Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 1936

 

 

 

 

 

 

 

                                                                                                  

 

 

 Б ХХК -ийн нэхэмжлэлтэй иргэний

 хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч М.Наранцэцэг Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 102/ШШ2019/02527 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б ХХК -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч А ХХК -д холбогдох 

11 782 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Буянхишиг нар оролцов.

Нэхэмжлэгч Б ХХК  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А ХХК -тай 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж бетон хольц нийлүүлсэн бөгөөд А ХХК  нь манай нийлүүлсэн бүтээгдэхүүний төлбөр 21 150 000 төгрөгөөс гэрээ байгуулсан өдөр 3 000 000 төгрөг, 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 2 000 000 төгрөг, үлдэгдэл 16 150 000 төгрөгийг 2016 оны 06 дугаар сарын 29-ний дотор тус тус бүрэн төлж барагдуулах үүргийг хүлээсэн. Гэтэл А ХХК  нь гэрээнд зааснаар бараа бүтээгдэхүүн худалдан авсан төлбөрөө төлж дуусгаагүй. Талуудын хооронд байгуулсан 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээний 4.1-т бүтээгдэхүүний төлбөрийн урьдчилгаанд 3 000 000 төгрөгийг захиалга авахаас өмнө төлөх бөгөөд үлдэгдэл төлбөр болох 18 150 000 төгрөгийг гэрээний 4.4-т зааснаар тухайн захиалга нийлүүлсэнээс хойш 15 хоногийн дотор төлнө. Төлбөр хугацаандаа төлөгдөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үнийн дүнгээр хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцох бөгөөд тооцсон алданги болон төлөгдөөгүй төлбөрийг худалдан авагч тал үл маргах журмаар төлнө, мөн гэрээний 7.1-т талууд гэрээний үүргээ цаг хугацаандаа биелүүлээгүй, зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үнийн дүнд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алдангийг төлнө гэж тус тус заасан. А ХХК  нь 2016 оны 06 дугаар сарын 29-нд төлбөрөө бүрэн төлж дуусгах ёстой байсан боловч төлбөрөө төлж дуусгаагүй бөгөөд үндсэн төлбөрөөс 7 855 000 төгрөгийн үлдэгдэлтэй, алдангид 3 927 500 төгрөг, нийт 11 782 500 төгрөгийн өр төлбөртэй байна. Иймд “Алтанзурлага” ХХ-иас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 11 782 500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч А ХХК  шүүхэд гаргасан тайлбартаа: Манай компани нь Баянгол дүүргийн 8 дугаар хороонд байрлах 95 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын ажлын дээврийн хучилтыг 2016 оны 06 дугаар сард Б ХХК -тай бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээ байгуулж бетон зуурмаг худалдан авсан. Б ХХК -тай анх гэрээ байгуулахдаа үндсэн төлбөрийг л төлөхөөр тохиролцон хэсэгчлэн төлж байгаад хамгийн сүүлд 2017 оны 01 дүгээр сард 10 000 000 төгрөгийг Б ХХК -ийн захирал Ч.Тунгалагт шилжүүлэн төлөхөд үлдэгдэл нь 7 000 000 төгрөг үлдсэнийг хэлж байсан. Иймд 11 782 500 төгрөгийг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А ХХК -иас 11 782 500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б ХХК -д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б ХХК -иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 203 470 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А ХХК -иас 203 470 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Т.Сэргэлэнбаатар давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй. Б ХХК -тай анх гэрээ байгуулахдаа үндсэн төлбөрийг л төлөхөөр тохиролцсон тул манай зүгээс үндсэн төлбөр болох 7 000 000 төгрөгийн төлбөрийг төлөхөд татгалзах зүйлгүй гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч Б ХХК  нь хариуцагч А ХХК -д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 11 782 500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Талууд 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр худалдагч Б ХХК  4 300 куб.м бетон зуурмаг нийлүүлэх, худалдан авагч А ХХК  бетон зуурмагийн үнэ 21 150 000 төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээжээ.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэжээ.

 

Б ХХК  нь гэрээний дагуу 21 150 000 төгрөгийн үнэ бүхий 4 300 куб.м бетон зуурмагийг нийлүүлэх байсан боловч 21 855 000 төгрөгийн үнэ бүхий 155 куб.м бетон зуурмаг нийлүүлсэн, хариуцагч А ХХК  нь бетон зуурмагийг хүлээн авсан, 14 000 000 төгрөгийг Б ХХК  төлсөн талаар талууд маргаагүй байна.

 

Нэхэмжлэгч нь “гэрээний үлдэгдэл төлбөр 7 855 000 төгрөг, алданги 3 927 500 төгрөг, нийт 11 782 500 төгрөгийг хариуцагч байгууллага төлөх үүрэгтэй” гэж, хариуцагч нь “төлбөрийн үлдэгдэл 7 000 000 төгрөгийг төлөхийг нэхэмжлэгч шаардаж байсан, алданги нэхэмжлэх эрхгүй” гэж маргажээ.

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.1, 7.1 дэх хэсэгт гэрээний төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги төлөхөөр тохирсон байх тул нэхэмжлэгч байгууллага нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар алданги шаардах эрхтэй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

 

Б ХХК  нь худалдан авагч талд 155 куб.м буюу 21 855 000 төгрөгийн үнэ бүхий бүтээгдэхүүнийг хүлээлгэн өгсөн болох нь бетон зуурмаг хүлээлгэн өгсөн баримтаар тогтоогдож байх бөгөөд уг баримтыг талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ, шүүхэд гаргасан тайлбартай харьцуулан дүгнэж гэрээний үлдэгдэл төлбөр 7 855 000 төгрөг, алданги 3 927 500 төгрөг нийт 11 782 500 төгрөгийг хариуцагч А ХХК -аас гаргуулан нэхэмжлэгч Б ХХК -д олгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахаас татгалзаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 102/ШШ2019/02527 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 91 470 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.ИЧИНХОРЛОО

                                       ШҮҮГЧИД                           М.НАРАНЦЭЦЭГ

                                                                                   Д.ЦОГТСАЙХАН