Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 397

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

           нарийн бичгийн дарга Х.Дашням,

           улсын яллагч Д.Ганчимэг,

            хохирогч З.А,

            шүүгдэгч Д.Д, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

   Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Д-н Д-д холбогдох 201726010947 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1961 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Дорноговь аймгийн Зүүнбаян суманд төрсөн, 56 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, радио техникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сонгинохайрхан дүүргийн ... тоотод оршин суух хаягтай, Чингэлтэй дүүргийн шүүхийн 1997 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 481 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял шийтгэгдэж 1997 оны 09 дүгээр сарын 21-нд ялын хугацаа дуусч суллагдсан, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1999 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 23 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ял шийтгэгдэж 2000 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр  үлдсэн 4 сар 1 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан гэх Х овогт Д-н Д /РД:.../

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Д.Д нь Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” хүнсний дэлгүүрт 2017 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр иргэн З.А-н нүүрэн тус газарт гараараа цохиж түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан доорх нотлох баримтуудаар Д.Д нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь тогтоогдсон байна. Тодруулбал,

 Шүүгдэгч Д.Д нь Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” хүнсний дэлгүүрт 2017 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр иргэн З.А-н нүүрэн тус газарт гараараа цохиж түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан  нь:

 

Хохирогч З.А-н мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 4 дүгээр сарын 30-ны 12 цагийн орчим өөрийн ажилладаг “...” дэлгүүрт ажлаа хийгээд байхад зүс таних Д гэдэг залуу халамцуу нэг залуутай хамт орж ирээд 0,5 литрийн савалгаатай “Хараа” архи аваад дахиад үлдсэн 700 төгрөг дээрээ нэмээд архи зээлээч гэсэн. Тэгэхээр нь би зээлэхгүй гэхэд Д намайг хэл амаар доромжилж эхэлсэн. Тэгэхээр нь би танд архи зээлэхгүй, чадахгүй, би зүгээр худалдагч гэхэд Д чи намайг мэдэхгүй байна, би ингэж явах хүн биш гээд лангуун дээр алим аваад шидэх гээд далайгаад дайраад лангуун дээр байсан өндөг хагалчих гээд байхаар нь би цаашаа бай гээд түлхэхэд Д намайг гараараа толгой руу цохиод лангууны араар орж ирээд намайг гараараа хэд хэдэн удаа нүүр толгой руу цохиж зодсон. Би шүүгдэгчээс  373.000 төгрөг авсан. Одоо ажилгүй байсан хугацааны зардал болон сорви арилгах шаардлагатай байна, энэ зардлуудаа нэхэмжилмээр байна. Гомдолтой” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18х, шүүх хуралдааны тэмдэглэл/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №5830 дүгнэлтэд: “...1/З.А-н биед хөмсөг хооронд шарх, хамар ясны цөмөрсөн хугарал, таславчийн мурийлт гэмтэл тогтоогдлоо. 2/Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг, нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх, 2017 оны 4 дүгээр сарын 30-нд үүссэн байх боломжтой гэмтэл байна. 3/Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг хүр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4/Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй...” гэжээ. /хх-ийн 29х/

 

            Гэрч Х.А-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...худалдагч эмэгтэй өгөхгүй гэхэд Д ах сүртэй ш дээ зээлчих, би буцаагаад өгдөг биз дээ гээд тэр 2 хэрэлдээд нэг нэгийгээ хэл амаар доромжилж байгаад нөгөө эмэгтэй лангууныхаа араас гараад ирэх гэхээр нь Д ах очоод уг худалдагчийг эхлээд нүүр лүү нь 2 удаа алгадахаар нь би очоод гарнаас нь татахад миний гарыг тавиулаад лангууны ард ороод уг эмэгтэйг хэд хэдэн удаа нүүр лүү нь цохисон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24х/

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх “...” хүнсний дэлгүүрийн заалны хяналтын камер байх ба бичлэгт дэлгүүрийн зааланд 1 дэх нь бараан өнгийн пиджак, хөх өнгийн саравчтай малгай, цайвар өнгийн өмд, хар өнгийн гуталтай, 2 дахь нь хар өнгийн притка нь малгай, улаан өнгийн цамц, цайвар өнгийн өмд, бараан өнгийн гуталтай 40-45 орчим насны 2 эрэгтэй хүн лангууны гадна талд зогсож бараан өнгийн пиджак, хөх өнгийн саравчтай малгай, цайвар өнгийн өмд, хар өнгийн гуталтай эрэгтэй нь мөнгө өгч 1 шил архи авах ба хариулт мөнгөө цуг явсан эрэгтэйдээ өгөхөд хар өнгийн притка нь малгай, улаан өнгийн цамц, цайвар өнгийн өмд, бараан өнгийн гуталтай эрэгтэй хариулт мөнгийг гартаа барьж зогсож байгаад бичлэгийн 02:18 минутанд лангууны араас 1 ширхэг алим авч худалдагчийн зүг гар далайхад худалдагч өөдөөс нь гартаа бараан өнгийн зүйл барьж далайснаа уг эрэгтэйн гарнаас алимыг булааж авав. Уг эрэгтэй лангууны баруун буланд очиж худалдагчтай зууралдаж байгаад гараараа нэг удаа нүүрэн тус газар 1 удаа цохиж, зүүн гараараа толгойн ар хэсэгт 1 удаа цохиход бараан өнгийн пиджак, хөх өнгийн саравчтай малгай, цайвар өнгийн өмд, хар өнгийн гуталтай эрэгтэй уг эрэгтэйг татахад лангууны дотор талд орж худалдагчийн нүүрэн тус газар баруун гараараа 5 удаа, толгойн арын дагз хэсэгт 3 удаа цохиод гарч явж байгаа бичлэг байв...” гэжээ. /хх-ийн 14х/

