Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 379

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

           нарийн бичгийн дарга Х.Дашням,

           улсын яллагч А.Мөнхзул,

            шүүгдэгч Д.Э, түүний өмгөөлөгч А.Очбадрал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт Д-н Э-т холбогдох 1708006050027 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1972 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 45 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй С овогт Д-н Э /РД:.../

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Д.Э нь 2017 оны 7 дугаар сарын 13-ны өдрөөс 14-ний өдөр шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ... тоотод хамт архи уусан иргэн Н.М, Д.Д, М.С нарын гар утас, цүнхтэй хувцас, гоо сайхны бараа бүтээгдэхүүн зэрэг эд хөрөнгийг нь хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад нийт 1.293.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан доорх нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Э-н үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулж  байх тул тус хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болно. Тодруулбал,

Шүүгдэгч Д.Э нь 2017 оны 7 дугаар сарын 13-наас 14-ний өдөрт шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ... тоотод иргэн Н.М, Д.Д  нарын хамт архи ууж согтуурсан байх үедээ Н.М, Д.Д, М.С нарын гар утас, цүнхтэй хувцас, гоо сайхны бараа бүтээгдэхүүн зэрэг эд хөрөнгийг нь хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч, иргэн Н.М-д 430.000 төгрөгийн, Д.Д-д 65.000 төгрөгийн, М.С-д 798.000 төгрөгийн буюу бусдад нийт 1.293.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

            Хохирогч Н.М-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 7 дугаар сарын 13-ны өдөр хуурай дүү Д нь  Дархан-Уул аймгаас 20 цагийн үед манайд ирсэн. Бид хоёр 2-3 шил архи уугаад би унтихсан. Унтаж байхад шөнө дунд хэдэн цагийн үед гэдгийг мэдэхгүй байна нилээн орой болсон үед Д танихгүй нэг эмэгтэй дагуулан ирсэн байсан. Би босоод тэр хоёртой 1 шил архи уучихаад эргээд унтчихсан. Тэр эмэгтэйгээс нэрийг асууж юм яриагүй. Ингээд унтчихаад өглөө 08 цагийн үед босоход нөгөө эмэгтэй байхгүй, Д унтаж байсан. Утсаа хайтал ерөөсөө олдохгүй байхаар нь бусад зүйлээ бүртгэж үзье гээд хартал миний цүнхэн дотор байсан тэмдэглэлийн дэвтэр шалан дээр унасан байхаар нь юмаа бүртгээд үзэхэд коридорт хөргөгчний хажууд бэлдэж тавьсан шар өнгийн зуны ботинк, саарал өнгийн костюмны өмд, хөх цайвар өнгийн срочик цамц, хар өнгийн саравчтай малгайтай цүнх байхгүй алдагдсан байсан. Мөн жижиг өрөөнд өлгөөтэй байсан хүрэн өнгийн хоосон гар цүнхийг авсан байна лээ. Тэгээд орой охин Сэ ирээд гоо сайхны хэрэгсэл, бөгж цамц, ээмэг бөгжөө хайгаад олоогүй. Охины яг ямар ямар эд зүйлс алдагдсаныг мэдэхгүй байна. Даас юу болсон талаар асуухад мэдэхгүй нам унтсан байна лээ гэсэн. Дын гар утас ботинк нь мөн алга болсон байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17х/

 

Хохирогч Д.Дын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 7 дугаар сарын 13-ны өдөр би Дархан-Уул аймгаас Улаанбаатар хотод ирээд хуурай ах Мы гэрт очсон. Бид хоёр архи ууж сууж байгаад М ах унтсан. Ахыг унтсаны дараа би нилээн орой 00 цаг өнгөрсөн байх үед архи авах гэж гараад Саппоро орчмоор явж байтал нэг эмэгтэй таарсан. Тэр эмэгтэйтэй яриа өрнүүлж хамтдаа архи уух юм болж замаараа 1 шил архи аваад М ахын гэрт буцаж очсон. Тэгээд тэр эмэгтэйн хамт авсан архиа ууж М ах унтаж байсан босч ирээд хамт ууж байгаад бид хоёр тасраад унтаад өгсөн. Өглөө боссон чинь тэр эмэгтэй байхгүй ах бид хоёрын гар уусыг мөн ахын цүнхтэй хувцас, миний гутлыг аваад явсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21х/

 

