган нэгжтэй тэнцэх төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэжээ.

Дээрхээс дүгнэвэл гомдол гаргагчийг сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчсөн гэх үндэслэлээр зөрчил гаргасанд тооцож, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, шийтгэл ногдуулсан нь хуульд нийцжээ.

Учир нь нэр дэвшигч нь хандивийн данс нээсэн эсэх, сурталчилгааны зардал гаргасан эсэхээс үл хамаарч явцын тайланг хүргүүлэх үүрэгтэй бөгөөд уг үүргээ хуульд заасан үндэслэл журмын дагуу биелүүлээгүй байна.

Өөрөөр хэлбэл хандивийн данс нээж, зардал гаргасан бол тухайн тайланг, данс нээгээгүй, зардал гаргаагүй тохиодолд данс нээгээгүй, зардал гаргаагүй талаарх тайлан мэдээллийг хуульд заасан хугацааны дотор төрийн эрх бүхий байгууллагад хүргүүлэх үүрэгтэй байна.

Ингэснээр төрийн аудитын байгууллагаас нэр дэвшигчийг зардал гаргасан эсэх, түүний хүргүүлсэн Х тайлангийн үнэн зөв эсэхийг шалган тогтоох боломжгүй болгосон байна.

Мөн гомдол гаргагчийн өмгөөлөгчөөс ... Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан холбогдогчийн эрхийг зөрчил шалган шийдвэрлэх хугацаанд огт эдлүүлээгүй, түүнд гомдол гаргах эрхээр хангаагүй, зөрчлийн хэрэгтэй огт танилцуулалгүй шийтгэл ногдуулсан, холбогдогч болон бусад этгээдээс огт мэдүүлэг аваагүй, мөн торгуулийн шийтгэх хуудсан дээр 15 хоногийн дотор төлүүлэхээр заасан нь хуулийн дагуу шалган тогтоох асуудлыг бүрэн шалган тогтоогоогүй, өөрт олгогдоогүй эрхийг эдэлж зөрчлийн хэрэг бүртгэл явуулах хугацааг 14 хоногоор сунгасан зэргээр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэжээ.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1-т Дараахь тохиолдолд эрх бүхий албан тушаалтан прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулна, 1.2.хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас зөрчлийн талаар гомдол гаргасан, эсхүл мэдээлсэн, 6.2 дугаар зүйлийн 1-т Эрх бүхий байгууллага нь хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас гаргасан зөрчлийн талаархи гомдол, мэдээллийг амаар, бичгээр болон харилцаа холбооны хэрэгслээр дамжуулан хүлээн авна, 6.7 дугаар зүйлийн 1-т Эрх бүхий албан тушаалтан энэ хуулийн 6.4, 6.5, 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас бусад тохиолдолд зөрчлийн хэрэг нээнэ, 6.8 дугаар зүйлийн 2-т Зөрчил шалгах нэмэлт ажиллагаа явуулж нотлох баримт цуглуулах шаардлагатай бол зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан 14 хүртэл, прокурор 30 хүртэл хоногоор сунгаж болно, 7.5 дугаар зүйлийн 2-т Эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор сайн дураар биелүүлнэ гэж тус тус заажээ.

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ц.Ө нь Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2880 дугаар албан бичгээр ирүүлсэн мэдээллийг хүлээн авч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулан ******* дугаартай зөрчлийн хэргийг нээсэн байна. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан зөрчлийн талаар лавлаж, тайлбар мэдүүлэг авах талаар холбогдогч Б.Ц*******тай утсаар холбогдсон болох нь 2020 оны 12 дугаар сарын 07, 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн тэмдэглэлээр тогтоогдож байх тул гомдол гаргагчийн өмгөөлөгчөөс гаргасан холбогдогчийн эрхийг огт эдлүүлээгүй, түүнд гомдол гаргах эрхээр хангаагүй, зөрчлийн хэрэгтэй танилцуулаагүй, мэдүүлэг аваагүй гэх тайлбар үндэслэлгүй байна.

Түүнчлэн холбогдогч Б.Ц*******д шийтгэлийн хуудсыг 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүргүүлсэн болох нь Явуулсан бичгийн бүртгэлийн дэвтэр-ийн 27 дугаарт бүртгэгдсэн байгаагаар тогтоогдож байх тул түүнд уг шийтгэлийн хуудсыг гардуулсан гэж үзэхээр байна.

Харин зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хугацааг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр улсын байцаагч Ц.Ө нь өөрөө сунгасан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчсөн байх боловч уг зөрчил нь шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох, гомдол гаргагчийг шийтгэлээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

Учир нь улсын байцаагч Ц.Ө нь Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын тухайн хэлтсийн улсын байцаагчийн эрхтэй ганц албан тушаалтан бөгөөд тухайн хэлтэст уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг сунгах эрх бүхий албан тушаалтан болох улсын ахлах байцаагч байхгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Нөгөөтэйгүүр Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга нь улсын байцаагч Ц.Өын шууд харъяалах дээд шатны албан тушаалтан мөн боловч түүнийг мэргэжил арга зүйгээр хангах, улсын байцаагчийн шийдвэрийг хянах эрх бүхий албан тушаалтан биш болохыг дурьдах нь зүйтэй байна.

Иймд гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4, Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 27 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан иргэн Б.Ц*******гаас Баянзүрх дүүргийн Засг даргын Тамгын газрын даргад холбогдуулан гаргасан Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн Нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагчийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн ******* дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахыг хүссэн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

         2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дүгээр зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.МӨНХ-ЭРДЭНЭ