 

Шүүгдэгч Д.Д-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр яг цагийг нь санахгүй байна, Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 12 дугаар байрны хойд талд байдаг “...” гэдэг байнга үйлчлүүлдэг дэлгүүр лүү танил дүү А-н хамт ороод хагас кг бууз аваад 1 хайрцаг парламент гэдэг нэртэй тамхи авахад миний мөнгө хүрэхгүй 700 төгрөг дутаад би зээлчихье одоо надад мөнгө алга, жоохон байж байгаад өгье гэхэд А гэдэг бүтэн нэрийг нь мэдэхгүй худалдагч эмэгтэй зээл өгөхгүй гэхээр нь би тэр байтугай зээлээд болоод байдаг ш дээ, би удаахгүй өгдөг ш дээ гэхэд А өгөхгүй гээд уурлаад над руу дайраад байхаар нь би өөрийгөө хамгаалаад 2 удаа нүүр лүү нь гараараа алгадсан. Тэгээд А салгаад боль гээд А бид 2 гараад явсан. Тэгээд удалгүй цагдаагаас намайг дуудсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-35х/

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж мэдүүлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/ зэргээр нотлогдон тогтоогдсон болно.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг өөр хооронд нь харьцуулан үнэлж дүгнэхэд шүүгдэгч Д.Д нь хохирогчийг зүс таних, урьд нь дэлгүүрээр нь үйлчлүүлж байсан гэдэг агуулгаар өөрт нь дэлгүүрийн эд зүйлсийг зээлээр олгох ёстой, боломжтой мэт байдлаар харьцсан буюу олон нийтийн газар бие зөв авч явалгүйгээр, бүдүүлэг зан авир гаргаж улмаар хохирогчид хүч хэрэглэж хөнгөн гэмтэл учруулсан нь хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож, шүүгдэгчийг сэжигтэн, ялллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Д.Дд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.

 

Иймд шүүгдэгч Д.Дг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Д нь өөрийн гэм буруу дээр маргаагүй тул шүүх гэм буруутайд тооцох, түүнд эрүүгийн хуульд заасан  эрүүгийн хариуцлага  хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдааныг нэг мөр явуулсан болохыг дурдав.

 

Шүүхээс, шүүгдэгч Д.Дд 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 12 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Учир нь, шүүгдэгч Д.Д нь тархиндаа гэмтэл авч “уналт” гэх шинжээр хөдөлмөрийн чадвар 70 хувь алдсан,  сард группын мөнгө 216.000 төгрөг авдаг болох нь шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн баримтаар тогтоогдсон ба энэхүү байдлыг харгалзаж үзсэн болно.

 

Д.Д-н хувийн байдлын талаар:

Шүүгдэгч Д.Д нь Чингэлтэй дүүргийн шүүхийн 1997 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 481 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял шийтгэгдэж 1997 оны 09 дүгээр сарын 21-нд ялын хугацаа дуусч суллагдсан, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1999 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 23 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ял шийтгэгдэж 2000 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр  үлдсэн 4 сар 1 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, таслан шийдвэрлэх тогтоолуудын хуулбар, шүүгчийн захирамжийн хуулбар, суллагдсан хүмүүст олгодог тодорхойлолт зэргээр тогтоогдсон, мөн тэрбээр биеийн эрүүл мэндийн байдлаас болж 70 хувийн группид байдаг, эхнэрийн хамт амьдардаг, хөлөндөө гэмтэл авсан зэрэг байдалтай байна. /хх-ийн 74, 79-84х/

 

Хохирол төлбөрийн тухайд:

            Хохирогч З.А нь гэмт хэргийн улмаас учирсан эрүүл мэндийн хохирол, эмчилгээний зардал гэж 368300 төгрөгийн баримт гаргаж өгсөн ба шүүгдэгч Д.Д нь түүнд шүүхийн хэлэлцүүлгийн үеэр 373.000 төгрөгийг төлсөн болох нь хохирол төлсөн тухай баримт /шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргаж өгсөн 1 хуудас баримт/-аар, мөн хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэргээр /шүүх хуралдааны тэмдэглэл/ тогтоогдсон тул шүүгдэгчийг одоогоор бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно.

           

          Харин хохирогч З.А нь шүүгдэгчийн үйдлээс болж гэмтсэн гэмтэлтэй холбоотойгоор цаашид гарах эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Д.Д-н иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, мөн шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Х овогт Д-н Дг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дг 500 нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дд оногдуулсан 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 12 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Д.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Д.Д нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хохирогч З.А нь гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбогдуулан цаашид гаргах зардал, бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг  дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                   

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Г.АЛТАНЦЭЦЭГ