Хохирогч М.С-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 7 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө аав М гэртээ найз
түүний эмэгтэй найзын хамт архи уухад хамт байсан эмэгтэй нь гэрээс хулгай
хийгээд явсан байсан. Тэр эмэгтэй орцны хяналтын камерын бичлэгт бичигдсэн
байсан бөгөөд гэрээс миний эзэмшлийн 3 жилийн өмнө 15.000 төгрөгөөр худалдаж
авч байсан гоо сайханы ягаан өнгөтэй кошлок, дотор нь байсан Clinicuw брэндийн
2016 оны 5 дугаар сард 75.000 төгрөгөөр худалдаж авч байсан шинэвтэр нүүрний крем, Loreal брэндийн 2017 оны 3 дугаар сард 35.000 төгрөгөөр худалдаж авсан нүдний тень, Lancome брэндийн 2017 оны 3 дугаар сард 40.000 төгрөгөөр худалдаж авсан сормуусны будаг, Misha брэндийн 2017 оны 6 дугаар сард 10.000 төгрөгөөр худалдаж авсан нүдний харандаа, Loreal брэндийн 2017 оны 6 дугаар сард 55.000 төгрөгөөр худалдаж авсан нүүрний тос, Loreal брэндийн 2017 оны 06 сард 18.000 төгрөгөөр худалдаж авсан нүүр цэвэрлэгч, Dior брэндийн 2016 онд 55.000 төгрөгөөр худалдаж авсан хэрэглэж байсан хөмсөгний тень, Sun брэндийн 2016 онд 25.000 төгрөгөөр худалдаж авсан шинэвтэр нүдний тень алдагдсан. Мөн давхар шигтгээтэй 2013 оны 3 дугаар сарын 08-ны өдөр 560.000 төгрөгөөр худалдаж авсан Солонгос монетон гольцоо бөгж, 2012 онд 20.000 төгрөгөөр худалдаж авч байсан унтлагын улаан өнгөтэй шорт, 2009 онд 30.000 төгрөгөөр худалдаж авч байсан унтлагын сарафэн, ил тавьсан байсан 2010
онд англи улсаас ирсэн 80.000 төгрөгийн үнэтэй ор хөнжлийн даавуу тус тус
хулгайлж авч явсан байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25х/

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд “...Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр байрны Сууц өмчлөгчдийн холбооны байранд байх хяналтын камерын бичлэг нь 1 цагаар түрүүлж явах бөгөөд 7 дугаар орцны дотор үүдний хэсгийг харуулсан бичлэгийг ухрааж 2017 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн 01 цагаас эхлэн явуулахад 02 цаг 18 минутанд хохирогч Д нүдний шил зүүсэн 40 гаран насны эмэгтэйн хамт гаднаас орж ирж байх бөгөөд 04 цаг 53 минутанд уг эмэгтэй хохирогч Н.М-ы хамт дээрээс шатаар бууж орцноос гарч байв. 08 цаг 03 минутанд уг эмэгтэй хөх өнгийн саравчтай малгай өмссөн, баруун мөрөндөө бараан өнгийн гурван цүнх үүрсэн зүүн гартаа ягаан өнгийн тор, эрээн өнгийн том тортой зүйл барьсан 2 давхарын шатаар бууж ирэх ба согтуу гуйвсан байдалтай орцноос гарч явав...” гэжээ. /хх-ийн 6х/

 

Эд зүйлийн үнэлгээнд: эрэгтэй гутал – 40.000 төгрөг, гар утас – 25.000 төгрөг, нийт 65.000 төгрөг /хх-ийн 34х/ /Д.Д/

Эд зүйлийн үнэлгээнд: ботинк – 200.000 төгрөг, костюмны өмд – 50.000 төгрөг, сорочик цамц – 30.000 төгрөг, гар утас – 80.000 төгрөг, гар цүнх – 50.000 төгрөг, үүргэвч цүнх – 20.000 төгрөг, нийт 430.000 төгрөг /хх-ийн 36х/ /Н.М/

Эд зүйлийн үнэлгээнд: нүндний тень – 35.000 төгрөг, сормуусны будаг – 40.000 төгрөг, нүдний харандаа - 10.000 төгрөг, нүүрний тос – 55.000 төгрөг, нүүр цэвэрлэгч – 18.000 төгрөг, хөмсөгний тень – 55.000 төгрөг, нүдний тень – 25.000 төгрөг, монетон бөгж – 560.000 төгрөг, нийт 798.000 төгрөг  /М.С/ /хх-ийн 39х/

Эд мөрийн баримтаар хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл”... хохирогч Н.М-д 430.000 төгрөгийн эд зүйлийг,  иргэн М.С-д 238.000 төгрөгийн эд зүйлийг тус тус буцаан өгсөн”  /хх-ийн 9-12х/

 

            Гэрч Э.О-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Намайг гэртээ байж байхад 2017 оны 7 дугаар сарын 14-ний 08 цаг өнгөрч байхад гэртээ ээж их согтуу ирсэн. Ирэхдээ ээж маань хар өнгийн цүнх үүрсэн, дотор нь эрэгтэй хүний өмд, цамц хийчихсэн, бас хүрэн өнгийн цүнх үүрсэн, гартаа хар өнгийн 2 сим ордог Хятад улсад үйлдвэрлэсэн утсыг өөрийнхөө утасны хамт барьчихсан байсан. Мөн өөрийнхөө цүнхийг үүрчихсэн ирсэн. Тэгээд ээж маань өөрөө цүнхээ уудлаад дотроос нь эмэгтэй хүний ягаан өнгийн жижиг цүнхтэй гоо сайхны хүний хэрэглэж байсан хэрэгслийг гаргаж ирсэн. Тэгэхээр нь юу юм бэ хаанаас авчирсан юм бэ гэхэд мэдэхгүй ээ, ээж нь мэдэхгүй байна унтлаа гээд унтаад өгсөн. Унтаж байгаад өдөр сэрэхээр нь би юун учиртай юм бэ гэхэд өчигдөр согтуудаа 1 айл руу орсон. Тэр айлаас авчихсан юм шиг байна гэхээр нь та утас руу нь хүн залгавал яриад эд зүйлсийг нь өгөөрэй гэсэн чинь за гэж хэлсэн. Тэгээд гэр нь хаана байдаг юм гэхэд би мэдэхгүй, санахгүй байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26х/

 

            Гэрч Б.Э-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай дүү Э маань манай гэрт 2017 оны 7 дугаар сарын эхээр өөрийн охин О-н хамтаар усанд орох гэж ирсэн. Тэгээд манайд байж байгаад бид хоёр Сэнгүр нэртэй 0,5 литрийн пиво уусан. Тэгээд Э явлаа гэхээр нь хоноод яв, орой болчихлоо гэсэн чинь өглөө ажилтай гээд байхаар нь унааны мөнгө гэж 2000 төгрөг өгөөд явуулсан. Харин охин О нь манай гэрт хоносон. Тэгээд нилээд хэд хоногийн дараа та намайг битгий загнаарай, би танд нэг юм хэлмээр байна гэхээр нь би хэлчих гэхэд би танайхаас дээр орой гарч яваад замд хүн таараад түүнийг дагаж явсан юм. Тэгээд өглөө сэрэхэд гэртээ ирчихсэн эрэгтэй хүний хувцас хунар, эд зүйл авчирсан байна гэхээр нь чи тэгвэл буцаагаад аваачаад өгчих гэсэн чинь нөгөө айлаа санахгүй байна гэсэн. Тэгвэл цагдаад аваачаад өгчих гэсэн чинь айгаад байна гэсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27х/

 

            Шүүгдэгч Д.Э-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2017 оны 07 сарын 13-наас 14-нд шилжих шөнө 00 цаг өнгөрч байхад эгч
Э-н хамт С аймгаас тэдний 3, 4-р хороололд байх Москва рестораны хажуугийн 20 дугаар байрны 48 тоотод байх гэрт нь ирсэн. Ирэхдээ замдаа эгчийнхээ хамт Хараа нэртэй 0,5 литрийн архийг хувааж уусан юм. Тэгээд гэрээс нь гараад алхаад Саппорогийн арын 1 дүгээр байрны хажууд шөнийн 1
цаг өнгөрч байхад ирээд байрны орцны урд талын саравчинд амраад сууж байхад
махлаг, өндөр нуруутай эрэгтэй хүрч ирээд сайн байна уу гэж мэндлээд юу хийгээд сууж байгаа юм бэ гэхээр нь би хорооллоос алхаж ирсэн, гэрлүүгээ явж байна жаахан амарч байна гэж хэлсэн чинь би энэ байранд байдаг юм, дотор манай нэг ах байгаа, цуг архи ууя гэхээр нь би халамцуу байсан учир зөвшөөрч цуг гэр лүү нь орсон. Намайг гэрт нь ороход нэг настай эрэгтэй байсан ба тэр хоёртой цуг 0,5 литрийн Хараа нэртэй архи хувааж уусан юм. Би гаднаас орж ирсэн учир халуун гэрт ороод жаахан согтоод ухаан балартсан юм. Тэгээд нэг ухаан ороход 2017 оны 07 сарын 14-ний 11 цагийн үед гэртээ ирсэн байсан. Тэгтэл манай охин О ээж та юу аваад ирсэн юм бэ, хаана ингэтлээ архи уусан юм бэ гэхээр нь харсан чинь хар өнгийн цүнхтэй. дотроо хар өнгийн гар утас, хүрэн цүнх, ягаан өнгийн даавуун жижиг цүнхтэй эмэгтэй хүний гоо сайхны хэрэгсэл, хар өнгийн саравчтай малгай, хүрэн өнгийн 1 хос ботинк, саарал өнгийн брюкэн өмд, өмдний бор өнгийн тэлээ, цэнхэр өнгийн цамц зэрэг зүйлс байсан. Би эдгээр зүйлсийг хаанаас яаж авснаа санахгүй байсан. Тэгээд нөгөө цүнхэнд байсан утсаар нь би эгч Эрдэнэцэцэг рүү яриад болсон асуудлын талаар хэлсэн. Мөн утсаар нь өөрийнхөө хүүхэд Отэй, найз Урантогос, Байгалиа гэсэн хүмүүстэй нөгөө шөнө авчирсан байсан утсаар ярьсан. Уг утсан дотор скайтелийн 96-аар эхэлсэн дугаар байсан. Би уг утсаар нь ярьж байгаад симийг нь сүүлд хаячихсан....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31х/

            Мөн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар түүний үйлдсэн  хулгайлах гэмт хэрэг нь хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

 

            Шүүгдэгч Д.Э нь гэм буруу дээр маргаагүй бөгөөд түүний хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд нь бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг үнэлсэн болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзсэн болно.

 

   Иймд шүүгдэгч Д.Э-г хулгайлах гэмт хэргийг хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна.

 

            Шүүгдэгч Д.Э-н хувийн байдлын талаар:

   Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: Шүүгдэгч Д.Э нь урьд ял шийтгэгдэж байгаагүй. /хх-ийн 55х/

   Сонгинохайрхан дүүргийн ... хорооны тодорхойлолтод: Д.Э нь тус хорооны ... тоотод 3 хүүхдийн хамт оршин суудаг болохыг тодорхойлов. /хх-ийн 44х/

 

Хохирол төлбөрийн тухайд:

Шүүгдэгч Д.Э-н үйлдлийн улмаас хохирогч Н.Мд 430.000 төгрөгийн, хохирогч Д.Д 65.000 төгрөгийн, хохирогч М.Сд 75.000 төгрөгийн тус тус хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь хохирогч Н.Мд 430.000 төгрөгийн эд зүйл, хохирогч М.Сд 238.000 төгрөгийн эд зүйлийг буцаан өгсөн, хохирогч Д.Дд 50.000 төгрөг өгсөн /хх-ийн 9-12х/ гэх тул одоо хохирогч Д.Дд 15.000 төгрөг, М.Сд 560.000 төгрөгийн хохирлыг төлөх үндэслэлтэй байх тул шүүгдэгч Д.Э-с 575.000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй байна.

Харин шүүгдэгч Д.Э нь “...”ХХК-ны Идэр зоогийн газарт бэлтгэгчийн ажилтай, сарын цалин нь 400,000 төгрөг гэх тул түүний энэ байдлыг харгалзан хохирлын 576.000 төгрөгийг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.

Шүүгдэгч Д.Э-н тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, түүний 3 хүүхдийн хамт амьдардаг зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүгдэгч Д.Э-н  үйлдсэн гэмт хэрэг нь  хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарагдсан, түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрч,  хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал, түүний хувийн байдал буюу өрх толгойлсон, 3 хүүхдийн хамт амьдардаг, үр хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй зэрэг нөхцөл байдал, хэргийн нөхцөл байдал зэргийг харгалзан Д.Э-т хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэх  боломжтой гэж дүгнэлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий 1 ширхэг СД-ийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Д.Э-н иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, мөн шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. С овогт Д-н Э-г хулгайлах гэмт хэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтуудыг тус тус баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э-т хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа  хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг тус тус хэрэглэсүгэй.

 

3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бичлэг бүхий 1 ширхэг СД-г хэрэгт хавсарган үлдээх, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э-с 575.000 төгрөгийг гаргуулж 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж, хохирогч Д.Д-д 15.000 төгрөг, М.Сд 560.000 төгрөгийг тус тус  олгосугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Э-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  Г.АЛТАНЦЭЦЭГ